PC тоглоомонд донтогчид амьдрал дээр аллага үйлдэн тоглож эхэллээ

Ингээд тэд багаас тоглосон тоглоомондоо донтож, жинхэнэ амьдрал дээр цус ямраар урсдгийг үзэх хүсэлд хөтлөгдөн алхах болсон юм биш байгаа.

Монголын залуус эцэг эхийнхээ мөнгөөр хүн алж тоглодог байсан. Одоо ч тоглодог хэвээрээ. Ирээдүйд ч тоглосоор байх төлөвтэй. Гэхдээ хүүхэд залуус маань компьютер дээр бус бодит амьдрал дээр хүн алж тоглоод эхэлчихлээ. Баянгол дүүргийн ҮI бичил хорооллын 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Бүрэн плаза худалдааны төвийн хоёр давхарт байрладаг ломбард руу хоёр этгээд дайрч, эзнийх нь хоолой руу хутгалан, амийг насыг бүрэлгэсэн хэргийн дуулиан хуучраагүй байна. Тэгвэл энэхүү аймшигт аллага үйлдэгч Р.Түвшинбаатар, Т.Ганзориг нар мөнөөхөн PC тоглоомонд донтогчид болж таарав.

Тэд ломбард дээрэмдэхээр урьдаас төлөвлөсний дээр хутга ханцуйлан орсон гэдгээ хүлээн зөвшөөрчээ. Ингээд ломбардны эзэн болох 58-60 орчим насны эмэгтэй эсэргүүцэл үзүүлэхээр нь хоолой руу нь хутгалж алсан гэж мэдүүлсэн байна. Энэ алхам нь хүн алж тоглодог залуусийн хувьд өчүүхэн ч эргэлзээ төрүүлээгүй нь лавтай биз ээ. Үйлдэл дээрээ баригдсан залуус Сүхбаатар дүүргийн X

хорооны 32-ын Б байрны 7, Баянзүрх дүүргийн Эрдэнэтолгойн 41-ийн 102 тоотод тус тус оршин суудаг бөгөөд оршин суугчдын хэлснээр бол тэд PC тоглоомын газрын байнгын үйлчлүүлэгч гэнэ. Боловсрол хүмүүжлийн хувьд доголдолтойн улмаас ийм хэрцгий хэргийг өдүүлсэн байх магадтай тул Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн дарга, цагдаагийн хурандаа Ц.Төмөрбаатараас энэ тухай тодруулахыг хүсэв.

Гэвч хэрэг мөрдөн байцаалтын шатанд явж буй тул тодорхой мэдээлэл өгөх ямар ч боломжгүй гэсэн хариу өглөө. Харин түүний ярианаас аллага үйлдсэн хоёр залуугийн аль аль нь эрхэлсэн тодорхой ажилгүй ч суурь хүмүүжлийн тухайд тийм ч дорой муу биш гэдгийг олж мэдэв.

PC тоглоомонд донтогчид бодит амьдрал дээр цуст аллага үйлдсэн тохиолдол анхных биш ээ. Яг үүнтэй адил хэргийг ТИС-ийн тэргүүний онц сурлагатан гурван оюутан үйлдэж байсан. Мөн л PC тоглох мөнгө олохын тулд Шатахуун түгээх станц дээрэмдэхээр шийдсэн тэдгээр залуу гэмгүй нэгний амийг хээв нэг бүрэлгэчихсэн. Хэдийгээр айлгах үүднээс хутгаа скочоор ороон орсон боловч өнөөх өөрөө түгээгчийг бүлж тоглосон нь хатуудсан шоглоом болж орхисон юм. Аливаа ял зэм хүлээлгэхэд суурь хүмүүжил нөлөөлдөг. Энэ үүднээс амьдрал дээр хүн алж тоглосон дээрх гурван залууд ялын дээд хэмжээ буюу цааз сонсгоогүй санагдана. Гэхдээ олон жилээр хорих ял эдлүүлэхээр шийтгэсэн. Манай улсад PC тоглоомын газар цэцэглэн хөгжөөд он удаж байна. Тулгар үеэс нь эхэлж тус тоглоомоор наадсан бяцхан хүү өдгөө нас биед хүрчээ. Ингээд тэд багаас тоглосон тоглоомондоо донтож, жинхэнэ амьдрал дээр цус ямраар урсдгииг үзэх хүсэлд хөтлөгдөн алхах болсон юм биш байгаа. Залуус PC тоглосоныхоо дараа хоорондоо хүн хөнөөдөг тоглоомынхоо талаар амьдчилан ярьдаг нь улмаар зохион байгуулалттай гэмт хэрэгт өдөөгдөхийн бэлээхэн хөрс болдгийг үгүйсгэхгүй. PC тоглоомын үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг Хууль зүй, дотод хэргийн яамны тусгай алба эрхэлдэг гэх. Гэтэл ийм алуурчин бэлтгэл дамжаанууд орц хонгил бүрт орогночихсон байгааг юу гэж тайлбарлахсан бол. Тус газруудад хаа ганц шалгалт хийдэг авч үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийн зөрчил төдийхнийг илрүүлэхээс бусдыг орхигдуулдаг. Дүүргүүдийн үйлчилгээ хариуцсан албаныхан бид шалгаад, бичиг баримтыг нь хураагаад явдаг. Гэсэн ч ахин үйл ажиллагаа явуулдаг. Хэн хаанаас зөвшөөрөл өгдөг нь тогтоогддоггүй гэж ярьсан.

Тэгвэл өнөөдөр бид ирээдүйгээ хүн алж тоглуулсаар байх уу гэх асуулттай нүүр тулчихлаа. Хүүхэд залуус маань аль хэдийнэ амьдрал дээр тоглоод эхэлчихээд байхад эцэг эхчүүд хүүхэддээ Хүн алж тогло гээд мөнгө илүүчлэн илгээсээр. Монголын Тоглоомын донтон хэмээх аймшгийн кино дэлгэцнээ гараад удаагүй. Түүний рекпамны ролик үнэхээр хирдхийлгэм. Тоглоомонд донтогчид бодит амьдрал дээр хүн алж тоглож эхэллээ. Амьд харихийг хүсье.

(Нийгмийн толь 064/156)

Д.ДАМДИНЖАВ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button