Ж.Батзандан УИХ-ын даргыг ирэхийг хүлээж байна

Тэд энэ сарын 21-нээс эхлэн Их тэнгэр дэх түүний гэрийн гадаа хугацаагүй жагсаал хийхээ мэдэгдэж байсан. Энэ талаар тус хөдөлгөөний тэргүүн Ж.Батзандангаас тодрууллаа.

-Танай хөдөлгөөнөөс санаачилж УИХ-ын даргыг өөрийн хүсэлтээр огцортол хугацаагүй жагсаал зохион байгуулахаа мэдэгдэж байсан. Энэ шийдвэр хэвээрээ юу?

-УИХ-ын дарга Ц.Нямдорж гадаадад айлчлалаар яваа тул Их тэнгэр дэх тэдний гэрийн гадаа маргааш эхлэх байсан иргэдийн хугацаагүй жагсаал түр хугацаагаар хойшлогдоход хүрээд байна. Ямар ч байсан бид жагсаалаа хийх болно. Гэхдээ одоогоор хэргийн эзэн ирээгүй байгаа учир хоосон байшингийн гадна очиж зогсох хэрэггүй гэж үзээд түр хойшлуулаад байна. Товчхондоо хэлэхэд, түүнийг ирэхийг хүлээж байна. Бид хуульд дур мэдэн засвар хийсэн Ц.Нямдорж даргыг албан тушаалаасаа огцортол жагсах болно.

-Хоосон байшин гэж хэлж болохгүй байх аа. Тэнд бас Ерөнхийлөгч, Ерөнхий сайд амьдардаг шүү дээ?

-Манай хөдөлгөөнөөс санаачилж буй уг жагсаалын гол эзэн нь УИХ-ын дарга Ц.Нямдорж. Гэхдээ бид Ерөнхий сайд М.Энхболд болон Сангийн сайд Н.Баяртсайхан нарын асуудлаар мөн Үндсэн хуулийн Цэцэд хандсан байгаа. Биднийгэнэ сарын 21-нээс эхлэн Их тэнгэрт хугацаагүй жагсаал хийх сургаар Ерөнхий сайд бас дайжиж байгаа гэж сонслоо. Үнэнийг хэлэхэд бид маш их харамсч байгаа. Ард түмнийхээ үгийг сонсч байхын оронд аль болохоор зугатааж, гадаад, дотоодод зугаалдгаа одоо болимоор байна. Манай улсад ирж байгаа гадаадын зочид төлөөлөгчид ердөө хэдхэн цаг болоод буцдаг биз дээ. Гэтэл манай төр, засгийн тэргүүнүүд хагассар явах юм.

-Заавал жагсаал хийх шаардлагатай юм уу?

-УИХ-ын дарга Ц.Нямдорж хууль зөрчсөнийг Үндсэн хуулийн Цэц тогтоосон шүү дээ. УИХ-ын дарга хэдхэн үндэслэлээр алба тушаалаасаа огцордог хуультай. Үүний нэг нь Үндсэн хууль зөрчсөн бол огцрох ёстой. Гэтэл УИХ-ын дарга Ц.Нямдоржийг хууль зөрчсөнийг нь тогтоочихоод байхад яагаад өөрийнхөө хүсэлтээр огцрохгүй байгаа юм бэ. Иймд бид хариуцлага тооцож, огцруулах болно. Тэр дахиад биднийг гудамжны хүмүүс гэж хэлээд бидний жагсаал цуглааныг үл ойшоодог юм бол Үндсэн хуулийн Цэцэд дахин хандаж огцруулах асуудлаа тавих нь нээлттэй байгаа.

Т.Болор

2007.03.20 Монголын мэдээ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button