Ираны хямралыг хэлэлцээгээр зохицуулах боломж олголоо

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн таван орон болон Европын холбоог энэ хагас жилд тэргүүлж байгаа Германы тал Ираны эсрэг авах хориг арга хэмжээний талаархи тогтоолын төслийг хэлэлцэн баталсан юм. Америк, Орос, Хятад, Англи, Франц болон Герман зургаан орон НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн Ираны цөмийн асуудлын талаархи шинэ төсөлтэй санал нэгдсэнийхээ дараа, Ираны цөмийн асуудлыг хэлэлцээгээр зохицуулахын төлөө үргэлжлэн чармайхаа илэрхийлсэн билээ. Тегеран өөрийн хөтөлбөрөөсөө татгалзахгүй гэдгээ мэдэгдэн, уран баяжуулах үйл явцаа зогсоохоос татгалзсан нь олон улсын нийгэмлэгийг Ираны эсрэг хоригоо чангатгахад хүргэсэн юм. Үүнтэй холбогдуулан Англи, Хятад, Орос, АНУ, Франц, Германы талууд Ираны эсрэг тогтоолын шинэ төсөл боловсруулан гаргаж, Аюулгүйн зөвлөлөөр хэлэлцүүлэхээр өргөн барьсан. Тэдний боловсруулсан тогтоолын шинэтөсөлд Иранаас зэр зэвсэг экспортлохыг бүрэн хориглож,тус улсын дээд албаны хүмүүс, Тегераны цөмийн хөтөлбөртэй холбоотой ажилладаг пүүс компани болон хувь хүмүүсийн гадаад орнууд дахь дансыг хаах арга хэмжээнүүд тусгагджээ. НҮБ дахь дипломат эх сурвалжуудын мэдээлж байгаагаар энэхүү тогтоолын төсөлд гадны улс орнуудын Засгийн газарт Иранд санхүүгийн зээл тусламж олгохгүй байхыг заасан гэнэ. Гэхдээ одоогоор Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн орнуудын хамтран боловсруулсан тогтоолын төслийг бусад 10 гишүүн орнууд хэрхэн хүлээн авах нь тодорхойгүй байгаа ажээ. НҮБ дахь Өмнөд Африкийн төлөөлөгч, тогтоолын төслийг батлан гаргасан энхийн зургаа Иранд дарамт шахалт үзүүлснээр цөмийн хөтөлбөрийг нь тойрсон хямралыг ямар ч асуудалгүй шийдвэрлэнэ гэсэн баталгаа байхгүй гэсэн байна. Тиймээс Аюулгүйн зөвлөлийн бусад гишүүн орнууд ч энэ талаар өөр өөрийн байр суурийг илэрхийлэхийг хүсч байгаа юм байна. Харин Ираны цөмийн асуудлыг Америк дипломат аргаар зохицуулна гэж Америкийн Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Тони Сноу Вашингтонд дахин нотолсон билээ. Тэрбээр Ираны цөмийн асуудлыг зохицуулах асуудлаар Америк тэвчээртэй бөгөөд тууштай хэвээр байгаа гээд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолыг журамлахгүй, уран баяжуулах ажиллагаагаа үргэлжлүүлж байгаа Ираны үйл ажйллагааг зэмлэн буруушаасан юм. Түүнчлэн Ираны Ерөнхийлөгч Махмуд Ахмадинежад Ираны цөмийн асуудлаархи Аюулгүйн зөвлөлийн хуралд оролцож, Иран цөмийн эрчим хүчийг энхийн зорилгод ашиглах эрхтэй тухай мэтгэлцэхэд бэлэн байна гэжтун саяхан Ираны Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгчийн илэрхийлсэнд чиглүүлэн Америкийн төрийн департаментын төлөөлөгч Мюрмок Вашингтонд хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр АНУ нь НҮБ-ын гишүүн орны хувьд, Ираны цөмийн асуудлаархи хуралд Ираны Ерөнхийлөгч Махмуд Ахмадинежадыг оролцоход нэвтрэх виз олгоно хэмээн мэдэгдсэн байна. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийг энэ сард тэргүүлж буй ӨАБНУ-аас НҮБ-д суугаа суурин төлөөлөгч Кумало Ираны Ерөнхийлөгч Махмуд Ахмадинежадын Ираны цөмийн асуудлын тухай шинэ тогтоолын төсөлд санал оруулах Аюулгүйн зөвлөлийн хуралд оролцохыг Аюулгүйн зөвлөл зөвшөөрсөн гэжээ. Тэрбээр Тогтоолын төсөлд санал оруулах ажил энэ долоо хоногийн сүүлчээр болж магадгүй. Гэвч бодитой цаг хугацааг хараахан тогтоогоогүй байна. Учир нь байнгын бус гишүүн орнууд уг төслийг хүлээн авсан, тэд төслийг судалж, дотоодынхоо саналыг авч, хэлэлцүүлэг хийхэд цаг хугацаа хэрэгтэй байна гэсэн байна. Харин Оросын ГХЯ-ны төлөөлөгч Михайл Каминин Москвад хэлэхдээ Ираны цөмийн асуудлаархи НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн шинэ тогтоолын төсөл нь эцсийн төсөл биш, уг төслийг Оросын тал бусад гишүүн орнуудтай үргэлжлүүлэн авч хэлэлцэхээр бэлтгэж байна гэсэн юм. Михайл Каминин Өнөөдөр Аюулгүйн зөвлөлийн бусад гишүүн орон уг төслийн талаар зарим нэгэн шийдвэрийг төр азнахыг хүсч байгаа учраас энэ нь эцсийн төсөл биш гэдгийг дахин хэлье гэсэн байна. ОХУ-аас НҮБ-д суугаа суурин төлөөлөгч Витали Чуркин Иран нь энхийн зорилгоор цөмийн энерги хөгжүүлэх төлөвлөгөө хэрэгжүүлэх эрхтэй ч олон улсын хамтын нийгэмлэгээс цөмийн ажиллагааг нь анхаарч байгааг эрхбиш хүндэтгэн үзэж, цөмийн зэвсгийг түгээн дэлгэрүүлэхгүй байх механизмын үр ашгийг үзүүлэх хэрэгтэй. Зургаан орны шинээр тохиролцсон төсөл нь Ираны хямралыг хэлэлцээгээр зохицуулах боломж олгож байгаа юм гэжээ.

Б.Хишигдэлгэр

2007.03.20 Монголын мэдээ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button