Дөрвөн настай хүүг багш нь зодсон уу?

Нийслэлийн Багануур дүүргийн 131 дүгээр цэцэрлэгийн багш Ё.Энхээ ангийнхаа хүүхдийг бэрттэл нь зодож, түүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа гэсэн мэдээлэл гарсан. Гэтэл сүүлдээ цэцэрлэгийн багш нь биш, ээж нь хүүхдээ зодсон гэсэн яриа гарчээ. Одоогоор уг хэргийг прокурор шалгаад нотлох баримтгүй гээд хэрэгсэхгүй болгосон гэнэ. Ингээд энэ талаарх сурвалжлагыг хүргэж байна.

131 дүгээр цэцэрлэгийн багш Ё.Энхээ дунд бүлгийг хариуцан ажилладаг гэнэ. Ё.Энхээ 40 эргэм насны зөөлөн харцтай, царайлаг эмэгтэй байна лээ. Харин харамсалтай нь, сурвалжлагч гэхийг сонсонгуутаа айхавтар уурлаж, тэр үед цуг байсан нөхөртэйгээ цуг дайрч давшилж гарлаа. Уг нь бид цэцэрлэгийн эрхлэгч болоод Багануур дүүргийн Засаг даргын тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Ш.Отгонбаяртай ярилцаж зөвшөөрөл авсан байсан юм. Харамсалтай нь, багш эмэгтэй зөвшөөрсөнгүй. Ярьж хэлэх байдлыг нь харвал их ширүүн ааштай эмэгтэй байна лээ.

Би нэг том алдаа гаргасан

Энэ үгийг Багануур дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн хүүхдийн зөвлөх эмч С.Оюунцэцэг хэлсэн юм. Түүнээс цөөн зүйл тодруулав.

-Багшдаа зодуулсан гэх хүүхдийг анх танд үзүүлсэн үү?

-Дөрвөн настай Э.Төгөлдөр гэдэг хүүхдийг 2007 оны нэгдүгээр сарын 8-нд ээж нь авчирч үзүүлсэн юм. Өрхийн эмчдээ үзүүлээгүй гэхээр шатлалынхаа дагуу үзүүлээд ир гэсэн. Манай хүүхдийг багш нь зодчихсон юм гэж байв. Нуруу, чих, нүүр нь хөхөрсөн. Чихийг нь бариад мушгичихсан гэмээр маш тод толботой буюу омгондоо хоёр хэсэгт 05×04 см, нуруундаа мөн хоёр хэсэг газар 3×4, 4×5 см хэмжээний зөөлөн эдийн гэмтэлтэй байсан. Харин өгзөгнөөс доош хөхөрсөн байсныг нь тухайн үед үзээгүй нь миний алдаа байсан. Тэгээд би мэс засал болон чихний эмчид үзүүлэхээр явуулсан.

-Зодуулаад удсан байсан уу?

-Гэмтсэн хэсгүүд нь хөх биш ногоорсон өнгөтэй байсан болохоор хэд хоносон байж магадгүй. Ээж нь гомдонгуй байсан. Би Чи надаас гомдол эрээд яах вэ. Үнэхээр багш нь хүүхдийг ингэж зоддог бол хэцүү л юм байна. Би эмч хүнийхээ хувьд үзлэг хийсэн тухай тэмдэглэгээгээ хийгээд өгье. Харин би дүүргийн Хүүхдийн гэмт хэрэгтэй тэмцэх албаны гишүүний хувьд цаашид анхаарч болно гэсэн.

-Чих нь сэтэрсэн гэж зарим хэвлэл бичсэн байсан?

-Сэтрээгүй. Чихний эмч нь хүүхдийн чихний омог нь хөхөрсөн, харин хэнгэрэг нь цоороогүй гзж хэлж байсан.

-Хэвлэлд А.Төгөлдөр хүүг бага зэрэг сэтгэцийн сааталтай гэж бичсэн байна лээ. Юм ярьж чаддаггүй хүүхдийн үгээр үг хийлээ гэж багш нь ярилцлага өгсөн байсан?

-Ээж нь надад хүүхдээ бүтэлттэй төрсөн, бас хотод мэдрэлийн эмчийн хяналтад байдаг гэж ярьж байсан. Ерөнхийдөө дөрвөн настай хүүхэд ярих чадвар сайтай байдаг шүү дээ. Тэр хүүхдийн яриа нь ерөнхийдөө ойлгогдохгүй шахам. Чих, нурууг чинь хэн ийм болгосон гэж асуухад ээж нь Багш нь ингэсэн юм гэхэд би, хүүхдээс чинь асууя гэсэн. Хүүхэд Энхээ багш гээд нэг үг хэлснийг нь би ойлгоогүй. Ээж нь Түвшээ багш гэж байна гэж тайлбарласан. Тэр нь туслах багш гэсэн. Тийм хоёр багшийн нэртэй л хоцорсон, би.

-Ээж нь ямаршуу хүн гэж санагдсан бэ?

-Сөрөг харьцаа ерөөсөө мэдрэгдээгүй. Багшийг нь муулах гэсэн бодол ч ерөөсөө мэдрэгдээгүй. Багш нь ингэчихсэн гэсэн ганцхан үг л хэлснээс биш бусад хүүхдүүдийг ингэдэг тэгдэг гэсэн илүү дутуу үг хэлээгүй. Ганцхан энэ удаа биш урьд нь бас ийм асуудал болж байсан гэсэн.

-Ё.Энхээ багш тантай уулзсан уу

-Цэцэрлэгийн эрхлэгчид нь хэлэх гэтэл яг тухайн үед байгаагүй. Дараа нь хэлэхэд Ямар сонин юм бэ. Ийм баймааргүй юм гэж байсан. Ер нь бүх холбогдох хүмүүст Асуудлыг шийдээрэй гэсэн. Би нэг том алдаа гаргасан. Эмч хүн холбогдох газар буюу Цагдаагийн хэлтэст нэн түрүүнд мэдэгдэх ёстой байдаг. Би цагдаад хандаагүй. Яагаад гэвэл ээж нь өөрөө учраа олчих байлгүй дээ гэж бодсон. Тэр өдрийн үдээс хойш Би Энхээ гэдэг багш байна гэсээр нэг эмэгтэй орж ирсэн. Өө, тийм үү тэр хүүхэд яасан юм бэ гэхэд Би тэр хүүхдийг чинь зодоогүй шүү дээ. Гэрт нь нэг хүүхэд байдаг юм билээ. Тэр хүүхэд ийм болгосон байх гэж би бодож байна гэхэд нь Би түүнийг нь мэдэхгүй, цагдаагийн байгууллага шийднэ биз дээ гэж хэлсэн. Энхээ багш ч Би зодоогүй гэсээр гарсан.

-Ё.Энхээ багшийг ямаршуу зан харьцаатай гэж хэлэх вэ?

-Нүд нь нэлээд хурц байсан. Гэхдээ янз бүрийн зүйл надад хэлээгүй. Харин гурав хоногийн өмнө цагдаагийн газраас хүн ирээд /өнгөрсөн мягмар гариг/ янз бүрийн хүнд юм ярьсан юм биш биз. Сурвалжлагчид элдэв зүйл ярьсан уу гэж ирсэн.

Мөрдөн байцаалтад хайнга хандсан уу?

Зодуулсан гэх А.Төгөлдөрийнд очиход эмээ, өвөө, болон ээж Б.Ариунтуяа нь, мөн дунд сургуулийн бага ангийн нэг охин байлаа. Харин Э.Төгөлдөр хүү хотод түр байгаа гэв. Аав нь бага дүүтэй нь хөдөө явсан гэнэ. Хэрэг гарсан өдөр Ё.Энхээ багшаас гадна Б.Түвшин гэдэг туслах багш ажиллаж байжээ.

Д.Түвшин багшийн ярьж байгаагаар бол хэрэг болсон өдрийн өглөө Д.Түвшин багш хүүхдүүдийг хүлээж авчээ. Өглөөний цайн дээр Төгөлдөрийн хацар дээр нь юу болчих оо вэ гэж Ё.Энхээ багшийг хэлэхэд нь харвал хөхөрчихсөн байсан гэнэ. Тэр өдөр Ё.Энхээ багш дотуур ажилтай байсан гэнэ. Түвшин багш 10.40 цагийн үед тэр өдөр ирсэн зургаан хүүхдийг бага ангийн багшид захиж үлдээчихээд гэртээ очиж, охиноо сургуульд нь хүргэж өгөөд ажилдаа ирсэн гэнэ. Ингээд хүүхдүүдээ буцааж авсан гэнэ. Тэр өдөр Ё. Энхээ багш өөрийнхөө ангиар огтхон ч орж ирээгүй юм уу? гэж асуухад эхлээд Үгүй гэж байснаа сүүлдээ Үдээс хойш Энхээ багш байсан. Би чинь бас бие засдаг юм байгаа биз дээ гэж ам алдав.

Хүү зодуулсан гэх өдрийнхөө шөнөөсөө эхлэн халуурч, уйлж хоносон гэнэ. Тэр шөнөдөө түргэн тусламжийн утсаар зөвлөгөө авч, эм өгч унтуулаад маргааш өглөө нь эмчид очиж үзүүлсэн аж. Бүтэн сайн өдөр багшийнх нь гэрт дагуулж очиход Арай ийм юм болчихсон гэж бодоогүй шүү дээ. Ийм аймаар болчихсон байсан юм уу. Гэхдээ би мэдэхгүй. Тэр өдөр угаасаа байгаагүй. Туслах багш хүлээж авч, хүлээлгэн өгсөн. Би нэг дэх өдрийн өглөө учрыг нь олъё гэжээ.

Даваа гаригийн өглөө ээж нь цэцэрлэг дээр очин туслах багштай уулзах гэтэл юу ч хэлэлгүй цаад өрөө рүүгээ зугтаагаад байсан гэнэ. Тэгээд ээж нь хүүгээ өрхийн эмч дараа нь нарийн мэргэжлийн эмчид үзүүлжээ. Гэтэл Энхээ багш утсаар Чи яагаад эмнэлгээр хүүхдээ үзүүлээд яваад байгаа юм бэ. Намайг ажлаас хална гээд байна гэж загнасан. Хэсэг хугацааны дараа дахин утасдан Би Төгөлдөрийг тоонд нь оруулчихлаа. Хоолыг нь идүүл гэжээ. Харин хүү нь Үгүй, очихгүй. Энхээ багш зодно гээд эхээсээ зуураад байсан гэнэ. Тэр өдрөөс хойш Э.Төгөлдөр хүү өнөөдрийг хүртэл цэцэрлэгтээ явахгүй байгаа аж. Нийслэлд нарийн мэргэжлийн эмчид үзүүлэхэд яваандаа татаж унадаг өвчтэй болж магадгүй гэсэн тул эмчийн заавраар эм байнга ууж байгаа аж. Мөн нарийн мэргэжлийн эмч нар зүүн нүдний угт хаван, чихэнд улайлт үүссэн гэж оношлосон тул чихэндээ шарлага хийлгэжээ. Харин Мэдрэлийн эмч яаралтай эмнэлэгт хандаагүй бол татаж унадаг өвчтэй болох байсан гэсэн. Зодуулснаасаа хойш толгой нь өвддөг болсон, маш их турсан, мөн сэтгэл зүйн дарамт нь одоо болтол гараагүй байгаа гэсэн.

Багш шоронд орно

Э.Төгөлдөр хүү багш намайг зодсон, зодоогүй гэж янз бүрээр ярих аж. Гэхдээ хүүгийн амнаас Багш шоронд орчихвол яах вэ гэсэн үг унасан. Багш нь битгий хэлээрэй гэсэн үү гэж асуухад Тийм гэх. Гэхдээ цэцэрлэгтэй холбоотой юм ярихаар дуу нь суларч чимээгүй болж байсан. Маш сэргэлэн цовоо хүү байна лээ. Албаны багтай эх сурвалжийн ярьж байгаагаар бол Ё.Энхээ багш 2004 онд анги дээрээ хүүхдүүдийг унтсанаас хойш архи ууж байгаад шаардлага тавьсан цэцэрлэгийн эрхлэгчтэйгээ муудалцаж байжээ. Тиймээс хүүхдийн байгууллагад тохирохгүй хүн гээд ажлаас нь халсан аж. Ё.Энхээ багш халагдсанаасаа хойш гурван cap орчмын дараа шүүхэд өргөдөл өгч, жил гаруйн хугацаанд гурван шатны шүүхээр хөөцөлдөж байгаад одоогийн Засаг даргын үед буюу 2005 онд ажилдаа эргэн орж, харин эрхлэгчээ ажлаас нь халуулаад авсан юм байна. Туслах багш нь мөн өмнө нь ажиллаж байсан газраасаа бензин тос их хэмжээгээр дутаасан тул мөн халагдаж байжээ. Хамт олон нь Ё.Энхээ багшийн тухай ямар нэгэн зүйл хэлэхгүй байсан.

Ийнхүү нялх балчир хүүг багш нь зодсон гэх хэргийг нотлох баримтгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгожээ. А.Төгөлдөр хүүг багш нар нь зодоогүй гэсэн нотлох баримт ч бас алга байгаа шүү дээ.

Ардын эрх сонин 53 /585/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button