Гааль-ийн Х.Баатар нарт холбогдох хэргийн ялыг дээд шүүх хэвээр үлдээлээ

Энэ хэргийн анхан шатны шүүх хурал 2006 оны есөн сарын зургаанд болж Х.Баатарыг албан тушаалаа ашиглан авилга хээл хахууль авсан хэрэгт буруутган найман жилээр ялласан юм. Мөн УИХ-ын гишүүн асан Б.Өвгөнхүүд Ган зам компанийн нэрээр улсын хилээр их хэмжээний төмөр гаргуулах зорилгоор сая төгрөгийн хахууль бусдад өгсөн хэргээр хоёр жил, Б.Даваажавт улсын сан хөмрөгт онц их хэмжээний хохирол учруулж албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр долоон жил, О.Эрдэнэбатад албан тушаалаа ашиглан улсад их хэмжээний хохирол учруулсан хэргэзр 5.6 жил Ч.Цэдэвмаа, Б.Баттулга нарыг албан тушаалаа урвуулан ашигласан хэмээн тус бүр таван жил нэг cap хорих ял сонсгож байсан талаар бид цаг тухай бүрт нь мэдээлж байсан. Гэвч шүүгдэгч нар болон тэдний өмгөөлөгчид давж заалдах шатанд өргөдөл гаргаснаар Нийслэлийн шүүх 2006 оны 11 сарын 29-ний өдөр хуралдсан. Дээрх хуралд шүүгдэгчид шинэ баримт дэлгэж, өөрсдийгөө өмгөөлж, ялаа хэлтрүүлэхийг хүссэн боловч нотлох баримтаар хэрэг үйлдсэн болох нь тогтоогдон, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр нь баталсан.Гаалийн дарга асан Х.Баатарыг улс төрийн золиос боллоо, ял нь хүндэдлээ гэх олон байсан. Юутай ч хурлын дараа шүүгдэгчидийг хувиарлагдсан хорих анги руу нь ачсан. Энэ үед Х.Баатарын бие чилээрхэж, Зайсангийн дамжин өнгөрүүлэх ангийн эмнэлэгт хэд хоног хэвтэж эмчлүүлсэн билээ. Ингээд өчигдөр буюу 2007 оны хоёрдугаар сарын 14-ний өдөр Х.Баатар нарын арван шүүгдэгч болон тэдний өмгөөлөгчдийн гомдлоор Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхим хуралдлаа. Энэ шүүх хурлыг Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Д.Батсайхан даргалж, шүүгч С.Нямжав, В.Бат-Эрдэнэ, Б.Доржготов, Ч.Ганбат нар бүрэлдэхүүнд нь багтан шүүлээ. Прокуророор төрийг төлөөлөх хэлтсийн хяналтын прокурор Ц.Туул оролцлоо. Мөн хуралд шүүгдэгчдийн өмгөөлөгчид хүрэлцэн ирсэн байсан. Хурал эхлэхээс өмнө өмгөөлөгчид За бараг л хэвээр нь батлах биз дээ гэхдээ яахав ороод л үзье хэмээн хоорондоо ярьж байсан нь их олны анхаарлыг татаж байсан. Энэ хурлын нээлт хаалтан дээр л сэтгүүлчдийг оруулсан бөгөөд хурал 2 цаг 30 минут үргэлжилж, шүүх бүрэлдэхүүн 15 минут зөвлөлдөн Х.Баатар нарын арван хүнд холбогдох хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр нь баталлаа. Бид хурлын дараа шүүгдэгч Х.Баатарын өмгөөлөгч Я.Оюунцэцэгээс шүүхийн шийдвэрийг хэрхэн үзэж байгаа талаар нь тодруултал Бидэнд одоо ганцхан боломж үлдсэн. Нийт шүүгчдийн бүрэлдэхүүнд гомдол гаргана гэлээ. Энэ нь Дээд шүүхийн ерөнхий шүүгчид гомдол гаргах бөгөөд Ерөнхий шүүгч хянах үндэслэлтэй гэж үзвэл Дээд шүүхийн 16 шүүгчийн хурлаар уг хэргийг дахин оруулж сүүлчийн удаа хянах боломжтой ажээ.

2007.02.15 Өглөөний сонин

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button