Гэр бүлдээ үнэнч байх нь ДОХ-оос хамгаалах шилдэг арга

Манайд энэ эдгэшгүй өвчинг тээж явсан бүх хүн бэлгийн замаар халдвар авсан болох нь тогтоогдсон. Энэ 28 хүний цаана халдвар тээгч 2600 хүн байгаа гээд бодохоор аймшигтай. Энэ тоо ингээд л тогтчихгүй. Өдөр ирэх тусам нэмэгдэж л байгаа. Гэвч хэчнээн хүн энэ халдварыг тээснээ мэдэхгүй та бидний дунд явж байгааг хэн ч таашгүй. Энэ өвчнөөс өөрийгөө урьдчилан сэргийлэх энгийн арга зам нь та бидний гарт байгааг хэн ч сайн мэднэ. Гэвч энэ халдвар газар авч, хүрээгээ тэлэх боломжийг нь бид өөрсдөө өгөөд байгаа нь харамсалтай. Үүнээс урьдчилан сэргийлэх замуудаас хамгийн найдвартай арга бол бэлгэвч л хэрэглэх явдал гэдгийг хэн ч мэднэ. Эрүүл мэндийн сайд асан Л.Гүндалайн адил бэлгэвч бас дахин бэлгэвч хэмээн хүн бүхэн ярьж явдаг ч энэ нь нэгэнт хоцрогдсон сургааль болжээ. Зөвхөн бэлгэвч л хэрэглэвэл энэ аюулт өвчнөөс өөрийгөө болон гэр бүлээ хамгаалж чадна гэсэн ухамсар хүмүүсийн толгойд нэгэнт байр сууриа эзэлжээ. Харин үүнээс илүү гэр бүлийн хүндээ үнэнч байвал энэ өвчнөөс сэргийлэхээс гадна хэн хэндээ нэр хүндтэй сайхан гэр бүл болж оршин тогтноно гэдгийг хэн ч хэлэхгүй байгаа нь сонин. Шинээр гал голомтоо бадрааж ханилан сууж байгаа гэр бүлүүдэд нэг нэгэндээ үнэнч байвал энэ өвчнөөс ангид гарч чадна гэдгийг ойлгуулах сургамж судалгаа манайд ихээр дутагдаж байна. ДОХ-оос найдвартай хамгаалж чадах цорын ганц аврагч бол бэлгэвч гэж хүн бүхэн хэлж нотлоод байвал манайхан таарсан нэгэнтэйгээ бэлгийн харьцаанд орж, гэр бүлийн ариун холбоо тасарч, монголоор дүүрэн хүн дүртэй адгууснууд болох мэт санагдана. Тиймээс гэр бүлийн халуун дулаан харьцаанд хар мөр үлдээх энэ ойлголтоос хүн бүрийг ангижруулж, гэр бүлдээ үнэнч бай гэдэг талаас нь ухамсарлуулах эрх бүхий байгууллагуудын шинэ сургамж манайд үгүйлэгдээд байна.

Өнөөгийн төрх

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button