Ая зохиогч Б.Ангирмаа Би бусад хүмүүс шиг эрчүүдээр дутаж, өлөн зэлмэн өсөөгүй

Цаг хугацаа өнгөрсөн ч, бүсгүйн сэтгэл нялхарсан ч Ангирмаа хэвээрээ байх юм. Түүнийг ихэнхидээ босго өндөртэй, зарчимч эмэгтэй гэдэг. Юутай ч түүнтэй уулзъя.

-Ta өөрийнхөө туурвисан бүтээлүүдээс яг ямар дуундаа илүү хайртай вэ?
-Уран бүтээлч хүн бүхэн өөрийн сэтгэлээс ургаж гарсан бүтээл болгондоо хайртай байдаг. Би ч түүний адил өөрийн гэсэн бүх л бүтээлээ хайрладаг юм шүү дээ. Тэр дундаа миний 68 он цомогт орсон Хатуужилт эжий гэдэг дуундаа маш их хайртай. Энэ дуунд миний сэтгэлээс ургаж гарсан хамгийн сайхан хөг аялгуу шингэсэн гэж боддог. Магадгүй ээждээ зориулсан дуу болохоор тэр байх л даа.
Ингэхэд та ая зохиогч Ангирмаа, дуучин Ангирмаа хоёрын аль нь юм бэ?
-Би ая зохиогч оо. Ая зохиох нь миний сэтгэлд ойр дөт байдаг. Зүрх сэтгэлд байгаа хамаг юмаа гаргах шиг болдог юм. Хүний амьдралд баяр хөөр, уйтгар гуниг, жаргал зовлон гээд олон зүйл ээлжилдэг. Тэр бүгдээ дуу, аялгуу болгож гаргадаг гэх үү дээ. Харин дуулахын хувьд сонирхлын журмаар дуулдаг. Мэргэжлийн сургууль энэ тэрийг нь төгсөөгүй учраас хоолойны цар хүрээ байхгүй. Мэдрэмжээрээ эвлэгхэн, уянгын гэсэн дуунуудаа дуулдаг. Миний дуулсан арваадхан дуу байдаг. Харин зохиосон аялгуу гэвэл 100 гарчихаад байна.

-Хөгжмийн зохиолч хүний сэтгэл тэр аяараа аялгуу байх. Харин та өөрийгөө ямар аялгуутай зүйрлэх үү?
-Би хөгжим байсан бол хийл, аялгуу байсан бол уянгын ая байх байсан.

-Яруу найрагчдад онгод ордог гэдэг шиг хөгжмийн зохиолчдод аялгуу зохиох тохироо бүрддэг байх?
-Тухайн өдрийн сэтгэлзүйн нартринаас шалтгаална. Сэтгэл санаа маань өөдрөг байвал хурдан өнгө аястай, хайрын цоглог дуу зохиодог. Бороотой, гадаа цаанаа л гунигтай байвал уянгын дуу зохиох жишээтэй. Ер нь хөгжмийн ард суухаар ямар нэгэн аялгуу заавал гардаг. Би сүүлийн үед голцуу аяаа түрүүлж зохиодог болж. Үг бүтээх зарим хүмүүстэй хамтарч ажиллахад удаашралтай санагддаг. Уг нь би өөрөө хааяахан дууныхаа үгийг зохиодог боловч онгод орж өгөхгүй байна.

-Урлагийнхан ихэнхидээ уян, зөөлөн хүмүүс байдаг. Харин та хатуу хөтүү хүн шиг санагдлаа?
-Би баярлаж, гомдохдоо харьцангуй хэмжээ хязгаартай ханддаг. Өөрийнхөө сэтгэл хөдлөлийг дарж байх нь зүгээр шүү дээ. Аливаад туйлшраад хөөрч гүйгээд, гуньж туниад, нулимс унагадаг нь би биш. Би зүгээр л сэтгэлийн дотор байгаа юм аа аялгуу болгож гаргадаг эмэгтэй. Намайг хүмүүс хатуу хөтүү гэх нь аргагүй ээ.

-Та өөрийн ах хөгжмийн зохиолч Долгионтой хамт ажиллаж байгаа юм байна. Нэг айлаас хоёрын хоёр хөгжмийн зохиолч төрнө гэдэг гайхалтай шүү дээ?
-Бурханаас бидэнд өчүүхэн хишиг заяажээ. Бас ээж, аав, гэр бүлийн минь сайхан хүмүүжил, бага байхад минь үргэлж цангинадаг байсан пянз тоглуулагчийн ч ач гавъяа нөлөөлсөн. Хүний ажлын амжилтанд нэг хувийн авъяас, 99 хувийн хөдөлмөр шингэсэн байдаг гэдэг. Тиймээс байгалиас заяасан бяцхан авъяасаа хөгжүүлж, өдий зэрэгтээ явж байгаадаа баяртай байдаг. Аав ээж хоёр маань урлагт хайртай, дуу хуур сонсох дуртай хүмүүс байсан. Тэр үедээ айл бүхэнд байдаггүй пянз тоглуулагч авчихаад өдөржин хангинуулдаг байж билээ. Хааяа найз нөхөд нь ирээд гитар дарж, дуулаад л. Ер нь миний бага нас дандаа гоё сайхан хүмүүсийн дунд өнгөрсөн.

-Рок попынхноос та Сараа эгчтэй илүү дотно байдаг. Яагаад тэр юм бол оо?
-Би эмэгтэй дуучидтайгаа бүгдтэй нь дотно, нөхөрсөг байдаг. Тэр дундаа Сараатай ажил төрлийн хувьд ч, хувийн амьдралын хувьд ч илүү найз л даа. Сараа бол хосгүй авъяастай, хосгүй хоолойтой бүсгүй. Түүнд дуу зохиож өгөхөд урамтай байдаг. Дууг маань үнэн сэтгэлээсээ амьдруулж дуулдаг. Бид хоёр он удаан жил бие биенийхээ аялгуу, хоолойг мэдэрч ажилласан. Хүмүүс ер нь Сараатай хамтарч ажиллах дуртай байдаг шүү дээ.

-Хөгжмийн зохиолчид гадаадын ая хулгайлсан, дуурайсан гэх хэл аманд байнга өртдөг. Үүнд та ямар нэгэн бодолтой явдаг байх?
-Хөгжмийн ертөнцөд ритм секц гэдэг хэмнэл байдаг юм. Энэ ритм секц дээр тулгуурлан зохиосон аяндаа оранжировшик хийдэг. Харин бидний тэр хэрэглэсэн ритм сөкц Америк, Английн ямар нэгэн дуучинд хэрэглэгдсэн байхыг үгүйсгэхгүй. Тэгэхээр тэдний, манай хоёр дуу адилхан сонсогдох гээд байдаг талтай.

-Уран бүтээлчид бүгд л гарын шавьтай болох сонирхолтой явдаг. Та хүртэл Киви хамтлагийнханд цаг заваа зарцуулдаг болсон шүү дээ?
-Би Nature sound’-д багшилж байхдаа Киви хамтлагийг олж харсан. Тэр үед манай Киви-гийн шар охин Ука орж ирсэн. Дараа нь Ухнаа гуайн ач охин Намуунаа орж ирснээр Киви-г байгуулж байлаа. Эхний хоёр жил туршилтаар явуулсны эцэст жинхэнэ Киви хамтлаг боссон.

-Саяхан хамтлагийн гишүүн Халиун хамтлагаасаа гарсныг тантай холбож яриад байсан. Та тэдэнд тийм өндөр шаардлага тавьдаг юм уу?
-Халиун жирэмсэн болчихлоо, НҮБ-ын элч дуучин Анхаатай сууж байгаа л гэсэн шүү дээ. Тэгэхээр нь би гаргачихсан. Жирэмсэн хүнтэй ажиллах боломж байхгүй. Тэгээд ч Халиунаагийн гэрээ дуусч байсан. Бид хамтлагийн охидтой анхнаасаа тус тусад нь гэрээ хийсэн юм. Энэ гурваас Халиунаатай xaүийн бага хугацаатай гэрээ хийсэн байсан. Ер нь бидний гэрээ чанга гэж болно.

-Анхнаас нь энэ хамтлагийг үүсгэн байгуулсан гэдэг үүднээс Халиунаа гарах дургүй байсан биз?
-Дургүй байлаа гээд яах вэ дээ. Бид урлагийнхаа чиг шугамаар явна.

-Тэгвэл алтны магнат Мянганбаяр, Ука хоёрыг учиртай болсон гэх юм. Энэ хэр үнэний ортой юм бэ?
-Мянганбаяр гэдэг хүнийг манай охидууд, би ч танихгүй. Тэр хүнийг мэдэх ч үгүй. Миний хувьд гэвэл түүнтэй хааяа хүлээн авалт гэх мэтийн үйл ажиллагаан дээр тааралдаж, толгой дохихоос цаашгүй явдаг.

-Бас Укатай уулзахын тулд Мянганбаяр танд мөнгө өгдөг гэлцэх юм. Мэдээж танд өөрийн гэсэн орлого байдаг биз дээ?
-Би юу гэж түүнээс мөнгө авау юм бэ. Өөрийнхөө дууг худалддаг бас STҮ телевизийн хөгжмийн сувгийг хариуцдаг болохоор би байнгын орлоготой.

-Өнөөдрийг хүртэл та ганц бие яваа. Таныг босго өндөртэй эмэгтэй гэх юм билээ?
-Миний босгыг давж чадахгүй бол яая гэх вэ дээ. Гэхдээ би хүнтэй суух бодолгүй байна.

-Яагаад?
-Сонирхолгүй л байхгүй юу. Бодвол би цадчихсан юм байлгүй дээ. Тэгээд ч би бусад хүмүүс шиг эрчүүдээр дутаж, өлмөн зэлмэн өсөөгүй болохоор надад эрчүүд хэрэггүй. Би эрх чөлөөтэй, ажилсаг, орчин үеийн эмэгтэй. Хүмүүс амьдрахын төлөө ажилладаг бол би ажиллахын төлөө амьдардаг. Би зөвхөн ажиллах л хүсэлтэй.

-Тэгвэл хээээ ч нөхөрт гарахгүй гэж үү?
-Нөхөрт гарахгүй байсан ч яадаг юм.

С.Бэлэгмаа
2007.02.15 Өглөөний сонин

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button