НХХ-ийн сайд Д.Дэмбэрэл Зуучлах товчоо-г тэр чигээр нь хаяхгүй

Өнөөдөр л өгөөд маргааш болчих юм шиг Монгол хүний адгуу зан дээрээс нь бор хоногоо аргацаасан ядуу зүдүү байдал нь тэднийг ийн дайтахад хүргэж байгаа биз. Харин НХХ-ийн сайд Энэ асуудал удахгүй цэгцэрч ажил жигдэрнэ гэж амлаж байна.

-Хүүхэд бүрт олгох 25 мянга төгрөгөө авах гэсэн хүмүүсийн хөлдхаламжийн газрууд дарагдлаа. Энэ ажид ямар түвшинд явна?

-25 мянган төгрөг банкуудад мөнгө нь шилжээд оччихсон. Ард иргэдийн гар дээр очиход бэлэн болсон. Шинээр олгож байгаа учир хүн бүр зэрэг зэрэг давхиад очихоор бэрхшээл учирч байгаа байх. Өнгөрсөн онд 800-гаад мянган хүүхдэд cap бүр 3000 төгрөгийг олгох баримт бичиг бүрдүүлсэн. Гэтэл одоо 250-иад мянган хүүхэд шинээр баримт бүрдүүлэх шаардлагатай болж байгаа. 3000 төгрөгөө боломжтой айлууд авахгүй байсан юм билээ. Тэд 100 мянган төгрөгийн эхний хэсгийг нь олгоод ирэхээр ач холбогдол өгч материалаа бүрдүүлэх гэж яваа. Би энэ асуудал дээр хүндрэл гарч байгаа байх гэж бодож байна. Түүнээс биш хуучин 3000 төгрөг авч байсан улсуудад материал бүрдүүлэх асуудал байхгүй. Би газар дээр нь шалгаж үзсэн. Асуудал алга байна лээ. Гэхдээ их хэмжээний мөнгөний урсгал гарч хүмүүс олноор ирж байгаа учир үйлчилгээ хүнд байна. Үүнийг ард иргэд ойлгох байх. Техник ажил их байгаа л даа. Үүнийг нэг хийгээд авбал яваандаа гайгүй болно л доо.

-Хадгаламж банкаар дамжуулж буй хүүхдийн мөнгө эрсдэлд орох вий гэх болгоомжлол танд байгаа биз дээ?

-Энэ мөнгө гурван том банкаар дамжиж явж ирсэн. Төрийн өмчид байсан Хадгаламж банкаар дамжаад нэлээд үйл ажиллагаа явагдаж байсан. Монгол банкинд бид асуудал тавьсан. Хадгаламж банкны ирээдүйн төлөв, хүүхдийн мөнгө аливаа нэгэн рискэнд орчихгүй байх үүднээс энэ банкны ерөнхий стандартын төвшин, үйл ажиллагааны үзүүлэлтүүд ямар байгаа цаашид яах тухай Монгол банкнаас зөвлөгөө авахаар хандсан. Өнөөдөр энэ банк учир начраа алдчихлаа. Иймээс бид энэ банкаар дамжуулах мөнгөө зогсооё гэж би үзэхгүй байна. Мөнгө шилжих ажиллагаа урьдынхаараа явж байгаа. Өнөөдөр мөнгө өгөөд эхэлчихсэн учраас өөр банкинд шилжүүлнэ гэдэг бол техникийн болон бусад ажиллагааны том хүндрэл, чирэгдэл үүснэ. Хадгаламж банкинд олон мянган иргэдийн хадгаламж байгаа. Бид ийм үйл ажиллагаа явуулах юм бол тэд ч бас дагаад мөнгөө татах тухай ярина. Тэгвэл өдий төдий хүндрэл гарна. Тиймээс би энэ банкны үйл ажиллагааны сайн мууг хэлж мэдэхгүй байна. Монгол банкнаас одоогоор тэг ингэ гэсэн зөвлөмж өгөөгүй. Бодвол энэ банкны үйл ажиллагааг хэвийн түвшинд явуулах арга хэмжээ авч байгаа биз.

-Шинээр гэрлэгсэд гомдолтой байгаа. Зарим нь мөнгөө аваад зарим нь авч чаддаггүй гээд?

-Өнгөрсөн онд 12-13 мянган хүн гэрлэх тооцоо хийж төсөвт мөнгө оруулсан. Гэтэл үнэн хэрэг дээрээ энэ тоо 2 дахин нэмэгдсэн. Үүнээс үүдэлтэй өнгөрсөн онд 20 гаруй мянган шинээр гэрлэсэн залуус мөнгөө авч чадаагүй. УИХ-ын хаврын чуулган эхэлсний дараа төсвийн тодотгол хийх байх. Энд 2006 онд гэрлээд мөнгөө авч чадаагүй залуусын 12 тэрбум төгрөгийг суулгаж өгнө. Тэгэхээр энэ мөнгөө 5-6 сард авна гэж ойлгох хэрэгтэй. Харин 2007 онд гэрлэсэн хүмүүсийн мөнгө төсөвт суучихсан учраас тэр зориулалтаараа зарцуулагдаж байгаа.

-Зуучлах товчооны дарга цэргийн асуудал юу болж байгаа вэ? Баахан хүмүүс шалгалтанд орчихсон атлаа явж чаддаггүй уур бухимдал болж байгаад та юу хэлэх вэ?

-Энэ асуудал нэлээд хүндрэлтэй байгаа. Өнгөрсөн оны 6 сараас хойш ажил үндсэндээ зогсонги буюу маргаантай байдал үргэлжилж байна. Нэрээ байршуулсан ч Солонгос явж чадахгүй байна гэсэн маргаан үүсч байгаа юм билээ. Ер нь энэ бол томоохон асуудлыг шийдэж байж шийдэгдэнэ. Бид Засгийн газрын хуралдаанд асуудал оруулж Солонгосын талын тавиад байгаа төрийн өмч давамгайлсан байгууллагаар дамжуулна гэсэн саналыг үндсэндээ шийдэж дууслаа. Засгийн газрын шийдвэр гарсан. Үүний дагуу төрийн өмч давамгайлсан компани байгуулахаар хуулинд заасны дагуу ТӨХ асуудлыг шийднэ. Тэдэнд тийм эрх үүрэг нь бий. Тэр дагуу шийднэ. Миний мэдэж байгаагаар ТӨХ хуралдаж энэ байгууллагыг байгууллаа гэж хэлсэн. Солонгосын талын тавиад байгаа шаардлагыг биелүүлсэн тухайгаа би Солонгосын элчин сайдтай уулзахдаа хэлсэн. Би Солонгосын элчин сайдад дараачийн шалгалтаа ойрын үед хийгээч гэсэн санал тавьсан. Үүнийг Солонгосын элчин сайд нааштай хүлээж авч ирэх 4 сард заавал шалгалт авах хүмүүсээ ирүүлнэ, хориг цуцлагдлаа гэдгээ мэдэгдсэн. Үүний өмнө Зуучлах товчоо асуудлаа цэгцлэх ёсгой. Дахин шалгалт хийхийн өмнө хуучин шалгалт авсан хүмүүсээ яах вэ гэдэг дээрээ тодорхой санал ирүүлэх учиртай. Санал ирүүлээгүй байгаа. Энэ асуудалд анхаарал тавьж өгөөч гэж олон нийт хүсч байгаа. Бид ч анхаарна. Зуучлах товчооны

нөхдүүдийн телевизээр ярьж байгааг сонссон. Буруу боллоо. Мөнгө байгаа. Мөнгийг буцааж өгье гэж ярьж байна лээ. Үүнийхээ дагуу арга хэмжээ авах байх гэж бодож байна.

-Төрийн өмч давамгайлсан компани байгуулахаар Зуучлах товчоо яах вэ? Хаягдах уу?

-Зуучлах товчоо тэр чигээрээ хаягдаад байгаа юм байхгүй. Бид төрийн өмч давамгайлсан байгууллагаа байгуулна. Энд Зуучлах товчоо оролцох ёстой гэж бид хэлж байгаа. Зуучлах товчооны оролцооны асуудлыг ТӨХ дүрэм журмаараа шийднэ. Хэн ямар хэмжээтэй оролцох нь дүрэм журмаар зохицуулагдана. Компани болгон өөрийнхөө дүрмийг батладаг. Тэр дүрмэндээ Зуучлах товчоо хичнээн хувь байх юм, хэрэв өөр байгууллага оролцох бол хэдэн хувь байх юм гэдгийг ТӨХ-ны заавраар шийднэ.

-Таныг анх НХХ-ийн сайд болж байхад гуравхан cap ажиллаж мэднэ гэж байсан. Гэтэл одоо Засгийн газрын бүтцийг өөрчлөх асуудал өөр тийшээ явж байх шиг?

-Манай нам Засгийн газрын ганц, нэг хүнийг өөрчлөх асуудлыг яриагүй байх. Бүтцээ цаашид яаж боловсронгуй болгох вэ? Ямар үед бүтцийн асуудлыг шат дараалан хийх вэ гэдэг улс төрийн бодлого чиглэлийн зөвлөмж өгсөн. Харин Засгийн газрын бүтцийн асуудлыг яаж хийх нь ерөнхий сайдын хуулиар заасан бүрэн эрхийн асуудал. Аливаа нам бодлогын түвшинд чиглэл өгдөг. Тэр чиглэлийн дагуу л хийгдсэн ажил. Үүнийг УИХ дахь МАХН-ын бүлэг ярилцаж байж шийднэ. Хүмүүс МАХН-ын удирдах зөвлөл тийм яамыг хас, ийм яамыг нэм гэж заачихлаа гэж ойлгоод байгаа. Нам бол тийм юм хийдэггүй. Тэр зарчмаараа явж байгаа. Намуудын улс төрийн бодлогоор Засгийн газрыг заавал өөрчлөх шаардлагатай гэвэл болох л юм. Жилийн дараа Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа дуусна. Энэ хугацаанд Засгийн газраа заавал хөдөлгө гэж хатуу чиглэл өгөх эсэх нь бодлогын түвшинд шийдэх асуудал. Манай яамыг цомхотгох асуудал ярьсан хүн байхгүй байгаа биз дээ. Тэгээд ч нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамны ачаалал их, хийх ажил нь барагдахгүй л байна.

-МАХН-ын Удирдах зөвлөл залуучуудын байгууллагадаа болж буй асуудалд чих тавьж байна уу. Таг чиг л байх юм?

-Тэгсэнгүй ингэсэнгүй гэж зэмлээд байх юу байхав. Гэхдээ манай намын нэртэй холбоотой учраас энэ тухай ярилгүй яахав. Ялангуяа удирдлагатай нь юу болж байна гэж ярилцаж байгаа. Хамгийн гол нь хууль хяналтын байгууллагын эцсийн шийдвэр гарч байж буруу зөвийн асуудал яригдана. Ер нь аливаа олон нийтийн байгууллага өөрийгөө зохион байгуулж дүрмийнхээ дагуу явдаг. Энэ нь намын оролцооноос илүү залуучуудын байгууллагын дотоод ардчилалд хамрагдах асуудал. Хуучин нийгмийн үед нам хүмүүжүүлнэ гэж ярьдаг байсан. Одоо тийм зарчмаар явахгүй байгаа. Залуучууд өөрсдөө өөрийнхөө асуудлыг ярьж шийдэх ёстой.

Ц.Энхзул

Монголын нэг өдөр

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button