Ерөнхийлөгч цаатны урцанд зочиллоо

Хатгал тосгоноос гарч энхэл донхол замаар тонгочуулсаар Хөвсгөл далайн өмнөд захад байрлах Хөвсгөл-Дөл жуулчны баазад ирлээ. Ерөнхийлөгч Н.Энхбаяр болон түнийг дагалдан яваа албаны хүмүүс Хөвсгөлийн тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа, Алтай Соёны төслийн тус аймаг дахь нэгжийн хамтран зохион байгуулсан Өвлийн аялал жуулчлал, нутгийн иргэдэд түшиглэсэн байгаль хамгаалал сэдэвт мөсний баярт оролцлоо.Мөсний баярын арга хэмжээг Зам, тээвэр, аялал жуулчлалын дэд сайд Г.Шийлэгдамба нээж үг хэлсний дараа Хаан их сарьдаг, Хатан далай ээждээ хүндэтгэл үзүүлэх ёслолыг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.Тэрбишдагва, Байгаль орчны сайд И.Эрдэнэбаатар нар гүйцэтгэсэн. Хөвсгөл нутаг эртний бөө мөргөлийн шүтлэгтэйн дээр байгаль усандаа ойрхон байдгийн хувьд аливаа арга хэмжээ болгон бөөгийн дуудлагаар эхлэх нь олонтаа.

Хөвсгөл нуурын зах хязгаар нь үл харагдах мөсөн дээр хөл тавихад эхлээд айх эргэлзэх сэтгэгдэл төрөх нь нуурын ёроолын чулуу нэвт харагддагтай холбоотой гэж нутгийн иргэн ярьж байлаа. Yнэндээ ч тийм юм. Хөвсгөл хангарьд компанийн уран гартан залуусын урласан мөсөн үзмэр үнэнхүү гайхалтай. Аргагүй л мөсний орон гэх шиг орд өргөө, сандал ширээ, ор дэр тэр байтугай хогийн сав, бие засах газрыг ч мөсөөр урласан байх нь содон харагдах юм.

Мөсний баярын үеэр гар барилдаан, олс таталт, мөсөн шагай харвах, мөсний сүмо зэрэг олон уралдаан тэмцээн болж нутгийн иргэдийн нар нь гарч байх шиг санагдсан. Хөвсгөл нуурын эргийг дагаад бараг ам болгонд нь жуулчны бааз байрлах юм. Аймгийн Засаг дарга Б.Батхүү, манай энд зун, намрын дөрвөн сард аялал жуулчлал эрчимтэй явагддаг ч өвлийн сардаа зогсонги байдалтай болчихдог юм. Манай Хөвсгөлийн мөс хаана ч байхгүй хатуулаг чанараараа бусад улс орны аялагч, жуулчлагчдын анхаарлыг татах ёстой гэдэг үүднээс мөсний баярыг зохион байгуулаад хэдэн жилийн нүүр үзэж байна. Түүний үр дүн ч гарч энэ жилийн мөсний баярын үеэр гадаадын 200 орчим жуулчин Хатгал суманд ирээд байгаа гэж ярьсан юм.

Энэ өдрийн орой Монгол Улсын Ерөнхийлөгч дагалдан яваа хүмүүсийн хамт Хөвсгөл нуурын баруун эрэг Доод модотын буланд байрлах Алтай Соёны төслийн үлгэр жишээ жуулчны баазад саатаж, тайгын цаатан айлаар зочилж тэдний амьдрал ахуйтай танилцлаа.

Хөвсгөлийн баруун, зүүн тайгад нийт 50 орчим өрхөд 200 гаруй хүн оршин сууж байгаа бөгөөд тэдний үр хүүхэд дунд сургуульд суралцдаг ч дээд боловсрол эзэмших үүд хаалга хаалттай байгаа, мөн цааны тоо толгой өсч 800 гаруй болсон ч бие нь давжаарч, хүч тамир нь суларч байгаа талаар цаатан иргэд ярьж байлаа. Энэ асуудлыг Ерөнхийлөгч дагалдан явсан холбогдох сайд нартай газар дээр нь ярилцаж, ОХУ-ын Тувагаас сайн үүлдрийн цаа авчирч өгөхөөр болов. Yүнийг Д.Тэрбишдагва сайд хөөцөлдөж шийдвэрлэхээ амлалаа.

Хөвсгөл далай орчмын байгаль орчныг хамгаалах талаар дунд сургуулийн сурагчид идэвх санаачилгатай ажиллаж Байгаль хамгаалах эко клуб байгуулан ажиллаж байгаа аж. Сумдын эко клубын сурагчид энэ өдөр туршлагаа солилцож, танилцах үдэшлэг зохион байгуулсан.

Цагаан загасыг минь

ачаад явлаа

Улаан ченжүүдийн

гараар оржээ

Хэн хүнгүй мэдсээр

байж

Хуулиа нугалаад

харсаар үлдлээ

гэж дуулсан багачуудын дуу албаны хүмүүст нэгийг бодуулсан байх. Ерөнхийлөгч байгаль эхээ хамгаалах талаар санаачилга зүтгэлтэй ажиллаж байгаа клубын багш нарыг сайшааж, гишүүн сурагчдад гарын бэлэг гардуулсан юм.

Өнгөрсөн бямба гаригт буюу Ерөнхийлөгчийн томилолтын сүүлчийн өдөр Хөвсгөл далай дээр Монголд анх удаа өвлийн аялал жуулчлалын томоохон арга хэмжээ зохион байгуулсан нь олон улсын тэшүүрийн марафон уралдаан байлаа. Актив Адвенчер тур компани ЗТАЖЯ-тай хамтран зохион байгуулсан уг уралдаанд Голланд, Франц зэрэг Европын орнуудтай 200 гаруй тамирчин жуулчид оролцсон юм. Тэд мэргэжлийн тамирчид биш бөгөөд аялж жуулчлах дуртай тэдгээр иргэд зөвхөн Хөвсгөл далайн ямар ч засалгүй байгалийн мөсөн дээр гулгахаар зорьж ирсэн нь энэ байлаа. 10 км-ийн замд тэд арван тойрог хийх байсан боловч Хатгал сумын тамирчин сурагчидтай хамтран дахин нэг тойрог явахаар шийдвэрлэсэн байна. Бас тус сумын дунд сургуульд мянган ам.долларын хичээлийн хэрэгсэл, техник тоног төхөөрөмж бэлэглэсэн юм.

Уг уралдааныг зохион байгуулсан Актив Адвенчер тур компанийн захирал Д.Гантөмөр Хөвсгөл далайг түшиглэн өвлийн аялал жуулчлалыг зохион байгуулах, өргөжүүлэх боломж байна гэдгийг нотлохын тулд энэ арга хэмжээг нэлээд бэлтгэж явууллаа гэж ярьж байв. Энэ удаагийн мөсөн дээрх марафон уралдааныг үндэсний үйлдвэрлэгч АПУ компани ивээн тэтгэж оролцлоо. Хөвсгөл далайн мөсөн дээр өнгөрүүлсэн хоёр хоногт Ерөнхийлөгч дагалдан яваа хүмүүсийн хамт Сумаан хад хэмээх үзэсгэлэнт арлыг сонирхож, морин чаргаар аялж бас мөсөн дээр хоноглосон.

Хөвсгөл далай орчмын ард иргэд цаа болон малын гаралтай түүхий эдээр элдэв төрлийн бэлэг дурсгалын зүйл, үндэсний дээл хувцас хийж худалдаалан амьдрал ахуйгаа дээшлүүлэх нэг арга болгож байгаа нь харагдаж байлаа.

Ийнхүү Орхон, Булган, Хөвсгөл аймагт хийсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн ажлын айлчлал амжилттай өндөрлөсөн юм.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button