Солонгосын луйврын гурвал

Харин хан үндэстний сайн эрс хоёр гурван компаниараа хослон байж улс гүрэн дамнан луйварддаг байна. Хан үндэстэн гэдэгт аз жаргалын түлхүүр атгуулна гэж монголчуудыг хошгоруулаад сураг алдарсан Вако-гийн хангүг эр, Солонгост ажиллуулна гэж манайхныг хулхидаад Монголын шүүхээр шийтгүүлсэн Сон Ян Жу нарыг хэлж байгааг уншигчид ойлгож байгаа болов уу. Солонгост хэчнээн монгол иргэд ажиллаж амьдарч, энд байгаа нь яах гэж тийшээ зүтгэдэг, тэндээс ирсэн нь эндэх амьдралаа яаж өөд татдагийг өгүүлэх нь илүүц билээ. Харин Солонгос улс гэхээр л газрын диваажин, солонгос хүн л бол энхийн цагаан тагтаа мэт боддог монголчуудын сэтгэхүй дээр тоглосон хангүг эрсийн бас нэгэн луйврын сүлжээг энд дэлгэе.

Энэ бол Номарангийн гэх хэрэг юм. Зарим хэвлэлийн мэдээллээс харвал манай улсын хэдэн сайн эр л солонгосуудыт хулхидаж, зээлсэн баахан доллараа төлөхгүй луу унжиж яваа юм байна гэж ойлгохоор. Гэтэл үгүй юм аа. Энэ нь хэвлэлийнхний Монголынхоо зарим хүнийг нэр алдраар сенсаац хөөх гэсэн, мөнгөө алдсан гэх солонгосуудын хувьд манай улсын арилжааны банкуудын нэр хүндэд халдан санхүүгийн салбарыг хөдөлгөөнд оруулж зорилгодоо хүрэх гэсэн тун өнгөцхөн дүгнэлт ажээ.

Номарангийн өрөө төлөхгүй явна гэх мэдээллээс цааш баримт хөөж, учир мэдэх хүмүүсийн тайлбар, шүүх, арбитрын шийдвэрийг харвал монголчууд нь солонгосуудаа биш, бас л солонгосууд эхэлж монголчуудаа хулхидах гэж буруу замаар будаа тээж, тэр нь өдгөө буцах замын шороо болж яваа юм байна. Үүнийг дор энгийн үгээр товчхон сийрүүлье.

Монголчуудад их хэмжээний доллараа алдаад байгаа гэх БНСУ-ын Номаранг бол тоног төхөөрөмж, бараа бүтээгдэхүүн нийлүүлэх нэрээр хууль бус зээл авч дундаас нь хүү хүүлэх зорилгоор хөгжингүй орнуудад зээл олгоход зуучилдаг, түр зуурын жижигхээн компани байжээ. Байжээ гэхийн учир нь энэ бизнесээ Монголд хийсний дараахан тус компанийн нийлүүлдэг зээлийн мөн чанар Солонгосын хуулийнхны өмнө илэрч компани нь дампууран хууль бус наймаа хийснийхээ төлөө компанийнх нь захирал Ли гэгч эмэгтэй шоронд хоригдож байгаа юм байна.

Номаранг компани хэвлэлээр гараад байгаа шиг Монголд доллар цутгачихаагүй. Бас энэ луйвраа ганцаараа ч хийгээгүй. Тус компани нэгэн үе БНСУ-даа хоёрдугаарт бичигддэг, монголчуудын уншсан Хорвоо дэлхий уудам хийх ажил их байна гэх номыг зохиогч Ким Во Чонгийн тэргүүлдэг Daewoo, мөн LG компаниудтай rap нийлэн, бараа бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжийг зээлээр Монголд нийлүүлэх, нийлүүлсэн тохиолдолд тухайн бараа бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжийн үнийг Монголын нэр бүхий зарим банк нэг жилийн дотор төлөх нөхцөлтэйгөөр аккредитив нээх чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгуулж эрсдэлийг нь өөрсдөө хариуцах баталгаа гаргажээ. Банк санхүүгийн хэллэгт энэ операцийг аккредитивийн гэрээ гэдэг байна. Зүйрлэбэл, манай улсын A нэртэй арилжааны банк мөн улсынхаа бас Б компанийн нэр дээр 10 сая ам.долларын аккредитив нээж Номаранг-ийнхан энэ үнэд тохирсон бараа, бүтээгдэхүүнийг Б компанид нийлүүлнэ. Аккре-дитивийнхээ нөхцөлийн дагуу нийлүүлсэн тохиолдолд А банк 10 сая ам.доллараа Номаранг компанид шилжүулнэ. Тэдний байгуулсан гэрээ, хийх бизнесийнх нь Үндсэн хууль ердөө л энэ. Гэтэл Номаранг нэрийн дор нэгдсэн Daewoo, LG-гийн гурвал Монголд бараа ачуулсан гэх баримтууд л явуулаад байж. Харин ачуулсан бараа нь ирдэггүй, ирсэн ганц нэгийнх нь тоо хэмжээ, нэр төрөл нь ирүүлсэн санхүүгийн баримтаасаа тас зөрж байлаа. Бүр ганцхан ширхэг буйдан ачуулчихаад түүнийгээ 20 тоннын чингэлэг дүүрэн, ийм үнэтэй, тиим тооны бараа ачууллаа гэсэн баримтыг Монголын банкуудад явуулж байсан жишээ ч байх юм. Үнэн хэрэгтээ бол солонгосууд Монгол руу бараа ачуулдаггүй, ачуулсан гэх хуурамч баримтууд л явуулдаг байсан байх юм. Nomarang, Daewoo, LG-гийн гурвал луйврын ийм сүлжээгээр монголчуудыг хулхиддаг байсныг шинжээчийн дүгнэлтэд үндэслэн Арбитрын шүүх тогтоожээ.

ИЧИХ НҮҮРЭНДЭЭ ЭЛЭГ НААСАН DAEWOO

Монголын худалдаа, аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Монголын үндэсний арбитраас энэ хэрэгт 2005 оны гуравдугаар сарын 23-нд мэргэжлийн шинжээч томилж дүгнэлт гаргуулжээ. Уг дүгнэлтээс Nomarang, Daewoo-гийнхэн Монголын компаниудыг, Монголын банкуудыг яаж хулхидаж, хуурч монголчуудыг Азийн хамгийн тэнэг хүмүүс гэж бодон бизнесээ хийж байсан тухай олон баримт дэлгэж болно. Тэдгээрээс цөөхөн жишээг энд өгүүлье.

Жишээ 1.

Daewoo компаниас нийт 19 сая 999 мянга 968 ам.долларын үнэ бүхий 14 чингэлэг бараа ачуулсан ту хай ачилтын баримтаа манай арилжааны нэгэн банкинд ирүүлжээ. Гэтэл энэ нь шинжээчийн дүгнэлтээр Daewoo компани нээсэн аккредитивийнхаа дагуу 19 сая 999 мянга 968 ам.долларын ямар ч бараа бүтээгдэхүүн нийлүүлээгүй, Монгол Улсын хилээр орж ирээгүйг гааль, төмөр зам, тээвэр зуучийн байгууллагууд баримтаар нотолсон байна. Ердөө 20 орчим сая ам.долларын үнэтэй бараа ачууллаа л гэсэн хуурамч баримт явуулсан болохыг шинжээчид баталжээ.

Жишээ 2.

Манай нэгэн арилжааны банкинд нээлгэсэн аккредитивийн дагуу 10 сая ам.долларын барааг Монголд нийлүүлсан тухай ачилтын баримтаа Daewoo компаниас ирүүпжээ. Гэтэл нэрлэсэн 10 сая ам.доллараас есөн сая 912 мянга, 430 ам.долларын бараа бүтээгдэхүүн дутуу нийлүүлсэн болохыг мөн л шинжээчийн дүгнэлтээр тогтоосон байдал байна.

Жишээ 3.

Nomarang, Daewoo, LG-гийнхэн Монголын банкууд, компаниудыг луйвардахдаа өөрсөд шигээ буруу тарын сүлжээ сайтай гэж эндүүрсэн үү, эсвэл үнэхээр цагаандаа гарсан уу, шударгаар, аккредитивийнхаа нөхцөлийн дагуу нийлүүлсэн ганц нэгхэн барааныхаа үнийг тэнгэрт тултал өсгөн баримтаа бүрдүүлэн явуулж байсан байх юм. Тухайлбал, Nomarang, Daewoo-гийнхэн нэг бүр нь 72 мянга 233 ам.долларын үнэтэй 50 ширхэг буйдан ачуулсан тухай санхүүгийн баримтаа захиалагч Монголын компани, арилжааны банкинд ирүүлжээ. Ганцхан ширхэг нь доллараар бол 72 мянга, монгол төгрөгөөр 80-аад сая төгрөгийн үнэтэй буйдан хэрэв дэлхий дээр байдаг бол Арабын шейхүүд л хэрэглэдэг байх. Харин иргэд нь сарын 200 хүрэхгүй долларын цалинтай Монголын зах зээлд 80 сая төгрөгийн үнэтэй буйданг Daewoo компаниас нийлүүлж байжээ. Энэ нь бас л луйвар болохыг шинжээчид тогтоож. Өөрөөр хэлбэл, Daewoo-гийнхэн дээрх 50 ширхэг буйдангаа Монгол Улсын хилээр нэвтрүүлэхдээ гаальд нэг бүр нь 366 ам.доллар гэж мэдүүлжээ. Өөрөөр хэлбэл, буйдангийнхаа гаальд мэдүүлсэн үнийг 197 дахин өсгөсөн үнээр баримт бүрдүүлэн монголчуудаас өр нэхэж байна. Энэ мэтээр Монгол Улсын гаальд найман мянга 258 ам.доллар гэж мэдүүлсэн нийт 126 ширхэг тавилгыг нийт таван сая 405 мянган ам .доллараар буюу гаальд мэдүүлсэн үнээ 654 дахин, нэг бүр нь 72 ам.долларын үнэтэй 198 бащ матраасыг нэг бүр нь дервөн мянга 964 ам.доллараар буюу гаальд мэдүүлсэн үнээ 68 дахин нугалан санхүүгийн баримт бүрдүүлэн Монголын банк, компаниудад явуулж, одоо тэр мөнгөн дүнгээ монголчуудаас нэхэж байх юм. Нэгийг мянга, нимгэнийг зузаан болгож өегөсөн ийм хэд хэдэн жишээг шинжээчийн дүгнэлтэд дурджээ.

Nomarang, Daewoo, LG-гийнхэн манай улсын арилжааны хэд хэдэн банктай гэрээ байгуулж аккредитив нээжээ. Тэдгээрээс шинжээчид зөвхөн нэг банкинд ирүүлсэн 19 чингэлэг ачааны ачилтын баримтыг шалгаж үзэхэд л бүгд дээрх гурван жишээнд өгүүлсэн шиг нийтлэг төрхтэй луйвар илэрсэн байна.

Эндээс харвал Nomarang, Daewoo, LG-гийнхэн монголчуудыг хулхидахын тулд эхлээд улсынхаа экспорт, импорт хариуцсан төрийн байгууллага, гааль гээд холбогдох газруудыг дараалан хуурч залилсан байна. Энэ нь төдөлгүй илэрч Номаранг компани дампуурч захирал нь шоронд хоригдсон бол Daewoo компанийн удирдлагад БНСУ-ын Ардын шүүхээс 2005 онд ял сонсголоо. Тус компанийн захирал Ким Во Чон сүүлийн таван жил эх орноосоо гадуур гадаад ертөнцөөр оргон зайлж яваад 2005 оны зургадугаар сард Сөүлд иржээ. Түүнийг Солонгосын цагдаа нар онгоцны буудал дээр баривчилсан бөгөөд Daewoo-гийн захирлыг хууль бусаар их хэмжээний зээл авсан, мөнгө угаасан, хуурамч бичиг баримт үйлдэж экспорт хийсэн, зохих газрын зөвшөөрөлгүйгээр хөрөнгө мөнгө шамшигдуулсан, гадаад руу гуйвуулсан хэрэгт ял тулгасан байна. Шүүхээс Daewoo-гийн захиралд эхлээд дээрх хэргүүдэд нь арван жилийн ял оноосон ч, шүүгдэгчдийн гомдлоор давж заалдах шатны шүүх хурлаас өмнө өгсөн арван жилийн ялыг 8.5 болгожээ.

Ингэхдээ шүүх хууль бус үйлдлийг нь дахин нотолсон ч түүний өндөр нас /Ким Во Чон одоогоор 69 настай/, урьд өмнө БНСУ-ын эдийн засагт оруулж байсан хувь нэмрийг харж үзэн ялын хэмжээнээс нь 1.5 жилийг хасч, дээр нь 23 тэрбум долларын торгууль төлөх ял оноожээ. Манай улсын жилийн төсөв нэг тэрбум доллар байдаг. Тэгвэл манай улсын 23 жилийн төсөвтэй тэнцэх хэмжээний торгууль төлөх ял аваад байна, Daewoo-гийн захирал. Солонгосын шүүх Daewoo-гээс төлбөрөө, Daewoo нь Номарангаас зээлээ нэхэж эхэллээ. Daewoo-гийнхэн шүүхэд төлөх төлбөрийнхөө эрэлд гарсан нь энэ. Луйврын схем дахин ажиллаж эхлэв. Өмнө нь Монголын арилжааны банкуудад нээсэн аккредитивийн гэрээгээ ашиглан мөнгө хүүлж байсан бол, одоо аккредитивийн нөхцөлөө зөрчиж, бараа ачуулсан гэх хуурамч баримтаараа Монголоос мөнгө цуглуулж, монголчуудыг дахин луйвардах нь Daewoo-гийн сүүлчийн ганц боломж, найдвар ажээ. Чухам энэ зорилгын үүднээс Nomarang, Daewoo, LG-гийнхний сценариар Номарангийн гэх хэрэг Монголд мандаж буй нь энэ юм.

Daewoo-гийн ерөнхийлөгч Ким Во Чонг БНСУ-д баривчилж байх тэр мөчид аккредитивийнхаа нөхцөлийн дагуу бараа бус, харин хуурамч баримтууд хүлээн авсан Монголын арилжааны зарим банк Номаранг компанитай шүүхдэж байлаа. Тэд анх гэрээ байгуулахдаа магаан гарвал Монгол Улсын Арбитрын шүүхээр шийдүүлэхээр тохирчээ. Энэ дагуу Арбитрын шүүх эхлээд шинжээч томилж, дараа нь томилсон шинжээчдийнхээ багийн дүгнэлтэд үндэслэн Монголын нэр бүхий арилжааны банкуудыг Номарангийн өмнө төлбөр төлөх үүрэггүй гэсэн шийдвэр гаргасан байна. Харин өдгөө хүн бүрт адил тэгш үйлчлэх учиртай хууль монгол хүн, солонгос хүн хоёрт өөр өөрөөр үйлчлэх гээд байгаа бололтой.

Олон улсын төлбөр, тооцоонд хэрэглэдэг шилжих аккредитивийн нөхцөлөөр Номаранг компани нь аккредитивийн эрхээ Daewoo компанид шилжүүлжээ.

Хуулиар бол аккредитивийг хүлээж авсан хоёр дахь хүлээн авагч нь анхны хүлээн авагчийн үүргийг гүйцэтгэж барааг нийлүүлэх, нийлүүлсэн барааныхаа талаар үнэн зөв баримт ирүүлэх үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, аккредитивийн гэрээгээр хүлээж байсан Номаранг компанийн үүрэг тэр чигээрээ Daewoo-д шилжинэ гэсэн үг юм.

Гэтэл дампуурсан Номаранг-аас эрх хүлээж авсан Daewoo компанийнхан энэ үүргээ биелүүлээгүй байж бараа ачуулсан гэх хуурамч баримтдаа дурдсан мөнгийг Монголын арилжааны банкуудаас нэхэмжилж Чингэлтэй дүүргийн шүүхэд иргэний журмаар хандсан байх юм. Харин тэдний хүсэлтийг манай шүүхийнхэн хүлээж аваад маргаан үүсгэх гэж буйд хуульчид гайхаж байгаа ажээ. Энд хэд хэдэн хууль зөрчигдөж байгаа учраас тэр гэнэ. Тухайлбал, нэгдүгээрт анх Номаранг компани Монголын арилжааны банкуудтай гэрээ байгуулж аккредитив нээлгэхдээ маргаан гарвал Арбитрын шүүхээр шийдүүлэхээр тохирсон. Маргаан гарсан, гэрээний дагуу Арбитрын шүүхээр шийдүүлсэн. Гэтэл дампуурсан Номаранг-ийн бизнесийн хамтрагч Daewoo-гийнхэн нэгэнт шүүхээр шийдсэн маргааныг дахин шийдүүлэхээр иргэний журмаар Чингэлтэй дүүргийн шүүхэд хандаад байна. Хоёрдугаарт, Монгол Улсын Арбитрын хууль тогтоомжийн дагуу нэгэнт шийдсэн хэргийн талаар оролцогчдын эрх залгамжлагчид Арбитр болон шүүхэд давж заалдах эрхгүй байдаг байна. Харин Daewoo-гийнхэнд Монголын шүүх ийм илүү эрх олгоод байгаа нь хуульчдыг гайхашруулав. Гуравдугаарт, Daewoo-гийнхний Чингэлтэй дүүргийн шүүхэд гаргасантай яг адилхан гомдлыг 2005 онд Монгол Улсын Арбитрын шүүх авч хэлэлцээд Монголын арилжааны нэр бүхий банкууд Номаранг-ийн өмнө төлбөр төлөх үүрэггүй гэсэн шийдвэр гаргажээ. Уг нь иргэний шүүх, Арбитрын шүүх хоёрын зэрэг зиндаа нэг бөгөөд бие биеийнхээ шийдсэн хэргийг нөгөө нь дахин авч хэлэлцдэггүй журамтай, жишигтэй ажээ. Харин Daewoo-гийнхэн олон улсын энэ жишгийг Монголд эвдэх гэж байна.

МЭХ МЭХЭНДЭЭ БҮДЭРСЭН ЛУЙВРЫН ГУРВАЛ

Номаранг-ийн гэх энэ хэрэгт өөр нэгэн үзүүр бас бий. Nomarang, Daewoo, LG-гийн гурвал Монголын банкуудын нээсэн аккредитивииг ашиглаж босгосон мөнгөө Сингапур, Монгол, Солонгосын иргэд, аж ахуйн нэгжид өндэр хүүтэй зээл хэлбэрээр өгчээ. Жишээлбэл, Номаран-гийн захирал Ли гэгч эмэгтэй Монголын арилжааны нэгэн банкинд хувийн данс нээж энэ зээлээсээ өөрөө авсан, бас нэг хэсгийг нь Сингапурын, МСВ гэх мэтийн зарим компанийн нэр дээр тус улсын Хөжлийн банк болон United Oүerseas банкин дахь дансанд шилжүүлсэн байдаг байна.

Nomarang, Daewoo, LG-гийн гурвал энэ зээлээсээ Монголын арилжааны банкуудаар, бүр тодруулбал, аккредитив нээж гэрээ байгуулсан банкуудаараа нэг ч доллар дамжуулаагүй ажээ. Тэгсэн атлаа Daewoo-гийнхэн хувь хүмүүст олгосон энэ зээлээ аккредитив нээж гэрээ байгуулсан Монголын банкуудаас нэхээд байдаг байна.

Nomarang, Daewoo, LG-гийнхэн зээл авсан тэдгээр хүмүүстэйгээ шууд шүүхдэлцэж чаддаггүй. Хувь хүмүүс, аж ахуйн нэгжид олгосон энэ зээл нь бараа ачуулсан гэх хуурамч баримт шигээ бас л луйврын шинжтэй учраас тэр байх. Тиим учраас манай банкуудыг л оролдож, Монголын банк, санхүүгийн салбарыг доргиож байж тэдгээр хүмүүстэй тооцоо бодох хувилбарыг сонгосон бололтой юм, Daewoo-гийнхон. Монгол-чууд зорилгод нь хөтлөгдөж бус, хэргийн нарийн учрыг олж, хууль, шүүхийн шийдвэрийг хүндэтгэн эв нэгдэлтэй байж зөвхөн баримт шүтэж асуудалд хандвал банк, санхүүгийн зах зээлээ зохиомол хямралаас хамгаалах, аж ахуйн нэгжийн маргаанд хоёр улсын төр, засгийн бүтцийн байгууллагыг оролцуулахгүйгээр шийдэх гээд эсрэг тал олонтой юм.

Ер нь энэ луйварт оролцеон Номаранг компани дампуурсан, захирал нь шоронд орсон, Daewoo компани хараахан дампуураагүй ч захирал нь мөн л ял авч шоронд орерн. Одоогоор Daewoo компанийн таван захирал, нягтлан оодогч болон нийт гуч гаруй хүнийг улс хоорондын мөнгөн арилжааны хуулийг зөрчсөн хэрэгт буруутган Солонгосын цагдаагийнхан шалгаж байгааг дэлхийн хэвлэл мэдээллийн томоохон агентлагууд дуу дуугаа авалцан мэдээлж байна. Гэтэл монголчууд бид л дэлхийн энэ томоохон хэвлэлийн агентлагуудаас тас зөрж Daewoo-гийн зөв, монголчуудынх буруу гэх маягаар асуудалд хандсаар байна. Бүр Арбитрын шүүхээс Монголын арилжааны банкууд Номаранг-ийн өмнө төлбөр төлөх үүрэггүй гэсэн шийдвэр гаргачихаад байхад шүүхдээ хүртэл итгэхгүй монголчуудаа л хойд захын хар овоохой болгож сууна.

Яг өнөөдөртөө бол бүхэл бүтэн улсаараа шахуу БНСУ-ын шүүхийн шийдвэр гүйцэтгэгч байгууллага болон хувирч улсынхаа арилжааны зарим банк, хувь хүмүүсийг монголчууд бид өөрсдөө шүүхийн шийдвэргүйгээр, сайн дураараа хэвлэлээр яллах гээд байх юм даа.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button