Даварсан луйварчидаа өөгшүүлсэн засгийн газарт даруулга хэрэгтэй

олон нийтийн анхаарлын төвд байна. Байхаас ч аргагүй юм. Хадгаламжийн банк нь Монголын төрд үлдээд байсан улсын мэдлийн ганц банк байлаа. Энэ утгаар нийт хадгаламж эзэмшигчдийн хөрөнгийн 90 гаруй хувь нь энд хадгалагдаж байв. Ийм банкнаас тэрбум тэрбумаар нь мөнгө урсаад гарчихсан нь тэр хэмжээгээр олны итгэлийг алдаад байна. Хэн ч байсан ийм их хэмжээний менгө гарчихаад байхад мөнгөө хадгалуулна гэдэг хагас мэдрэл муу хүн ч тархи сэтгэхүйгээрээ мэдрээд мөнгөө туугаад тавьчихгүй нь ойлгомжтой асуудал. Банкны удирдлагууд нь банкаа хэвийн ажиллаж байгаа гэсэн мэдэгдэл хичнээн хийгээд нэмэргүй болжээ. Өнгөрсөн долоо хоногийн байдлаар тус банкны нийт хадгаламж эзэмшигч, харилцагчдын мөнгөний 60 шахам хувь Хадгаламжийн банкнаас гарч тус банкинд хамааралгүй болоод байгаа мэдээлэл цацагдаж эхэллээ. Энэ тоо гэрлийн хурдаар биш гэхэд аажим аажмаар доошолсоор байгаа аж.

Яагаад ийм байдал бий болов гэдэг дээр янз бүрийн тайлбар гарсаар байна. Нэгд, банкны үйл ажиллагаан дахь хяналт, шалгалт сул байсантай холбож байна. Үүнд банкны дотоод хяналт шалгалт муу байснаар банк өөрөө буруутан нь болж байна. Мөн ерөнхийхөөс нарийн хяналтыг давхар тавьж байх ёстой Төв банк буюу Монголбанк хариуцлага хүлээх ёстой. Энэ бол санхүүгийн жам ёсны асуудал. Хоёрт, тэр их мөнгийг банкинд ажиллаж байсан өөрийнх нь мэргэжилтэн хүн аваад алга болгосон нь манай банк, санхүүгийн салбарт ажиллагч боловсон хүчинтэй холбоотой асуудал гарч ирж байна. Тодруулбал, хамгийн итгэлтэй, өндөр хариуцлага хүлээсэн мэргэжлийн хүнийг шаарддаг салбарт маань луйварчин, хулгайч нар ажиллаж байжээ. Гуравт, дээрх үйлдлийг ганц нэг хүн хийхээргүй, нөхцөл байдлаас ажиглахад хэсэг бүлэг этгээд хийсэн. Бүр нарийн яривал үүнийг улс төрийн нэг хүчин ашигласан нь олон зүйлээр батлагдаж байна. Дээрх гурван үндэслэл нь мөнгө алга болоход нөлөөлсөн гол үндэслэл шалтгаан гэхээс биш зөвхөн мөнгө луйвардах эхний шатдамжлага, арга зам нь өөр байсан гэж үзэх байдал улам лавширсаар.

Хоёр. Хоттой хониндоо чоно тавьсанд Монголбанк ах аргагүй холбогдож байна. Yүнд хойд эцэг шиг авирлаж буй загийн газар ч татагдаж байна

Харилцах дансандаа активын 10,4, хугацаат болон хугацаагүй 30 тэрбум төгрөгийн хадгаламжтай, арилжааны банкуудын талаар гаргасан мэдээгээр 60 гаруй тэрбум төгрөгийн нийт актив хөрөнгөтэй банкны хөрөнгийн дөрөвний нэгийг нь аваад явна гэдэг нэг, хоёр хүний хийх ажил биш. Тиймээс Чимэдцэрэн нар бол гардан хийгчид нь байлаа гэхэд цаадах хөдөлгөгч хүч нь биш, түүний цаана зохион байгуулагч бүлэг хүчин байгаа нь дэндүү ойлгомжтой байгаа. Энэ үндэслэлийг улс төрчдөөс аваад мэргэжилтнүүд хэлж ярьж байна. Тиймээс энд тодорхой бүлэг хүчнийг ч холбогдуулан буруутгаад байгаа. Парламентад суудалтай ИЗН, АН-ынхан болон иргэний хөдөлгөөнүүд, олон нийтийн байгууллагууд, олон түмний зүгээс ойр ойр хийсэн мэдэгдлээс үзэхэд үүнд ганц Чимэдцэрэн ч биш, түүний Удирдах зөвлөлийн гишүүнээр нь ажилладаг Монголын Ардчилсан социалист залуучуудын холбоо / МАСЗХ/ ч биш, энэ бүхний ард МАХН байгаа, энэ учраас хадгаламж эзэмшигчдийн мөнгийг алга болгосон хариуцлагыг Хувьсгалт нам хүлээж хариуцах ёстой гэсэн лавлагаа тодрох шинжтэй болоод байна. Энэ нам өнөөдөр засгийн эрх барьж байгаа. Намынх нь дарга Монгол Улсын гүйцэтгэх засаглал болох Засгийн газрын тэргүүнээр ажиллаж байгаа. Үүнээс улбаалаад луйварчин Чимэдцэрэн намынх нь дэргэдэх залуучуудын байгууллага МАСЗХ-ны удирдах гишүүн байсантай холбоотойгоор энэ хэрэг нэг хүнийх биш хэсэг бүлэг хүн, хүчний шууд бусаар үйлдсэн хэрэг гэдэг нь тодорхой болж, эзнээр нь МАХН тодорч энэ нам бүрэн төлбөрийг хариуцах ёстой гэсэн мессежийг олон нийт хүлээж аваад байна.

Нөгөө талаар улсын мэдлийн ганц банк болох хоттой хониндоо чоно тавьсан хариуцлагагүй явдалд Монголбанк яах аргагүй холбогдож байна. Төв банкны энэ хариуцлагагүй үйлдэлд ямар ч арга хэмжээ авахгүйгээр барахгүй алга болсон мөнгийг улсын төсвөөс, татвар төлөгчдийн хөрөнгөөс гаргана хэмээн ичих булчирхайгүй мэдэгдэж буй ТӨХ, үүнд хойд эцгийн зан авир гаргаж буй Засгийн газар ч үйл явдалд, хариуцлагад татагдаж байна.

Гурав. Засгийн газар хадгаламжийн банкны төлбөрийг бүрэн хариуцаж төлж барагдуулах болов уу

Уг нь Хадгаламжийн банкны төлбөрийг Засгийн газар төлнө гэдэг ард иргэдийн татвараас гаргана гэсэн үг. Тиймээс олон нийт Хадгаламжийн банкны хэрэг дээр Засгийн газраас ёс зүйн хариуцлагыг нэхэх эрхтэй. Энэ нь дараа дараагийн арга хэмжээг сануулж байна. Тэр нь асуудалд ийм хариуцлагагүй хандаж, ажиллаж байгаа Засгийн газар огцрох явдал. Үүнийг улс төрийн хүчнүүд, иргэний хөдөлгөөн, олон нийт шаардах нөхцөл байдал үйл явдлаас улбаалан үүсч мэдэхээр байгаа. Энэ нь байдал удаан үргэлжилбэл банкны хямрал бий болж улс орны эдийн засаг, санхүү доройтох явдал Хадгаламжийн банкны хэргээс үүдэхээр байгаа нь үнэний хувьтай сэрэмжлүүлэг болоод байна. Хэрвээ яаралтай арга хэмжээ авахгүй бол. Тэгэхээр Засгийн газар, эрх баригчдаас яах аргагүй шалтгаалах зүйл болчихоод байна. Тухайн банкны хувьд нийт хадгаламж, харилцах хөрөнгийн талыг нь луйварчин аваад алга болчихоод, дээр нь үүнтэй холбоотойгоор харилцагч, хадгаламж эзэмшигчид нь ихэнхи мөнгөө өдрөөс өдөрт татсаар байгаа энэ нөхцөл байдал Хадгаламжийн банкийг дампуураагүй ээ, дампуурахгүй ээ, хэвийн ажиллаж байна гэж хэлэхгүй болгож байна. Нэг л банк нь хэвийн бус ажиллаж, хүнд байдалд ороод ирсэн нөхцөлд банк, санхүүгийн систем тэр аяараа хөдөлж донсолдог нь зах зээлийн жам байдаг. Гэтэл Монголд арилжааны банкуудаас эхний дөрөвт багтаж, нийт хадгаламж эзэмшигчдийн мөнгөөр томоохонд орох энэ банкнаас 14 тэрбум төгрөг сох дутаж алга болоод байгааг зарим хүн банкны салбарыг ганхуулах асуудал биш гэх ухааны зүйл яриад сууж байх жишээтэй.

Наад зах нь өнөөдөр бор зүрхээрээ амьдрах гэж ядаж буй нийгэмд Хадгаламжийн банкны луйварын хэрэг бухимдал эмзэглэл, үл итгэлцлэл, эгдүүцэл төрүүлээд байна. Хувь, хувьсгалын төлөө хэдэн төгрөг олох гэж амь тэмцэн хөдөлмөрлөж, зүтгэж яваа жирийн бизнесчүүд өнөөдөр Бидний хөлс хүчээрээ хуримтлуулан олсон хэдэн төгрөгийг маань нэг л өдөр хэдэн банди нар төрийн нэрийг бариад, улс төрийн хэсэг бүлэг, хүчний эрх ашгийн төлөө луйвардаад алга болж байхад нөгөө улс орноо хөгжүүлнэ, бизнесийг дэмжинэ хэмээн уухайлаад байдаг төр, засаг юу хийж, юу харж сууна вэ хэмээн бухимдацгааж байна. Тиймээс хариуцлагын асуудал яах аргагүй босч ирэх нь. Тэр болтол төрийн луйвар газар авсаар байна. Өмнө нь хоршоодыг дээрэмддэг байсан бол одоо банкууд руу улайм цайм дайрах боллоо. Удахгүй төрийн алба, засаг захиргааны нэгжүүд рүү дайрч идэх нь. Энэ бүхний цаана улс орны хөрөнгө, татвар төлөгч бизнесчүүдийн хөлс хүч, жирийн иргэдийн мөнгө байгаа. Төр, засаг юу харж байна? Арай өөрсдөө цаана нь эзэн нь болчихоод ард түмнийхээ мөнгийг идээд сууж байгаа юм биш биз…

Бизнес таймс сонин 07 /501

Б.Болд

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button