Хэлмэгдсэн сэтгүүлч Н.Л Эргэж мэргэжлээрээ ажиллах л юм бол бууны ам тосох болно

Ард түмнийг үнэн зөв мэдээллээр хангадаг ган үзэгтэн-үүдэд өнөөдөр бусдын адил ажиллаж амьдрах эрх үгүй болж. Одоогоос олон жилийн өмнө томоохон хэрэг дээр ажиллаж байсныхаа төлөө торонд хашигдаж явсан нэгэн сэтгүүлчийн яриаг та бүхэнд хүргэж байна. Тэрээр өөрийнхөө тухай ярихаас илүү нөхдийнхөө гавъяанаас ард иргэдтэйгээ хуваалцахыг зорилго болгосон юм. С.Зориг агсаны хэрэг дээр ажиллаж байсан сэтгүүлчид бүгд алга болсон. Монголын сэтгүүлчид үнэн үг хэлэхээс айдаг болжээ. Арга ч үгүй шүү дээ. Тэдэнд ажил мэргэжлээ хийхэд ямар ч аюулгүйн баталгаа алга. Бидэнд ярилцлага өгсөн уг сэтгүүлч маань өөрийн нэр болон хаана яваагаа бичихгүй байхыг биднээс аминчлан гуйсан юм. Тэрээр үнэн үг хэлснийхээ төлөө дэндүү хатуу шийтгэл хүртсэн нэгэн.

-Одоогоос 10- аад жилийн өмнө эх орныхоо төлөө зүтгэж явсан С.Зориг агсаныг харгис хэрцгийгээр хөнөөгдсөнийг ард түмэн мэдэж уй гашуу болсон. Уг аймшигт хэргийн зургийг хамгийн түрүүнд газар дээр нь очиж авсан сэтгүүлч таны сайн найз гэж сонссон. Тэрээр одоо хаана явна вэ?

-Тэр үед С.Зориг агсаны хэрэг дээр их олон сэтгүүлч эрэн сурвалжлах ажил хийж байсан. Тэдний тухай болон одоо хаана юу хийж явааг асуусанд баярлаж байна. С.Зориг агсаныг нас барсан тэр шөнө хамгийн түрүүнд очиж сурвалжилж байсан Р.Д гэгч хүн бий. Тэрээр надад хожим хэлэхдээ би дахиж ийм юманд хэзээч орооцолдохгүй, сэтгүүлчээр ажиллахгүй гэж хэлж байсныг би их тод санадаг. Тэгэхэд нь би надад хэлээд өг, би олонд нээж, үнэн мөнийг хэлье гэж гуйж байлаа. Энэ үед тэр надад зөвшөөрөөгүй. Мэдээж намайг бодсондоо ингэж хэлж

байсныг би мэдэрсэн. Та бүхэн мэдэх байх. Ялангуяа ахмадууд сайн мэднэ. Монголын дуу хоолой, Ил товчоон тэргүүтэй манай хамгийн анхны сайн сонинууд бүгд л улс төрөөс болж шахагдан алга болсон. Тэр үед Монголын сэтгүүлчид аз жаргалтай яваад байсан юм биш. Ялангуяа ардчилалаас хойш үеийн үед хаагдаж, боогдмол ертөнцөд ажлаа хийж явсан. Тэгэхээр Д минь тэр хэргийн газар хамгийн түрүүнд очиж тэр аймшигт зургуудыг өөрийн хальснаа буулгасан. Тэгээд тодорхой сайн мэдээлэл аваад гараад явах гэтэл түүнийг бариад авсан гэсэн. Чухам хэн барьж, хаашаа авч явж юу болсоныг би мэдээгүй. Надад ч хэлээгүй. Гэхдээ мэдээж хатуу ширүүн шүүлтээр орсон байх. Уг нь сэтгүүлч мэргэжилдээ гаргуунд их зоригтой, хичээл зүтгэлтэй хүн байлаа. Зууны манлай дуучин Сарааг анхныхаа хүүхдийг төрүүлээд байхад нь эмнэлгийнх нь үүдийг сахиж, бүр цонхоор нь зургийг нь авч шуугиулж байлаа. Гэвч С.Зориг агсны хэргийн дараахнаас Д энэ хэргийн талаар сониндоо нийтлээ ч үгүй, дахин сэтгүүлчээр ажилаагүй. Тэр үед ерөнхий сайд байсан Ц.Элбэгдоржтой маш ойр дотно ажилладаг байсныг би мэднэ. Би ч тэр хэргийн мэдээллийн эх сурвалжыг зах зухаас нь гадарлаж байлаа. С.Зоригийн амь нас санамсаргүйгээр хөнөөгдсөн гэдэгт итгэдэггүй. Цаанаасаа их нарийн зохион байгуулалттай хийсэн хэрэг. Тэр эрэгтэй, эмэгтэй хүн үүнийг үйлдсэн гэдэг нь ард түмнийг төөрөгдүүлэх гэсэн арга гэж боддог. Энэ сэтгүүлчийг одоо хаана явж байгааг хэлж болохгүй. Ямар ч байсан амар мэнд явж байгаа. Тэр одоо сэтгүүлчээрээ ажиллах зориг зүрхгүй нэгэн болсон.

-Та сая тэр үеийн тодорхой нэг мэдээллийн эх сурвалжыг гадарлаж байсан гэж хэллээ. Энэ талаар дэлгэрэнгүй ярьж өгөхгүй юу?

-Тэр үед юу болсоныг мэдэх гэж хүн бүхэн тэр дундаа сэтгүүлчид мэдээллийн эх сурвалжид анхаарлаа хандуулж байсан. Сэтгүүлчид холбогдох мэдээлэл хайж цааш нь гүнд нь орьё гэхэд чаддаггүй байсан. Цусанд хутгалдсан 5000 төгрөг хаанаас гарч ирсэн, гэргий Булган нь угаалгын өрөөнд яаж хүлэгдсэн байсан гээд олон асуудлууд гарч ирж байсан боловч шинжээчид өөрсдөө судалж мэднэ гэж байсан. Сэтгүүлчдэд энэ хэргийг эрэн сурвалжлах эрх боломж үнэхээр байгаагүй. Энэ бол алсаас удирдсан зохион байгуулалттай хэрэг. UBS телевизийн нэг сэтгүүлч хэргийн газар дээр очиж шууд сурвалжлага хийхээр орцонд нь ороод тэнд хэрэг болоход түүгээр явж байсан хоёр залуугаас юу болсоныг асуухаар камераа тэр хоёрын зүг харуултал гэнэт унтарч сурвалжлага тасарч байсаныг та бүхэн санаж байгаа байх. Тэгэхээр тэр бичлэг болон энэ хэргийг эрэн сурвалжилж байсан сэтгүүлчид хаана яваа нь үнэхээр хачирхалтай. Тэр сэтгүүлчийг би дахиж хараагүй.

-Тэр үед өөрийн биеэр очиж хэргийн газрыг нүдээр үзсэн сэтгүүлч танд энэ хэргийн талаар юу ярьж байсан бэ?

-Өөрийн нүдээр үзсэн хүмүүс маш аймаар зүйл ярьсан. Ер нь тэр хэргийн газар очиход нь цусан дээр олон хүний мөр гарсан байсан гэсэн. Тэр олон хүний мөрөөс нохой алуурчны мөрийг яаж олох билээ дээ. Магадгүй эдгээр аллага болсон газарт очсон сэтгүүлчид энэ хэргийн талаар бага ч болов хар аваад хэлж чадахгүй айж яваа байх.

-Одоо энэ хэрэг илрэх болов уу. Үүнийг л ард түмэн хүлээж суугаа?

-Үүнийг мэдэхгүй юм. С.Зориг агсаны эгч Оюун гишүүн л мэдэх байх. Яагаад Ц.Элбэгдорж тэргүүтэй ардчилалынхан гадаадаас тусгай хүмүүс авчирч энэ хэргийг мөрдүүлж илрүүлье гэхэд яагаад татгалзсанд гайхаж байна. Одоо ингэж их удсан байхад энэ хэргийн эд мөрийн баримт хэд хувирсан байгааг хэн ч мэдэхгүй. Гэм буруутай ямар ч хүнийг гэм буруугүй хэмээн зүгээр тавиад явуулчихдаг болсон юм хойно энэ хэргийн үнэн зөв баримтыг хэд, хэчнээн ч гуйвуулсан байхыг үгүйсгэхгүй. Энэ байдлаараа хэзээ ч илрэхгүй. Энэ бүгдээс бодоод үзэхэд эртний томоохон хэргүүд одоо болтол илрээгүй л байна. Төмөр-Очир гэдэг хүний амь насыг Дарханд хөнөөсөн хэрэг гарахад үүнийг сурвалжлахаар очсон сэтгүүлчид бүгд амь насаараа хохирсон. Ийм л аюултай нөхцөлд сэтгүүлчид ажиллаж байна. Томоохон хэргийг эрэн сурвалжлахад сэтгүүлчдийн амь насны баталгаа алга.

-Тэгэхээр энэ аймшигт хэргийн ард улс төрийн томоохон хүчин байна гэж хүмүүс таамагладаг. Магадгүй яг хэн байгааг энэ хэргийг эрэн сурвалжилж байсан сэтгүүлчид бага ч болов гадарлаж байгаа гэж та боддог уу?

-Эдгээр том хүмүүс бол ердөө л дүр исгэсэн том толгойтнууд. Энэ толгойг нь удирдаж яваа алсын удирдлага байгаа гэдэг нь тодорхой. Чухам хэн гэдгийг мэдэхгүй. Энэ хэргийг сурвалжилж байсан сэтгүүлчид магадгүй мэдэх байсан байх.

-Тухайн үед энэ хэргийг сурвалжилж байсан сэтгүүлч эргэн гарч ирж нууцаар ч болов үргэлжлүүлэн сурвалжилж болохгүй гэж үү. Сэтгүүлчдийг хамгаалсан олон холбоо байна?

-Энэ мэт хэрэгт сэтгүүлч дахин хөл тавих л юм бол өөдөөс нь бууны ам тосоод байж байдаг. Эсвэл ар гэрийнхнийг нь барин сүрдүүлэх болно. Өмгөөлж хамгаалах байгууллагын хувьд тэд сэтгүүлчийг шүүхэд дуудагдахад өмгөөлөгчийнх нь мөнгийг даах гээд наад захын энгийн асуудлууд дээр нь тусалдаг юм байна лээ. Ер нь Монголын сэтгүүлчид бүгд худалдагдчихсан улс. Ялангуяа сонгуулийн үеэр сэтгүүлч ч энгийн ард ч мөнгөнд хууртан саналаа өгдөг болсон. Саяны сонгуулиар гудамжинд архи ууж байгаа хүмүүст хүртэл саналаа өгөөрэй гээд МАХН архи өгч байсан шүү дээ. Үүнийг хэн ч үгүйсгэхгүй. Эцэст нь хэлэхэд манайд жинхэнэ сэтгүүлч хүн байхгүй. Хэрэв байлаа гэхэд тэдэнд шударгаар үнэн зөв мэдээллээр иргэдийг хангах нөхцөл манайд алга.

Өнөөгийн төрх

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button