Хужирт-ыг хувьчилсан ч цаана нь бас…

Өнгөрсөн онд хувьчилсан Монгол Улсын эдийн засагт ихээхэн ач холбогдолтой томоохон обьектүүд болох Говь компани болон Хадгаламжийн банкийг тойрсон асуудал ид дуулиан тариад буй энэ үед төрд данстай байсан зарим нэг жижигхэн аж ахуйн нэгж хувьд шилжиж, заримынх нь тендерийг зарлаад байна. Тэдгээр аж ахуйн нэгжүүдийг хувьчлахын тулд Төрийн өмчийн хороо цөөнгүй жил шар махтайгаа хатсан гэдэг. Тендерийг нь зарлаад л байдаг, авах хүн олддоггүй хэдэн аж ахуйн нэгжийг энэ онд багтааж, заавал хувьчлахыг Төрийн өмчийн хороонд Засгийн газар үүрэг даалгавар болгожээ,. Тиймээс 2007 онд хамгийн түрүүнд Хужирт рашаан сувиллыг дотоодын тендерээр хувьчиллаа. Өмнө нь хоёр гурван ч удаа Хужирт рашаан сувиллыг хувьчлах тендер зарласан боловч нэг ч санал ирээгүй аж.

Харин энэ удаад Төрийн өмчийн хороо Засгийн газраас даалгасан үүргийг гүйцэтгэхийн тулд Хужир рашаан сувиллыг арай гэж хувьчилсан аж.

Сумогийн их аварга Д.Дагвадоржийг Хужирт рашаан сувиллыг авах гэнэ хэмээн нэлээд өмнөөс ярьж байсан ч харин энэ нь оргүй яриа байсан бололтой. Хужирт рашаан сувиллын тендерт оролцохоор хоёрхон баг саналаа ирүүлснээс Омбол компани 490 орчим сая төгрөгөөр худалдаж авчээ. Төрийн өмчийн хорооныхны ярьж буйгаар хувьчлах гэж удаа дараа оролдож буй эдгээр аж ахуйн нэгжүүдийн тоног төхөөрөмж хэтэрхий хуучирсан, алдагдалтай ажилладаг гэсэн шалтгаанаар хүмүүс тэр бүр сонирхохгүй байгаа юм байх.

Ийнхүү Хужирт рашаан сувиллыг арай гэж хувьчилсан Төрийн өмчийн хорооныхны толгойг гашилгах хэд хэдэн газар цаана нь үлдээд буй гэнэ. Сүүлийн жилүүдэд хувьчлах тендерийг байнга зарлаж байсан ч хэн ч тоодоггүй хэдэн газруудын нэг нь Хөдөө аж ахуйн техникийн корпораци. Бас л дотоодын тендерээр хувьчлахаар тендерииг нь хоёр сарын өмнө зарласан. 2007 оны нэгдүгээр сард тус байгууллагыг хувьчлахаар болсон ганцхан оролцогч л саналаа ирүүлсэн учраас

Төрийн өмчийн хорооноос тендерийг нь дахин зарлахаар шийдвэрлэжээ.

Тиймээс тендерийн өргөдөл авах хугацааг дөрөвдүгээр сарын 2 болгон сунгаж, тавдугаар сард шалгаруулах гэнэ. Мөн Электрон техник, машин судлалын нэгдэл-ийг хувьчлахаар тендерииг нь зарласан байна. Энэ байгууллагыг хувьчлахаар тендерийг нь нэг бус удаа зарлаж байсан сурагтай. Эдгээр газруудыг хувьчилчихбал төрд шавар болсон ашиг бага, алдагдал ихтэй аж ахуйн нэгжийн тоо цөөрөх гэнэ.

Ардын эрх сонин 53 /585/

Ж. Эрхэс

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button