Уяаг нь уртасгаж, угаадсыг нь ахиухан өг

Улс төрийн хүрээнийхнийг хоёр хувааж болох юм. Нэг нь монголдоо амьдардаг атлаа гадаадын баячуудаас ч дутахааргүй хангалуун амьдарч байгаа хөрөнгөтнүүд, өнөөх нь гадаадын баян оронд нэр хүндтэй дипломат хэмээх албанд байгаа атлаа монголын ард түмэнтэйгээ адил хэмжээнд аж төрж байгаа нөхөд. Монгол улсад хэрүүл хийгээд л танхимд суугаад байдаг атлаа суга баяжигсадын хажууд ард түмэн эх орноо гадаадад төлөөлөн суугаа нөхөд тэнгэр газар, тэмээ ямаа шиг ялгаатай. Сүүлийн үед монгол улсад өрнөөд буй асуудлаас болж олон түмний анхаарал банкуудад тогтоод буй. Түүнд нь улс төрийн хүрээнийхэн хүзүү сээрээрээ холбогдсон нь чихтэй болгоны чихийг дэлдийлгээд орхисон. Толгой хагаравч малгайдаа, олгой хагаравч тогоондоо гэдэг шиг монголд өрнөж буй энэ байдал ингэсгээд ард түмэн хохироод л үлдэнэ. Өмнө нь гарч байсан удаа дараагийн хэргүүд буруутныг гэсгээж байгаа нь энэ гээд л шоронд хориод л хамгийн гол нь хохирогчид хохирлоо барагдуулж чадалгүй хоцрох нь бий. Гэтэл европын орнуудад элчин сайд болон суугаа, тэнд ажиллаж буй Монгол улсын төлөөлөл удаа дараалан хэл ам таталж, хэрэг төвгийн эзнээр тодрох болов. Уяаг нь уртасгаж, угаадсыг нь ахиухан өгөх-гүй байгаа учир ийнхүү улс орны нэрийг баастаж,таван ширхэг тамхитай холиж хутгах болжээ. Монгол хүн хаа явсан газардахгүй хэмээн нэгнийгээ тэнгэрт хөөргөдөгийн хар гай. Нөгөө хэд нь цалингаа бид авахгүй гээд л пээдийж суугаа байж ч магад. Аргагүй шүү дээ 20, 30 сая ширхэгээр нь тамхийг борлуулж байгаа юм чинь энд байгаа хэрүүлч нөхдөөс илүүтэй ухаанаа уралдуулж амь зуудаг болсон юм чинь. Хүмүүсийн хэлж яриж байгаа үгнүүд их сонин. Монгол хүмүүс хаана ч байсан өрөвч нинжин сэтгэлтэйгээрээ зартай. Хөөрхий минь харийн нутагт хэцүүхэн байгаа биз, энэ хэд нь цалин мөнгө муу өгдөг болохоор арга буюу ийм хэрэгт холбогдоо биз, гээд л урсгаж байнаа. Цалин тэтгэврийн хэмжээ багаар ч гэсэн нэмэгдэж буй нь гадаадад суугаа тэдэнд хүрэхгүй байгаа юм болов уу. Монгол улсын нэрийн өмнөөс буурал тивийн орнуудтай хэл амаа ололцож буй нөхөд нь дээхнэ үеэс л нэр нь цуурайтах болсон. Харин түүнийг нь цаг тухай бүрт нь нүдээ гараараа дараад л хараагүй мэдээгүй юм шиг өнгөрөөж байсан юм билээ. Бүхэл бүтэн улс орны дүр төрх болж буй хүмүүсийг хамаагүй хэлчихвэл өрөвдөлтэй Монгол улсын үнэ хүнд нь европын газар нутагт шороо бужигнуулан унана гэж бодсон байх. Тэгтэл өрөвдсөн хүн өр лүү өшиглөв гэгчээр ийм хэрэгт удаа дараа холбогдоод байна. Дахин нууцалвал зохих байгууллагууд нь хам хэрэгтэн болно. Тэрхүү нууцлагдан өнгөрсөн хэрэг 2004 онд гарсан гэж байгаа. Хэргийн эзэн нь Монголд ирчихсэн хаа нэг төрийн албанд л тухайн үеийнхээ хийсэн хэргийг домог болгон яриж суугаа байх. Мэдээж гадаадын улс орнууд хөгжлөөрөө, ард түмнийхээ амьдрал ахуйгаараа ч биднээс холоо тасарчихсан. Тээр жилийн наадмаар Сүрэнхорын хээр азарга тасархай түрүүлээгүй юу, түүн шиг л. Тэдэнтэй адил амьдрах гэж хэтэрхий их хичээснийнхээ төлөө ийнхүү шавартай хутгалдав. Энэ удаа Германд суугаа гадаадын дипломатуудын хууль бус үйлдлийн тухай тэдний Шпигель сэтгүүлд дэлгэрэнгүй мэдээлэл гаргажээ. Энэ сэтгүүлийг бараг л бүх германчууд уншдаг гээд бод доо, онигоотой юм. Түүнд нь Монголын нэр давхиж явсан нь гайхал төрүүлж бүр энэ хууль бус тамхины хэргийн гол баатар болон зураг нь гарах шахсан юм билээ. Сайхан л хэрэг, тийм том сэтгүүлд эх орноо сурталчилсан хүнд гар-уудад баярлах хэрэгтэй юу. Монголд анхаарлаа хандуулахгүй болохоор нь иймэрхүү арга хэрэглэсэн үү. Бид тэднийг өмгөөлөх гэсэнгүй, зүгээр л нөхцөл байдлын гарсан шалтгааныг олон талаас нь тодруулах гэж хичээв. Берлин дэх Монголын Элчин сайдын яам тамхины наймааны сүлжээний гол төв, зохион байгуулагч нь гэжээ. Тэнд манайхан мафиас дутахааргүй томорсон байна шүү. 20 сая тамхи гэдэг бага тоо биш. Манай улс жилд гадаадаас 10 сая хүрэхгүй тамхи оруулж ирдэг бол түүнээс хэдэн зуу дахин бага тамхийг дотооддоо үйлдвэрлэдэг юм байх. Тэгэхээр Монгол улсын нийт тамхичидын хоёр жилийн хэрэгцээг өлхөн хангачих хэмжээний тамхийг Монголын ЭСЯ-ны дипломат ачаа нэрээр оруулж ирсэн байгаа юм. Мөн ч бөх зүрхтэй шүү, монголчууд. Вена дахь ЭСЯ-ны ажилтан С.Даваадорж тамхи машиндаа ачиж яваад Украйны хил дээр баригдаж шараа болсон. Мөн тус элчингийн ажилтан Эрдэнэ гэгч нөхөр ийм хэргээр аавын хаалга татаж тэндээ суугаа юм байх. Энэ мэт асуудалд одоогийн Гадаад хэргийн сайд ямар арга хэмжээ авах нь тодорхойгүй байна. Түүний ажлаа бүрэн гүйцэд хийхгүй байгаагийн нэг илрэл. Эндээс тэдний ажлыг зохицуулж, үүрэг даалгавар өгөх ёстой атал дураар нь дургиулж дунд чөмгөөр нь жиргүүлж байж монгол улсыг монголын ард түмнийг европ даяар доромжлов. Гадаад хэргийн сайд Н.Энхболдод бас л бурууг хуваан оноох хэрэгтэй. Гадаадад томилогдсон ЭСЯ-ны ажилчид ажлаа аваад удаагүй байгаа. Төрийн албыг ямар нэр хүндгүй болгож байгаа хүмүүс олон бий. Харин гадаадад ингэж хэрэг төвөгт орооцолдож байсан түүх ховорхон юм шүү.

Өнөөгийн төрх

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button