Дархан аварга Х.Баянмөнх Аль ч талаасаа бодсон монгол бөхөд над шиг амжилт гаргасан хүн байхгүй

Үндэсний үйлдвэрлэлийн Алтан хүнс групп байгуулж, үүнээс олсон орлогоороо олимпийн дэвжээнд Монголын нэрийг цуурайтуулах тамирчин бэлтгэх Олимп дэвжээ байгуулснаа албан ёсоор мэдэгдсэн. Далай аваргыг гараас нь хөтөлж Монгол бөхөд хөл тавиулсан дархан аварга Х.Баянмөнх ч энэ үйл хэрэгт нь гар бие оролцож байгаа. Монгол бөхөд Х.Баянмөнхийнх гэх орон зай, дуу хоолой, том жин дардаг. Нэг үгээр үүнийг Монголын бөхөд Х.Баянмөнх, А.Сүхбатын гэх том школ, шинэ үе төрөн гарах эхлэл гэж болох юм. Тэртэй тэргүй зөрчил нь дээд цэгтээ тулаад буй Монгол бөхийн ертөнц дэх бохир тоглоом-ын тухай ч тэрээр нуулгүй ярьсан.

-Та бол Үндэсний бөхөд амьдралаа зориулсан хүн. А.Сүхбат аваргыг зодог тайлсныг янз бүрээр тайлбарласаар өдий хүрлээ. Таниас энэ тухай асуухгүй өнгөрч болохгүй?

-Ер нь бэлтгэл дасгалдаа ороод барилдах юм бол А.Сүхбат бол удмын, том арал биеэр барилддаг хүн биш шүү дээ. А.Сүхбат өөрийнхөө эр зориг, онцгой авъяас, өвөрмөц барилдаанаараа барилддаг хүн. Тийм учраас энэ хүн эргээд бөх рүүгээ ороход ер дутаад байх юм байхгүй. Гэхдээ сэтгэл санааны хувьд бол нэгэнт зодог тайлчихсан гэдгээ хэлчихэж чадна гэдэг нь өөрөөр хэлбэл тархиндаа бодож байж ийм шийдвэрийг гаргасан гэсэн үг шүү дээ. Тийм юм бодчихсон хүн дахиад барилдана гэдэг төвөгтэй тал байх.

-Таны харамсал цочроо бага боловч эвлэрч эхэлсэн байх?

-Харамсаж байгаа. Ийм шийдвэр гаргасныг нь би мэдээгүй байсан. Урьд нь нэг ийм асуудал байна. Наадмын дараа яръя гэж байсан юм. Гэтэл өөрөө тэгээд шийдчихсэн. Ер нь энэ бол манай бөхийн ертөнцөд байгаа муу муухай юмнуудын илрэл шүү дээ. Нутаг ус танил талаар гадуурхдаг, багш шавь нь хэн гэдгээр үздэг, яс үндсийг нь хүртэл үздэг нийгмийн хоцрогдол бөхийн ертөнцөд байгаагийн илрэл юм шүү дээ. Одоо сүүлдээ допинг хэрэглэсэн нэр авах гээд байна. Допингоор А.Сүхбат төдийгүй өчнөөн сайхан залуусыг сэтгэл зүй, нэр төрийн дарамтанд оруулж байна ш дээ. Шал дэмий ийм зүйл гаргаж ирж, хүмүүс өөрсдийнхөө тэмцэлд ашиглаж байна. Нөгөө талаар уначихаар зэрэг буугаад өгчихлөө, мөнгө авчихлаа гэж ярина. Мөнгө өгч, авах асуудал бөхөд ид явагдаж байгаа. Тэрэнд хутгалдаж болохгүй. Эцсийн эцэст хүн гэдэг бол нэг л амьдардаг нас, нэр төр шүү дээ. Өөрөөр хэлбэл хүн амьд байна гэдэг бол хойч үедээ үлдээх түүхээ бичиж буй хэрэг. Тэгэхээр түүхийг яаж бичих вэ. Нэгэнт энэ хүн чинь Монголын нэртэй бөх болчихлоо шүү дээ. Одоо түүхээ яаж бичихээ л бодож явна. Уг нь миний хүү спортод амь амьдралаа зориулж, үүнээс ч илүү их амжилт гаргах зорилготой байсан юм. Харамсалтай нь тэр зорилгодоо хүрч чадсангүй. Тэр зорилгоо Олимп дэвжээ байгуулж, өөрийн сурч мэдсэн бүх зүйлээ хойч үедээ өвлүүлж, түүгээр дамжуулж мөрөөдлөө биелүүлэх гэж байна. Монголын ард түмэнд нэг зүйлийг онцолж хэлэхэд цаашид Олимп дэвжээний бөх гэвэл А.Сүхбат барилдаж байна гэж ойлгоорой. Өөрөө барилдахгүй гэсэн учраас эрдэм ухаанаараа шавь нараараа дамжуулж барилдах гэж байгаа юм. Олимпын аварга болбол А.Сүхбат аварга боллоо гэж сэтгэхэд илүүдэх юм байхгүй. Ийм маягаар л өөрийнхөө бөхийн үйлсийг энэ хүн мөнхжүүлэх гэж байгаа юм шүү.

-Таны энэ ярианаас Х.Баянмөнх гэдэг хүн Монгол бөхийн ертөнцөд ганцаарддаг, гадуурхагддаг гэж ойлгохоор байна?

-Тэгж болохгүй ээ. Би бол ер нь ганцаарддаг. Гэхдээ өөрийнхөө хөдөлмөр тэмцэл, оюун ухаанаараа бэлтгэл дасгалаараа дийлээд гараад ирсэн хүн шүү дээ. Өнөөдөр аль талаасаа ч надтай харьцуулах амжилтанд хүрсэн бөх байхгүй. Тэгэхээр би ялалт байгуулчихсан хүн. Гэхдээ хойч үед энэ зовлонг эдлүүлэхгүй гэж тэмцэж яваа хүн. Миний болоод миний хүүхдүүдийн асуудал одоо шийдэгдлээ. Одоо дараагийн хойч үеийн залуу бөхчүүдээ ийм байдалд байлгахгүйн төлөө ажиллаж байгаа болохоос өөрийнхөө, хүүхдийнхээ төлөө ажиллаж байгаа юм биш.

-Олимп дэвжээний бөх болохын тулд ямар шаардлага хангах ёстой бол гэж олон эцэг эхчүүд сонирхож байгаа нь лав ?

-Хамгийн гол шаардлага бол бөх болох чин хүсэлтэй байх юм. Ерөөсөө амьдралаа спортод зориулна гэж л ойлгох хэрэгтэй. Ямар нэгэн шалтгаанаар замын дундаас өөрийн дураар гарах, гадаадад сурч байна гээд орхиод явах боломжгүй. Ганцхан л бодолтой байх хэрэгтэй. Үүнийг тамирчдаас шаардана. Улайх, инээх, муудалцах юм бишгүй гарна. Угаас ийм байж байж олимпод хүрдэг. Сумог хар. Манай Д.Дагвадоржийг аварга л гэнэ. Аварга болох гэж ямар зам туулсныг хэн ч мэдэхгүй. Тэр хулсан ташуурын амтыг үзэж байж л аварга болно шүү дээ. Одоо харахад л нэг сайхан аварга. Тэр чинь аварга цолтой аав ээжээс унаад ирээгүй шүү дээ. Уйлж, унжиж наана цаана болж явж ийм өндөрлөгт хүрч байгаа. Хүүхдүүдийг тэгж айлгаад яахав. Гэхдээ ер нь систем нь ийм юм. Учиргүй ингээд ярьчихвал зарим нь айгаад зугатаж байж магадгүй юм. Бид 15 настай хүүхдүүдийг бүртгэж элсүүлнэ. Бүртгэл 2007 оны 8-р сарын 24-ний билэгт сайн өдөр болох цагаан бар өдөр болно. Бүртгэл 7 хоногийн хугацаатай явагдаад 9-р сарын 1-нд хичээл эхэлнэ. Бэлтгэл хийх заал танхим, мөнгө хөрөнгөний асуудал бүгд шийдэгдсэн. Бүртгүүлэхээр ирэхдээ ээж, аавынхаа аль нэгтэй нь хамт ирэх ёстой. Бид ээж, ааваар нь анкет бөглүүлээд, гэрээ байгуулна. Дор хаяж 8 жилийн гэрээ байгуулна. Аав, ээжээр нь яагаад анкет бөглүүлэх гээд байна гэвэл удам сударт нь бөх хүн байсан эсэх, аав ээж нь ямар ажил хийдэг, нэг газраа хичнээн жил ажилласан юм, ямар нэг зүйлийг хийхдээ төгсгөлд нь хүртэл хийх чадвар эцэг эхэд нь байна уу, эрүүл мэндийн хувьд ямар юм. Удмын өвчтэй хүн байвал яах юм. Энэ мэтчилэн маш нарийн зүйлийг шалгуур болгож бид хүүхдүүдээ сонгож авна. Эхний ээлжинд 40 хүүхэд авах бодолтой байгаа.

-Та бол бөх таньдаг мэдрэмжтэй, бас бэлтгэл сургуулилт хийлгэх агуу философитой хүн. Олимп дэвжээний хүүхдүүдэд л та энэ эрдмээ өвлүүлэх үү?

-Олимп дэвжээ бол олимпийн аварга бэлтгэх л зорилготой юм шүү дээ. Тиймээс босго маш хат.уу. Манайхан Олимпийн аварга бэлтгэнэ гээд хэдэн хүүхэд цуглуулж аваад, спортын ордны секцэнд бүртгүүлчихдэг. Тэд нь нэг нэг цүнх үүрчихээд ороод гараад явдаг. Ийм биш. Хүн тодорхой хатуу дэглэмтэй байж амжилт гаргадаг. Олимп дэвжээ манайхны тамирчдаа бэлтгэдэг арга барилаас огт өөрөөр бэлтгэлээ хийлгэнэ. Манайхан өнөөдөр хүүхэд авна, маргааш нь барилдуулдаг. Энэ бол аймшигтай юм шүү дээ. Бид эхний 2 жил үндсэн бэлтгэлийг нь хийлгэнэ. Үүний дараа чиний стиль, хөдөлгөөний эв дүй ийм бөхөд таарах юм байна гээд жүдо, эсвэл чөлөөтөд хуваарилна. Энэ 2 жилд бид байшингаар бол маш бат бөх, өргөн хүндаам тавьж өгнө. Ер нь 2 жил дасгал хийж байсан хүний бие организм, судас шөрмөс, зүрхнийх нь үйл ажиллагаа, үе мөч нь спортод дасгалжиж уян хатан болдог. Тэгж байж барилдахгүй бол зогсож байгаад гэнэт ухасхийсэн хүний ууцанд нь юм орчихдогтой адил юм болно шүү дээ. Одоо үндэсний бөхөөр барилдаж байгаа хүүхдүүдийг хараад би айж байна ш дээ. Зүгээр сонирхдог хүүхдүүдийг авчраад барилдуулах юм. Зарим нь бүр кеттэй барилдаж байх юм. Бөхийн анхны мэдэгдэхүүнгүй хүүхдүүдийг барилдуулж байна гэдэг алж байгаа байхгүй юу. Та нар тэр сумог хар. 150 кг жинтэй хүн уначихаад зүгээр босоод ирж байна. Яагаад гэвэл тэд унаж сурсан. Бөх хүн бүтэн нэг жилийг унаж сурахад зориулдаг юм. Амьсгаагаа зөв авдаг, унадаг газраа мэддэг, тэнцвэрээ олдог бол цементэн дээр унасан ч тоохгүй. Ийм ийм нарийн юмнуудыг бид эхний 2 жилд зааж, эзэмшүүлнэ.

-Энэ бол чамгүй том төсөл юм байна. Ингэхэд эцэг эх, ар гэрээс нь ямар нэг төлбөр, зардал гарах уу?

-Тийм юм байхгүй. Бид нэгэнт сайн санааны үйлс хийж байгаа учраас нэгэнт А.Сүхбат маань өөрийнхөө хүрч чадаагүй оргилдоо тэр хүмүүсийг хүргэх гэж байгаа учраас тэр бүх зардал, мөнгийг өөрөө даана. Өөрөөр хэлбэл Алтан хүнс групп бүх зардал мөнгийг гаргахаас гадна хоол хүнсийг нь бэлтгэнэ. Би бодож байна, удахгүй бараг 2008 оноос нэг үгээр дараагийн их хурал хавиас нийгмийн салбарт хувь нэмэр оруулсан пүүс компаниудыг тодорхой хувиар татвараас чөлөөлж өгөх хууль гарах байх гэж итгэж байна. Энэ бол одоо тулчихсан байгаа асуудал шүү дээ. Одоохондоо эрх мэдэл бүхий хүмүүс үүнийг хараахан ойлгож амжаагүй байна. Улс орноо хөгжүүлэх гэж л байгаа бол энэ асуудлыг шийдэх ёстой. Гэхдээ Алтан хүнс групп баахан зардал гаргачихаад, идүүлж уулгачихаад За баяртай гээд зүгээр явуулахгүй. Бүгдийг цаасан дээр бичнэ. Жишээлбэл, Бадамдорж хичнээн төгрөгийн хоол идсэн, хэдэн төгрөгийн цалинтай багшаар хичээл заалгасан юм, ямар өрөө тасалгаанд хичээллэснийг нь нэг бүрчлэн данс нээж бичнэ. Энэ бол сүүлд нь төлүүлэх гэж байгаа юм биш хариуцлага тооцох гэж байгаа арга. Дараа нь эцэг эхэд нь танай хүүхэд манайд ийм юм заалгаж, ийм юм идсэн гэж танилцуулна. Хэрэв явж байгаад хаяад явчихвал ер нь л нэхэх тийшээгээ хандана шүү. Тиймээс эргэж төлөгдөх биш эргэж тооцох нөхцөлтэйгээр гэрээ байгуулах юм.

-Ингэхэд Алтан хүнс групп байгуулагдаад хэдэн жил болж байгаа вэ? Санхүүгийн эх үүсвэрээ хаанаас авсан бэ?

-Алтан хүнс групп гэдэг бол саяхан байгуулагдсан. Энэ зунаас. Гэхдээ групп дотор байгаа бусад үйлдвэрүүд өмнө нь байгуулагдчихсан байсан. Хэд хэдэн жил ажилласан үйлдвэрүүд байгаа. 3 төрлийн үйлдвэр байгаа.

-Еренхий захирлаар нь А.Сүхбат аварга ажиллаж байгаа. Үүнийг Х.Баянмөнх гэж гэр бүлийн бизнес, хүүхдүүд нь ажиллаж байгаа гэж ойлгож болох уу?

-Үгүй болохгүй. Манай хүүхдүүдээс тэнд байхгүй. Энэ бол А.Сүхбатын өөрийнх нь бизнес. Би олимп, галын асуудлыг л хариуцаж байгаа болохоос тэр үйлдвэрийн талаар надад мэдэх юм байхгүй. Бүр 5, 6 жил ажиллачихсан, маш өндөрт гарчихсан үйлдвэрүүд дотор нь байгаа ш дээ.

-Хүүхдүүд бүтэн жил тэндээ байрлаж, бэлтгэлээ хийх үү?

-Үүнийг одоохондоо ярихад эрт байна. Манай байгууллагын дотоод журамтай холбоотой зүйл. Хүүхдүүд маань ямар бодолтой байхыг бодолцох хэрэгтэй. Бүтэн жил байрлуулж болно. Гэхдээ энд муу тал бас байдаг. Хятадын тамирчид бол ерөөсөө биеийн тамирын ангид ороод л гэр бүлээ мартаж дотуур байранд амьдардаг. Өглөө босч бэлтгэлээ хийнэ. Германд гэтэл үүнээсээ эсрэг байдаг. Бүр гэр бүлтэй нь авчирчихсан бэлтгэлийг нь хийлгэж байдаг. Олимпод бэлддэг газар нь орон сууцтай, гэр бүлээрээ амьдрахад зориулагдсан байх жишээтэй. Хоол хүнснийх нь 20 хувийг хувиасаа, 80 хувийг улсаас гаргадаг байх жишээтэй. Энэ мэт янз бүрийн вариантууд бий. Үүнийг бид тухайн үед нь шийднэ. Түүнээс гадна 15 нас гэдгийг ихээхэн бодож байж шийдсэн. Уул нь 12 наснаас бэлтгэл эхлэх ёстой. Гэхдээ энэ бол тийм ч оновчтой нас биш. Сөрөг үр дагаварууд бий. Ямартай ч ихэнх бэлтгэл сургуулилтаа хөдөө цэвэр агаарт хийлгэнэ.

-Хотын бүгчим агаар, утаанаас зугатаж байгаа хэрэг үү?

-Ерөөсөө Улаанбаатар хотын утаан дунд олимпийн аварга бэлтгэнэ гэдэг хэцүү. Тийм учраас бид хөдөө байгаа гурван бааз дээрээ бэлтгэлээ хийлгэж, сэргэлтээ авна. Алтан хүнс группийн харъяа Тэрэлжийн амралтанд байгаа бааз, бас манай Гачууртад байдаг Од бааз, бас А.Сүхбатын Ээлт хад гэдэг бааз байдаг, А.Сүхбатын өөрийн галын бөхчүүд бэлтгэлээ хийдэг бааз. Энэ гурван газар ер нь бидний тооцоолж байгаагаар жилийн 9 сард нь бэлтгэлээ хийнэ. Ердөө 3 сард нь л хотод байна гэсэн үг. Ер нь тамирчин хүнд агаар, хоол хүнс маш чухал байдаг.

Хооллолтын асуудлыг бид ярилцсан. Тусгай жороор бэлтгэсэн хоол хүнсийг тамирчдад өгнө. Зүгээр нэг боорцог, лапшаа идээд амжилт гаргахгүй.

-Багш нар нь ямар хүмүүс байх бол?

-Одоо судлаад, эхнээсээ гэрээ хийж байгаа. Ерөөсөө дэлхийн аваргын медальтай, олимпийн шагналт байранд орж байсан, 8 жилээс доошгүй их спортоор хичээллэж байсан хүн байх ёстой. Өөрөөр хэлбэл олимп гэж юу байдгийг бие сэтгэлээрээ туулж мэдэрсэн байх нь чухал. Яг тэр олимпийн наадамд очоод накат эргэх гэж байхад яадаг юм бэ? Бидний харж байхад нэлээн сайн нэртэй бөхчүүд накат эргэхэд нүднийх нь хараа буруу байдаг. Нүднийх нь хараа буруу байгаа учраас тэр накатыг буруу эргэчихдэг. Уг нь накат даваад яг эргэх агшинд нүдээ шилжүүлэхэд л нүдний хараа тогтдог байхгүй юу. Энэ мэт нарийн юмнуудыг дадлагын багш нар заана. Нэг хүн олимпод түрүүлбэл энэ бол зөвхөн тухайн хүний асуудал биш. Үүний цаана тухайн улсын эдийн засаг, нийгмийн хөгжил, хүмүүсийнх нь сэтгэлгээний хөгжлийн түвшингийн үзүүлэлт юм шүү дээ. Өнөөдөр хүн төрөлхтөн буу шийдэм агсан дайтахаа больчихоод спортын талбар дээр хүнийхээ нөөцөөр байлдаж байна. Тиймээс А.Сүхбат бид Монголын нэрийг дэлхийд гаргах олимпийн аварга төрүүлэхийн төлөө энэ бүхнийг хийж байгаа.

М.Уранчимэг

Монголын нэг өдөр

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button