Х.ОюунцэцэгБиднээс шударга бусаар авсантай нь адил бид ч бас тэднээс булааж авах болно

Энэ бол МАХН-ын хийж буй хэрэг. Бид яагаад МАХН-ыг буруутгаад байна гэвэл…

… Хадгаламж зээлийн хоршоод нэг дор олноороо дампуурна гэдэг чинь цаанаасаа зохион байгуулалттай хийсэн хэрэг шүү дээ

Хэдхэн сарын хугацаанд арав гаруй мянган хохирогчтой болсон хадгаламж, зээлийн хоршоодын хэрэг эхнээсээ шийдэгдэж, зарим нэг нь шоронгийн хаалга татаад амжсан. Гэвч олон тэрбумаар бусдын хөрөнгийг завшсан этгээд үсрээд л арван жилийн ялаар шийтгүүлээд өнгөрөх. Гэтэл насаараа шахуу цуглуулж олсон хэдээ ор мөргүй замхруулчихаад, одоо ар гэр нь там болсон улс хэрхэх вэ. Зарим нь энэ их уур бухимдлаас үүдээд юу ч хийхээс буцахгүй байгаа. Тэд энэ бүх хэргийн гол буруутнаар МАХН-ыг нэрлэж, өөрсдийн хохирлыг төр баригчдаас нэхэмжлээд багагүй хугацаа өнгөрөөсөн. Одоогоор Бүтээн байгуулалт, хөгжлийн сан хадгаламж, зээлийн хоршооны шүүх хурлаар шийдвэр хаашаа эргэж, хохирогчид хохирлоо бүрэн барагдуулж чадах эсэх нь сонирхол татаж байна.

Энэ талаар хадгаламж, зээлийн хоршоодын хохирогчдын түр хорооны зохицуулагч Х.Оюунцэцэгтэй ярилцлаа.

-Шүүх хурлын дараа хохирогчид хохирлоо барагдуулах боломж хэр байгаа бол?

-Одоогоор Глоб кредит, Гэр хорооллын барилгажилт хадгаламж, зээлийн хоршоодын шүүх хурал болоод байгааг бүгд мэднэ. Харин Бүтээн байгуулалт, хөгжлийн сан хад¬галамж, зээлийн хоршооны шүүх хурал хойшлогдоод байгаа. Гэхдээ бид хэн нэгнийг шоронд суулгаж, мууг нь үзэх гээгүй. Гол нь бидний хохирлыг барагдуулж өгөхийг л шаардаж байгаа. Гэтэл бусдын мөнгийг идэж ашигласан нөхдийн буруутай эсэх, шоронд хэдэн жилээр суух зэрэг нь ер сонин биш. Хохирлоо барагдуулна гэхээр л шал өөр юм яриад байгаа нь цаанаа зорилготой. Анхнаасаа л хад¬галамж, зээлийн хоршоог байгуулахдаа энэ тухай мэдэж байсан учраас бодлоготойгоор дампууруулж эхэлсэн. Учир нь 24 хадгаламж, зээлийн хоршоо нэг дор зэрэг дампуурна гэж байхгүй шүү дээ. Энэ бол Монголбанкны ерөнхийлөгч О.Чулуунбатын хийсэн хэрэг байгаа юм.

-Хадгаламж, зээлийн хоршоог дампуурахад МАХН оролцсон гэх баримт байдаг уу?

-Байлгүй яах юм бэ. Наад захын жишээ гэхэд л Гэр хорооллын барилга¬жилт хадгаламж, зээлийн хоршооны захирал Ц.Түмэнгэрэл МАХН-ын гишүүн байсан. Тус намын гишүүн У .Хүрэлсүхээс Алтаргана хүүхдийн цэцэрлэгийг 800

сая төгрөгөөр худалдаж авсан. Мөн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Н.Болормаагийн нөхөр н.Лханаажаваас Россия рестораныг 300 сая төг¬рөгөөр авсан байх жишээтэй. Түүгээр ч зогсохгүй сонгуулийн сурталчилгаа, барилга байгууламж барих зэргээр МАХН-д хандив хэлбэрээр нэлээдгүй мөнгө өгсөн нь илэрсэн. Бас тэр Глоб кредит хадгаламж, зээлийн хоршоо гэхэд хот тохижилтод 90 сая төгрөг, Афины олимпийн үеэр 50 сая төгрөг гэхчилэн өгсөн байсан. Одоогоор Засгийн газар ажлын хэсэг томилон эдийн засагтай тэмцэх цагдаагийн хэсгийг ажиллуулж байгаа ч дорвитой зүйл хийхгүй, хариуцлагаас бултан хэдэн тооны хүнд бурууг тохож байгаа нь илт байна шүү дээ.

-Бүтээн байгуулалт хөгжлийн сан ХЗХ хад¬галамж, эзэмшигчдийнхээ хохирлыг барагдуу¬лах хөрөнгөгүй гэдэг. Тийм бол хэрхэх вэ?

-Энэ хадгаламж зээлийн хоршоо 14.6 тэрбум төг¬рөгийн хохирогчидтой. Гэ¬тэл одоо байгаа хөрөнгийг нь битүүмжлээд үзэхэд Климакс баар, Гүнтэд нэг хаус, Бүрэн бамбай хамгаалалтын байр зэрэг ердөө л хоёрхон тэрбум төгрөгийн хөрөнгө тоологдоод байгаа. Үүнээс үзэхэд хохирогчдын хохирлыг ба¬рагдуулах ямар ч боломжгүй болоод байгаа. Харин тэр Б.Баттөр, Т.Энхтөр нарыг гадагшаа казинод хөрөнгө оруулсан гэж худал пиар цацагдсан байна лээ.

Энэ бол МАХН-ын хийж буй хэрэг. Бид яагаад МАХН-ыг буруутгаад байна гэвэл анх сонгуульд гарч ирэхдээ Түмнээ ядуурлаас гаргая гэсэн лоозонтой гарч ирчихээд одоо яаж байна. Хэдэн мянган хүн хоосон хонох дээрээ тулаад, ядуурлын туйлдаад байхад буруугаа өөрсдөөсөө зайлуулан гэм зэмгүй үлдэх гэж байна. Хадгаламж зээлийн хоршоод нэг дор олноороо дампуурна гэдэг чинь цаанаасаа зохион байгуулалттай хийсэн хэрэг шүү дээ. Цагдаа, шүүхийн байгууллагатай хуйвалдан шүүх хурлыг байнга хойшлуулж, хурлын үеэр өөрийн төрөл садангуудаа оруулаад хаалттай хуралддаг заншилтай болоод байгаа. Хэрэв энэ янзаараа цаашид үргэлжлэх юм бол үндэсний аюулгүй байдал алдагдаж, улс мөхөх хүртэл хэмжээнд хүрэх болно. Энэ хэргээс болоод гэр бүл салж, зарим нэг нь хоорондоо муудалцан хүн амины хэрэг хүртэл гаргаад байгаа шүү дээ. Бид одоогоор Эрүүл нийгэм, иргэний хөдөлгөөн-ийхөнтэй хамтран мэдэгдэл гаргаад зогсохгүй, МАХН-ын хоёр байрыг зарж хохирогчдын хохирлыг барагдуулах арга хэмжээ авах болно. Энэ бол эрх баригч нам төрийг хямралаас гаргаж чадахгүй юм бол иргэд өөрсдийнхөө төлөө тэмцэж биднээс шударга бусаар авч чадсан шиг нь бид ч бас булааж авах болно гэдгээ мэдэгдэж байна.

(Нийгмийн толь 064/156)

Б.Шүр

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button