Газрын луйварт хохирсон Дэлгэр интернэшнл мөнгөө ч газраа ч авч чадахгүй байна

Өнгөрсөн онд гаргасан төлөвлөгөөний дагуу Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 32, 33 дугаар байрны хооронд байдаг2000 ам.дөрвөлжин газрыг дуудлага худалдаанд оруулжээ. Энз газар гурав дахь удаагаа дуудлага худалдаанд орж буй нь энэ. Өмнө нь 150 сая төгрөгөөр хоёр ч удаа дуудагдсан бөгөөд авсан эзэд нь 14 хоногийн хугацаанд төлбөрөө хийгээгүйгээс гэрээ цуцлагдаж байжээ.. Гурав дахь удаагийн дуудлага худалдаанд Дэлгэр интернэшнл компани журмын дагуу оролцож ялагч болон 92 сая төгрөгөөр уг газрыг худалдан авахаар болжээ. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 18-нд Нийслэлийн газрын албаны дансанд төлбөрөө газар худалдан авагчийн гэрээнд заасан ёсоор дуудлага худалдаа болсноос хойш 14 хоногийн дотор төлсөн байна.

Газар худалдан авсны дараа Нийслэлийн Засаг даргын захирамж гарах ёстой атал өдийг хүртэл гаргалгүй энэ компанийн ажилтнуудын гайхшралыг төрүүлж, ийнхүү хэвлэлийн бага хурал хийлгэхэд хүргэжээ. Хэвлэлийн хуралд оролцсон тус компанийн хуулийн зөвлөх В.Төгсбаяр Манай компанийн захирал У.Болд энэ газрыг зохих журмын дагуу худалдан авсан. Үүнд ямар нэгэн будлиан, хээл хахууль аваагүй. Харин хэсэг бүлэг хүн компанийн эрх ашгийг хөндөж газрын луйвар хийж байгаа нь илт. Бид олон хүнтэй уулзаж хэсэг хугацаанд хулээсний дараа энэ хурлыг хийж байна. Албан тушаалын явцуу байдлаас үүдэн гарсан гэж хэлэхэд нэг их хол зөрөхгүй болов уу. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хууль зүйн хэлтсийн дарга Н.Энхбат гэгч нөхөр хүнд сурталд автсан хүн. Энэ хүний талаар гомдлоо хэд хэдэн удаа тавьсан. Одоо ч төрийн албаны ёс зүйн хороонд гомдлоо гаргаад байгаа.

Энэ суудалд Н.Энхбат гэгч сууж байгаа цагт газрын луйвар үргэлжлэх болно гэж бодож байна хэмээн мэдэгдлээ. Ийнхүү газрын талаар маргалдаж байгаа Дэлгэр интернэшнл компани тушаасан 92 сая төгрөг, газраа ч авч чадахгүй хохирч байгаагаа өнөөдөр сэтгүүлчдэд мэдээллээ.

(Нийгмийн толь 064/156)

Ж-БАЙГАЛЬ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button