Монгол Улсын Ерөнхий сайд М.Энхболд Өвөрхангай аймагт ажиллаж байна
Дундговь аймаг дахь ажлын томилолтоо дуусгасан Ерөнхий сайд М.Энхболд Өвөрхангай аймгийн Баянгол суманд хүрэлцэн очжээ.
Тэрээр тус сумын дунд сургууль, талх, нарийн боовны цехийн ажилтай танилцаж, сумын олон нийт, иргэдийн төлөөлөгчидтэй уулзалт хийсэн байна.
Ерөнхий сайд Арвайхээрийн модон эдлэлийн чанарыг сонжлоо
Ерөнхий сайд дараа нь Арвайхээр суманд ирлээ. Бүсийн оношлогоо, эмчилгээний төвийн үйл ажиллагаатай танилцаж, модон эдлэлийн Царс хангай компаниар орж сонирхов. Эднийх 2002 онд байгуулагдан, үйл ажиллагаа явуулж ирсэн. 40 нэр төрлийн модон эдлэл хийдэг. 12 хүнийг ажлын байраар хангаж байгаа газар юм. Бараа бүтээгдэхүүнээ ихэвчлэн захиалгаар хийдэг тул борлуулалтын тал дээр санаа зовох зүйлгүй гэнэ. Өвөрхангайд модны нөөц тийм ч элбэг биш учир Хөвсгөл, Архангай аймгаас түүхий эдээ авдаг аж. Үнэ ханшийн хувьд боломжийн бүтээгдэхүүн зах зээлд гаргаж байгаа тул эднийхээс говийн аймгуудынхан хүртэл ирж модон эдлэл авдаг байна.
22 хүнийг ажлын байртай болгосон супермаркет
Ерөнхий сайд М.Энхболд дараа нь нээгдээд удаагүй ч үйл ажиллагаа нь өөдрөг байгаа аймгийн төв дэх Супермаркетаар орлоо. Бөөний ч, жижиглэнгийн ч бараа, бүтээгдэхүүнээр иргэдэд үйлчилж байгаа тус дэлгүүр ажлаа эхэлснээс хойш нэг сарын хугацаанд ямар ч нэмэлт үнэгүйгээр, нийслэлийн барааны ханшаар гүйлгээ хийж байна. Нээгдсэн эхний өдрөө эднийх 3 сая төгрөгийн борлуулалт хийжээ. Бусад сум, орон нутгаас ийм супермаркет байгуулах хүсэлт их ирж байгааг аймгийн удирдлагууд ярьж байсан. Нөхцөл бололцоог ч хайж байгаа аж. Тус супермаркетэд 22 хүн ажиллаж байна.
Малчин С.Жаргал Улсын сайн малчин-ы шагналаа Ерөнхий сайдаас гардав
Өвөрхангай аймгийн Баянгол сумын малчин С.Жаргалынд Ерөнхий сайд М.Энхболд зочилж, сайн малчны өргөмжлөлийг нь гардуулав.
С.Жаргалынх 2700 гаруй толгой малтай, хонь ихэвчлэн малладаг. Тарагт сумын Туяа бригадын нутагт өвөлжиж байгаа тэрээр 10 гаруй туслах малчинтай юм байна. Гурван хүү нь мөн малчин.
С.Жаргал нутаг орныхоо хөгжилд хувь нэмэр оруулах гэсэн сэтгэлээр дунд сургуулийн 2 ангийг иж бүрэн тохижуулсан гэж байв. 100 эх тутмаас төл бүрэн авбал 40-ийг нь туслах малчиндаа өгдөг. Мөн ноос, сүүний ашиг шимээс ч тэдэндээ гар татдаггүй аж. Илүү нугаламтай хуц, ноолуур сайтай ухнаар мал сүргээ баяжуулж байдаг тухайгаа тэрээр хуучилж байна лээ.
Ерөнхий сайд мөн өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ард, иргэдтэй уулзалт хийлээ. Тэрээр Улаанбаатарт оройдоо хүрэлцэн ирнэ.
/Засгийн газрын Хэвлэлийн албанаас мэдээллээ/