БХ-ын сайд өнөөдөр нууц мэдээлэл танилцуулах гэнэ

Засгийн газрын хуралдаан нэг өдрөөр урагшилж, өнөөдөр болно. Учир нь аймгийн Засагдарга нар нийслэлд ирж номын дуу сонсч байгаатай холбогдуулан ийнхүү өргөтгөж хуралдахаар болсон байна. Хуралдаанаар Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Д.Дэмбэрэл Засгийн газраас хэрэгжүүлж буй Их бүтээн байгуулалт-шинэ ажлын байр нэмэгдүүлэх жилийн ажлыг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай мэдээлэл хийнэ. Түүнчлэн аймгийн Засаг дарга нартай энэ сэдвээр санал солилцох гэнэ. Уг хуралдаан. Төрийн ордны Б танхимд болох аж. Засгийн газрын хуралдаан ердийн журмаар 16.00 цагаас Засгийн газрын хуралдааны танхимд үргэлжлэх аж. Энэ хурлаар өнгөрсөн долоо хоногийн турш Ерөнхий сайд танхимын гишүүдтэйгээ нэгэн зэрэг нийслэлээр салхилж, ард түмнийхээ дунд ажилласан дүнгээ хэлэлцэх юм байна. Мөн Засгийн газрын 2006 оны үйл ажиллагааны тайланг ч хэлэлцэхээр төлөвлөжээ. Харин Сангийн сайд Н.Баяртсайхан Газрын тосны салбарт үүсээд байгаа нөхцөл байдал, цаашид авах зарим арга хэмжээний талаар танхимын гишүүддээ танилцуулна. Түүнчлэн Зам, тээвэр, аялал жуулчлалын сайд Ц.Цэнгэл Хил, гааль, хилийн мэргэжлийн хяналт, гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх албаны хяналтын тухай сонсгох гэнэ. НХХ-ийн сайд Д.Дэмбэрэл Монгол Улсын иргэнийг гадаадад, гадаадын иргэнийг Монгол Улсад хөдөлмөр эрхлүүлэх тухай хуулийн төсөл болон Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн төслийн талаар хуралдаанаар хэлэлцүүлэх юм. Байгаль орчны сайд И.Эрдэнэбаатар Олон улсын туйл судлалын жилийг зохион байгуулах, БСШУ-ны сайд Ө.Энхтүвшин Багш нарын улсын зөвлөгөөн зохион байгуулах асуудлыг тус тус хэлэлцүүлэх аж. Харин хуралдааны төгсгөлд Батлан хамгаалахын сайд М.Сономпил нууц асуудал танилцуулахаар төлөвлөжээ. Үүнийг УИХ-ын гишүүн Ц.Батаа нарын хүмүүс зорчиж яваад Төв аймгийн Борнуур сумын нутагт осолдсон Ми-8 онгоцны ослын эцсийн дүгнэлтийг танилцуулна гэж зарим эх сурвалж хэлж байна. Уг осолдсон онгоцны хар хайрцгийг ОХУ-д уншуулахаар явуулсан байсан тул өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж амжаагүй аж. Гэвч саяхан хар хайрцгийг хойд хөршид уншуулж, мэргэжлийн шинжээчдийн баг дүгнэлтээ ирүүлээд байгаа учраас ийнхүү Батлан хамгаалахын сайдыг мэдээлэл хийхэд хүргэсэн бололтой.

Т.Баярмаа

2007.03.20 Монголын мэдээ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button