ТЭХЯ-ны мэргэжилтнүүд Солонгос явж нарны зайн үүсгүүрийн үйлдвэртэй танилцана

Тэд 2007 оныг Их бүтээн байгуулалт-ажлын байрыг нэмэгдүүлэх жил болгосон Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэхэд анхаарах асуудлын талаар ярилцан, төрийн болон орон нутгийн захиргааны байгууллагууд ажлаа хэрхэн уялдуулах талаар тохиролцохоор ирон юм байна. Мөн Засаг дарга нар энэ завшааныг тохиолдуулаад аймаг, орон нутагтаа тулгараад байгаа асуудлаа сайд нартаа уламжлан шийдүүлж авах давхар зорилготой иржээ. Сангийн сайдтай хийсэн уулзалтын үеэр аймагт хуваарилсан мөнгө одоо хүртэл орж ирээгүй, тэр мөнгийгтүргэн шилжүүлэх талаар арга хэмжээ аваач гэсэн хүсэлтээ илэрхийлж байсан бол Түлш, эрчим хүчний сайдтай хийсэн уулзалтын үеэр аймгуудын Засагдарга нар төвийн эрчим хүчний системд холбогдоогүй сумдаа энэ онд багтаан холбомоор байна. Хаана хэнд хандах вэ, арга хэмжээ авч өгөөч хэмээн яамныхныг ээрсэн. Түлш, эрчим хүчний сайд Б.Эрдэнэбат 2007 онд түлш, эрчим хүчний салбарт авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Засаг дарга нарт танилцуулсан юм. Энэ онд түлш, эрчим хүчний салбарт 115.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төсөвлөжээ. 55 сумын төвийг эрчим хүчний системд холбон 12 сумыг сэргээгдэх эрчим хүчээр хангахаар төлөвлөсөн юм байна. БНХАУ-ын 300 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр баригдах Эгийн голын Усан цахилгаан станцын шавыг тавин барилгын ажлыг эхлүүлэхээр болжээ. Гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг өнөө маргаашгүй зарлан 30-60 хоногт багтаан шалгаруулах юм байна. Усан цахилгаан станцыг 3.5-4 жилийн хугацаанд барьж ашиглалтад оруулан эрчим хүчний хувьд биеэ даана хэмээн сайд танилцуулсан. Жилдээ манай улс ОХУ-аас 5-6 caw ам.долларын эрчим хүч худалдан авдаг аж. Түүнчлэн энэ ондоо багтаан Дөргөн, Тайширын усан цахилгаан станцыг ашиглалтад оруулах юм байна. Усан цахилгаан станцын ашиглалтын өмнөх захиргааг байгуулсан бөгөөд ирэх сарын 15-наас инженер техникийн ажилтнуудыг Хятадад сурган 12 дугаар cap гэхэд ашиглалтад хүлээн авна гэсэн сайхан мэдээг сайд дуулгасан юм. Дээрх станцуудыг ашиглалтад цагт нь хүлээн авахын тулд бүх хүч чармайлтаа тавьж хөрөнгө мөнгөний асуудлыг шийдсэн гэсэн. Ингэснээр баруун аймгийнхан эрчим хүчний хараат байдлаас гарна хэмээн найдаж байгаа аж. Тавантолгойд дулааны цахилгаан станц барьж говийн бүсийг эрчим хүчээр хангахаар төлөвлөж байгаа талаар ч дуулгасан. Дулааны цахилгаан станц байгуулах ажилд оролцох саналаа АНУ, БНХАУ, Япон зэрэг улсаас ирүүлээд байгаа юм байна. Эрчим хүчний мэргэжлийн тусгай зөвшөөрөлтэй 110 гаруй компани байгаа бөгөөд эдгээр компаниудын удирдлагатай сайд уулзан хамтран ажиллах талаар ярилцсан аж. ТЭХЯ-ныхан энэ жил өрөөндөө суух биш бүтээн байгуулалт өрнөж байгаа хөдөө орон нутагт ажиллаж оныг үднэ хэмээн сайд Б.Эрдэнэбат онцолж байсан. Түүний энэхүү мэдээллийн дараа аймгуудын Засагдарга нар сонирхсон асуултдаа хариулт авсан.

-Энэ онд хэчнээн малчин өрхийг нарны зайн үүсгүүрээр хангах вэ. Тэр аймагт тэд гэж хуваарилсан зүйл байгаа юу?

ТЭХ-ний сайд Б.Эрдэнэбат,

-15 мянган өрхийг нарны зайн үүсгүүрээр хангана. Аль болох ондоо багтаан гүйцэтгэхийг хичээж байгаа. Манай яамиы мэргэжилтнүүд Солонгосын ЭСЯ-ны хүмүүстэй хамт Солонгос явж нарны зайн үүсгүүрийн үйлдвэрийн байдалтай танилцах гэж байна. Тэр хүмүүс ирэх долоо хоногт явна. Малчдад очих нарны зайн үүсгүүрийн үйлдвэрлэлтэй газар дээр нь танилцах юм. Зарим аймгийнхан өмнө нь авсан нарны зайн үүсгүүрийнхээ мөнгийг одоо болтол төлөөгүй байгаа. Үүсгүүрийн үнийг 50 хувь хөнгөлж өгсөн байгаа. Гэтэл одоо болтол зарим нь мөнгөө төлөхгүй байна. Мөнгөө бүрэн төлсөн аймгуудад нарны зайн үүсгүүр эхний ээлжинд өгнө. Нэг суманд 10 гаруй, нэг багт нэг шахам л очсон байгаа. Гэтэл тэр мөнгөө төлөхгүй байгаа хүнээс болж аймаг сумаараа хохирч байна гэдгийг ойлгуулахыг хичээгээрэй. Зарим Засаг дарга нар төвийн эрчим хүчний системд холбогдоогүй сумдаа хамруулахын тулд ямар арга хэмжээ авах вэ гэж асууж байна. Тухайн аймагт 100 хувь хөрөнгөө гаргаад эрчим хүчинд холбох ажил гүйцэтгэх компани байх юм бол ажлыг нь гүйцэтгүүлчихээд дараа жилийн төсөвт хөрөнгийг тусгуулан мөнгийг нь гаргуулж авах бололцоо байгаа гэдгийг дуулгамаар байна.

Увс аймгийн Засаг дарга Ө.Тогоо,

-Энэ жил манай аймгийн зургаан сумыг төвийн эрчим хүчний системд холбох юм билээ. Хярга, Зүүнговь, Завхан, Тэс зэрэг сум байгаа. Тэс сум гэхэд их намаг шавартай. Түүнээс гадна ОХУ-ын талд 7-8 км шугам татах хэрэгтэй юм билээ. Энэ талаар ОХУ-тай ярьж тохирч байгаа зүйл байгаа юу?

ТЭХЯ-ны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Д.Ганхүү,

-Увс аймгийн сумдын асуудлыг ойрын хугацаанд шийднэ. Тэс сумын хувьд хүндрэлтэй нь үнэн. Хил дагуу байрлалтай, дээр нь намаг шавар ихтэй газар болохоор долоо, наймдугаар сард барилгын ажил хийхэд түвэгтэй. Мөн ОХУ-ын талд нэлээд хэдэн км газарт шугам тавина. Бид Баруун бүсийн цахилгаан дамжуулах шугам сүлжээ компанитай энэ асуудлаар ярилцан ОХУ-ын талтай тохиролцох үүрэг өгсөн байгаа. Аль болох богино хугацаанд арга хэмжээ авахаар төлөвлөж байна.

Баянхонгор аймгийн Засаг дарга Зоригтбаатар,

-Нарны зайн үүсгүүрийн мөнгийг малчид төлөх ёсгүй гэж УИХ-ын зарим гишүүд яриад байгаа. Манай аймагт очсон УИХ-ын гишүүд ингэж яриад явсан. Гэтэл Засгийн газраас мөнгийг төлөх ёстой гээд нэхээд байдаг. Ийм яриа сонссон малчид мөнгө төлөхгүй байгаа юм. Энэ асуудлаар Засгийн газар, УИХ нэг мөр болгохгүй бол дунд нь хүндрэл үүсээд байна?

ТЭХЯ-ны Бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Сүхбаатар,

-Архангай, Баян-Өлгийн аймгийн зарим сумдад нарны зайн үүсгүүр тараах үед мөнгийг нь буцаан төлөхгүй мэтээр ярьсан байсан. Төлөхгүй байна гэж байхгүй. Төлбөрөө хийхгүй байгаа хүмүүсээс мөнгө гаргуулах арга хэмжээ авч байгаа. 500 шахам нарны зайн үүсгүүрийн төлбөрийн асуудлыг хуулийн байгууллагад шилжүүлэн шийдүүлэхээр болоод байгаа. Хэнтий аймгаас сонгогдсон Д.Бат-Эрдэнэ, Д.Арвин нарын гишүүд нарны зайн үүсгүүр тараах үедээ мөнгийг нь төлчихсөн юм билээ.

Сухбаатар аймгийн Засаг дарга Эрдэнэцогт,

-Манай аймгййн Эрдэнэцагаан сумын нутагт байгаа салхин сэнсэн цахилгаан үүсгүүрийг өргөтгөтгөхөд 1.8 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн юм билээ. Харин Хятадаас цахилгааны шугам татвал 800 сая төгрөг хэрэгтэй гэсэн тооцоо гарсан байсан. Ийм маягаар шийдвэрлэж болохгүй юу?

ТЭХЯ-ны Бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Ц.Сүхбаатар,

-Хятадаас эрчим хүч авахад тариф нь өндөр байгаа. Тухайлбал, Эрээнээс эрчим хүч авахад 6-8 центийн үнэтэй. Таны хэлээд байгаа шиг Бичигтийн боомтоор дамжуулан авбал үүнээс өндөр үнэ төлөх хэрэгтэй болно. Түүнээс гадна шугам татан гаднаас эрчим хүч авах нь эдийн засагт ашигтай биш.

Г.Бурмаа

2007.03.20 Монголын мэдээ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button