Дээд шүүх Чехийн иргэн Оттингерт оноосон зургаан жилийн ялыг хэвээр нь баталлаа

МЗХ-ны Зоригтбаатарын Чех улсын иргэн Оттингер гэгч нөхөртэй хамтран 96 хосыг хохироосон энэ хэрэгт анхан шатны болон давж заалдах шатны шүүх хурлаас Оттингерт зургаан жилийн хорих ял оноогоод байсан юм. Үүнийг нь Улсын дээд шүүх өчигдөр хэвээр нь үлдээлээ. Гэвч хохирогчид хохирлоо хэрхэн барагдуулах нь тодорхойгүй хэвээр үлдээд байна. Одоогоос гурван жилийн өмнө Залуучуудын холбооны ерөнхийлөгч Зоригтбаатар залуу хосуудад хямд орон сууц барьж өгөх нэрийдлээр нэлээд олон сая төгрөгийг нь салхинд хийсгэсэн. Энэ хэрэг эхлэх болсон түүх нь Зоригтбаатарт Чехийн барилгын компанийн захирал Оттингер гэгч нөхөр хамтран ажиллах санал тавьж, Монголын залуу хосуудад хямдхан байр барьж өгөөд ашигаа хуваахаар болжээ. Зоригоо ч өөрийн нэр нөлөөг ашиглан реклам сурталчилгааг хангалттай явуулж 96 хосоос мөнгийг нь салгаад Оттингерт өгсөн аж. Барилгын ажил эхэлж, байшингийнхаа шавыг ч тавьж, эхний нэг давхарыг барьж мөнгөө өгсөн иргэдийн итгэлийг олсон байна. Гэтэл залуу хосууд нэг л өдөр барьж байсан байшин ч үгүй, Оттингер ч үгүй болсон байна. Хохирсон хосууд мөнгөө өгсөн Залуучуудын холбооны ерөнхийлөгчид хандсанаар энэ хэргийн дуулиан эхэлжээ. Ингээд цагдаа сэргийлэх болж Оттингерийг эрэн сурвалжилж Чехээс олсон байна. Гэтэл тэрээр ямар ч барилгын компани байхгүй бөгөөд нутагтаа зартай луйварчин байжээ.

2007.02.15 Өглөөний сонин

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button