Кондолиза Райс Пхеньянтай тохирч чадсан нь Тегеранд сануулга болох ёстой
Энэ долоо хоногт Бээжинд өндөрлөсөн зургаан талт хэлэлцээр амжилттай өндөрлөсөнд тэрээр талархал илэрхийлээд гэхдээ энэ бол түүхийн төгсгөл биш гэж хэлсэн байна.
Дэлхийн улс орнууд тулгамдаж байгаа асуудлыг нэгдсэн хүчин чармайлтаар шийдэж чадаж байгаа учраас энэ нь Иранд сануулга болох ёстой гэж Райс тодотгожээ. Зургаан талт хэлэлцээрийн дагуу Хойд Солонгос цөмийн хөтөлбөрөөсөө татгалзан, хариуд тус оронд нэн шаардлагатай байгаа эрчим хүчийг авахаар болсон билээ. Хойд Солонгосын энэ алхмыг Вашингтон ихээхэн сайшааж байгаа ч хэрвээ Пхеньян амлалтаа биелүүлэхгүй бол олон улсын зүгээс хариу хориг авах болно гэж сануулахаа мартсангүй. Хэлэлцээрийн дагуу Хойд Солонгос 60 хоногийн дотор Йонбен дэх цөмийн реактораа хааж, олон улсын тусламжаар 50 мянган тонн нефть авах юм. 60 хоногийн дараа зургаан талт хэлэлцээрт оролцогч талуудын Гадаад хэргийн сайдууд уулзаж хэлэлцээрийн эхний шат хэрэгжсэн эсэхийг хэлэлцэнэ. Үүний дараа буюу дөрөвдүгээр сарын дунд гэхэд Хойд Солонгос цөмийн зэсвгийг бүтээх чиглэлээр хийж байгаа бүхий л судалгаа шинжилгээний ажлынхаа жагсаалт болон цөмийн хөтөлбөрөө зогсоох талаар хийж байгаа арга хэмжээгээ тайлагнасны дараа тусламжийн дараагийн ээлж болох 950 мянган тонн нефтийг авах эрх үүсэх юм. Энэ тохиролцоо хэрэгжиж байгаа эсэхийг олон улсын шинжээчид хянах аж. Үүний хажуугаар АНУ болон Хойд Солонгосын хооронд хоёр талын хэлэлцээ хийгдэж АНУ-ын зүгээс Пхеньянд тавиад байгаа хориг арга хэмжэээг цуцлах эсэх асуудлыг авч үзнэ. Энэ хэлэлцээ Токио хотноо болох ёстой. Олон хүн зургаан талт хэлэлцээрийг амжилттай болсон гэж байгаа ч бас үүнийг муу наймаагэж үзэх хүн байна. НҮБ-д АНУ-ыг төлөөлж байсан Жон Болтон Хойд Солонгос цөмийн хөтөлбөрөөсөө бүрэн татгалзаагүй байж эрчим хүч авах гэж байна гэж шүүмжилжээ. Түүний бодлоор энэ нь цөмийн асуудалтай байгаа зарим улс оронд харин ч буруу жишээ болох аж.
/Ардын эрх 32/564/