Д.Цогтбаатар ГХЯ-наас судалгаа хийн Японыг дэмжин манай улс нэрээ татах нь зөв юм байна гэж санал болгосон

Зарим улстөрийн хүчнийхэн Монгол Улсын Ерөнхийлөгч Япон Улсад хийсэн албан ёсны айлчлалынхаа үеэр тус улсад найр тавин томоохон боломжоо алдлаа хэмээн мэдэгдээд байгаа билээ. Энэ асуудлаар Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Д.Цогтбаатараас тодруулсан юм.

-Манай улс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүн орноор сонгогдох асуудал яригдаад 10-аад жил болсон. Энэ олон жил ярьж бэлтгэчихээд гэнэт Ерөнхийлөгчийн Япон Улсад хийх айлчлалын өмнө шийдсэн нь зарим хүний хардлагыг төрүүлээд байх шиг байна?

-Энэ бол улс орны эрх ашигт хамаарах чухал бөгөөд том хэмжээний шийдвэр. Нэг хүн, албан тушаалтан ганцаараа шийдчихдэг юм биш. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүнээр элсэх хүсэлтээ манай улс 10-аад жилийн өмнө гаргасан. Түүнээс хойш нэлээд ажил хийсэн. Ингээд бэлтгэл ажил хийж байх үед Японы талаас манай талд Япон Улс НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүнээр өрсөлдөх сонирхолтой байгаа. Танай улс нэр манай дэвших үйл ажиллагааг дэмжин нэрээ татах боломж бий юу гэсэн асуудлыг албан ёсоор тавьсан. Манай улс нэр дэвшин, түүнээс хойш бэлтгэл ажил хийгдэж байх үед ч сонгогдох магадлал байгаа эсэх тухай асуудал байнга яригдаж байсан. Ингээд Японы талын хүолтийг харгалзаж үзээд ГХЯ нарийн судалгаа хийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулан, Японыг дэмжин манай улс нэрээ татах нь зөв юм байна гэсэн санал оруулж ирсэн. ГХЯ улсын гадаад бодлоготой холбоотой асуудал боловсруулан санал болгож байдаг газар. Энэ мэргэжлийн байгууллага энэ нь зөв байна, эх орны эрх ашгийг илүү хангасан зөв алхам болох нь гэсэн санал оруулж ирснийг ҮАБЗ хэлэлцээд дээрх саналыг дэмжсэн. үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Япон Улсад айлчлахынхаа өмнө тус улсын Ерөнхий сайд Абэтэй ярьж дээрх шийдвэрийгдуулгасан. Энэ бол айлчлалтай огт хамаагүй асуудал. Айлчлалыг энэ шийдвэр гарахаас өмнө өнгөрсөн жил товлочихсон байсан. Айлчлалын үеэр Ерөнхийлөгч дангаараа ийм шийдвэр гаргаад нэрээ татчихсан юм шиг ярих нь зохисгүй. ҮАБЗ-ийн шийдвэрийн дагуу Ерөнхийлөгч Монгол Улсын төрийг төлөөлөн шийдвэрийг уламжилсан.

-Манай улс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүн орноор сонгогдох магадлал байгаагүй юу?

-ГХЯ-наас хийсэн судалгааг харахад сонгогдох магадлал тийм ч өндөр биш юм билээ. Бид Японоос өдөр тутам тусламж гуйж, дэмжлэг хүсч

байдаг Япон орноос нэг удаа тусламж хүсэхэд нь эсрэгээр зүтгэн боломжгүй зүйл рүү ороод үр дүнд хүрэхгүй бол хожихгүй нь. тодорхой. Сонгогдох магадлал өндөр байсан бол өөр хэрэг.

-Гадаад хэргийн сайд нэрээ татах болсон нь манай улсын хөрөнгө мөнгөний боломжгүйтэй бас холбоотой гэж тайлбарлаж байх шиг байсан?

-НҮБ-ын суурийн төлөөлөгчийн газраа өргөтгөх хэрэгтэй болно л доо. Дээр нь нэмээд хэлэхэд 1998 онд нэр дэвшиж байхад одоо гарчихаад байгаа нэлээд хурц зөрчилдөөнтэй асуудлууд байгаагүй. Байдал их өөр байсан. Энэ үед НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүн орон ямарваа шийдвэрийг гаргахад аль нэг орныг дэмжих, эсвэл дэмжихгүй байхад айхтар хурц асуудал үүсэхгүй байсан. Гэтэл одоо томоохон гүрнүүдийн хоорондох зөрчилдөөнтэй асуудлыг шийдэх болж байна. Ийм нөхцөлд бид аль нэг талд нь шийдвэр гаргана. Тэгэхээр нэг улсынхаа дэмжлэгийг алдана гэсэн үг. Гэтэл манай улс төвийг сахисан байр суурийг барьдаг. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд орвол тэр хүндрэлтэй асуудалд өөрсдийгөө оруулчихаж байгаа юм.

Г.Тамир

2007.03.20 Монголын мэдээ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button