Солонгост монгол бүсгүйчүүд ажлаас шантрахдаа биеэ үнэлж байна

Амьжиргаагаа дээшлүүлэхээр Солонгосыг зорих хүсэлтэй хүний тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр л. Эцэг, эх, хань ижлээсээ байдгийг нь хоослон байж хил давж ажил хийнэ. Хүний нутгийн хөрсөн дээр хөлөө эцтэл гүйж, гараа цуцтал хөдөлмөрлөхөөс өөр боломж тэдэнд үгүй болохоор арга ч үгүй биз. Солонгост ажил хийж буй элэг нэгт монголчууд маань ямар нөхцөл байдалд ажиллаж, амьдарч байдгийг дурьдахыг зорилоо. Магадгүй таны охин, хүү, ах, дүү хэн нэгэн солонгост ажиллаж байгаа байх. Тэднийгээ ямар нөхцөлд байдалд ажиллаж, амьдарч байгааг эх орондоо байгаа бид мэддэггүй шүү дээ. Явуулсан хэдэн төгрөгийг нь л тараахаас бусдыг мэддэггүй мэт. Манайд бараг арван cap ажиллаж байж авах цалинг Солонгост ганцхан cap л ажиллаад авна. Гэвч тэдэнд мөнгө авах л сайхан болохоос бусад нь үнэхээр хэцүү байдаг аж. Хараар ажиллагсад нь ял хийсэн ялтан шиг хүний өөдөөс ч эгцэлж харах эрхгүй, нуугдмал байдалд хоног төөрүүлнэ. Гадуур дотуур явна гэсэн ойлголт байхгүй. Хараар ажиллаж буй эмэгтэйчүүдэд олддог ажил нь л буудлын цэвэрлэгч. Нэг өрөөнөөс нөгөө өрөө рүү дамжин цэвэрлэсээр тэдний нэг өдөр дуусна. Хийхгүй ажил гэж үгүй. Буудлын өрөөний бүхий л муу муухайг цэвэрлэнэ. Зарим тохиолдолд унтах ч цаг зав тэдэнд олддоггүй. Идэж уухаар ч хангалттай биш. Нэг талх авахад л монгол мөнгөөр 2000 төгрөг. Нэг килограмм мах 5000 төгрөг. Идэж уухаасаа харамлаад олигтой ч хоол идэж чаддаггүй болохоор зудтай өвлийн мал шиг хэзээ унаж, ойчих нь мэдэгдэхгүй гурийсан туранхай хүмүүс. Гэрээгээр ажиллаж байгаа нь арай л дээр. Гэхдээ хэдий гэрээгээр ажиллаж байгаа ч ажлын нөхцөл байдал үнэхээр хүнд. Хүнд хэцүү нөхцөлд ажил хийж байснаасаа болж эрүүл мэндээрээ хохирсон хүн олон. Эх орноосоо явахдаа ажиллах нөхцөл байдлаа тийм ч сайн судлаж чаддаггүй. Ганцхан зуучилж байгаа газартаа найдаж, аятайхан үйлдвэрт оруулж өгөхийг хүсдэг. Ихэнх тохиолдолд хөнгөн ажил санал болгодог ч газар дээр нь очихоор ажиллах нөхцөл нь хүнд хэцүү байдаг. Солонгост тоглоомын үйлдвэрт ажилд орохоор очоод төмрийн үйлдвэрт 50 хэмийн халуун нөхцөлд ажилд орж эрүүл мэндээрээ хохирч тахир дутуу болсон нэгэн залуу өнөөдөр эх орондоо ирчихээд байгаа аж. Үүнээс үзэхэд хөнгөн үйлдвэрт оруулна хэмээгээд үнэн хэрэгтээ хүнд хүчир ажилд оруулдаг аж. Монголчуудын нэг проблем нь ажил олгогч эздийнхээ ая занг олох явдал. Хараар ажилладагийг нь далимдуулж боссууд нь цалин хөлсөн дээрээ ч луу унжина. Тиймээс эздийнхээ хөлд сууж аяыг нь олох нь эхний нааштай алхам болдог. Солонгос эздийнхээ итгэлийг хүлээж, гэр бүлийнх нь гишүүнээс өөрцгүй дотноссон хүмүүс ч байдаг. Эвийг нь зөв олж чадвал солонгосчууд тун итгэмтгий хүмүүс. Солонгос хэлэндээ ус цас зарим нэг эмэгтэйчүүд хүний итгэл даагаад аятайхан ажил хийж байхад зарим нэг нь бидний ярьдагаар бууны нохой хийж, тэр ч бүү хэл биеэ үнэлж мөнгө олно. Бууны нохой гэдгийн учир нь хараар ажиллаж буй нэгнийгээ матаж, барьж өгч хөөрхөн гэгч нь мөнгө тоншчихдог. Адилхан амьдралын төлөө хүний газар ажиллаж байгаа хэрнээ нэгнийгээ барьж өгч байгаа нь харамсалтай. Солонгост бичиг баримтгүй хүн олон. Учир нь гудамжинд явж байхад нь цагдаа нь биеийн байцаалтаа гаргаж өгөхийг шаарддаг аж. Яахаа ч мэдэхгүй паспортоо гарт нь бариулж зугтаж орхидог гэнэ. Зугтахаас ч өөр арга тэдэнд байхгүй. Баригдлаа л бол хамаг амьдрал нь нурна. Өрнөөсөө ч салж амжилгүй баригдчихвал ямар харамсалтай зүйл болох билээ. Хэзээ баригдахаа мэдэхгүй бичиг баримтгүй хүмүүс олон. Монгол эрчүүд цалингаа буухаар архи ууж, хүүхэн өвөртлөхөө урьтал болгоно. Гэвч солонгос янхануудын үнэ нь тэнгэрт хадчихдаг. Монгол эмэгтэйчүүдийн бэлэн, хялбар замаар мөнгө олох хүсэл нь энд бас л давамгайлж садар самуун амьдрал руу орно. Улаанбаатарт биеэ үнэлж байсан бүсгүйчүүд тэнд очиж мөн л биеэ үнэлдэг. Солонгост ажиллаж амьдарч буй монгол эрчүүд, эмэгтэйчүүд хүний нутагт муу нэрээ гаргасаар л. Муу нэрээ гэдгийн учир нь эрчүүд нь архи ууж, танхайрдаг. Эмэгтэйчүүд нь дээр хэлсэнчлэн биеэ үнэлдэг. Солонгос эрчүүд монгол эмэгтэйчүүдийг хормой султай, ихэнх нь биеэ үнэлэгчид гэсэн ойлголттой байдаг аж. Хөгшин солонгос эзэндээ оролдуулж, тэр ч бүү хэл бэлгийн харьцаанд орж цалингаа ахиухан авдаг эмэгтэйчүүд ч олон. Бас нэг хачирхалтай зүйл бол Солонгост эхнэрэээ нөхөрт гаргаж, нөхрөө эхнэрт гаргадаг моод монголчуудын дунд дэлгэрчээ. Мөнгөтэй солонгос эзэнд эхнэрээ хамтран амьдрагч хэмээн танилцуулаад богтолж өгөх жишээтэй. Энэ нь мөнгө олох гэсэн тэдний увиагүй бодол. Хэний ч санаанд оромгүй хачин сонин зүйл монголчуудаас л гарах юм даа. Хамтран амьдрагч гэсэн нэрээр эр эмийн харьцаанд орж, цаашлаад бие биедээ дасдаг нь монголчуудын даврамтгай зангийн илрэл. Эх орондоо хоног тоолон суугаа хайрт ханиа умартан хоёр дахь амьдралаа эхлүүлэх нь бий. Хүний газар хар ажил хийж, эрүүл мэндээрээ хохирсон хүн олон. Эх орондоо эргэж ирээд амьдрал нь нөгөө л хэцүүхэн байдалдаа ордог учраас арга ч үгүй биз. Гэтэл ганцхан амьдрах амьдралаа хүний нутагт ажлын мал шиг хар ажил хийж, зүтгэж барах гэж үү.

Өнөөгийн төрх

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button