Г.Занданшатар Сум бүрт малчдын холбоо байгуулах ёстой
Малчдынхаа эрх ашгийг хамгаалах зорилготой байна. Түүнээс социализмын гэх үеийн нэгдэл шиг бүх малаа нийлүүлээд, өмч хөрөнгөө нэг болгоод, түүнээсээ хувааж хүртэнэ гэдэг зарчмаар байж мэдээж таарахгүй. Малчдын холбоо нь гишүүдийнхээ өмнө тулгамдаж байгаа ямарваа асуудлыг хамтран шийдвэрлэх, тэдний эрүүл мэнд, нийгмийн хөгжил, боловсрол, ахуй амьдралыг дээшлүүлэх нэгдмэл зорилготой байх юм.
УИХ-ын гишүүн Г. Занданшатар ярьж баина.
-Та Фермерийн тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийг ахалж байсан. Гэвч одоог хүртэл энэ хууль чимээгүй л байна. Хэзээ батлагдах бол?
-Би 2003 онд ХХАА-н дэд сайдаар ажиллаж байхдаа Фермерийн тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийг ахалж байсан. Бид төслөө боловсруулаад Засгийн газарт өргөн барьсан. Гэвч тухайн үед энэ төсөл маань цааш яваагүй.
-Яагаад тэр билээ?
-Фермерийн тухай хуулийн зохицуулалт нь Газрын тухай хуультай холбогдож байгаа. Зарим талаараа зөрчилдөх зүйл ч байна. Тиймээс Газрын тухай хуульд өөрчлөлт оруулах замаар шийдье. Тусад нь хууль батлах шаардлагагүй юм байна гэж ХЗДХЯ дүгнэсэн. Ер нь уламжлалт, бэлчээрийн МАА-тай Монгол орны хувьд фермерийн талаархи нэгдсэн ойлголт, мэдээлэл харьцангуй сайн биш. Гэсэн ч яваандаа хотжилт, суурьшлыг дагаад энэ төрлийн аж ахуй хөгжих нь дамжиггүй. Хүн амын хүнсний хэрэгцээг хангахад өндөр үр ашигтай фермерийн аж ахуй чухал үүрэгтэй. Үүний тулд хууль, эрхзүйн орчныг нь бий болгох зайлшгүй шаардлагатай гэж үздэг. Энэ хууль тодорхой харилцааг зохицуулж байх учиртай.
-УИХ-ын зарим гишүүн ч ХЗДХЯ-ны саналтай ижил бодолтой явдаг болов уу?
-Нөгөө талаас фермер гэдгийг аж ахуй эрхлэх хэлбэр гэж бас ойлгож болохгүй байгаа юм. Компани, корпораци, хоршоо, нөхөрлөл гээд аж ахуйн хэлбэрүүд байна л даа. Бүгд хуулиар зохицуулагдан ажиллаж яваа. Харин фермерийн аж ахуйг тэдний адил үзээд байгаа юм. Ялангуяа, хуульчид ийм бодолтой явдаг. Тэгвэл манай ХАА-н чиглэлийн, эдийн засагчид голдуу хүмүүс Фермерийн тухай хуулийг батлах шаардлагатай гэж үзэж байгаа.
-Фермерийн тухай хууль батлахад Газрын тухай хуультай юу нь зөрчилддөг юм бол?
-Монгол Улсын иргэнд газрыг өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах гэсэгаа эрчимжүүлж, суурин аж ахуй эрхлэх хэрэгтэй. Үүний зэрэгцээ уламжлалт мал маллах арга, чадварыг боловсронгуй болгох ёстой. Мал сүргийн эрсдэлийг давах чадварыг нэмэгдүүлэх цогц бодлого боловсруулж хэрэгжүүлэх хэрэгтэй.
-Монголын ХАА ингэхэд ирээдүйд хэрхэн хөгжвөл зохих вэ?
-Ирээдүйг ярихдаа хүмүүс газар тариалан, МАА-г эрчимжүүлэх тухай ярьж байна. Миний хувьд ХАА-н хөгжилд илүү прагматик буюу амьдралч бодлого хэрэгтэй гэж боддог. Бэлчээрийн МААт нэг л өдөр суурин, эрчимжсэн болгочихно гэдэг бас хэцүү. Малыг сайжруулахаас гадна МАА эрхлэх арга, хэлбэрийг шинэчлэх шаардлагатай байгаа юм. Бололцоотой газар МАА-гаа эрчимжүүлж, суурин аж ахуй эрхлэх хэрэгтэй. Үүний зэрэгцээ уламжлалт мал маллах арга, чадварыг боловсронгуй болгох ёстой. Мал сүргийн эрсдэлийг давах чадварыг нэмэгдүүлэх цогц бодлого боловсруулж хэрэгжүүлэх хэрэгтэй.
-Тэр бодлого тухайлбал, юу байна гэж?
-Сумдад Малчдын холбоо байгуулах. Өөр юу ч биш. Жалгын нэг тарсан, бие биеэ даасан малчид маань амиа аргацаах төдийгөөр хол явахгүй. Энэ нь их эрсдэлтэй. Харин нэгдэж, нийлэх ёстой. Харамсалтай нь, уг нь ийм зорилготой байсан малчдын бүлэг, хоршоо хол явсангүй. Харин одоо өөрөөр, төрийн зохицуулалттайгаар, нөгөө талаас малчдын санаачилгатайгаар сум бүрт Малчдын холбоо байгуулах цаг болж. Хууль гаргаад өгчих. Тэгээд бодлогоор дэмж!
-Хуучнаар бол нэгдэл маягийн зохион байгуулалтад орно гэсэн үг үү. Сумын Малчдын холбоо-нд тухайн сумын бүх малчин элсэх ёстой болж байна уу?
-Яг тийм. Гэхдээ сум нэгдлээс арай өөр. Малчдын холбоо маань шинэ маягаар ажиллана. Шинэ цагийн нэгдэл гэх үү дээ. Зах зээлийн зарчмаар ажилладаг, хувийн өмчид тулгуурласан нэгдэл гэсэн үг. Малчдынхаа эрх ашгийг хамгаалах зорилготой байна. Түүнээс социализмын гэх үеийн нэгдэл шиг бүх малаа нийлүүлээд, өмч хөрөнгөө нэг болгоод, түүнээсээ хувааж хүртэнэ гэдэг зарчмаар байж мэдээж таарахгүй. Малчид маань сумынхаа Малчдын холбоо-нд элссэн гээд өөрийн малаа хүнээр маллуулна гэсэн үг биш. Одоо яаж маллаж байна, түүн шигээ л мал сүргээ адгуулж, хариулаад явна. Харин Малчдын холбоо нь гишүүдийнхээ өмнө тулгамдаж байгаа ямарваа асуудлыг хамтран шийдвэрлэх, тэдний эрүүл мэнд, нийгмийн хөгжил, боловсрол,ахуй амьдралыг дээшлүүлэх нэгдмэл зорилготой байх юм. Ийм зорилгын дор нэгдэнэ. Малчдын холбооны тэргүүн, гүйцэтгэх захирал, Удирдах зөвлөлийг ардчилсан зарчмаар сонгодог байх учиртай юм.
-Уучлаарай, Монгол Улсын 320 гаруй сум бүрт Малчдын холбоо байгуулна гэвэл нэлээд хөрөнгө хүч шаардагдах биш үү?
-Эхний ээлжинд Малчдын холбоо-нд улсын төсвөөс татаас өгч болно. Яваандаа өөрийгөө санхүүжүүлэх бүрэн боломжтой шүү дээ. Бодъё. 500 малчин өрхтэй нэг сум байлаа гэе. Тэд нийлээд сумын Малчдын холбоо-гоо байгуулчихна. Тэгээд жилд нэг өрхөөс нэг л хонь татъя. 500 хонь болчихож байгаа биз. Малчдын холбоо нь бүрэн биеэ дааж, малчдынхаа төлөө үйл ажиллагаа явуулахад энэ хуримтлал элбэг хүрэлцэнэ.
-Тэгвэл Малчдын холбоо давын өмнө юу хийнэ гэж?
-Малын хулгайтай тэмцэх ажлыг зохион байгуулж болно. Эдүгээ малын хулгай арай дэндчихээд байгаа биз дээ. Сум бүрийн Малчдын холбоо бие биетэйгээ холбоотой байна. Сэжигтэй ямар хүн хаагуур явсан, хэн мал хулгайлсан байж болох гээд бүх мэдээллийг солилцдог, тэгээд малын хулгайтай хамтран тэмцдэг байх юм. Яахав, нэг мотоцикльтой хүн гаргачихъя л даа. Мотоциклийг нь аваад өгчихнө. Малчин айл ямар, азаргаар адуугаа, олон саяын үнэтэй хурдан морио алдчихаж байгаа биш. Жилд нэг хонь холбоондоо өгөхөд болохгүй юмгүй. Харин сайн хүнээ олж энэ ажлыг хариуцуулах хэрэгтэй. Тэр ч байтугай Малчдын холбоо санаачлаад Мал хамгаалах отряд ч байгуулах бололцоотой шүү дээ.
-Түүнээс гадна Малчдын холбоо маань малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг зах зээлд өндөр үнээр борлуулдаг, эргээд хямд төсөр бараа нийлүүлдэг байж болох биш үү?
-Малчдын холбоо-ны ажлын нэг үүрэг нь энэ байх болно. Тэгж байгаад малынхаа түүхий эд, арьс ширийг өөрсдөө боловсруулдаг болох учиртай. Хамгийн гол нь Малчдын холбоо байгуулснаар бэлчээр хамгаалахад ахиц гарна гэж үзэж байгаа. Нэг малчин бол бэлчээр хамгаалъя гэж бодохгүй шүү дээ. Яагаад гэвэл түүнд энэ ямар ч хамаагүй. Харин нэлээд олуулаа бол өөр. Адаглаад л бусдынхаа бэлчээр рүү нүүдэг, талхалдаг явдал байхгүй болно. Тэр малчин зөвхөн өөрийнхөө бус, сумынхаа нийт малчдын өмнө хариуцлага хүлээж байгаа учир тэр. Ингэж Малчдын холбоо байгуулаад ажиллавал засаг захиргааны ямар ч өөрчлөлт, шинэчлэлт хийх хэрэггүй болно. Сумд өөрийгөө даагаад, хөгжөөд ирнэ. Тэнд үйлдвэр, үйлчилгээ гээд бүх юм аяндаа бий болно. Энэ хэлбэрийг сонгох нь зүгээр юм болов уу гэж боддог.
-Таны тэргүүлдэг Монголын ардчилсан социалист залуучуудын холбоо ялангуяа, залуучууддаа хандсан дорвитой үйл ажиллагаа явуулахаар санаа сэдсэн дуулдсан. Юу гэдгийг нь тодруулж болох уу?
-Бололгүй яахав. Аливаа байгууллага шинэчлэгдэж, хөгжиж байх ёстой л доо. МАСЗХ энэ дагуу явж байна. Бодлого чиглэлээ гаргасан. Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдад танилцуулсан. Бид нийгэм, эдийн засгийн шинэчлэлүүдийг хийх ёстой. Төрийн албыг намын харъяаллаас салгая, ХАА-н салбарт шинэчлэлт хийе гэж байгаа. Дээр ярьдаг, сумдад Малчдын холбоо байгуулах асуудал энэ дотор багтсан шүү. Аль болох усалгаатай тариалан эрхлэх, эрчимжсэн, фермерийн аж ахуйтай болох зорилт тавьж байна. Хөдөөгийн залуучуудын боловсрол, эрүүл мэндийг сайжруулах тогтолцоо бий болгоё гэсэн санал тавьсан. Түүнээс гадна жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор зээлийн баталгаа гаргадаг Жижиг, дунд үйлдвэрийн сан гэж байгуулъя гэсэн. Энэ сан маань зээл олгохгүй, зөвхөн баталгаа гаргаж өгнө. Одоо яаж байна гэхээр, аятайхан санаа байвч мөнгөгүй, зээл авъя гэхээр барьцаа хөрөнгөгүй хүмүүс юу ч хийж чадахгүй сууж байна шүү дээ. Тэдэнд туслая гэж байгаа юм. Гэхдээ 100 хувь баталгаа өгөхгүй. Дээд тал нь 60 хувьд нь баталгаа гаргая гэж бодсон. Тэгэхгүй бол болохгүй. Тэр хүн бас эрсдэлээ үүрч, хариуцлагаа хүлээх ёстой биз дээ. Мөн уул уурхай, ашигт малтмалын орд газруудыг ард түмэнд эзэмшүүлье гэсэн. Тэгвэл хүн тэр эзэмшлийн хувиараа баталгаа болгоод орон сууцтай болж болно. Зээл авах ч бололцоотой болно шүү дээ. Алтыг түүхийгээр нь экспортлох биш, аль болох түүгээр эцсийн бүтээгдэхүүн, ээмэг, бөгж зэрэг өртөг шингэсэн эдлэл хийдэг болъё гэх мэтийн саналууд тавьж байгаа.
Э.Соёл-Эрдэнэ
2007.02.15 Монголын мэдээ