Эр хүнийг аар саар юманд зарах хэрэггүй, цагаа болохоор эх орон нь үхүүлж зардаг юм

хадамд мордуулсан найрагч эрхэмтэй жилдээ ганц тохиодог эрчүүдийн баяраар хөөрөлдлөө. Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн гуайтай хөөрөлдөж Эр хүн байхын, эр хүнийг хайрлахын ухаан үйсэн бидний яриаг таалан соёрхоно уу?

-Цэргийн баяр болж байна. Энэ өдөр эрчүүд эрх чөлөөгөө тунхагладаг. Харин таны хувьд?

-Эрчүүдийн баяр, цэргийн баяр гэдэг чинь сүүлд ургасан баяр л даа. Олон улсын эмэгтэйчүүдийн баяр мартын найман гээд байхаар атаархаж, барьцмаар санагдсан юм байлгүй эрчүүдийн баяр гэж ярих болсон. Хүйс хүйсээрээ ялгарч баярлах нь хүмүүсийг улам бүр л холдуулаад байх шиг санагддаг. Эмэгтэйчүүдийн, эрэгтэйчүүдийн баяр гэхээс илүүтэй хүүхдийн баяр гэдэг нь язгуураасаа зохимжтой санагддаг. Эрчүүдийн баяр гээд миний хувьд баярлаад сүйд болдоггүй. Гэхдээ эр хүн баярлаж байгаа өдөр болохоор сайхан санагддаг. Эр хүн чинь баярлахаа хүрэхээрээ нэг сайхан үгэнд ч баярладаг улсууд шүү дээ. Нэг сайхан харцанд, нэг сайхан инээмсэглэлд баярладаг. Түүнийг нь хүмүүс мэдэхгүй. Их том биетэй, хүчирхэгдүү, айл гэрийн эзэн хүн биеийнхээ хэмжээгээр том юманд баярлана гэж боддог. Хүнийг ятга гэвэл хамгийн нарийхан утас нь бүсгүйчүүд гэж ойлгодог. Үнэндээ эр хүн чинь тэр ялгаагүй нарийн нандин улсууд. Хүйсээр нь ялгаад эр хүний нарийн, нандин шинж чанарыг тэр бүр мэдэрдэггүй юм шиг санагддаг шүү.

-Тэгвэл таны нандин нарийнийг мэдэрч, хамгийн ихээр баярлуулсан нь хэзээ бол?

-Баяр гэдэг чинь товлосон он цагтай байдаггүй. Өөрөө л гэнэтхэн ирдэг. Гуниг ч ялгаагүй. Оноогоод, эмэгтэй нь энэ өдөр баярлана, эрэгтэй нь тэр өдөр баярлана гээд хуваарилж болохгүй байх.

-Өнөөдөр эрчүүдээ гоочилмооргүй байна. Гэхдээ баяр гэхээр нэг л их ууж идэхийн нэр гэж ойлгоод байх шиг санагдах юм?

-Нэгэнтээ баяр гэж байгаа юм бол юу хүссэнээ л хийг л дээ. Чи баярла гэж хэлчихээд дараа нь чи буруу баярлаад байна гээд загнаад байх чинь хаашаа юм бэ дээ. Ууж иддэгийн тухайд эр нь илүү ууж байна гэлцдэг ч цөхөрсөн эмэгтэйчүүд эрээс дутахгүй ууж байна. Энэ тухайд эргэлзэх юм байхгүй. Өрхийн ноён нуруу болсон эр хүн жаахан хүч чадал багатай, өөрийнхөө мөн чанарыг хадгалж чадахаа болиод, алдаж оноод ирэхээр ачаа нь эмэгтэй хүн дээр буудаг л даа. Тэр үед эмэгтэй хүн өөрийгөө өрх толгойлоод эхэллээ гэж бодоод эрчүүдийг үгүйсгэж эхэлдэг. Сүүлийн үед эмэгтэйчүүд орон гэрээ авч явж байна, өрх толгойлж байна гээд яриад байх юм. Гэхдээ би энэ үгийг олон сонинд хэлэхййг хүсдэг юм. Эр хүний орон зай гэдэг агуу юм. Ямар ч алдаа оноотой байлаа ч гэсэн тэр орон зай нь байж л байдаг. Гэрийн талыг эр хүн эзэлж, ямар ч муу байсан хоймор дүүрч байдаг. Энэ бол эцгийн эрхт ёс юмуу, эхийн эрхт ёс шиг эрхээ булаацалдсан зүйл биш. Би эр хүнийг үгүйсгэхэд их дургүй. Би олон хүүтэй, өөрөө эр хүн. Нөгөө эр хүн эр хүндээ хайртай гэдэг нь юмуу даа. Гэхдээ бас би эх хүний талд байдаг. Ерөнхийдөө бөөрөнхий эр хүн. Яагаад вэ гэвэл эргүйгээр эмэгтэй хүний тухай сэтгэх, эмгүйгээр эр хүний тухай сэтгэж болдоггүйгээс тэр. Эр хүн бол эр хүн шиг тулсан юмны өмнө үхэж чадах, тулгарсан юманд, тэнэг, зенөг ч бай шийдвэр гаргахдаа эр хүн эр хүн л байдаг. Би харин уе барьж гүйгээд, авгайнхаа дээл, дотуур хувцсыг нь угаагаад байгаа эр хүнд дургүй.

-Яагаад? Бүсгүйчүүд харин ч эерэгээрээ халамжтай хань гэдэг шүү дээ?

-Яагаад ч юм эр хүнд зохихгүй дэмий ажил санагдаад байдаг юм. Би хоцрогдсон феодалын сэтгэлгээтэй хүн л дээ. Эр хүн өмд угаагаад сууж байх, хүүхдийн баас хусаж байх нь надад таалагддаггүй. Ний нуугүй л хэлнэ. Эр хүнийг тиим юманд зармааргүй байдаг юм. Эр хүнийг чинь эх орон цагаа болохоор үхүүлж зардаг юм. Энэ бүх амьдрал чинь унаад ирэхийн цагт эр хүний нуруун дээр тогтоож өргөж босгодог юм. Тиим болохоор би эрчүүддээ хайртай. Аар саархан юманд далдганаад байгаа хүнийг манай хань халамжтай гэж ярьж байгаа эмэгтэй хүнд бас дургүй. Халамж гэдэг чинь тиим аар саархан үйлчилгээ шиг юмаар илэрдэг эд ч биш, цаанаа байгаа сэтгэлийн их хайраар нь хэмждэг юм. Ханиа хүндэлж байгаа хайр, цаад их юм нь л бүтэн цул байвал наад талын жижиг юмыг анзаарах хэрэггүй. Тэгш эрх эдлэх гээд эмэгтэй хүн эртэйгээ үзэлцээд байгаа нь таалагддаггүй. Нэг их тэгш байх гэж, ухаандаа талх байвал нэг талыг нь би зүсчихээд нэг талыг нь чи зүснэ. Хувцас байвал нэг ханцуйг нь би угааж, нөгөөг нь чи угаана гэдэг улсууд байдаг. Түүнд дургүй. Эр хүнийг өмөөрсөндөө тэгж байгаа юм биш. Эм хүнээр та нар эмнэг сургуулаад үз л дээ. Зохих нь уу үгүй юу. Эмэгтэй хүнээр адуу уургалуулаад үз. Говийн эмэгтэйчүүд бол уургалдаг юм л даа. Говийн эмэгтэйчүүд айхтар, гэхдээ зохидоггүй юм, яагаад ч зохидоггүй юм, Мориндоо мордож байгаа, татаж байгаа тэнхээ, морио суулгаж байгаа дадал заншил нэг л зохиж өгөхгүй, нэг л турьхандаад, харуусмаар энхрийдээд байдаг. Түүнтэй адилхан эмэгтэй хүнээр мод хөрөөдүүлээд, мод хагалуулаад, эрэг боолт чангалуулаад, уурын зууханд галч хийлгээд үз. Бас л зохихгүй. Тэгвэл энэ зохидоггүй ажил гэдгээс чинь зохиегүй шаардлага гэдэг чинь гарч байгаа юм. Эр хүн шөнө хүүхдээ уйлахад босоод хичнээн сэгечээд бүүвэйлээд ч хүүхэд хөхөө л эрдэг байхгүй юу. Хөхийг нь эх нь өгдөг. Тэгэхээр би эрчүүдийгээ өмөөрөөгүй, зүгээр л зохилдолгооны талаар ярьж байна. Ил далд хуурдаггүй, яг л нэг зантай эр хүн бол жинхэнэ эр хүн. Түүнээс халамж тавьж байгаа дүр эегэдэг хүн бол эр хүн биш.

-Эр хүн болж төрөх, эр хүн болж төлөвших хоёрын хооронд ихээхэн ялгаа бий. Магадгүй төрөхөөсөө төлөвших нь хэцүү байх?

-Эр хүн болж төрөх чинь зөвхөн хүйсээ олохын шалтаг. Эр хүн болж төлөвшинө гэдэг бол магадгүй мөн чанараа олохын ухаан. Үүний язгуур нь эцэг эхээс заяадаг. Дээр нь энэ их амьдралын үер, уруй дотор хэрхэн эвдрэх вэ, хэрхэн өөрийгөө олж авах вэ гэдэг чинь их ажил л даа. Бие нь том болоод бяртай болоод авдар өргөөд, гэрээ үүрч, дээр нь ээжийгээ суулгаж нүүхээрээ эр хүн болчихож байгаа юм биш. Тэрэн дотор оюуны боловерол, бие бялдрын хөгжил, эр хүний зан чанарын бүрдэлт, ертөнцийг үзэх эр хүний үзэл гээд зөндөө юм багтана. Магадгүй гэр орон дахь төлөв төвшин чиг баримжаа, үндсэн хайр халамжийг эр хүн үүрдэг юм шүү. Эмэгтэй хүн бол энхрий улс. Тиим болохоор үүнд их хол ялгаа бий. Эмд хүрсэн едрөө л эр хүн болчихдог юм биш. Тэрнээс цааш зөндөө юм байна. Үхэхэд хүртэл эр хун болсон байх ёстой. Эр хүн шиг үхэх ёстой байхгүй юу. Манай хөгшчүүл өвөг дээдэс сайхан үхэж чаддаг байлаа шүү дээ. Өвчинд автаж байгаагаа мартаж, огоорч, амирлангуйд төлөв төвшин очдог. ёо хэлэхгүй үхэж байгаа өвгөчүүл Монголд л байдаг юм. Тэгж бодохоор чинь эр хүн болно гэдэг чинь төрөхөөс төгегөлөө хүртэл эр хүн байхын том үүрэг байна шүү дээ. Эр хүнээ үзүүлэх их хугацаа. Алдаа багатай хүнийг сайн эр гэхгүй. Явж явж ийм хүмүүс бусдыг алдахгүй байхыг шаарддаг, хүний алдаагаар хооллодог болчихдог. Тиим болохоор би алдаж байгаа эр хүнийг эр хүн биш гэж хэлэх дургүй.

Алдах онох чинь хэнд ч байдаг юм. Магадгүй эр хүн бүегүй хүнээс олон алдаж байж илүү явдаг.

-Таныхаар жинхэнэ монгол эр хүн гэж ямар байх ёстой. Юугаар нь тийнхүү үнэлдэг вэ?

-Хүний хань л хүнийг тодорхойлохоос биш, хичнээн дотны найз нөхөд байгаад хэн гэдгийг нь хэлж чадахгүй. Тэр бүү хэл үр хүүхэд нь ч эцгийгээ тодорхойлж чаддаггүй юм шүү дээ. Хүүхнүүд гаднаас нь хараад энэ жинхэнэ эр хүн байна даа гээд үнэлдэг. Энэ бол өнгөц үнэлгээ. Жинхэнэ эр хүнийг хань л тодорхойлдог. Зүгээр адилхан эр хүний хувьд хэлэхэд одооны эрчүүл их жүжиглэдэг болчихож. Нэг их гүдэсхэн, хүн чанартай хүн болох гэж жүжиглээд л… Илүү, саваагүй зан эр хүнд зохидоггүй юм. Хувьдаа би илүү зангүй хүнийг л гайгүй эр хүн юмуу даа гэж тоодог. Жинхэнэ эр хүний өөр нэг сайхан чанар нь сайн муу явахад нэгэн зангаараа байх. Манай эрчүүдийн дотор бас зөрчил байдаг л даа. Сайн яваа нэгнийхээ улыг долоож гүйдэг бялдууч эрчүүд зөндөө байна. Долигонодог, бялдуучилж, худлаа инээдэг. Эр хүн худлаа инээх ямар муухай гэж санана. Харамсалтай нь энийг эмэгтэйчүүд муу ялгаж, их хууртдаг шүү дээ. Инээсэн ч үнэн инээж, уйлсан ч үнэн голоосоо уйлж байвал чи хүнээрээ байна гэсэн үг. Муу сайн ямар ч явахад зангаа хувиргадаггүй эр хүн бол дээдийн дээд эр хүн.

-Гудамжинд хөлчүүрхэж хэвтээ, эхнэртээ агсам тавьж байгаа эрчүүдээс би тэрхүү мөн чанарыг олж хардаггүй?

-Ардчилалыг дагаж орж ирсэн эрх чөлөөг л бид буруу эдэлсэн улс. Эрчүүд бол бүсгүйчүүдээс илүү мэдрэмтгий улс гэж би хэлсэн. Тиим болохоороо ч эрчүүд нь илүү мэдрээд эвдэрцгээсэн л дээ. Зарим нь. Ихэнх нь гэж хэлж даанч болохгүй шүү дээ. Олдсон эрх чөлөө, хувь хүний эрх гэдгийг л хэмжээтэи эдэлдэг юм шүү гэдгийг л мэдэхгүй задгай болсон. Бид нар чинь явж явж ардчиллаар цангаагүй, архиар цангачихсан юм шиг их архи ууцгаасан. Хаа хаанаа, эр эмгүй. Эрчүүд, эмэгтэйчүүд согтуу байхыг би сүүлийн үед бараг тэнцүүхэн олж харж байгаа шүү. Хүйсээр нь ялгаад муу хэлээд байх юм байхгүй. Эр эм хоёр хүйс бие биенээ муулна гэдэг монголчуудын эв, гэр бүлийн дотор их том цав тогтоож байгаа хэрэг. Ямар ч юм сүүдэртэй байдаг. Чулуу хүртэл сүүдэртэй, шоргоолж хүртэл сүүдэртэй байдаг. Энэ хорвоод чинь сүүдэргүй улсууд байхгүй. Бие биенийхээ алдааг илүү хардаг болчихеон, хаашаа ч үе юм бэ дээ. Өөрийгөө хянах гэдгийг мартаад өрөөлииг хянах гэдэгт их шилжчихсэн юмуу даа. Энэнээс болоод байгаа юм болов уу гэж боддог юм.

-Тэгвэл эрх чөлөөг буруу мэдэрсэн эрчүүддээ хандаж юу гэж хэлмээр санагддаг вэ?

-Архи ууж байгаа улсууд гурав, дөрвөн янз байгаа юм л даа. Орчлонгийн мөнх бусыг таньсан хойноо гэнэн сэтгэлгээ нь бүх тархийг нь эзлэхийн цагт биеэ ганд нь хаяж нэг хэсэг нь уудаг. Энэ бол их оюунлиг хүмүүсийн дотор гардаг явдал. Зарим нь хайраар дутаж архинд орж байхад, нөгөө хэсэг нь хайранд бялуураад ууж байх жишээтэй. Зарим нь үгүй, дутуу өчүүхэн бэрхшээлийн өмнө сөгдөхөөрөө амьдралын идэвхээ алдаж ууж байна. Нэг үгэнд гомдоод архинд орчихеон хүн байдаг юм шүү дээ, эр улс дотор. Би эр хүн учраас мэдэж байна. Сонсохгүй гэж бодсон, сонсож байгаагүй, сонсож болохооргүй ганцхан үгэнд гомдоход л эр хүн архинд орж болдог. Үүнийг сэтгэхүйн талаас нь нарийн судлах хэрэгтэй л дээ. Яг үнэндээ нэгэнтээ гундчихсан хүнийг их олон сургамжийн үгээр булаад нэмэргүй байдаг юм шиг санагддаг. Чих нь юм дуулахаа больчихдог юм. Хүн болгон л нэг янзын юм хэлнэ. Тэгэхээр би нэмэгдэж яахав. Харин эр хүн гэдэг бодыалийн дэргэд гундах юу ч биш гутрах юу ч биш. Тэгж ярих юм бол хагацал юу ч биш жаргал ч юу ч биш. Эр хүн гэдэг юмаар хорвоо өм цөм дутаж л байдаг юм.

-Та энэ үгийг бүегүйчүүл бидэнд л хандаж хэлээд байнаа даа?

Эмээл дээр ургасан уул атлаа

Элгэнд чинь багтсан толгод

Эр хүнийг л хайрлаж яваарай гэж охиддоо, бүсгүйчүүддээ зориулж бичсэн миний шүлэг бий. Эр хүн аугаа их мөртлөө алгын чинээ хайранд багтдаг байхгүй юу. Эр хүн чинь инээд хүрмээр энхрий амьтан. Эр хүнийг энхрийлж болохгүй юм шиг боддог. Бүдүүн бараг, энхрийлж хэрэггүй юм шиг ганд нь эр хүнийг битгий хаяж байгаач. Эр хүнийг энхрийлж байгаач гэж хэлмээр байдаг юм. Эр хүн чинь хайрламаар улсууд шүү дээ. Тэр их бяр, тэр их эр зориг, үзүүлээд байгаа сүр хүчин чинь бүгд л эхийн өвөрт багтдаг л эд байхгүй юу.

-Санал нэгдэж байна. Айл гэрийн ноён нуруу эр хүнийг хошуу дэвеээд байх нь зохимжгүй гэж боддог байх?

-Идэх, унтах, тухлах жаргах гэдэг чинь их жаахан зүйл шүү дээ. Хоёр хүн амьд мэнд бие биенээ тушиж байнаа гэдэг чинь харин том юм. Тэр их томыгоо бодохгүй болж эвдрээд салж байгаа нь хамгийн том алдаа. Би ухаандаа эм хүн юмаа гэхэд архи уудаг нөхрийгөө архи уулаа гэж зэмлэх биш, амьд харагдаж байгаад нь баярлаж явах ёстой. Тэвчээр, өршөөл гэдэг амьдралын тулгуур багана нь юм шүү дээ. Амьдралын тал нь уучлал, тал нь хайр байдаг. Эр хүнийг хүлээх хэрэгтэй. Эр хүн өршөөлгөх дуртай. Өршөөлийн өмнө өчүүхэн болдог. Өршөөж л байх юм бол зөөлөрдөг. Эр хүнгүй айл хүйт дааж байдаг. Олсон орлогоор нь өрхийн тэргүүнийг тодорхойлж болохгүй. Зарим айлд эхнэр нь илүү цалин авч байгаа бол өөрийгөө өрхийн тэргүүн шиг ойлгодог. Өрхийн тэргүүн гэдэг бол эр хүн. Энэ тухайд бол эргэлзээд байх юм байхгүй. Арга буюу орчлонгийн хагацал дайрах үед өрхөө толгойлоод үлдэж байгаа эмэгтэй хүнийг эс тооцвол өөр ямар ч үед эр хүн өрхийн тэргүүн байдаг. Өрхийн тэргүүн ямар байна тэр айл тиим л байна.

Эрхэм таны хийморь улам асч явах болтугай

Ярилцсан А.Тэлмэн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button