Аудит хийхээс өмнө хадгаламжийн банк жилийн эцсийн санхүүгийн тайлангаа гаргачихсан байсан’

Хадгаламжийн банкнаас10 сая ам.доллар алга болсон дуулианы мөрөөр Далай ван аудит компанийн захирал Ц.Жигдэнтэй ярилцлаа.

-Хадгаламжийн банкыг хувьчилж авсан гадны хөрөнгө оруулагчид банкных нь үндсэн активаас их хэмжээний валют дутсаныг мэдээд бараг л Монголын өмч хувьчлагчид биднийг хулхидчихлаа хэмээн хардаж буй талаар хэвлэлүүд мэдээлж байна. Монголбанкныхнаас энэ талаар тодруулахад хувьчлагдах үед аудит хийсэн компани л хамгийн сайн мэднэ гэсэн хариултыг өгсөн юм. Тэгэхэд активаас их хэмжээний мөнгө дутсан нь огт илрээгүй хэрэг үү?

-Хадгаламжийн банкыг хувьчлалд бэлтгэх аудитыг НИММ аудит компани, манайх 2005 оны санхүүгийн тайлангийн аудитыг нь хийсэн юм. Хадгаламжийн банкийг өмчлөх бүрэн эрхийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 20-доор ОХУ-ын тал авсан. Тус банкыг хувьчлах үедээ Монголбанк, Төрийн өмчийн хороо зэрэг байгууллагаас томилогдсон комисс бүх асуудлыг нягталж шалгасан байх ёстой. Далай ван аудит компани энэ асуудалд ямар ч падгүй. Харин 10 сая ам.доллар алга болсон, энэ тэр асуудлыг Монголбанкны Дотоод хяналтын газар л сайн мэднэ. Тэд төрийн өмнө үүрэг хүлээн ажиллаж байгаа. Монголбанкны хараа хяналтаас хаашаа ч зугтах аргагүй зүйл.

-Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар тэр 10 сая ам.доллар банкны өмнөх удирдлагуудын үед ч алга болсон байж мэднэ гэж мэдэгдсэн. Та нар хэн гэдэг захирлыг байхад аудит хийсэн юм бэ?

-Ц.Базар захирлын үед. Ер нь Хадгаламжийн банкыг хувьчлах асуудал нэлээд хэдэн жилийн өмнөөс л сөхөгдсөн шүү дээ. Тэгэхэд төрийн мэдлийн ганц банк байх хэрэгтэй юм байна гээд хувьчлахаа больсон. Манай компаниас өмнө буюу 2000-2004 онд тус банкинд дэлхийд нэр хүндтэй, 100 гаруй жилийн түүхтэй KPMG, ERNST and YONG зэрэг компани аудит хийсэн юм билээ. Тус банкны хувьчлалын асуудал нэг хэсэг чимээгүй байж байснаа хувьчлахаар болж, 2005 оны аудитыг нь дотоодын аудитын компаниудын алинаар нь хийлгэх вэ гэсэн саналыг холбогдох байгууллагууд гаргасан. Тэдгээрт үндэсний томоохон аудитын компаниудын нэр сонсогдож байлаа. Ингээд 2006 оны нэгдүгээр сарын 10-даар манай компанийг сонгосон юм.

-Тухайн үед ямар нэгэн но илэрсэн үү?

-2005 оны тайлан баланс гэдэгт мөн оны нэгдүгээр сарын 1-ээс арванхоёрдугаар сарын 31 хүртэлх хугацаа хамаарна л даа. Хэрэв тус банкнаас бэлэн мөнгө дутагдсан бол дээрх хугацаанд багтаж яаралтай тооллого хийх ёстой байсан юм. Гэтэл энэ үед зөвхөн аудитын байгууллагаа сонгоо ч үгүй, чухам алиныг нь сонгох вэ гэдэг талаар ярьж байлаа. Нэг үгээр хэлбэл, бидний оролцоогүигээр жилийн эцсийн тооллогоо хийчихсэн хэрэг. Манай компани Хадгаламжийн банкийг тооллогоо аль хэдийнэ хийчихсэн байхад нь очсон. Монголбанкнаас тодорхой хугацаа зааж өгсөн учир Аудитын шалгалтыг бид 2005 оны нэгдүгээр сарын 10-нд хийж эхлээд тайлангаа сарын дараа гаргаж өгсөн. Тэрхүү тайланд банкны жилийн эцсийн тооллогод оролцоогүй гэдгээ тодорхой тусгасан байгаа. Тухайн үед Ямар ч зөрчилгүй байна гэдэг дүгнэлт гарсан.

-Явж явж энэ хэргийн нэг буруутнаар аудитын байгууллага ч тодорч магадгүй болоод байна. НИММ аудит компани хувьчлалд бэлтгэх аудит хийхдээ хараа хяналт муутай ажилласан юм болов уу?

-НИММ аудит-ынхан одоо Хадгаламжийн банкны 2006 оны аудитыг нь дуусгавар болгохоор ажиллаж байгаа гэсэн. Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн стандартаар аудиттай холбоотой хариуцлагын асуудлыг хоёр хуваадаг. Нэгдүгээрт, гаргасан тайлангийн үнэн зөвийг балансаа баталгаажуулан шалгуулж буй тухайн байгууллага хариуцна. Аудитын компаниуд байгууллагын гаргаж өгсөн мэдээ тайланд өөрийнхөө дүгнэлт, үзэл бодлыг хэний дарамт шахалт, хараат бусаар тусгадаг. Тэгээд ч аудит, санхүүгийн хяналт шалгалт хоёр зарчмын том ялгаатай. Аудитын шалгалт бол материаллаг баазын хүрээнд дүгнэлт хийж, хязгаарлалт тогтоодог.

-Дараа нь иймэрхүү хэл ам гаргахгүйн тулд Төрийн өмчийн хороо хувьчлал явуулах үедээ бүх баримт бичгийг сайтар нягталсан байх ёстой биз дээ. Тал талаас комисс томилогдон шалгасан, аудит хийлгэсэн байхад 10 сая ам.доллар активаас дутсан нь олны гайхшралыг төрүүлж байна?

-Тэр бол Төрийн өмчийн хорооны эрхийн асуудал. Тус банкыг олон улсын нээлттэй тендер зарлаад л хувьчилсан. Гэвч эзэмших эрхээ шилжүүлэхээс өмнө зөвхөн аудитын компанид бүхнийг даатгаад орхих биш Төрийн өмчийн хороо, Монголбанкныхан өөрсдөө шалгасан л байх ёстой.

-Ер нь мөнгө төгрөг дутагдсан эсэх нь аудитын шалгалтын явцад илрэх үү?

-Наадах чинь санаатай үйлдэл байх юм бол аудитын шалгалт хийгээд ч илрэхгүй. Монголбанк клирингийн тооцоо гэж хийдэг. Клирингийн тооцоо ёсоор бүх арилжааны банкуудын гүйлгээ төв банкаар дамжин хийгддэг юм.

-10 сая ам.долларын хэрэгт маш олон хүний нэр сонсогдож байна. Монголбанкнаас энэ хэргийн мөрөөр шинжээч томилсон. Шинжээчид мөнгө хэзээ, яаж алга болсныг мэдэх боломжтой болов уу?

-Гадаадын зарим оронд программын сүлжээнд аудит хийдэг юм билээ. Олон улсын IT тусгай программыг суулгаж, хэдийд мөнгө алга болсныг тогтоодог. Монголбанк энэхүү программаар шалгах гэж байгаа гэж сонссон. Энэхүү программыг тусламжтайгаар дээрх хэргийг илрүүлж магадгүй. Түүнээс
биш зүгээр нэг аудитын байгууллага, хэдэн хүн үүнийг хийж дийлэхгүй шүү дээ. Ер нь илрүүлэхэд маш төвөгтэй хэрэг боллоо. Хийсэн хүн нь хэргээ хүлээдэггүй л юм бол нэлээд сунжрах байх даа. Асар их тоон мэдээллээс зөрүүг гаргана гэдэг далайд хөвж буй хөлөг онгоцтой адил.

-Өмнө нь аудит хийж байсан байгууллагын хувьд таныг хууль хяналтынхан дуудаж асуусан уу?

-Үгүй, би сониноос мэдээлэл аваад л сууж байна.

-НИММ аудит-ынхантай уулзсан уу. Тэд юу гэж байх юм?

-Бөөн бухимдсан улс л байна билээ. Хадгаламжийн банкны хоёр давхарт тэдэнд нэг өрөө гаргаад өгчихсөн, өөдөөс харсан өрөөнд нь Монголбанкны Дотоод хяналтын газрын шинжээчид сууж байгаа гэсэн. НИММ аудит компанийнханд энэ сарын 23 гэхэд аудитын эцсийн дүгнэлтээ гарга гэж үүрэг өгсөн сурагтай.

Ардын эрх сонин 33 /565/
С.Баттулга

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button