Хүний эрхийн хуульч М.Ичинноров Эмзэг давхаргынханд эрүүгийн хуулийн заалт хүнддэж байна

Хүний түрийвчнээс 1200 төгрөг авсан хэргээр арван жил тав хоногийн ял эдэлж буй П.Ариунцэцэгийн хэргийг өмгөөлж буй хүний эрхийн хуульч М.Ичинноровоос хэргийн явцын талаар тодрууллаа. П.Ариунцэцэг нь 2006 оны 11-р сарын 11-нд Хэнтий аймгийн мэргэжлийн хяналтын газрын үйлчилгээний өрөөнөөс 7500 төгрөг хулгайлсан хэрэгт холбогджээ. Энэ мөнгөнөөс 1200 төгрөгөөр саван угаалгын нунтаг авч, баригдах үедээ үлдсэн 6300 төгрөгийг эзэнд нь буцаан өгч, хохирогч ч гомдолгүй гэдгээ илэрхийлсэн байна. Гэвч шүүх түүнд ял оноосон аж. Хэдийгээр П.Ариунцэцэг хулгай хийсэн буруутай ч ажилгүй, амьдралын хүнд хэцүү нөхцөл нь хэрэгт холбогдоход нөлөөлж, одоо гурван сартай нялх охиныхоо хамт эмэгтэйчүүдийн хориход ял эдэлж байгаа юм.

-Энэ хэргийн өмгөөлөл одоо ямар шатандаа явж байна?
-Ариунцэцэгийн хэргээр дамжуулан амьдралын баталгаагүй, эмзэг давхаргынхны хийсэн хэрэгт шүүхээс хэтэрхий хүнд ял оногдуулж байгааг өөрчлөх зорилгоор энэ хэргийг стратегийн өмгөөллийн түвшинд авч тавьж байгаа. Энэ маань ч ер нь сайн явж байна. Ер нь энэ хэргээр дамжуулан хуулийн энэрэнгүй үйлчлэл, нийгэм дэх шударга ёсны үнэлэмжийг өөрчлөх зорилго агуулсаныг бас дурдмаар байна. Бид П.Ариунцэцэгийн хулгай хийсэн үйлдлийг нь өмгөөлж байгаа биш. Тэр өөрөө бас давтан хэрэгтэй хүн. Хамгийн гол нь хууль гэдэг бол шударга энэрэнгүй байх ёстой. 2002 онд бид Төв аймгийн хориход ял эдэлж байсан Ганбатын хэргээр бас стратегийн өмгөөлөл хийсэн. 11 сарын хугацаанд хэргээ хүлээсэн байхад хорьсоор байгаад тэр хүн сүрьеэ өвчин тусаад нас барсан. Тэр үед бид анх удаагаа төрийн байгууллагаас мөнгөн хэлбэрээр хариуцлага тооцох арга хэмжээ авахаар 30 сая төгрөг цагдаа, прокуророос нэхэмжилсэн. Хэдийгээр мөнгийг нь аваагүй ч тэр хэргийг мөрдсөн маань үр дүнгээ өгч одоо Төв аймгийн хориход хүн өвдөхөд эмнэлэгт хэвтүүлдэг болсон. Энэ бол стратегийн өмгөөллийн ач холбогдлыг харуулж байгаа хэрэг. Ариунцэцэгийн ялын асуудлаар Ерөнхийлөгч Н.Энхбаярт хандаад байна. Монгол улсын иргэн Ерөнхийлөгчид хандаж уучлал хүсэх эрхтэй. Эрүүгийн хуулийн 77-р зүйлийн нэг, хоёрт зааснаар Ерөнхийлөгч үндэслэлтэй гэж үзвэл хэрэгтний ялыг хэсэгчлэн болон бүрэн чөлөөлөх эрхтэй байдаг.

-Хэдэн жилийн өмнө та Дарханы бүсгүй Болорчулууны хэргийн талаар бас баримтат кино хийж байсан. Энэ стратегийн өмгөөлөл мөн үү?
-Мөн. Болорчулуун гоо сайхан төрснөөсөө болоод ажлын байрны, гэр бүлийн, нийгмийн гэх мэт олон дарамтнаас болж зэрлэгээр хөнөөгдсөнийг хэн ч мэдээгүй өнгөрөх байсан. Бодит үнэнийг харуулсан кино хийж жинхэнэ гэрчтэй нь ярилцсанаараа нийгэмд үүссэн буруу хандлагыг өөрчлөх, хүн алаад ял эдлээгүй залууд хууль үйлчлээсэй гэсэн үүднээс тэр хэргийг өмгөөлсөн. Болорчулууныг маш их дарамтанд оруулж байсан нь тогтоогдсоноос гадна хэрэгтэн таван жилийн ял авсан.

-Ариунцэцэгээс өөр иймэрхүү хэрэгт хүнд ял авсан тохиолдол байгаа юу?
-Маш олон бий. Тухайлбал Эмэгтэйчүүдийн хорих ангид 30000 төгрөг хулгайлаад 15, хоёр гар утас хулгайлж мөн 15 жилийн ял аваад хоригдож байгаа хүмүүс бий.

-Та Ариунцэцэгийг давтан хэрэгтэй гэж хэлсэн. Өмнө нь ямар хэрэг үйлдэж байсан юм бол?
-Өмнө нь мөн хулгайн хэрэг байсан. Гоо сайхны жижиг бүтээгдэхүүний хулгай байсан.

-Ядарсан нэгэн эмэгтэйд 1200 төгрөгөө алдах нь цагдаа, шүүхдээ тулаад байхааргүй хэрэг юм шиг. Яагаад энэ хэрэг шүүх хурал хүртлээ даамжирсан юм бэ?
-Хохирогч нь гомдолгүй гэсэн ч цагдаа нар илрүүлсэн хэргийнхээ тоогоор буюу бүтээгдэхүүний зарчмаар цалинждаг. Гэтэл хөдөө гэмт хэрэг олон зуугаараа гарахгүй. Тийм болохоор жижиг хэргийг ч шууд өлгөөд авдаг. Уг нь энэ хэрэг бол цагдаа өөрөө шууд хэрэгсэхгүй болгож болох хэрэг байсан.

-Болорчулууныг санаатайгаар зодож амийг нь хөнөөсөн нөхөр нь таван жилийн ял авч, мөн өчнөөн олон хүнийг эд хөрөнгө, сэтгэл санаагаар нь хохироосон хадгаламж зээлийн хоршооныхон дээд тал нь найман жилийн ял авч байна. Гэтэл Ариунцэцэг 1200 төгрөгнөөс болоод арван жилийн ял авдаг нь дэндүү шударга бус санагдах юм?
-2002 оны Эрүүгийн хуулийн заалт нь ийм хатуу. Жирийн иргэдэд хүндэдсэн заалттай. Ариунцэцэг давтан хэрэгтэй гэдгээрээ ийм олон жилийн ял авч байгаа. Эрүүгийн хуулийн 55-р зүйлд жирэмсэн буюу бага насны хүүхэдтэй эмэгтэй гэмт хэрэг үйлдсэн бол ялыг хөнгөрүүлж үзэхээр заасан байдаг. Шүүгч үүнийг харгалзан үзсэн бол Ариунцэцэгийн хэргийг хэрэгсэхгүй байж болох байсан. Энд бас шүүгч, хуульчдын сэтгэлгээний хоцрогдол их нөлөөлж байгаа гэдгийг хэлэхэд илүүдэхгүй байх.

-Үүний цаана мөнгө төгрөгний асуудал байгаа юм биш үү?
-Өнөөгийн нийгэмд хамгийн сул дорой, хүчгүй хүмүүст хууль үйлчилдэг, өнгө, мөнгөтэй, эрх мэдэлтэй хүмүүст хууль үйлчлэхгүй байна. Ядуу дорой юм чинь эргээд яаж ч чадахгүй гэсэн хандлага гараад байгаа. Ингэж иргэдийг нийгмийн давхраагаар нь ялгаварлан гадуурхаж, хүний эрхийг зөрчиж, өнөөгийн нийгэм цэвэр өнгө мөнгөний хорвоо болж шударга ёс алдагдаж байна. Энэ байдлаар үргэлжилбэл хэдэн жилийн дараа Монгол орон шоронжсон байдалтай болно. Иймээс хуулийн заалтыг шинэчлэх хэрэгтэй. Эмзэг давхаргынхны хийсэн хэрэгт шүүхээс хэтэрхий хүнд ял оногдуулж байгааг өөрчлөх зорилгоор хийж байгаа бидний стратегийн өмгөөлөлд Ерөнхийлөгч оролцсоноор Эрүүгийн хуулийн ялын бодлогыг өөрчилж, хүний эрхийг баталгаажуулахад томоохон хувь нэмэр оруулна гэж бид үзэж байна.

М.Уранчимэг
2007.02.15 Өглөөний сонин

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button