Дэлхийн оюутны аварга шалгарулах боксын тэмцээн Монгол болно

Дэлхийн оюутны аварга шалгаруулах тэмцээнийг Олон Улсын Оюутны Спортын Холбооноос /ОУОСХ/ хоёр жил тутамд спортын 30 орчим төрлөөр зохион байгуулдаг.
Тэмцээний эрхийг Дэлхийн оюутны спортын өвлийн XXIII дугаар Универсиад их наадмын үеэр 2007 оны 1 сарын 15 ны өдөр Итали улсын Турин хотноо болсон ОУОСХ-ны Гүйцэтгэх Хорооны хуралдаанаар олгосон юм. Монгол улстай хамт Украйны Донецк хот нэр дэвшин өрсөлдсөн гэнэ. Тус хуралд ОУОСХ-ны Гүйцэтгэх Хорооны Гишүүн, Монголын оюутны спортын холбоо /МОСХ/- ны ерөнхийлөгч Д.Баясгалан, БТСУХорооны даргын зөвлөх, МОСХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Жаргалсайхан нар оролцон танилцуулга хийж Засгийн газрын хүсэлтийг уламжилсан байна.
Тэмцээний эрхийг Эрүүл мэндийн болон Сангийн сайдын 2002 оны 24/19 тоот тушаалын дагуу зохих нөхцөл, болзолыг хангасан тохиолдолд олон улсын байгууллагад тавьж хэлэлцүүлдэг. Үүний дагуу Засгийн газрын нэрийн өмнөөс УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд асан Л.Гүндалай, УИХ-ын гишүүн, Сангийн сайд Н. Баяртсайхан нарын хүсэлт, албан тоот, Нийслэлийн засаг дарга Ц.Батбаяр, Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Ч.Наранбаатар, Монголын боксын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Т.Үйтүмэн нарын дэмжсэн бичгийг танилцуулсан юм байна.
ОУОСХ-ны ГХ-ны хурлаас Монгол улсад энэхүү тэмцээнийг зохиох эрхийг олгож, батламж бичгийг тус байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Рох Кампана Эрүүл мэндийн сайд Д.Туяагийн нэр дээр ирүүлжээ. Тэмцээний эрхийг авахад Монгол улсын Засгийн газрын хөрөнгө санхүүгийн баталгаа, зохион байгуулалтын дэмжлэг чухал үүрэг гүйцэтгэсэн юм.
Дэлхийн оюутны аварга шалгаруулах боксын анхдугаар тэмцээн 2004 онд Туркийн Антальяа хотноо зохиогдсон бол 2 дах удаагаа Казакстаны Алмата хотноо 2006 онд болсон. 2008 оны тэмцээн ОХУ-ын Казань хотноо явагдна. Олон улсын боксын холбооны техникийн дүрмийн дагуу эрэгтэй тамирчид арван нэгэн жингээр хувийн дүнгээр өрсөлддөг. Тэмцээн нь зургаан өдөр үргэлжилнэ. ОУОСХ-ний дүрмээр нэг улсаас 11 тамирчин 7 албаны хүн оролцно. Үүнд – 48кг, 51кг, 54кг, 57кг, 60кг, 64кг, 69кг, 75кг, 81кг, -91кг, 91кг дээш жингээр болно. Тэмцээнд 18-28 насны өдрийн ангийн оюутан хүн орох журамтай.
Тэмцээнд таван тивийн олон арван залуу шилдэг тамирчид улс бүрээс нэг жинд нэг тамирчин нийтдээ 30 гаруй орны 200 гаруй төлөөлөгчид шалгаран оролцох бололцоотой. Өнгөрсөн 2 удаагийн тэмцээнүүдэд ОХУ, Казакстан, Турк, Узбекстан, Германы тамирчид өндөр амжилт үзүүлж бүрэлдэхүүндээ олимп, дэлхий, тивийн аваргын медальтнуудаас бүрдсэн хүчтэй багтай ирдэг.
Тэмцээнийг ОУОСХ-ны дүрэм, энэхүү байгууллагатай хийсэн гэрээний дагуу Зохионбайгуулах хороо удирдан явуулдаг. ОУОСХолбооноос томилогдсон ГХорооны гишүүн тэмцээнийг удирдаж, ДАШТэмцээн хариуцсан ажилтан, техникийн, мандатын, эмнэлгийн комиссын нийт 5 хүн, Олон улсын боксын холбооны 4 төлөөлөгч, нийтдээ 9 хүний бүрэлдэхүүнтэй баг хүрэлцэн ирж удирдан явуулна. Мөн улс бүрээс 4 оос дээш тамирчинтай тохиолдолд нэгээс дээш олон улсын зэрэгтэй шүүгчдийг авч ирдэг.
Энэхүү тэмцээнийг Улаанбаатар хотноо шинээр баригдаж 2008 оны эцсээр ашиглалтанд оруулах 6000 хүний суудалтай Спортын шинэ ордонд хүлээн авч явуулахаар төлөвлөж байна. Шинэ ордонд тамирчдын жин үзэх өрөө, эмнэлэг, допингийн үйлчилгээ, бие халаалтын өрөө, хэвлэлийн болон техникийн зөвлөгөөн хийх танхим, хувцас солих өрөө зэрэг нь нэг дор байх учир олон улсын стандартад тохирч байгаа. Тамирчдыг Баянгол зочид буудалд байрлуулна.
Монгол оронд 2002 онд шатрын төрлөөр, 2006 онд Бөхийн чөлөөт, сонгомол барилдааны дэлхийн аваргын 2 тэмцээн зохиогдож байсан тул тэмцээнийг явуулах боловсон хүчний бололцоо бүрдсэн, хүлээн авч зохион байгуулах туршлага, чадавхитай мэргэжилтэнүүд бий. Манайд боксын олон улсын 5 шүүгч байгаагаас олон улсын шүүгч С. Баясгалан Афины олимпид шүүгчээр ажилласан. Мөн Нандигжав, Энхбат, Батбилэг, Мягмарсүрэн нарын шүүгч нар дэлхийн аварга, азийн тэмцээнүүдэд шүүж байсан.
Монголын оюутан боксчдын төлөөлөгчид анхны тэмцээнд оролцоогүй ба Казакстанд болсон Дэлхийн оюутны аварга шалгаруулах 2006 оны тэмцээнд Э.Бадар-ууган алтан медаль хүртэж, Э. Мөнхэрдэнэ нарын зэрэг 5 тамирчин хүрэл медаль авч багаараа Казакстан, ОХУ-ын багийн дараа 3 байранд орж спортын өндөр амжилт үзүүлсэн.
Энэ тэмцээн нь Монгол улсад болох дэлхийн хэмжээний боксын анхны тэмцээн болохоороо онцлоготой ба манай улсыг дэлхийн нийтэд өргөн сурталчилаад чухал ач холбогдолтой. Тэмцээний мэдээллүүд олон улсын оюутны болон боксын холбооны 150 гаруй гишүүн орнуудад бүх төрлийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр 2007-2010 оны туршид байнга тавигдна. Мөн монголын рингэн дээр олон орны нэр хүндтэй, шилдэг тамирчид ирж өрсөлдөх бололцоог олгож, дэлхийн шилдэг тамирчдын уран чадварлаг тоглолтыг хөгжөөн дэмжигч, спорт сонирхогчид өөрсдийн нүдээр үзэх бололцоог олгож байна.
Манай боксчидын хувьд 2012 оны Лондонгийн олимпод бэлтгэх томоохон сорилт болох ба ур чадвараа сайжруулах, туршлага солилцох, өмнөх амжилтаа эх орны дэвжээн дээр ахиулах таатай нөхцөлийг бүрдүүлж байна. Мөн боксын спортын өргөн сурталчилах, хөгжүүлэх, мэргэжилтэн, багш, дасгалжуулагчидын мэдлэг, боловсролыг дээшлүүлэх, өсвөрийн залуу үеийнхэнийг боксын спортод дур сонирхолтой болгон төлөвшүүлэх зэрэгт олон талын ач холбогдолтой юм.
Тиймээс Монгол улсын Биеийн тамир, спортын хуулийн 7.1.5-д заасны дагуу Засгийн газраас тэмцээнийг явуулах шийдвэрийг гаргах, Зохион байгуулах үндэсний хороог байгуулах, жил бүрийн улсын төсөвт тэмцээнд бэлтгэхтэй холбоотой зардлуудыг суулгаж өгөх, сурталчилгааны ажлыг эртээс явуулах, тэмцээнд ирэх орнуудтай байнгын холбоотой ажиллах, мэдээлэл солилцох, олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж удирдлага, мэргэжил, арга зүйн зөвлөгөө авах, өндөр зэрэглэлийн шүүгчдийг урьж ажиллуулах, монголоос оролцох тамирчидыг эртнээс сонгон бэлтгэх, дэмжих зэрэг олон талт ажлыг эртнээс хийх шаардлагатай байгаа юм.

/Оллоо.МН/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button