Ц.Цэрэндорж Миний хувьд амьдралдаа бараг алдаагүй л юм шиг

Түүнтэй ярилцлага хийхийн өмнө хилийн цэргийнхэн гэж голдуу отряд, застав хэсч алба хааж яваад алдар цол нь өссөн ч хувийн амьдралын хувьд нэг их тохижиж чадаагүй, хэдэн булангүй чемодон савтай үлдсэн зарим нэгэн байдаг тухай бодож байлаа. Тэгвэл энэ хурандаатай уулзаж хилчний нь хувьд амьдрал, ахуйг нь сонирхон ярилцахад миний бодсон санаснаас огт өөр өнгө төрх энэ хүний амьдралаас харагдав. Энэ нь уншигчдад ч сонин байх болов уу. Тэгээд хурандаа Ц.Цэрэндорж түүний гэргий Тамара Ивановна нартай бэсрэгхэн хөөрөлдснөө толилуулъя.

-Ярилцлагаа эхлээд цэргийн хүн болсон тухайгаас эхлэх үү. Ер нь багаасаа цэргийн хүн болно гэж бодож яваа юу?

-Хүүхэд байхад цэргийн хүн болох бодол байгаагүй л дээ. Сургуульд байхдаа физик математикийн хичээлд тун сонирхолтой сурагч байв. Монголд анх удаа физикийн олимпиад зохиоход шалгаран оролцож хоёрдугаар байр эзэлж байсан. Энэ ч нөлөөлсөн байх аравдугаар ангиа төгсөөд МУИС-ийн физикийн ангид элсэв. Гайгүй сурч байлаа. Нэгдүгээр дамжааг төгсөх үед факультетын декантайгаа жаахан муудалцсны уршгаар цэрэг болсон гэхээр юм уу.

-Декантайгаа яагаад муудалцдаг билээ?

-Манай хүргэн ах химийн Ц.Жамсранжав гэдэг хүн байсан л даа. Тэр маань зун экспедицээр хөдөө байн, байн явна. Айраг судалдаг хүн байв. Яг оюутны хаврын ажлын үеэр би түүнийг дагаад хөдөө явчихсан юм. Гэтэл декан маань ажил тасласан гэж зэмлэсэн. Би таслаагүй гэж гүрийсэн. Маргааны учир ийм. Декан хэлж байна аа.

-Чиний сурахыг харна аа гэсэн хоржоонтой үг хэлсэн юм л даа. Ингээд байж байтал надад цэргийн зарлан дуудах хуудас ирдэг юм байна. Декан маань надад оноож өгсөн шагнал нь тэр байв. Тэгээд л цэрэг болсон.

-Хаана албаа хаав?

-Нэгэнт л цэрэг болсон юм чинь алсхан явж юм үзье гэж шийдээд хилийн цэрэгт санал өгсөн. Харин хил ч явсангүй 0151 дүгээр ангид хуваарилагдлаа. Одоо миний удирдаж байгаа холбооны анги шүү дээ. Би чинь энэ ангидаа байлдагчаас эхлээд хурандаа болчихоод байгаа хүн. Намайг тус ангид очиход их сайхан дарга нар угтаж авсан юм. Ротын дарга дэд хурандаа Д.Рэнцэндаваа, техникийн орлогч Бадамжав, салааны захирагч Ванчигцэрэн гээд. Би тун удалгүй бага дарга болсон. Түгээгч бас жагсаалын дарга байлаа.

-Холбоочин болсон уу? Тэгээд,

-Болохоор барах уу. Радист ч боллоо. Инженер Даш, орос сургагч нартай шадарлаж байгаад багагүй юм сурч түүнийхээ хүчээр нэг радио станц угсарчихлаа. Тэдэнд хэллээ. Би ийм станц хийлээ гэж хэлсэн хэрэг биш болов. Зөвшөөрөлгүйгээр хийж болдоггүй юм гэнэ. НАХЯ-нд дуудагдав. Очлоо. Айж ч байх шиг харин дарга нар сүүлд нь энэ цэргийг холбооны сургуульд явуулья гэж ярилцаж л дээ. Тэгээд би ЗХУ (хуучнаар) Орёл хотын улсын аюулаас хамгаалах яамны холбооны сургуульд очсон.

-Тэнд суралцаж байх үеийн сонин сайхан юу байв?

-Жирийн л оюутан цэрэг. Харин тэнд энэ хүнтэй танилцсан. (Гэр бүлийн хүнээ хэлж байна). Дөрөвдүгээр дамжаанд байх жилээ хоёул гэр бол болсон. Бас нэг хөөрхөн хүүтэй сургуулиа төгсгөөд гялалзсан дэслэгч, авгай, хүүхдээ дагуулаад ирлээ.

-Орос авгайтай, бас хүүхэдтэй. Танай аав, ээж хэрхэн угтав?

-Их баярлаж угтсан. Гэхдээ цаанаа яадаг билээ гэсэн бодол байсан л байх.

-За тэгээд шижигнэсэн залуу дарга хаанаас ажил, албаа эхлэв?

-Арвай генерал, За хө чи гайгүй сурч. Сонголт хийлгэе. Эрдэнэцагаан, Онгон хоёрын алинд нь очихов гэж байна. Тэр хоёр отрядын чинь аль нь ус сайтай вэ гэхэд генерал -Чи хавиргын булгаас л ууж дээ гэж байна. Тэгээд Сүхбаатар аймагт Онгоны отрядад очлоо. Техникчээр томилогдов.

-Ажил үүргийн хувьд бол гялалзуулж өгөө байлгүй. Харин гэр бүлийн амьдрал чинь л сонин байсан болов уу?

-Тэгэлгүй яахав. Отрядын даргад учир байдлаа танилцуулахад нэг жижиг байр өглөө. Орос авгайтай гэхээр тэр шүү дээ. Түүнээс биш, гэр өгөх байсан. Байраа цэмбийтэл засч дор нь зоорьтой болгож аваад авгай хүүхдээ аваачлаа. Манай хүн тийм тал газар ч үзээгүй. Монгол амьдрал мэдэхгүй хүн. Харин үзэж буй бүхэн нь зүүд шиг л байсан гэдэг юм. Сүүлд нь ярьж байсан. Гал түлж мэдэхгүй. Аргал, хөрзөн л түлнэ. Энэ нь үнэр танар нь ч хэцүү байсан нь мэдээж. Тамара маань зургаахан сартай хүүгээ асарна. Огт өөр нөхцөлд гэр бүлийн ажлаа амжуулна. Би заримдаа хил рүү хэд хоногоор явчихна. Хань маань би зовж байна гэж хэлж үзээгүй. Харахад хэнд ч хөөрхий дөө гэмээр байсан байх. Удалгүй монгол амьдралд дасч тэнд байгаа монголчуудтайгаа адилхан идэж ууж, инээж наргиж, аргал түлшээ түүхээс эхлээд бараг л монгол хүүхэн болчихсон. Сүүлд нь отряддаа Экран ЧМ гэдэг радио станц дээр Тамарагаа ажилд оруулсан.

-Тамара монгол хэл амархан сурсан уу?

-Жил гаруй болоход л гайгүй сурч намайг хөдөө яваад ирэхэд отрядадаа болсон сонин сайхныг ярина. Тэр ингэж ярьсан. Энэ тэгж хэлсэн гээд л…

-Отрядад удсан уу?

-Яг л цэргийн гурван жилийг тэнд өнгөрүүлээд Ленинградын цэргийн академид явсан. Сургуулиа төгсгөөд төрөлх анги болох 0151 дүгээр ангидаа, ерөнхий инженерээр ирсэн. 1986 онд доо. Тэгээд 1991 оноос ангийн захирагч болсон. Түүнээс хойш 16 жил болчихож.

-Энэ хугацаанд хийсэн бүтээснээ дурсвал?

-Өө маш их юм бий. Урьд нь тэргүүний анги байсан. Ангиа улам сайн болгохыг зорьсон. Түүний хүчинд анги маань танигдашгүй болтол тохижлоо. Yлгэр жишээ анги болгох зорилт тавиад барууны орны засварлан хөгжүүлэх менежментийн арга барилаар ажилласан юм. Энэ нь цэргийн салбарт содон ажил болсон. Ингээд анги маань 13 жил тэргүүний ангийн болзол хангасан. 2004 онд надад шилдэг менежер гэдэг цол, тэмдэг хүртээсэн нь мөрдөстэй хүмүүсээс анхны шилдэг менежер цолтон байлаа.

-Одоо эргээд хилд ажиллаж байсан үеийн зарим дурсамжаас ярилцах уу. Авгай чинь ч бас юм яримаар байгаа биз.

-Онгоны отрядад байх үеийн сонин сайхан дурсамж алийг тэр гэхэв. Нэг удаа би хилд явлаа. Нэг өдөр Тамара маань утсаар отрядынхан зусланд гарах гээд олон гэр бариад гоё байна гэж ярив. Гэтэл оройхон ярихдаа

-Өө ёстой аймаар. Харанхуйлсан шуурга болоод өнгөрлөө. Тэгээд харсан нөгөө гэрүүдийг чинь хийсгээд аваад явчихлаа. Би цонхоороо хараад л байлаа гэж билээ. Yнэнхүү асар хүчтэй салхи шороо болж өнгөрсөн. Гэрийн зарим хэсгийг олон км-ийн цаанаас олсон юм шүү. (Энэ үед эхнэр Тамара бидний ярианд оролцов).

-Би нөхрөө дагаж Монголд ирээд сайхан амьдарч байна. Эхний үед нөхрийн маань хэлээд байгаа үнэн л дээ. Хэцүү л байсан. Яг нуулгүй хэлэхэд гал түлэхээс эхлээд бэрх юм их. Отряд дээр дизель станцтай. Гэрэл хэдхэн цаг асна. Лааны гэрэлд бүхнээ амжуулах болно. Зарим үед идэх юм олдохгүй ч ийм үе байсан.

-Тамарагаас асуухад нөхрөө хил явлаа гэхэд айх, түгших юм байв уу?

-Уг нь Монгол их тайван сайхан орон учир айгаад байх юмгүй санагддаг байж. Харин нэг удаа хилийн застав руу явсан нөхөр маань сураггүй хэд хоночихов. Отрядын дарга дээр Нөхөр маань алга, яачихав гэж уйлаад гүйж очлоо. Тэр дарга намайг зүгээр ээ гэж тайвшруулсан даа. Нээрээ л зүгээр байж. Машин нь хээр эвдрээд саатчихсан юм билээ. Ер нь тухайн үеийн үйл явдал монгол амьдралд дасаагүй болоод ч тэр үү. Зарим үед надад зүүд юм шиг санагдаж байсан л даа.

-Хилд байхдаа ямар сонин юм үзэв дээ?

-Хааяа нөхөртэйгөө хилээр явдаг байв. Хаашаа ч юу ч харагдахгүй мэлийсэн тал. Машин хаашаа ч яваад байгаа нь мэдэгдэхгүй юм шиг. Гэтэл олон зээр давхиад л. Гоё шүү. Би чоно, үнэг гээд олон амьтан үзсэн. Айраг, ааруул, тараг гээд цагаан идээнд их дуртай болсон. Аргал түүж сурсан. Тэр үеийн бүх юм адал явдалт кино шиг.

-Айраг гэхэд нэг удаад хэр их ууж чадах вэ?

-Нэг литр айргийг уучихна. шүү.

-Танай хадмууд өөрт чинь их сайн уу?

-Ёстой сайн. Тэр дотор манай хадам ээж шиг сайн хүн ховор байх. Намайг анх ирэхэд Хөөрхий хөөрхий л гээд байсан. Одоо ч тэгдэг. Би хадам ээждээ нөхрөөсөө бараг илүү хайртай байх шүү. (Нөхрийгөө хараад инээв).

-Цэрэндорж өөрт чинь ер нь эхлээд юу гэж хэлэв, анх танилцахдаа?

-Их сонин. Надад өөрийгөө анх Ташкентаас ирсэн. Узбек хүн гэж танилцуулсан. Харин миний найзын аав эдний сургуульд багш байсан болохоор Цэрэндоржийг монгол гэдгийг би мэдээд авчихсан л даа. Тэгээд их сонин бодол төрөөд. Монгол гэж дандаа ийм хүмүүс байдаг юм болов уу гэж бодогдоод их соёлтой, ухаалаг хүн байв. Их л эргэцүүлэн бодсон ч уулзахгүй байж чадахгүй байсаар дотноссон доо.

-Та хоёр анх хэрхэн танилцсан юм бэ?

-Орёлд сургуульд очоод удаагүй байлаа. Гэрээ санаад ээжтэйгээ утсаар дандаа ярина. Нэг удаа холбоон дээр ярих цагаа хүлээж суутал сайхан дүрлэгэр нүдтэй орос охин нүдэнд туссан. Ойртож энэ тэрийг асуусан яриа хөөрөөтэй тун эелдэг эмэгтэй байв. Танилцлаа. Орой болсон учир гэрт нь хүргэж өглөө. Түүнээс хойш сав л хийвэл чөлөөгөөрөө очиж уулзаад. Тэгсээр байгаад дасч, аав, ээжтэй нь танилцсан. Харин аав, ээж нь намайг сүрхий тоосонд улам зориг орсон шүү. Орос охид аав, ээжийнхээ л амыг хардаг юм билээ. Түүнээс хойш хорь гаруй жил болжээ.

-Хэдэн хүүхэдтэй вэ?

-Хоёр хүүхэдтэй. Нөгөө анхны хүүгээс хойш Онгоны отрядад очоод хоёр жил болсны дараа нэг охин төрүүлсэн. Монголдоо сургууль төгссөн сэтгүүлч охин. Эрдэнээ, Одоо Москвад ажиллаж буй. Сэтгүүлчийн мэргэжилтэй. Хүү Александр маань Москвад Тимирязовын нэрэмжит ХАА-н академи төгсгөөд бас тэнд ажиллаж байгаа.

-Хилийн цэргийн хүний гол онцлог юу байдаг вэ?

-Хилчин хүний амьдрал албаны хувьд маш өндөр хариуцлага, олон талын мэдлэг шаарддаг юм. Бас их тэсвэр хатуужил, элдэвт гярхай ханддаг болгодог. Тангадын Галсан гуайн шүлэгт бий шүү дээ.

Хил манаагүй хүнийг эр гэдэг юм уу гэж. Нээрээ л хилчин хүн жинхэнэ эр хүн болдог нь үнэн шүү. Хилийн заставт байсан цэрэг бол гүү, үнээ саах, айраг исгэх, тараг бүрэх гээд ажил бүхнийг сурна. Хонио төхөөрөөд гэдсийг нь арилгаж янзална. Амьдралын ийм нарийн ажлуудыг сурдаг. Амьдрах ухаан их суулгана гэсэн үг.

-Цэрэндорж хурандаагийн сул, бас давуу тал юу вэ гэвэл өөрөө ямар хариулт өгөх вэ?

-Миний хувьд олон анги, салбар дамжиж яваагүй, албан тушаал дэвшиж ахиагүй нь сул тал юм шиг. Нөгөөтэйгүүр нэг анги, салбарт тогтвортой сайн ажиллаж, амьдрал ахуйгаа зөв авч явсан нь давуу тал юм болов уу даа.

-Хилчин хүний мөн чанар гэвэл?

-Хилчин хүн зөвхөн цэргийн хүн биш, бас сайн дипломатч, хөрш орныхоо хэл, зан заншил, ёс горимыг сайн судалсан байх. Нөгөө талаар газраа сайн мэддэг, ажигч гярхай байх. Энэ бүх чанарыг шингээсэн хүн л жинхэнэ хилчин хүн.

-Тэгвэл хилчин хүний бахархал юу вэ?

-Их юм ярьж болно оо. Хилчин хүн үүргээ нэр төртэй биелүүлэх нь бахархал юм даа. Хилчид хэзээ ч хийсвэр биш, юм бүхэнд бодитоор ханддаг. Жирийн цэрэг хээрийн сургуульд явж байлдаан гэдгийн үлгэр загврыг мэддэг байх. Тэгвэл хилчин хүн хил зөрчигчтэй тааралдахад л юу мэддэг, чаддагаа харуулах хэрэг гарна шүү дээ.

-Өөрөө хил зөрчигч олныг илрүүлсэн үү?

-1990-ээд оны эхээр машины наймаачид хил зөрчих гэж байхад илрүүлэн барьж авч байлаа. Гурван машинд долоон залуу байсан.

-Ер нь хил дээр очсон хүний сэтгэл хөдөлдөг байх шүү?

-Тэгэлгүй дээ. Эх орны маань торгон хил, миний газар нутаг. Би хамгаалж байгаа юм гэж бодохоос авьяастайсан бол шүлэг бичмээр санагдах үе ч бий. Хилийн багана дээр очсон хүн заавал нэгийг боддог байх.

-Хурандаа та дуунд хэр билээ. Дуртай дуу чинь?

-Би солгойдуу хоолойтой. Дуулахаараа хилчний сүлд дуугаа л дуулна.

-Сүлд дуу гэдэг чинь ямар дуу байдаг билээ?

-Яагаав.Далай орон минь

Дархан хилтэй

Дархан хилдээ

Дайчин харуултай гээд хангинуулж өгнө. Торгон хил дээр очоод харж байхад хилийн баганын цаад талын цэцэг өндөр, манай талынх намхан юм шиг харагдах. Тэгсэн хэрнээ миний нутгийнх цаанаа өнгөлөг, өөриймсөг байдаг. Энэ нь эх орноо гэсэн сэтгэлийнх байх л даа.

-Өөрийг чинь гайгүй сайн загасчин гэж сонссон юм байна?

-Би уугуул нутаг маань Архангай аймгийн Цэнхэр сумын хүн. Голтой устай, загас жараахайтай нутгийнх болохоор бас хэнээс ч дутахгүй загасчилж чадна л даа. Гайхмаар сайн биш ээ.

-Сүүлчийн асуултыг танд үлдээе?

-Манай анги, нийслэлд байдаг ч хилээ хамгаалж байгаа. Энэ нь цаад утгаараа биш. Учир нь манай анги Хэнтий, Сэлэнгэ аймгийн нутгийн заагт оршдог Минжийн заставыг хариуцдаг юм шүү дээ. Тэгэхээр би чинь заставын дарга. Манай застав 76 км участок хариуцаж хамгаалдаг. Энэ дашрамд нийт хилчдэдээ, хилийн цэргийн ахмадууддаа зэвсэгт хүчний 86 жилийн ойн баярын мэнд дэвшүүлье.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button