Хадгаламж банк хүүхдийн 25 мянгыг олгож эхэллээ

Монгол Улсын Засгийн газраас 18 хүртэлх насны хүүхэд бүрт жилд 100 мянган төгрөгийн тэтгэмж олгох болсон билээ. Энэ мөнгийг дөрөв хувааж улирал бүр 25 мянган төгрөг олгох болсон. Өчигдрөөс эхлэн энэ оны эхний улирлын 25 мянган төгрөгийг Хадгаламж, ХААН, Монгол шуудан банкаар дамжуулан олгох байсан ч ганцхан Хадгаламж банкны салбаруудаар мөнгө олгож байсан юм. Харин ХААН, Монгол шуудан банкууд төсвөөс мөнгө орж ирээгүй учир хүүхдийн 25 мянгыг өгч эхлээгүй байв. Өчигдөр 14 цагийн үед Хадгаламж банкны тооцооны 13 дугаар төвд очиход хүүхдийн мөнгөө авах гэсэн иргэд тэгж их урт дараалал үүсгээгүй байлаа. Банк ч ачаалал үүсгэхгүйгээр зохион байгуулжээ. Тус тооцооны төвийн захирал Н.Батбилэгээс хүүхдийн мөнгөний талаар тодрууллаа.

-Зарим иргэд хүүхдийн мөнгөө авахаар өдөржин урт дараалалд зогсох боллоо гэх юм?

-Өнөөдрөөс эхлэн манай банкны бүх салбараар хүүхдийн 25 мянган төгрөгийг олгож эхэлсэн. Иргэд урт дараалалд зогсч олон цагаар хүлээх явдал гарахгүй. Манай банк энэ талын, иргэдэд шуурхай үйлчлэх зохицуулалтыг сайн хийсэн.

-Хадгаламж банк дангаараа хүүхдийн мөнгө олгож байгаа юм уу?

-ХААН, Монгол шуудан, мөн манай банкны бүх салбараар мөнгө олгох ёстой. Харин ХААН, Монгол шуудан банкууд мөнгө нь орж ирээгүй учир өнөөдөртөө олгохгүй байгаа гэсэн. Манай салбарт хүүхдийн мөнгийг дөрвөн теллер зэрэг олгож байна.

-Танай салбараас хэчнээн хүн хүүхдийн 25 мянган төгрөг авах вэ?

-Бид Сүхбаатар дүүргийн гурав, тавдугаар хорооны 2500 орчим хүүхдийн 25 мянга, гурван мянган төгрөгийг олгоно.

-25 мянган төгрөгийг зөвхөн танай банк бэлнээр олгож байгаа юм уу?

-Мөнгө өгөхөөр болсон гурван банк гурвуулаа бэлэн мөнгөөр олгож байгаа. Мөн иргэд өөрсдөө хүсвэл Хадгаламжийн данс нээлгэж хадгалуулж болно.

-Хадгаламж банктай холбоотой асуудлаас болж иргэд хадгаламжаа татаж байгаа гэх яриа байна. Танай салбарын хувьд байдал ямар байгаа вэ?

-Манай банкнаас мөнгө дутсан асуудлаас болж тухайн үедээ иргэдэд эргэлзээ байсан. Гэхдээ харилцагчид хадгаламжаа татаагүй. Одоо байдал хэвийн болж байна. Манайд хадгаламж нээлгэж байгаа хүмүүсийн тоо харин ч нэмэгдэж байна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button