Тоо мэддэггүй, толгой муутай хуульчид

Мянган төгрөг хулгайлбал шоронд ордог. Тэрбум төгрөг луйвардвал сууллаад явуулдаг Монголын хууль хяналтынхныг тоонд тааруу, толгой муутай амьтад л гэж хэлэхээс өөр үг алга. Тэнэг хүн тэг алдлаа гэхэд ганц нэгээр нь л алдана уу гэхээс зургаа долоогоор нь алдана гэж баймааргүй.

Хуулийн зүйл заалтыг харахаараа үг үсэг гээхгүй баримтална гэж хатуурхдаг мөртөө хуудуутай баримтыг нягтлахаараа нүд нь харанхуйлж, сэтгэл нь сохордог нь гайхалтай.

Үйл явдлын өрнөлийг ажиглавал хуудуутай олон тэгийн цаана хүүдийтэй баахан мөнгө төгрөг ханцуй, хормой доогуур хахууль нэртэйгээр урсан өнгөрч байгаа юм биш биз дээ.

Хөхүүл хүүхэдтэй эмэгтэй 7500 төгрөг хулгайлсныхаа төлөө 10 жилийн ял авч байхад хэдэн зуун тэрбум төгрөгөөр нь луйвардчихсан ихэс дээдсүүдийн толгойг нь илээд Танд Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн баярын мэнд хүргэе. Таныг төр өршөөлөө. Та завшсан хөрөнгөө өөртөө авч болно гээд бурхан тэнгэр ч заяадаггүй буян хишгийг хүртээгээд суллаад явуулдаг төр Монголоос өөр хаана ч байхгүй.

Баримт түшье. Дипломат эрх ямбаа ашиглан 23 сая ам. доллараар үнэлэгдэх хар тамхи тээвэрлэж явсан Д.Шатарбал, хоёр КАМАЗ дүүрэн самрыг хил давуулахыг завдсан улсын заан Д.Долгорсүрэн, гурван тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн Наран туул захын эзэн Ш.Сайхансамбуу, Горхи Тэрэлжийн байгалийн цогцолбор газраас хууль бусаар худалдаж олон мянган ам.доллараар хахууль авсан гэх Д.Түмэнхүү гээд нэрлээд байвал олон арван луйварчин сая найман зуугаар /Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор өршөөлөөр суллагдсан хүмүүсийг 1.800.000 төгрө¬гийн хахууль өгч чөлөөлөгдсөн гэж хошигнон ярих болжээ/ өршөөгдлөө. Өршөөх өршөөхдөө зөвхөн үйлдлийг нь биш, өвөр зуураа завшсан их хэмжээний хөрөнгө мөнгөтэй нь хамт өршөөлд хамруулж өөрт нь үлдээж байгаа нь гайхалтай.

Ердөө 7500 төгрөг хулгайлсан П.Ариунцэцэг эмэгтэй үрэгдүүлсэн 1600 төгрөгнөөсөө бусдыг нь буцааж өгөөд байхад нь 10 жилийн ял өгч байгаа шүүгч нарыг яах вэ? Өгье ч гэж хэчнээн зүтгэсэн ч 1600 төгрөг байхгүй болоод хэрэгт холбогдож байгаа хөөрхий тэр эмэгтэйг яалтай ч билээ. Ядахдаа хажууд нь өөр нэгэн өр нимгэн хүн тааралдахгүй ч яав даа. Гай болж П. Ариунцэцэг өмнө нь хулгайн хэрэгт шийтгэгдэж байсан учраас дахин давтан гэмт хэрэг үйлдсэн гээд 10 жилээс доош ял өгөх аргагүй байсан гэж шүүгчид өөрсдийгөө өмгөөлдөг. Харсаар байтал нүдэн дээр нь улаан нялзрай хүүхэдтэй нялх биетэй эмэгтэй хүн байсаар байхад жишим ч үгүй ингэж хатуурхаж байгаа шүүгчдийг юу ч гэх билээ. Ёстой л цусан зүрхтэй усан нүдтэй хүмүүс биш гэж үү хэмээн асуумаар санагдана.

Гэтэл сая найман зуугаар өршөөгдсөн эрхэмүүдийн дотор хэдэн зуун тэрбумийн хэрэгт холбогдсон хүмүүс ч байгаа. Тэд бол анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа ойлгосон, засарч, хүмүүжих бүрэн боломжтой тул төрийн өршөөлд хамрагдах учиртай гэнэ. Уг нь нийгэмд учруулсан гэм хорын хэмжээ гэж айхтар үзүүлэлт байдагсан. Энэ удаагийн өршөөлийн хуульд үүнийг огт хайхраагүй орхисон бололтой. Магадгүй хайхрахыг ч хүсээгүй байж мэднэ. Бүр цаашилбал Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойд зориулсан Өршөөлийн хууль нь эрх баригчдын зүгээс урьдаас нягт төлөвлон хэрэгжүүлсэн улс орны өмч хөрөнгийг хулгайлан завшаад дараа нь цайруулан баллуурдахад зориулсан үйлдэл байсан юм биш биз гэсэн таамаг төрүүлэх боллоо.

Нэр нөлөө бүхий хүмуүсийн албан тушаалаа ашиглан улсын өмч хөрөнгийг идэж шамшигдуулах нь сүүлийн ганц нэгхэн жилийн дотор огцом өссөн нь эрх мэдлийн болон мэдээллийн давуу байдлаа ашиг¬лан гэмт хэргээс Өршөөлийн хуулиар суллагдан гарахыг урьдчилан тооцоолсон байж болохыг үгүйсгэхгүй. Үүндээ зөвхөн хууль тогтоогчдыг төдийгүй, хууль хяналтын шат шатны байгууллагын төлөөлөгчдийг татан оролцуулж авлигыг алтан сүлжээг ашигласан байж болно.

Төрийн хууль яахаараа үгээгүй ядуучуудад болохоор хэд дахин илүү үйлчилдэг, увайгүй луйварчдад болохоор хэчнээн буруутай байсан ч хэрэгсэхгүй хоцроодог байна аа.

Мянгаар тоологдох мөнгөнд бүү хүрээрэй, тэг олонтой тэрбумаар тоологдох хөрөнгө рүү халдвал цаад хэдэн шүүгч нар чинь тоонд тааруу болохоор толгойг чинь илээд л өнгөрөх байх шүү. Ойрын хэдэн жилдуу хуульч болох хүүхдүүдээс тооны шалгалт авахгүй гэнэ лээ.

Ардын эрх сонин 53 /585/

Г. Энхбаатар

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button