И.Нямгаваа гэрчүүдийг худалдан авсан

Энэхүү хэргийн шүүх хурал өчигдөр Баянзүрх дүүргийн Шүүх дээр болох байсан боловч хойшлогдлоо. Хойшлогдсон шалтгаан нь уг хэрэгт хариуцагчаар татагдаад байгаа н.Жамьяан гэгч нь Хятад улс руу явчихсан байсан гэнэ. Уг шүүх хурал гурав дах удаагаа ийнхүү хойшлогдож байна. Урьд нь хойшлогдоод байсан шалтгаан нь яллагдагч тал ямар нэгэн хүсэлт тавин хойшлуулахаар болдог байжээ.
И.Нямгаваа болон түүний эхнэр Н.Долгор нь мэдүүлэг өгөх ёстой хүмүүсийг байнга дагалдагч хүмүүстэй хамт явуулдаг. Эдгээр хүмүүс нь И.Нямгаваагийн хамгаалагчид бөгөөд Загасан нүд хамгаалалтын албаныхан юм байна. Хамгийн хачирхалтай нь мэдүүлэг өгөх гэж ирсэн гэрчүүдтэй заавал нэг хүн хамт орж дуусах хүртэл нь сууж байгаад гардаг байжээ. Түүгээр ч барахгүй баттай эх сурвалжаас авсан мэдээллээр энэ хэрэгт холбсотой бүх зүйлийг мэддэг гэрчүүдтэй хэн нэгэн нь уулздаг байсан бөгөөд харин дараа нь нөгөө гэрчүүд нь өмнө ярьж байсан зүйлээсээ өөр зүйл ярьж эхэлдэг байжээ. Тэгэхээр И.Нямгаваа нь гэрчүүдийг мөнгөөр хахуулддаг эсвэл дарамт үзүүлдэг байсан мэт. Урьдны хойшлогдож байсан шүүх хурал дээр Загасан нүд хамгаалалтын албаныхан даргатайгаа ирсэн байсан нь хачирхалтай. Тус хамгаалалтын дарга энэ хэрэгт огтхон ч хамаагүй гэнэ. Тиймээс хамгаалагч нараар дарамт үзүүлдэг байсан нь үнэн мэт. Нэхэмжлэгч талд мэдүүлэг өгөх байсан хүмүүс бүгд одоо мэдүүлэг өгөхөөс татгалзсан бөгөөд хөдөө орон нутаг болон гадаадад явж байна хэмээн ямар нэгэн шалтаг гаргаад өнгөрдөг. Мөн гэрчээр татагдаад байсан н.Ганбат гэгч залуу мэдүүлэг өгөөч хэмээн дуудахад Би хөдөө явж байна гэсэн мөртлөө өмгөөлөгчийнх нь өрөөнөөс залгахад хотод байна гэжээ.

Энэ талаар нэхэмжлэгч тал Тэд бүгдийг нь худалдаад авчихлаа гэж байсан юм. Бас нэгэн хачирхалтай зүйл нь нэхэмжлэгч тал болох Б.Батхүүг тус шүүх хуралд хариуцагчаар татах хүсэлт гаргасан. Гэсэн хэдий ч түүнийг хариуцагчаар татах ямар ч үндэслэл байхгүй бөгөөд хуулинд заахдаа хариуцагч гэдэг нь нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хууль ёсны эрх ашгийг зөрчсөн этгээдийг хариуцагч гэнэ хэмээн заасан байдаг юм байна. Гэтэл Б.Батхүү нь нэхэмжлэгч тал болох ээжийнхээ эрх чөлөө, хуулийн эрх ашгийг зөрчсөн гэдэг нь ямар ч нотолгоогүй аж. Гэсэн хэдий ч Ерөнхий шүүгч Б.Батхүүг хариуцагчаар татах захирамж гаргасан байна. Мөн одоо хариуцагчаар татах гээд байгаа н.Жамьян нь нэхэмжлэгч талтай хамаагүй аж. Тиймээс нэхэмжлэгч тал үүнийг зүгээр л шүүх хурлыг хойшлуулах шалтаг гэж үзэж байна. Энэ бүгдээс харахад хууль аль талд нь илүү үйлчлээд байгааг харж болох мэт. Учир нь энэ мэтээр олон удаа шүүх хурал хойшлогдож байгаагаас гадна бүгд И.Нямгаваа болон түүний эхнэр Н.Долгор нарын хойшлуулж өгөөч гэсэн хүсэлтийн дагуу байдаг гэнэ. Ямартай ч дахин хойшлогдчихгүй л бол дараа сард уг шүүх хурал болохоор боллоо.

(Нийгмийн толь 038/130)
Э.Майцэцэг

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button