Ерөнхий сайд М. Энхболд Дундговьчуудад хандаж үг хэллээ
Засгийн газрын тэргүүн энэхүү уулзалт дээр Дундговийн нийт ард иргэдэд хандаж үг хэлсэн юм. Тэрээр 2007 онд Засгийн газраас тус аймагт 575 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээс барилга байгууламжийг шинээр барихад 400 сая, их засварт 95 сая, тоног төхөөрөмж худалдан авахад 80 сая төгрөгийг тус тус зарцуулахаар төлөвлөөд байгааг онцоллоо.
Мөн төсвийн хөрөнгөөр Сайнцагаан суманд Засаг даргын Тамгын газрын барилга, Мандалговь хотын инженерийн шугам сүлжээг шинэчлэх Шугам сүлжээ-1 төсөл, мөн Залуучуудын соёл, амралтын цэцэрлэгт хүрээлэнгийн зураг, төслийг санхүүжүүлж, Баянжаргалан-Өндөршил сумын 15 квт-ын цахилгаан дамжуулах шугам, дэд станц барьж байгуулахад хөрөнгө оруулахаар болсныг тэмдэглэлээ.