Монголбанкны удирдлагууд Хадгаламжийн банк тойрсон хэргийн талаар өчигдөр хаалттай хуралдав

Эдүгээ төр, эзэн хоёрын дунд ихээхэн хардлага үүсгээд байгаа Банкны хэрэг-т улс төр, бизнесийн нөлөө бүхий хүмүүс хүртэл нэр холбогдоод байна. Чамгүй сайн мөрийтэй тоглогч, дээрх хэргийн гол эзэн гэх тус банкны ахлах нягтлан бодогч Ц.Чимэдцэрэнг зарим удирдлагынх нь хамт хууль хяналтын байгууллага шалгаж эхэлсэн тухай АЭ өмнө нь мэдээлсэн. Хэн, хэзээ ямар зорилгоор авсан нь хараахан тодроогүй байгаа алга болсон тэрхүү мөнгийг МАХН-ын дэргэдэх МАСЗХ-ны гишүүн, байгууллагынхаа хамаг тооцоо санхүүг барьж байдаг Ц.Чимэдцэрэн намынхаа санхүүжилтэнд зарцуулсан гэх яриа ч хуурай өвсөнд ноцсон гал шиг газар авч байна. Тус банкыг оны өмнө хувьчлагдахад Төрийн өмчийн хорооныхон Төр өмчөө урьд байгаагүй өндөр үнээр худалдлаа хэмээн баяртайгаар мэдэгдэж байсан. Гэтэл үүнээс хэдхэн сарын дараа Хадгаламжийн банкны үндсэн активаас 10 сая ам.доллар хэзээ алга болсон нь ч тодорхойгүйгээр дутсан нь илэрсэн билээ. Хувьчлалд Монгол даатгал, ОХУ-ын Братскийн Ардын банктай хамтарсан консорциум болж оролцсон Чингис хаан банкны ерөнхий захирал, ноён Сергей Громов ОХУ дахь албан ажлаа орхин Монголд түр хугацаагаар иржээ. Төв банкны удирдлагууд ч багагүй сандарч, тэд асуудлыг нягтлахаар шинжээч томилсон. Шинжээчийн эцсийн дүгнэлт хараахан гараагүй байна. Монголбанкны удирдлагууд өчигдөр үдээс хойшжингоо хуралдлаа. Тэд чухам ямар асуудлаар хуралдаж буй эсэхийг ажилтнуудаас нь тодруулах гэхэд Мэдэхгүй ээ, бидний хувьд ч энэ хурлын сэдэв хаалттай байна гэж хариулсан бол зарим нь Хадгаламжийн банкны асуудлаар хуралдаж байгааг үгүйсгэсэнгүй.
Харин Хадгаламжийн банкин дээр үйл явдал ид өрнөж байв. Хэдийгээр ажлын цаг хэдийнэ өнгөрсөн байсан ч банкны зарим удирдлага, ажилтнууд ажил үүргээ үргэлжлүүлж байлаа. Тус банкны харилцагчид дуулианаас үүдэн дансанд байршуулсан мөнгөө татах дээрээ тулж сандралдан ирсэн ч банкныхан асуудлыг эергээр тайлбарлан буцааж байлаа. Өөрсдийнх нь тайлбарласнаар Хадгаламжийн банкны үйл ажиллагаа хэвийн. Гэхдээ өмнөх өдрүүдийнхээс илүү хөл хөдөлгөөн ихтэй байгаа гэнэ. 10 сая ам.долларын хэрэг төр, эзэн хоёулангийнх нь хариуцлагын асуудлыг хөндөж байна. Гоомой гэхэд дэндүү гоомой, хариуцлагагүй, хараа хяналт муу гэх үгсийг ар араас нь дагуулж байгаа хэргийн учиг хувьчлалаас үүдэлтэй. Хадгаламжийн банкыг хувьчлах үед Далай ван аудит компани аудит хийсэн. Тус компани тухайн үед мөнгө дутаж байгаа эсэхийг мэдсэн, мэдээгүй нь тодорхойгүй, өнөөг хүртэл байр сууриа илэрхийлэхгүй байгаа нь олны сэжгийг улам гааруулж байна. Тэр их хэмжээний мөнгө Хадгаламжийн банкыг хувьчлахаас өмнө алга болсон бол Далай ван аудит-ынхан хэн нэгэнтэй далдуур үгсэн хуйвалдсан, хэрэв хувьчлагдсаны дараа бол банкныхан өөрсдөө хаа нэгтээ гулгуулсан байх гэж. Энэ талаар зарим томоохон банкны удирдлагуудаас сонирхоход Банк бол хамгийн эмзэг салбар. Тэр тусмаа хувьчилж авах гэж байгаа бол заавал ч үгүй олон улсын хөндлөнгийн аудитын байгууллагаар шалгуулж баталгаажуулах ёстой. Гэтэл дотоодын нэгэн компаниар л аудит хийлгэсэн, тэгээд мөнгө дутсаныг одоо мэдэж байгаад гайхаж байна. Уг нь гадны хөрөнгө оруулагчид энэ тал дээр маш няхуур ханддаг шүү дээ. Сайн нягтлаагүй л юм байх даа гэж байв. Төрийн өмчийн хорооноос Хадгаламжийн банкийг хувьчлах тендер зарлахад ХААН банк оролцох санал гаргасан ч удалгүй саналаа татсан байна. Үнэлэгдсэн үнээсээ давж хүртэх хувь бага. Хадгаламжийн банкны салбар нийслэлд 30 гаруй байдаг бол, ХААН банкных ч мөн тэр тооны салбартай. Тэгэхээр бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ цэнэ ач холбогдлоо өгөхгүй зэрэг үндэслэлээр ХААН банкныхан уг хувьчлалаас буцсан аж. Жирийн нэг ахлах нягтлан бодогч нь Монголын нөлөө бүхий улс төрийн хүчний хандивлагчдын нэгээр тодроод байгаа Хадгаламжийн банкны гол харилцагчид нь Улсын үйлдвэрийн газрууд голдуу юм байна. Орон сууц, нийтийн аж ахуйн төлбөр тооцоо тус банкны дансанд аль эртнээс байршсаар ирсэн. Гэхдээ томоохон хадгаламж эзэмшигчид хоёр, гурван газар мөнгөө байршуулсан байдаг. Тэд тус банкинд их хэмжээний мөнгө хадгалуулсан байхыг үгүйсгэхгүй гэдгээ эх сурвалжууд тайлбарласан юм.

С.Баттулга
/Ардын эрх 32-564/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button