Д.Ганцэцэг Аав минь миний сайн явааг тэнгэрийн орноос харж байгаа

Тэрбээр тайз дэлгэцний 20 гаруй уран бүтээлд өөрийнхөө хүч чадлыг сорьсон билээ. Залуу жүжигчин Гэгээн Муза-гийн шилдэг эмэгтэй дүрийн номинацид нэр дэвшээд байгаа. Түүнтэй уулзаж яриа өрнүүллээ.

-Жүжигчин болох гараагаа хаанаас эхэлсэн бэ?

-2002 онд анх театрт жүжигчнээр ороод зургаан жил болж байна. Дундуур нь хүүгээ гаргаад хоёр жил завсардсан. Өнгөрсөн намар Соёлын тэргүүний ажилтан гэсэн цол авсан. Би энэ цолыг авах арай л болоогүй гэж бодож байсан. Цол авахад хийсэн ажлуудаа жагсааж бичдэг юм билээ. Тэгээд тоолоод үзсэн чинь 21 жүжигт тоглосон байсан. Үүнээс 16 жүжигт нь гол дүрийг бүтээжээ. Анх Надаар тоглосон хайр, Цахлай,Манай сайхан эх орон,Намайг битгий уучил, Улаан сарнай,Атга нөж жүжгүүдэд тоглож байлаа. Эргээд бодоход дутуу дулимаг тоглосон зүйл нэлээд их байх. Жүжигчид тоглох болгондоо шинэ зүйл сурч байдаг хүмүүс.

-Жүжгийн урлаг гоё уу?

-Машгоё. Тайзан дээрээ амьдарч үзэгчидтэйгээ харилцан ойлголцдог. Үзэгчид бидэнд байнга дэм өгч байдаг. Театрын урлагаас хэзээ ч сурч дуусахгүй. Алхам тутамдаа шинийг мэдэрч чаддаг.

-Жүжигчин болох таны бага насны мэрөөдөл үү?

-Багаасаа л жүжигчин болох юм сан гэж мөрөөддөгбайлаа. Гэхдээ бүүр бага байхдаа мөрдөн байцаагч болно гэж боддог байсан. Би багадаа их сахилгагүй хөдөлгөөнтэй хүүхэд байсан гэдэг. Ангидаа сурлага сайтай, нийгмийн идэвхитэй хүүхэд явлаа.

-Анхны дүр чинь ямар жүжиг байсан бэ?

-СУИС-ийг төгсөөд жүжигчин болж чадахгүй нь гэж боддог байлаа. Сургуульд байхдаа мундаг хүмүүсээр хичээлээ заалгадаг байсан. Гэхдээ би сургуулиа онц төгссөн. Төгсчихөөд би яагаад ч жүжигчин болохгүй юм байна гээд Отгонтэнгэр их сургуулийн хуулийн ангид шалгалт өгөөд тэнцсэн. Энэ үед АЖ Б.Мөнхдорж найруулагч над руу утасдаад Бооцоо жүжигт тоглооч гэсэн санал тавьсан. СУИС-ийг төгсөхөд миний диплом удирдсан багш байсан. Тэгээд би энә жүжигт тоглосон. Жүжигт маш том жүжигчид оролцон тоглодог. Би өөрийгөө маш их азтай хүн гэж боддог тоглосон жүжиг болгонд минь туршлагатай хүмүүс хамтарч зүтгэдэг. Дан залуу уран бүтээлч нартай нийлҗ. тоглосон жүжиг Надаар тоглосон хайр байсан. Энэ жүжгээр театрт жүжигчин болох эрхээ олж авсан. Жүжигчин бүхэнд янз бүрийн бэрхшээл тохиолдож байдаг. Тэр болгонд найруулагч, театрт хамт ажиллаж байгаа авьяаслаг жүжигчид туслаж дэмждэг.

-Жүжигчин болоод мөрөөдлийнхөө дүрд тоглож чадсан уу?

-Би түүхэн дүрд тоглох дуртай. Түүхэн дүр бүтээхийн тулд маш чадвартай байх ёстой. Гэхдээ монголоо харуулсан жүжгэнд тоглох сонирхолтой. Ялангуяа монгол ёс заншил, дэг жаяг гэж ямар юм байдаг талаар хүмүүст мэдрүүлэх хэрэгтэй. Тэр утгаараа монгол жүжгэнд тогломоор санагддаг.

-Тоглоход бэрхшээлтэй дүр байдаг уу?

-Дүр бүхэн л хэцүү. Тэс өөр хүнийг бүтээнэ гэдэг үнэхээр бэрх. Жинхэнэ монгол зохиолд тоглох их хэцүү. Яагаад гэвэл өнөөдөр бид хоорондоо харилцахдаа хөөе чи, гээд хамаагүй ярьдаг. Түүхэн жүжгийн үг хэллэг нь хүртэл ондоо байдаг. Орчин үеийн жүжгэнд хэлэгддэг хэллэг хүртэл өөр өөр байдаг.

-Та хэр ой тогтоолт сайтай вэ?

-Манайхан намайг их ой тогтоолттой гэдэг. Гурван хоногийн дотор жүжгийнхээ зохиолийг гартаа оруулаад цээжлэчихдэг. Гэхдээ долоо хоног харилцагч жүжигчид нартайгаа бэлтгэл хийхэд амархан тогтоодог. Өөрийн үгээс илүү хамтран тоглогчийнхоо үгийг түрүүлээд цээжилдэг. Гэртээ үг цээжлэх гэдэг худлаа заавал харилцан тоглож байж амархан сурдаг. Тэгэхээр театрын урлаг гэдэг нь хамтын урлаг гэдэгтэй санал нийлэхээс өөр замгүй. Үг цээжлэх гэдэг яваандаа гарт орчихдог.

-Ар гэрийхнээ танилцуулаач?

-Урлагийн хүмүүс ар гэрийнхээ амьдралыг ханьдаа үүрүүлчихдэг. Би их азтай хүн. Ээж минь азтай гэдэг үгийг битгий хэлж бай гэж захидаг. Би сайн хүнтэй сууна гэж хүсдэг байсан. Тэр ч утгаараа намайг ойлгодог, урлагт дуртай хүнтэй учирсан. Өнөөдөр би энэ зэрэгтээ явж байгаа нь миний ар гэр, ханийн минь гавьяа. Миний аав намайг жүжигчин болно гэхэд маш дургүй байсан. Би хулгайгаар СУИС-д орсон. Намайг сургуулиа төгсөн төгстөл уурлаад л байдаг байсан. Харамсалтай нь диплом хамгаалах гэж байхад ослоор нас барсан. Аавдаа өөрийгөө харуулж чадаагүй дээ маш их харамсдаг. Миний сайн, сайхан явааг минь тэнгэрийн орноос харж байгаа байх.

-Дэлгэцийн кинонд дүр бүтээж байв уу?

-Арав гаруй кинонд гол болон туслах дүр бүтээсэн. Дурлалын нулимс, Дурандаж олсон хайр, Миний эхнэрийн хурим, Худалч эхнэр, Надаар тоглосон хайр, Жинжиймаа гээд нэлээд хэдэн кинонд дүр бүтээ¬сэн. Гэхдээ Жинжиймаа киноны дүрээр хүмүүс намайг их мэддэг болсон байх. Хөдөө явж байхад Жинжиймаа киноны Хонгорзул байна гээд байдаг.

Жинжиймаа кинонд тоглож байхдаа хэдэн настай байсан бэ?

-Тэр үед би 22 настай байлаа. Ц.Батцэцэг, Г.Машбат гээд мундаг хүмүүстэй хамтран тоглосон болохоор гайгүй байсан. Тийм болохоор үзэгчдэд маш сайн хүрч чадсан. Өөрийнхөө тоглосон дүрд маш их хайртай. Ямар сайндаа манай хүү Жинжиймаа киног үзээд ээжээ зурагтаа унтраа, та битгий уйлаад бай гэж хэлдэг. Хааяа хүүгээ загнахаар би зурагтны ээждээ очлоо шүү гээд айлгадаг.

-Хүүгээ жүжигчин болгох уу?

Миний хүү маш авьяастай. Нэг сонссон зүйлээ цээжлээд уншчихдаг. Жүжигчин болно гэвэл би дуртай болгоно. Гэхдээ аав нь нэг гэрт нэг л урлагийн хүн байх ёстой гээд байдаг юм. Эмэгтэй xүн жүжигчин байх хэцүү. Эрэгтэй хүн амар.Тийм учраас хүүгийнхээ сонирхолын дагуу мэргэжлийг нь сонгуулна.

-Тэгээн Муза наадмын тухай. Таны бодол?

-Гуравдугаар сарын 27 бол жүжигчдийн хувьд маш сайхан өдөр. Энэ өдөр олон улсын театрын баяр тохиодог. Театрынхан баяраа сайхан тэмдэглэхийн тулд Гэгээн Муза наадмыг зохион байгуулдаг болоод нэлээд хэдэн жилийг ардаа орхилоо. Тэгээн Муза наадмын зохион байгуулагч МУГЖ Б.Сарантуяа, Н.Сувд нар байдаг. Энэ наадамд театрт тавигдсан бүтээлүүдээс шилдэг эмэгтэй, эрэгтэй гол дүрийн жүжигчид, найруулагч, зохиолч,зураач гэсэн маш олон номинацуудад нэр дэвшин өрсөлддог. Өнөөдөр манай тайзан дээр нэг жүжиг тавигдахад л асар олон хүний нөр их хөдөлмөр шаардагдаж байдаг.

-Энэхүү наадамд театраас хэдэн жүжиг өрсөлдөх вэ?

-Энэ жилийн Тэгээн Муза наадамд Б.Лхагвасүрэнгийн Атга нөж нэртэй Чингис хааны тухай түүхэн жүжиг. Б.Галаарид Суудал жүжгэнд Их Нирун улс хэрхэн мөхсөн тухай өгүүлсэн. Ц.Балдорж Хориотой жүжиг, Хайрын виз, Д.Энхболд-баатар Амьдрал чиний төлөө зэрэг жүжгүүд нэр дэвшиж байгаа.

-Таны хувьд ямар дүрээр өрсөл дөж байгаа вэ?

-Миний хувьд Хайрын виз жүжгийн Сүндэрийн дүр, Суудал жүжгийн Дэва удганы дүрээр нэр дэвшиж байгаа.

-Энэ жилийн наадмийн онцлог?

-Нэлээд их онцлогтой болно. Өмнө нь хэзээ хийж байгаагүй Улаан хивс-ний ёслолыг хийх гэж байгаа. Хэдийгээр энэ өдрийн билет олдохгүй байлаа ч гадаа нь зогсоод хайртай уран бүтээлчээ харах боломжтой.

-Гэгээн Муза-тай холбогдуулан театраас ямар арга хэмжээ зохион байгуулж байна вэ?

-Энэ наадмын шүүгчид нь үзэгч та байх болно. Тийм учраас үзэгчид театрт ирээд өөрийнхөө дуртай жүжгийг үзэх боломжийг олгож байгаа. Жүжигчид их идэвхитэй ажиллаж байна. Театрын урлагт нэг юм хийхэд маш их зардал гардаг мөртлөө эргээд олж чаддаггүй. Гэхдээ энэ жилийн наадам их сайхан болох байхаа.

-Өнгөрсөн жилийн Гэгээн Муза наадамд хэр амжилттай оролцож байсан бэ?

-Шилдэг залуу уран бүтээлч гэдэг цомыг авсан. Энэ жилийн хувьд өөрийнхөө бүтээсэн дүрээр нэр дэвшин оролцоно гэдэг бол миний хувьд маш том шагнал байхболно.Нэр дэвших эрх олж авна гэдэг асар том хариуцлага. Хаа хамаагүй хүнийг нэр дэвшүүлээд байдаггүй. Найруулагч, наадмын комиссоос тогтоодог.

Эцэст нь хэлэхэд гуравдугаар сарын 27-нд театрынхаа баяраар уулзацгаая. Аливаа мэдээ, мэдээллийг шуурхай, үнэн зөв бичиж байдаг болохоор Нийг¬мийн толь сонины хамт ол ондоо ажлын амжилт хүсье. Урлагийг дэмжиж ажиллаж байгаарай.

(Нийгмийн толь 064/156)

А.ЛХАГВА

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button