Сэтгүүлчдэд Стан нэртэй номхотгох цамц өмсгөх далд санаархал

Үндэсний Эв Нэгдлийн Засгийн Газрын ээлжит дуулиан дэгдээд байна. Энэ удаагийн дуулианы зохиогчийн эрхийг Засгийн Газрын Хэрэг эрхлэх газар, Монмедиа агентлаг хоёр хамтран эзэмших бололтой. Тэд энэ удаад иргэний хөдөлгөөнийг дарах нэрээр сэтгүүлчдийг намнахаар үгсэн тохиролцжээ гэж хэлж болох нууц ажиллагаанд бэлдэж байжээ. Эрх баригчдын бурангуй явдлыг олон түмэнд илчилсэнийхээ төлөө тэдэнд үргэлж адлагдаж байдаг хэдэн сэтгүүлчдийн маань азын тэнгэр хариагүй байгаа тулдаа уг тохироо дэлгэгдэж тэд Засгийн хүнд төмөр нударганы амтыг үзсэнгүй. Тэгсэн бол олон сэтгүүлч Ганц худагийн шоронд илгээгдэх байлаа. Монголын сэтгүүлчид шоронд ороход амархан болсон шүү дээ. Мэдээлэл олж авах эрх нь таг хаалттайг мэдсээр байж нийтлүүлсэн зүйлийнх нь төлөө ял төлөвлөөд насаараа шоронд суух эрх зүйн орчинг нь түрүүчийн парламент маш сайн бүрдүүлж өгсөн. Түүний ачаар хууль батлагдсаны дараахан хоёр эмэгтэй сэтгүүлч шоронгийн хадаас болоод авсан. Засгийн газрын Хэвлэлийн албаны дарга болон Монмедиа агентлагийн толхилцоон дундаас сэтгүүлчдийг намнах тэр бузар төлөвлөгөө илчлэгдлээ. Тэрхүү албан бичгээс үзвэл Монмедиа агентлагийн эрэгтэй, эмэгтэй хоёр пиарч эхний удаад, өөрийн орны сэтгүүлчдэд номхотгох цамц өмсөгдөгөөрөө дэлхий нийтэд жигшигдсэн Дундад Азийн СТАН төгсгөлтэй хоёр оронд очиж туршлага судлаад дараагийн удаад, түүнийг нь Засгийн Газар амьдрал дээр өнгөтөөр хэрэгжүүлэх ёстой байжээ. Хуучин ЗХУ нуран унахад түүний бүрэлдэхүүнд багтаж байсан Дундад Азийн орнууд Казахстан, Киргизстан, Узбекстан болон задарч лалын СТАН орнууд нэртэй болсон юм. Хүний эрх, хэвлэлийн эрх чөлөө эдгээр орнуудад үндсэндээ нойль заасан байдаг агаад ганц хүний хэмжээгүй дарангуйлал тогтжээ. Үндэсний

удирдагчийнхаа хөшөөг заавал алтаар хийж бурханчлан шүтдэг гэж байгаа. Өөрөөр хэлбэл СТАН нэртэй номхотгох цамцыг Дундад Азиас авчирч монголын сэтгүүлчдэд өмсгөж турших байжээ. Ер нь сүүлийн үед манай эрх баригчид ганц хүний хязгааргүй дарангуйлал тогтсон СТАН орнуудын үсрэнгүй хөгжлийг байн байн бахархан дурьдах хоббитой болсон нь зүгээр нэг тохиолдолын хэрэг биш байжээ гэдэг нь эндээс ойлгогдож байна. Ингэхэд М.Энхболдын тэргүүлсэн Засгийн газарт монголын хэдэн сэтгүүлчид яллагдах ямар буруу юм хийсэн юм бэ? М.Энхболд өнгөрсөн онд МАХН дотор явуулсан хэлэлцүүлэгт тус намын №1 албан тушаалтан атлаа Увс аймгийн Иргэдийн хурлын даргын өмнө 39-р байр эзэлж хүний нүүр харж чадахгүй явахад чухамхүү сэтгүүлчид түүний төлөө саналаа өгч байж Өнөөдөр сонины Нохой жилийн алдартан болгож байсан биш бил үү? Өөрийн нам дотроо 39-т жагсаж ийм нэр хүндтэй хүн яаж намын хамт олныг удирдах юм бэ гэгдэж байсан хүн cap хүрэхтэй үгүйтэй хугацаанд гэнэтхэн цоорч оны алдартан болсон нь түүний төлөө санал өгсөн сэтгүүлчдийн тус биш гэж үү? Гэнэтхэн ингэж цоорсондоо тэр хөөрч догдлон санал өгсөн сэтгүүлч бүрт илгээсэн нармай шархирам халуун дотно уран гоё үгтэй талархалын модон жааз, Их монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн бэлэгний үлдэгдэл болох босоо аяга зарим сэтгүүлчдийн шүүгээний мухарт одоо хүртэл хэвтэж л байгаа. Сэтгүүлчдэд номхотгох СТАН цамц өмсгөх гэж дотор санаандаа бодож явсаныг нь харин одоо хэвлэлийнхэн дуулаад тэр илгээсэн жааз, аяга хоёрыг нь хогийн тантанд хаяж эхэлсэн гэсэн. Саяхан даа, арваадхан хоногийн өмнө МАХН-ын баяраар эрхэм намын дарга, Ерөнхий сайдтан Улаанбаатар ресторанд сэтгүүлчдийг будаатай хуургаар хуурч хайр зарлаж хүн бүртэй хундага тулгаж байсан биш бил үү? Гэхдээ л энэ будаалагаас сэтгүүлчид сэтгэл дундуур гарсан юмдаг. Намын баярын будаалганд сэтгүүлчид ходоод хонхолзсондоо очсон юм биш, мэдээллээр цангаж харангатсандаа очсон юм. Засгийн газар унах хоногоо тоолон дэнжигнэж, Хадгаламж банкинд иргэдийн итгэж хадгалуулсан 14,2 тэрбум төгрөгийг МАХН-ын бүтэцийн байгууллага болох МАСЗХ-ны удирдлагад ордог хэдэн ойворгон залуус тансаглачихсан хэрэг ид сөхөгдөж, УИХ-ын гишүүдийн 250 саяын хахуулын шинжтэй асуудал дахин дэгдэж, МАХН-ын удирдлагын эвлэршгүй зөрчлийг харуулсан Засгийн Газрын Бүтцийн өөрчлөлтийн яриа хөөрөө газар авсан саарал өдрүүд үргэлжилж байхад МАХН-ын удирдлага байр сууриа илэрхийлэхгүй хүрлийгээд таг дуугүй суугаад байсан болохоор сэтгүүлчид мэдээлэлээр өлсөлгүй яахав дээ.Олдоод байдаггүй боломжийг ашиглаж цаг үеийн энэ мэтийн хурц асуудлаар МАХН-ын удирдлагын амыг асууя гэж сэтгүүлчид тэрхүү будаалганд зорьж очсон. Харамсалтай нь тус намын удирдлага олон түмний эрх ашгаас өөрсдийн эрх мэдлийн арьс үсийг илүүд үзэж эрхэмлэдэг улиг болтол элэгдэж хуучирсан арга барилаасаа салж хагацаж чадахгүй сэтгүүлчдийн халуун асуултаас халгаж дөлж зугтаад байлаа. Олон нийт сэтгүүлчдээр дамжуулж эдгээр асуултыг тавьж байна гэдгийг тэд ойлгоогүй. Хүний муу үзэх гэсэн сэтгүүлчдийн яршигтай асуулт гэж тэд ойлгож хүлээж авч байгаа нь нүдэн дээр бүр харагдаад байна лээ. М.Энхболд тэргүүтэн наанаа хэвлэлийнхэнд хайр зарлаж цаанаа сэтгүүлчдэд номхотгох СТАН цамц өмсгөх хэмжээ авч далласан газраа ил гаргаж, далайсан газраа далд оруулж байх эрээн санаа агуулж тэр үед хүн бүртэй хүндага тулгаж явжээ. Ер нь эрх мэдлээ алдахгүйн тулд юу ч хийхээс буцахаа больсон улс төрчид бидний эсрэг атгаг санаа агуулж явдгийг сэтгүүлчид мэдэхийн дээдээр мэднэ. Харин олон нийтээс айж бэргээд тэр атгаг санаагаа хэрэгжүүлж зүрхлэхгүй шар бор гэхчлэн элдвээр хэлж өчүүхэн далим олдвол сэтгүүлчдийг шийтгэх цэвдэг бодол өвөрлөж явдаг юм. Үндэсний Эв Нэгдлийн Засгийн Газар Ардчилсан Монголд Ардчилалыг нухчин дардаг Стан орнуудын туршлагыг нэвтрүүлэх гэж увайгүй санаархлаа. Улс төрчдөд ийм санаархал байна гэдэг бол амьдралд хуулийн хүрээнд сэтгүүлчдийн амыг барих боломж хангалттай байна гэсэн үг. Сэтгүүлчид нийлж нэгдэж дахиж хэн нэг улс төрчөөс ийм булай санаархал цухалзахгүй болтол хатуу сануулга өгч нийтлэж нэвтрүүлсэн зүйлийнх нь төлөө сэтгүүлчдийг эрүүгийн хуулиар шийтгэж шоронд хатааж цээрлэл үзүүлдэг хуулийн эсрэг тэмцэх цаг болсоныг дээрх баримт харуулж байна бус уу. Нөгөөтэйгүүр хэлэхээс болохгүй нэг санаа байна. Ний нуугүй хэлэхэд эрх мэдэлд улайрсан, нийгэмд халтай, харалган улс төрчийг сэтгүүлч бид танидаг ч болж буй үйл явдалд хөтлөгдсөөр яваад нэр хүндийг нь өргөж гаргаж ирдэг уучилж болшгүй алдааг хэний янаагүй давтан гаргадаг нь тоогүй. Тухайлбал дээр дурьдагдсан Өнөөдөр сонины Нохой жилийн алдартан шалгаруулах санал асуулга байна. Уг санал асуулгыг энэ жил тэргүүлсэн бусад алдартануудын тухайд хэлэх юм алга. Харин М.Энхболдын тухайд үнэхээр гайхаш төрсөнөө нуугаад яахав.Өнөөдөр бол бусад өдөр тутмын хэвлэлүүдийг бодвол нийтлэлийн бодлого нь харьцангуй туйлшрал багатайд тооцогддог сонин. Гэтэл олны танил нэр хүндтэй хүмүүсээс авдаг тухайн жилийн алдартаны санал асуулгын хэвшсэн журамдаа энэ жил гэнэт өөрчлөлт оруулж Ерөнхий сайд М.Энхболдыг Нохой жилийн алдартанаар тодруулав. Нийслэлийн дарга байхдаа түүний үйлдсэн уучилж боломгүй олон ноцтой үйлдлийг мэдсээр бичсээр байж алдартанаараа тодруулсан нь Улаанбаатарын агаарын бохирдол зэрэг хурц асуудалтай тэмцэл өрнүүлдэг нийтлэлийн бодлоготойгоо шууд зөрчилдөж тус сонины олон уншигчийн цухалыг төрүүлсөн байх. Өнөөдөр сонины оны энэ шалгаруулалт Монголын сэтгүүл зүйд ёс суртахууны хэм хэмжээ ер нь байна уу гэж дахин бодоход хүргэсэн юмдаг. Шагналыг тус сонины Ерөнхий эрхлэгч гардуулсангүй харин түүний орлогч залуу гардуулав. Алив асуудалд голч байр суурьтай ханддаг, нийгэмд нэр хүндтэй сэтгүүлч маань энэ эзнээ олоогүй шагналыг гардуулахаас ичсэн байж магадгүй юм. Үгүй дээ тэгэж л горьдож сэтгэлээ хуурч байна.Засгийн газарт хайр зарласан Монгол ньюс-ийн арга хэмжээ ингэсгээд үтэр түргэн өндөрлөөсэй билээ дээ гэж бодож байв. Гэтэл энэ бүхэн зөвхөн эхлэл байсан болж таарлаа. Тус компанийн далд эздийн нэг гэгддэг УИХ-ын гишүүн хатагтай Д.Туяа Эрүүл мэндийн сайдаар томилогдсоноос хойш 25-р суваг телевизийн мэдээ Засгийн газрын MM агентлагийн үеийн мэдээнээс нэг их өөрцгүй болов. Засгийн газрын протоколын арга хэмжээг толгой дараалан тус телевиз мэдээлж сайд Д.Туяа хаа явсан газраа 25-р сувагийнханыг бараа болгон дагуулж явах. Төлөв түвшин, намбалаг, ухаалаг, биеэ сайхан авч явдаг Д.Туяа гишүүнийг сэтгүүлчид хүндэтгэдэг. Гэтэл сайд болмогцоо харц нь ширүүсээд өөр болчихсон. Хамтын ажиллагаа ингээд бас зогссонгүй. Нохой жилийн алдартаны шагнал гардуулэад байсан сонины нөгөө орлогч залуу саяхан Засгийн Газрын хэвлэл мэдээллийн албаны даргаар тохоон томилогдлоо. М.Энхболд өөрийгөө Оны алдартанаар шалгарууллаа гэж арай онигоотож шагнаж дэвшүүлээгүй байлгүй, уг залуу нь чамбай бичлэгтэй, сэтгүүлчид рүү хялалзаад байх хүн биш. Иймээс хэвлэлийн шинэ даргад ажлын амжилт хүсч байна. Өнөөдөр сониныхон тэргүүн нүүрэндээ хүртэл энэ баярыг харамгүй хуваалцав. Тэгэхээр ямарч байсан 2008 оны парламентын сонгууль өнгөртөл Засгийн Газартай Монгол ньюс-ийнхэн янаг амрагийн холбоотой ажиллах нь ээ гэдэг нь тодорхой байна. Харин Үндэсний эв нэгдлийн Засгийн газар сэтгүүлчдийг дахиж яаж араар нь тавих бол? Дундад Азийн СТАН орнуудын туршлагыг судлуулахаар 20 сая төгрөг төсөвлөж хэнийг явуулах бол доо?

Б.Үнэнбат

Монголын нэг өдөр

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button