Фидель Кастро Засгийн эрхэнд буцаж ирнэ

-Та Кубын удирдагчтай дотно харилцаатай байдаг цөөн улстөрчийн нэг. Түүний эрүүл мэнд ямар байгааг таниас асуух гэсэн юм?

-Фидель эрүүл болсон. Маш хүнд хагалгаа хийлгэсэн 80 настай хүн богино хугацаанд тэнхэрнэ гэж байхгүй. Харин ч Фидель бие сайтай тулдаа эдгэлээ.

-Тэр үнэхээр эдгэсэн гэж үү. Түүнийг хэвтэрт байгаа гэж барууны хэвлэлд бичиж байна?

-Америкуудын захиалгаар тийм зүйл бичиж байгаа нь тодорхой. Ер нь Фиделийг нөгөө ертөнцөд очуулахыг хамгийн их хүсч буй нь америкууд, тэр дундаа Буш.

-Фидель Засгийн эрхийг дүү Раульдаа шилжүүлсэн байгаа, тэр буцааж өгөх болов уу?

-Их сонин асуулт байна. Рауль ахыгаа хуурахгүй байлгүй дээ.

-Кубын удирдагч хэзээ ажилдаа орохыг дэлхий нийт сонирхож байна?

-Сайн найзын хувьд би энэ талаар мэдэлгүй яахав. Ирэх сарын 28-нд ажилдаа орно. Фиделийн бие маш сайн байгааг бичлэгээр үзсэн. Тэр жин нэмсэн байна лээ.

-Яагаад дөрөвдүгээр сарын 28-ныг сонгосон юм бол?

-Энэ их учиртай. Тэр өдөр бүсийн хамтын ажиллагааны ALBA байгууллагын гурван жилийн ой болно. Бидний хувьд энэ бол маш чухал өдөр. Нөгөө талаар Фидель бидэнд их хүндэтгэл үзүүлж байна.

-Энэ байгууллагыг Америкийн эсрэг холбоо гэдэг?

-Бид бүс нутагтаа үйл ажиллагаа явуулдаг. Өөр зорилго байхгүй.

-Уучлаарай, та Венесуэлийн Ерөнхийлөгч Уго Чавесын ажлыг их дэмждэг. Энэ бодлоо өөрчилсөн үү?

-Венесуэл бол манай түнш. Аль улстай түншлэхийг би бус ард түмэн шийддэг. Чавесын бодлогийг дэмжихээс өөр аргагүй.

-Тэр улсынхаа ашигт малтмалын орд газрыг гадаадын компаниудаас буцааж авч байгаа?

-Ер нь улс тодорхой ордод хяналтаа тогтоож байх хэрэгтэй. Мэдээж дотоодын боловсон хүчин бүх ажлыг хийж чадахгүй. Хамгийн гол нь асуудалд анхааралтай, улсын эрх ашгийг бодож хандах хэрэгтэй гэж би боддог.

-Боливт улс төр, эдийн засгийн хямрал нүүрлэлээ гэж барууны хэвлэлд бичиж байгаа. Мэдээж та үүнийг няцаах байх?

-Шүүмжлэлийг хүлээж авах хэрэгтэй. Би нэг зүйлийг онцлон хэлэхийг хүсч байна. Боливи бол ардчилсан улс. Би дарангуйлагч биш. Улс орны эдийн засгийн байдал удахгүй сайжирна гэдэгт итгэдэг.

-Хэрвээ Боливийг Вашингтон шахаад эхэлбэл та яах вэ?

-Бид хэнээс ч эмээж байгаагүй. Хамгийн гол нь шударга тэмцлийн төлөө Боливийн ард түмэн босох болно.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button