Монгол улс байгалийн баялгаараа дэлхийд танигдана

Монголын маркетингийн холбоо хуралд оролцсон 14 орны төлөөлөгчидтэй хэвлэлийнхнийг өчигдөр уулзуулсан юм. Энэ үеэр төлөөлөгч болон Дэлхийн маркетингийн холбооны ерөнхийлөгч ноён Картажауатай цөөн хором ярилцлаа.-Дэлхийн маркетингийн туршлага болоод амжилтын нууц нь юу юм бэ?

-Монголын маркетинг, бизнесийн түүхэнд онцгой зүйл тохиож анх удаа олон улсын хурал болж байна. Тухайн улс орон имижээ дэлхийд таниулж, нэрд хүрэхийн тулд эх орныхоо брэндийг дэлхийд таниулах явдал байдаг. Ердөө хамгийн түрүүнд хийх зүйл бол өөрийн гэсэн брэнд бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд хоногшуулж, ялгааг нь таниулах буюу брэндчилэх юм.

-Монголыг дэлхийд таниулахын тулд маркетингийн ямар ажлыг хийх хэрэгтэй вэ. Та бодож үзэв үү?

-Бид Монголд ирээд гурав хонож байна. Yнэхээр гайхалтай, байгалийн онцгой баялагтай орон юм. Тэгэхээр би Монголын төлөө хийж болох багц бодол төрсөн.

Улсынхаа зах зээл, худалдаа, аж үйлдвэр, хөрөнгө оруулалтад маш их анхаарч ажиллах хэрэгтэй. Танай улсын байгалийн баялагт үндэслэн ийм бодол төрсөн. Дэлхийд байхгүй ховор зүйлийн хосгүй чанарыг олон улсад таниулаасай.

-Шилдэг маркетеруудын хувьд та бүхэн манай улсыг энэ чиглэлээр юу хийхийг зөвлөж чадах вэ?

-Өөрт байгаа үндсэн давуу талаараа дамжуулан өөрийгөө хөгжүүлэх нь зүйтэй. Yүнд байгальд ээлтэй аялал жуулчлалыг хөгжүүлбэл дэлхийд танигдана. Мөн ашигт малтмалын талаар төр засгаас зөв бодлого явуулах хэрэгтэй. Бусад улс орон руу аялахад юу хийж болох вэ гэдгийг бодох нь зөв. Мөн уламжлалт соёл урлагаа дэлхийд сурталчлахаас гадна улс орон дотроо сайн хөгжүүлэх нь чухал гэж бодож байна. Энэ бүхнийг хийхийн тулд мөнгө, санхүү их хэрэгтэй л дээ. Тэгэхээр бусад улс оронтой хамтран ажиллах ёстой юм.

-Өөрийнхөө давуу зүйлийг дэлхийд таниулсан, брэнд бүтээгдэхүүнтэй болсон улс орны туршлагаас хараалцана уу?

-Зарим улсын брэндчиллийг ярья. Жишээлбэл, Малайз улс жинхэнэ Ази чанар, Тайланд бол найрсаг, Хонконг Азийн төв болж чадсан. Харин Монголыг гайхалтай онцгой байгалийн баялаг гэмээр байна. Биднээр буюу маркетингээр дамжуулан Монголын имижийг дэлхийд таниулбал үр дүнтэй гэж бодож байна гэлээ.

Ер нь дээрх алхмыг хийхийн тулд эхлээд сайн маркетингийн мэргэжилтэн бэлтгэх явдал аж. Тиймээс Монголын маркетингийн холбоо мэргэжилтнүүдийнхээ гадаад хэлний боловсролд анхаарах гэнэ. Дэлхийн маркетингийн холбоо хийж буй зарим зүйлээсээ ярьсан. Тэд сүүлийн үед Шри-Ланкийн автомашины үйлдвэрлэлийг бусад улс оронд таниулж байгаа аж. Энэ ажил 5-10 жилийн дараа амжилтад хүрнэ гэдэгт тэд итгэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button