Дуучин BX Би муу дуулдаг гэж үү?

Дуучин ВХ… бүрх малгай, цагаан хослол. R&B стиль, My loүe… Энэ хэдхэн үгийг хэлэхэд л энэ дуучны талаар хүмүүс ам уралдан ярих болжээ. Рок поп урлагт хөл тавиад удаагүй нялх дуучин гэж гэж өөлж болох ч түүний өмнө урлагийн хаалга хэдийнэ бүрэн нээгдэж амжсан байх юм. Ихэнх хүмүүс санал нийлэх байх гэж бодож байна. Камертон-ны Болд, Номинталст-ын Т. Дэлгэрмөрөн нарын бие даасан цомог хэвлэгдэхэд л яг одоогийн ВХ-ийн My loүe цомогт хүн бүр сонсох мэдрэмжээ харамгүй зориулж байсан шиг хошуурч байлаа. Ялгаа нь Д.Болд, Т.Дэлгэрмөрөн нар Монголын поп урлагт өөрийн гэсэн орон зайг эзэлж, арваад жил урлагийн тайзнаа амьдарч чадсан туршлагатай дуучид. Харин тэдний амжилтыг эвдэж чадсан ВХ-ын хувьд урлагт хэл тавиад дөнгөж хоёр жил болж байгаа шинэ дуучин. Шинэ тусмаа түүнийг илүү их боломж, хариуцлага хүлээж байгаа ч байх. Өчигдөр гэхэд л тэр дэлхийн шилдэг Nestle брэндийн Монгол дахь дүр төрх болох хүндтэй үүргийн эзэн болов. Товчхондоо бол тэр өнөөдрөөс эхлэн тансаг амттай Kit Kat шоколадтай хамт байх гэнэ ээ.

Шоколаданд бялуурсан ВХ буюу дуучин Ц.Батбаатартай уулзлаа.

-Тоглолтоо 23, 24-нд хийнэ гэж төлөвлөсөн байх аа?

-Тийм ээ. Миний тоглолт энэ сарын 23, 24-нд УБ-Палас-т болно. Зарим хүмүүс яасан яаруу юм гэж бодож байж магадгүй. Гэхдээ намайг сайн уран бүтээлчид хоёр жил бэлтгэлээ. Анхны цомгийн маань ажил амжилттай боллоо. Тийм болохоор тоглолт хийх хэмжээнд хүрсэн байх гэж бодож байгаа.

-Хүмүүс хэр үзэх бол гэж бодож байна?

-Үзэх нь ч үзэх л байх л даа. Гэхдээ тэр тухай бодолгүй л яахав. Шалгалтад орох гэж байгаа юм шиг сандраад л, ер нь л тоглолт хийнэ гэдэг чинь маш том ажил байдаг юм байна.

-Гэхдээ таны ард бүхэл бүтэн студи ажиллаж байгаа шүү дээ?

-Тэгэлгүй яахав. Тийм тулдаа л ВХ гэж хүн бүтсэн шүү дээ. Би хэн нэгэн хүнтэй уулзах болгондоо, танилцах бүртээ New star студийг ВХ гэдэг нэрний өмнө заавал хэлдэг. Яагаад гэвэл тэд зүгээр л нэг дуунд дуртай залууг өнөөдөр сайн дуучин болгож чадсан. Тийм биз дээ.

-Та өөрийгөө сайн дуучин болсон гэж боддог уу?

-Муу дуулдаг гэж үү /инээв/. Дуулж чаддаггүй бол, жишээ нь өнөөдөр би энд юу хийгээд байж байх билээ. Ямар ч байсан, би сайн дуучин болохын төлөө хөдөлмөрлөж яваа уран бүтээлч.

-Дуучин Болд R&B стилээр дуулах болсон. Өөрөө бас энэ стилээр дуулж байгаа. ВХ Д.Болдоос илүү дуулж чадаж байгаа юу. Даруухан хариулт өгөхгүй байвал сайн байна?

-/Инээв/. Би угаасаа л даруухан ш дээ…

-Тэгээд хариулт нь?

-Би залуу хүний хувьд, уран бүтээлчийн зах зухаас мэдэрч яваа дуучны хувьд Монголын бүх л сайхан дуучдыг хүндэлж явдаг. Тэдний нэг нь Камертон хамтлагийн ахлагч Д.Болд ах. Намайг заавал түүнтэй өрсөлдүүлэх хэрэггүй л дээ. Тэгээд ч бид хоерын дуулах арга барил өөр шүү дээ.

-Хамтарч дуулах бодол байдаг уу, Д.Болдтой?

-Уг нь бид хоёрын ярьж байсан зүйл бий. Гэхдээ одоохондоо ажил хэрэг болгоогүй л байна.

-ВХ-ийг дуучин Б.Амархүүтэй хамтарч дуулж магадгүй байгаа гэж сонссон юм байна?

-Б.Амархүүг жаахан сонссон. Авьяаслаг залуу байна лээ. Хамтарч дуулах тухайд Б.Амархүү өөрөө тийм бодолтой байсан юм болов уу, би мэдэхгүй байна. Бидний хооронд тийм зүйл яригдаагүй. Гэхдээ би Оросод байгаа тэр залууг үнэхээр үнэлсэн.

-ВХ хөдөө өвөө, эмээ дээрээ өссөн гэл үү. Хонь хариулдаг сайн хүү байсан гэж байгаа биз?

-Тийм. Би өвөө, эмээ хоёр дээрээ өссөн. Угаасаа миний төрсөн газар чинь Архангай аймгийн Хотонт сум шүү дээ. Аав, ээж хоёр маань оюутан байсан болохоор намайг зургаан сартай байхад өвөө, эмээ хоёр дээр маань үлдээгээд явсан.

-Хотод хэзээ ирсэн юм?

-Дөрөвдүгээр ангидаа. Би 28 дугаар дунд сургууль төгссөн. Одоо Улаанбаатар дээд сургуулийн оюутан.

-ВХ-т гадаадаас хамтран ажиллах урилга хэд хэд ирээд байгаа гэж сая сонслоо?

-Зарим нэг санал ирсэн. Хятад, БНСУ-ын телевизийнхэн хамтран ажиллах хүсэлтэй байгаа. Мөн Японы нэг продюсер манай студийнхэнтэй холбоо барьсан гэсэн. Ер нь бол гадаад зах зээлд уран бүтээлээ хүргэх төлөвлөгөө миний гол зорилгын нэг.

Ардын эрх сонин 53 /585/

Б.Бадмаа

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button