Төрийн ордонд төрийн бус хувцастай орохыг хориглоно

Уг нь бол Төрийн ордны аль нэг хаалгаар үнэмлэхээ үзүүлээд шуртхийгээд гүйгээд ордог байсан сурвалжлагч нар саяхан бас нэгэн сонирхолтой үзүүлбэртэй тулгарсан нь гадуур хувцсаа тайлж дотуураа стандартын бус хувцастай байгаа эсэхийг шалгуулах шаардлага байв. Хамгаалалтын албаныхан албаны бус аальгүй хувцастай сурвалжлагч Төрийн ордон руу нэвтэрчих вий гэж сэрэмжилж байгаа нь энэ юм байж. Уг нь Төрийн ордонд пүүз, жинсэн өмд /мэдээж хэрэг шорт,майк болоод энгэр заамаа ил гаргасан хувцас бол бүр ч болохгүй/ гэх мэт хувцас өмсөхийг хориглодог байсан. Бас торгомсог эротик сэдэлтэй хувцас, богино бошинз, энгэр цээжээ ил гаргасан хувцас гээд янз бүрийн тодотгол байдаг гэж байгаа. Заримдаа хамгаалагч сурвалжлагч бүсгүйчүүдийн /гай болоход хэвлэл мэдээллийнхний дунд эмэгтэй сурвалжлагчид давамгайлж байдаг/ хооронд бага зэрэг мөргөлдөөн үүсэх ч тэгтэл нэг их сүйд болж байсангүй, өөрөөр хэлбэл, хамгаалалтынхны тавьсан шаардлагыг биелүүлээгүй сурвалжлагчийн Төрийн ордонд нэвтрэх үнэмлэхийг хураах, албан газарт нь анхааруулах бичиг /тэр нь ч бас их марзан, чуулганы танхимд зураг авч байсан гэрэл зургийн сурвалжлагч бүсгүйг Олон удаа огцом хөдөлгөөн хийсэн гэж буруутган сонины редакцид нь албан бичиг явуулж байсан/ явуулах, эсвэл буруутай этгээд гэр рүүгээ эргэж хувцсаа солиод ирэх гэх мэтээр асуудал шийдэгддэг байв. Гэтэл энэ удаа хяналт бүр ч мх чангарч хэдийгээр мөр, энгэр йь и задгай бус ч элдэв эрээн мяраан ажил хэрэгч бус хувцас өмсөхийг тас хориглож, нэг бол ёслолын хувцас, эсвэл үндэсний хувцас өмсч явахыг зөвлөв. УИХ-ын эмэгтэй гишүүд чуулганы нээлтэд ирэхдээ гоёдог шиг торгон дээлний хормой намируулаад л явах юм уу даа, бүх сурвалжлагч нар. Гэхдээ яах вэ, ёслолын хувцас өмсөх бас нэг шанс байгаа бололтой юм билээ. За, яахав ажлын шаардлага юм чинь бид өөрсдийнхөө хувцаслах хэв маяг-ийг дахиад шинэ төвшинд гаргах хэрэгтэй болов. Гэхдээ ногоон хувцастай хамгаалагч үүдэн дээр ирж буй бүсгүйг гадуур хувцсаа тайлж дотуур /арай ч бүр дотуур биш л дээ, гэхдээ өвлийн цагт бол дотуур гэдгээс өөр ямар үгээр ч хэлэх билээ/ хувцсаа шалгуулна гэхээр арай ч хэтэрхий доромж, бүдүүлэг санагдаад болж өгөхгүй байна.
Ер нь Төрийн ордны хамгаалалтын албаныханд албаных нь дарга солигдох шинэ парламент сонгогдох гэх мэт онцлог үед сурвалжлагчдыг цуглуулж дотоод журам гэх мэт зүйл танилцуулж, гэнэт хяналтаа онцгой сайжруулдаг. 2004 оны шинэ парламентын хурал эхлэхэд ч ийнхүү цуглуулж Торгомсог болон бэлтгэлийн / арай ч унтлагын гээгүй санагдаж байна/ хувцас өмсч болохгүй. Коридороор явж байгаад УИХ-ын эрхэм гишүүнтэй таарвал зай тавьж мэндлэн өнгөрөөнө. Ордон дотуур голлуулан тавьсан хивсний ирмэгээр баруун гараа барьж авна гэх мэтийн журам танилцуулав. Тухайн үед сурвалжлагч нар шинэ журмын үг үсгийг шоолж үхтлээ инээлдэж, баруун гарынхаа шууг зүүн гараараа барьж, хивсний ирмэгээр нэгийн цуваагаар цувран алхаж баахан хөгжилдсөн. Баруун гараа барьж яв гэсэн юм чинь Энэ удаагийн хатуу чанга шаардлагыг ч гэсэн Монголын хууль гурав хоног гэгчээр тэгсгээд л мартагдана гэж найдаж л байна л даа. Хэд хоног сүржигнээд л гайгүй болох биз. Гэвч энэ мэт хошигнол элэглэл болгоод байгаа зүйл маань үнэн хэрэгтээ хувь хүнийг маань жаахан явцуураад хэлчихэд эмэгтэй хүний эрхэмсэг оршихуй болон соёлт ертөнцийн харилцааны энгийн хэм хэмжээг бүдүүлгээр зөрчөөд байгааг халть ч атугай сануулмаар байна. Тэгээд ч ер нь сурвалжлагч бүсгүйчүүд цэцгэн хээтэй эрээн цамц, тод өнгийн хувцас өмссөнөөс болоод сайд нар огцроод, улс төр нь хямраад байгаа юм уу хаашаа юм бэ? Энд эмэгтэйчүүд гээд онцлоод байгаагийн учир манай эрэгтэй сэтгүүлчид гонжоом өмсөөд бүр сурчихсан, журам зөрчиж сандаргадаггүй юм л даа. Гэхдээ энэ удаа бас сэтгүүлчид гэж явцуурахаасаа түр ангижиръя. Бид нэгэнт ажлаа хийж л яваа хүмүүс учраас энэ мэт журам шаардлагад захирагдаж байгаа юм шиг дүр эсгэж л таарна. Хамгаалалтын албаныхантай хэл амаа ойлголцох л байх. Тэгвэл жирийн иргэд яах ёстой бол?
Төр шүтэх уламжлалт сэтгэлгээтэй монголчууд Төрийн ордонд хааяа нэг орохдоо хамаг гоөлоо зүүж, алхаагаа цэнэж, дуугаа намсгаж Есөн хөлт цагаан тугаасаа адис хүртдэг. Гийгүүлж соёрхсон эрхэм гишүүнийхээ урилгаар ирж байгаадаа тэд ч бас туйлын ихээр олзуурхаж, амьд явсных Төрийн ордондоо орж үзлээ гэж бахархаж, басхүү төр засгаа чин сэтгэлийнхээ угаас хүндэлж биширч л байгаа, буруутгах аргагүй. Өөрийнхөө сонгосон гишүүнтэй уулзахын тулд бөөн чирэгдэл болж наад зах нь промпускийн товчоо-нд дугаарлаж залхсан ихэнхийг эс тооцвол. Аливаад хүндэтгэлтэй хандах соёлтой зангийн нэг илрэл гэж үүнийг ойлгохоос илүү Жирийн муусайн эмээ өвөө ч гэсэн Төрийн ордонд гутлынхаа тоосыг арчаад ордог байхад сэтгүүлч та нар өөрсдийгөө хар гэж жишээлдэг эрхэм гишүүд хааяахан, магадгүй амьдралдаа ганцхан удаа Төрийн ордонд хөл тавьсан хөгшдөөс илүү эмгэнэлтэй санагдмаар. Энэ нь жирийн л нэг хувь хүний биеэ авч явах ёстой соёл болохоос биш хааны ордонд орохдоо бөхөлзөх ёстой гэсэн зарчим ч юм уу, хувь хүний төрд хандах хандлага, байр суурь, заавал мөрдөх ёстой дүрэм журам, шаардах ёстой ёс зүйн хэмжүүр биш л баймаар. Зүгээр л хамгийн энгийнээр жишээ татаад хэлбэл, өөрт байгаа цорын ганц гоёл болох жинсэн өмдөө жимбийтэл индүүдээд хэрхэн улс орноо хөгжүүлж болох санал, санаачлагаа хавтсанд хийгээд зогсч байгаа ирээдүйн үеийнхний маань хувьд л лав Төрийн ордон хаалттай бүс. Гадна талаасаа өнгө будгийн засвар хийгээд ч үхширмэл хуучинсаг хаалттай ертөнц хэвээр байгаа биз. Цаашид ч бас иймэрхүү л байх юм болов уу?

А.Туяа
/Ардын эрх 32/564/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button