Yйлдвэр, худалдааны сайдаар Ц.Даваадоржийг томилохыг Удирдах зөвлөл дэмжив

Учир нь, МАХН-ын Удирдах зөвлөлийн өчигдрийн хурлаар Yйлдвэр, худалдааны сайдын томилгоог ярилцжээ. МАХН-ынхан Yйлдвэр худалдааны сайдаар томилуулахаар Ерөнхий сайдын санал болгосон Ц.Даваадоржийг дэмжихээр болсон аж. Ингэснээр МАХН энэ удаад Засгийн газарт БНН-ын төлөөлөл байна гэсэн гэрээгээ биелүүлэх бололтой. Ц.Даваадорж БНН-ын гишүүн бөгөөд тус яамны Геологи, хүнд үйлдвэрийн газрын даргын албатай. Мөн экс сайд Б.Жаргалсайханы зөвлөхөөр ажиллаж байв. Түүнийг томилуулахаар БНН-аас санал болгоод байсныг Ерөнхий сайд ийн дэмжлээ. Уг нь МАХН-ын Удирдах зөвлөлөөс гаргасан Засгийн газарт бүтцийн өөрчлөлт хийх ажлын хэсгийн саналаар Yйлдвэр худалдааны яам цомхотголд өртөөд буй аж. УИХ-ын хаврын чуулганаар бүтцийн өөрчлөлтийг хийх төлөвлөгөө ёсоор Yйлдвэр, худалдааны сайдыг томилохгүй хэмээн МАХН-ынхан мэдэгдэж байсан удаатай. Сайдыг гэнэт томилохоор болсон нь БНН-ын гаргасан удаа дараагийн мэдэгдэл, Засгийн газрын гишүүн огцорвол 30 хоногийн дотор дараагийн сайдыг томилох ёстой гэсэн хуулийн заалттай холбоотой. Мөн Yндэсний эв нэгдлийн Засгийн газрыг эрх зүйн чадамжтай болгож буй ганц нам нь БНН юм. Гэхдээ Удирдах зөвлөлийн гишүүдээс Yйлдвэр, худалдааны сайдыг томилохыг эсэргүүцсэн хүн цөөнгүй байж. Нэгэнт л бүтцийн өөрчлөлт хийх юм чинь ёс төдий сайд хэрэггүй гэлцжээ. Харин МАХН-ын дарга нь зүтгүүлснээр Ц.Даваадорж дэмжлэг авч чадсан байна. Бас ганц сайдын томилгооноос болоод хууль зөрчсөн гэсэн нэр зүүх хэрэггүй гэх хүн байсан нь ч нөлөөлж. Удирдах зөвлөлийн хурлын гол сэдэв энэ байсан ч бүтцийн өөрчлөлтийн талаар ярихгүй өнгөрсөнгүй. Одоогийн боловсруулаад буй төслөөр ХЗДХЯ, ГХЯ, СЯ, БСШУЯ, НХХЯ, ЭМЯ, БХЯ, Дэд бүтцийн яам, Эрдэс баялгийн яам гэсэн есөн яам байх ч үүнээс ч цөөлж болох талаар хэлэлцсэн юм байх. Харин цомхотголд өртөх ХХАА-н сайд Д.Тэрбишдагвад томоохон зүйл амлаж байгаа сурагтай. Цомхотголд өртөх өөрийн намын бусад сайд нараа хэл ам таталдаг гэх шалтгаанаар дахин хуваарилалт-аас хасчээ. Өөрөөр хэлбэл, тэдэнд ямар нэг албан тушаал амлахгүй гэж шийдсэн бололтой.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button