Бидний саналыг нааштай болгооно уу, ноён В. Путин гуай!

бүтээгдэхүүний үнэ буулгах нь ердийн үзэгдэл болсон. Нэн ялангуяа, жонш дээр. Уул уурхайн бүтээгдэхүүн, түүхий эдийн импортын татварыг эргэж нэг хараасай, нэгдсэн зохицуулалт зайлшгүй хэрэгтэй байна. Эдгээр асуудлыг нааштай шийдвэрлэсэн тохиолдолд эдийн засгийн үр ашгийн талаар ярилцах боломжтой.

Монгол-Оросын хилээр иргэдийг чөлөөтэй зорчих, бараа бүтээгдэхүүн оруулж гаргахад тохиолддог бэрхшээл аль ч улсын хил дээр байдаггүй гэж хэлж болохоор агуу их хүнд суртлын талаар бараг л 10 гаруй жил бид ярьж байна. Энэ асуудлыг манайхан ах нартайгаа дээд түвшинд өнгөрсөн оны эхэнд ярилцаад ямар ч үр дүнд хүрээгүй бөгөөд ер нь ингэхэд таатай орчинд бизнес явагдах нь бараг л үлгэрийн далай болж дээ. Ядаж байхад яр гэхчээр энэ сарын нэгнээс Оросын тал визнийхээ хураамжаа нэмж, 40-80 ам.доллар болгосон сураг дуулдсан.

Хүн төрөлхтний соёлт улс орон л юм бол харилцан бие биеээ хайрлан хамгаалах, дэмжлэг туслалцаагаа харилцан өгч баймаарсандаа. Айл саахалтын улсууд ч илүү дутуугаа гүйцээж, нэг голоос ус ууж байдгийн хувьд муудалцаад яахав гэдэг биз дээ. Саяхан ОХУ-ын Холбооны хурлын холбооны зөвлөлийн дарга ноён С.Мироновоос УИХ-д Орос, Монголын хил хамгаалах газар, Гаалийн газарт нь оршиж буй бэрхшээлийг хүлээн зөвшөөрсөн утгатай захидал илгээсэн бөгөөд хүнд суртлын асуудлыг яаралтай дахин ярилцах санал ирүүлжээ. Уг саналд Монгол-Оросын парламентын бүлэг ОХУ-ын Төрийн Думын Орос-Монголын бүлэгтэй хамтран энэ сарын дундуур Буриадын Улаан-Үд хотноо хоёр талын бизнесийн таатай орчин бүрдүүлэх сэдвээр уулзацгая гэсэн байна.

Саналыг манайхан хүлээн авч, УИХ-ын гишүүн, Монгол-Оросын парламентын бүлгийн дарга Д.Идэвхтэн тэргүүтэй Гадаад хэргийн яам, хил гааль, холбогдох яам, газар болон бизнесийн төлөөлөгчид мөдхөн аян замдаа мордох гэж байна. Уг уулзалтанд хойд хөрштэй арилжаа наймаа эрхэлдэг бүгд явж чадахгүйгээс хойш, хувийн хэвшлийнхнээс уг уулзалтанд ямар асуудлыг хөндөж яривал асуудал нааштай эргэх бол гэсэн асуулт тавихад

Сод Монгол ХХК-ний гадаад харилцаа, татан авалт хариуцсан ахлах менежер Н.АНГАР

-Манай компани Оросоос бензин оруулж ирдэг бөгөөд DAF-ын нөхцөлтэйгээр Наушки өртөө хүртэл бүтээгдэхүүнээ ачуулдаг тул хүндрэлтэй асуудал гардаггүй. Харин хэрэглээний бараа буюу тоног төхөөрөмж дээр бэрхшээл багагүй тохиолддог. Бүтээгдэхүүн болгоны нэхэмжлэл болон сертификат дээр тамга тэмдэг байдаггүй, ялгаж салгаж бичдэггүй, дагалдах бичиг баримт дутуу гээд нэлээд чирэгдэлтэй. Үүнээс болж Монголын гаалийнхан зохих бичиг баримт шаардаж, бид дахин Орос руу явах хэрэг гарч, илүү зардал зарцуулдаг. Энэ асуудлыг Оросын талд хэлэх гэхээр их л үл тоомсорлосон байдлаар харьцдаг.

Мон-Ланс-Агро ХХК-ний ерөнхий захирал Б.СҮХЭЭ

– Шулуухан хэлэхэд үндэсний үйлдвэрүүдэд Орост бүтээгдэхүүнээ гаргах үүд хаалттай. Үүнд би гаалийн татвар дээр ярьж байна. Нөгөөтэйгүүр Орос руу гарахад чөлөөтэй биш, визний асуудал хүнд хэвээрээ. Монголчуудад визний асуудлыг чөлөөтэй болгоно гэж цуураад байсан чинь одоо бүр дордож хураамж нь нэмэгдчихлээ. Энэ хоёр гол асуудлыг яаралтай шийдвэрлэсэн цагт хоёр улсын худалдааны эргэлт сайжирч, улс орнуудын эдийн засгийн өсөлтөд тодорхой хувь нэмэртэй болно.

Хатан сүлжээ ХХК-ний ерөнхий захирал Б.БАДАМХАНД

– Оросын хил, гаалийн хүнд суртлаас шалтгаалж, Орос улсын хөгжил, ялангуяа Сибирь, Буриад муж нь миний бодлоор хөгжихгүй байгаа юм уу даа. Тэдний гаалийн импортын татвар нь өндөр бөгөөд дарамттай. Хээл хахууль дээд зэргээс хөгжсөн, алган дээр нь мөнгө тавьбал гааль нь ч нээлттэй, бидний бизнес ч мөн нээлттэй.

Оросын хөгшчүүлтэй би нэг биш удаа уулзаж байхад, Монгол бол залуу орон, дайчин улс, ардчилал сайн хөгжсөн газар, бид танай улсаар бахархдаг, танай бараа чанартай гээд л Монголын барааг нэлээд сайн худалдан авдаг. Бид Орост бараагаа жижиглэнгийн үнээр зарахад дотоодын үнээс нь хамаагүй бага юм билээ. Тиймээс манай үндэсний бүтээгдэхүүн Оросын зах зээлд гүйлгээтэй барааны нэг гэж үздэг. Орост ноолуур байхгүй, арьс шир төдийлөн сайн хөгжөөгүй.

Оросын гаалийн импортын татвар тодорхой хэмжээнд байх ёстой, харин татварын хэмжээг буулгах хэрэгтэй. Уг нь ОХУ нь Дэлхийн худалдааны байгууллага болон Европын Холбооны гишүүнээр элсээд авбал бидэнд маш их хэрэгтэй.

Орост гэмт хэрэг их гардаг, бизнес явуулахад тун эрсдэлтэй. Энэ нь хоёр улсын хоорон дахь худалдаанд багагүй нөлөөлдөг. Оросууд хил гааль болоод дотоодын гэмт хэргийн асуудлаа цэгцлэхгүй бол зөвхөн монголчууд төдий бус, бусад улс орон худалдаа наймаа эрхлэх нь багасах байх. Монголын үндэсний бүтээгдэхүүн Оросын зах зээлийн өчүүхэн хэсгийг нь хангаж дийлэх эсэх нь тодорхой биш. Гэхдээ Монголын натурал бүтээгдэхүүнийг оросууд дуртай худалдан авдаг тул бидэнд гаалийн хөнгөлттэй тарифаар үйлчилж болдоггүй юм уу гэж хэлэх байна.

Эм Эн Эм Ти ХХК-ний гүйцэтгэх захирал Б.БАТ-АМГАЛАН

-Увс аймгийн Босоо-гийн боомт Тувагийн Хандгайттай хил залгаа. Одоогоос 10 жилий өмнө энэ хоёр боомтоор чөлөөтэй орж, гарч хоёр талын худалдааны эргэлт маш сайн байлаа. Өдөрт 90-100 хүн, 40-50 автомашин орж гардаг байв. Аялал жуулчлал боломжийн хөгжиж байсан. Харин Оросын гаалийн татварын хураамж нэмэгдсэн цагаас хойш боомтууд бараг л зогссон. Одоо бол өдөрт ердөө л 3-4 хүн орж гардаг болжээ. Түүнээс гадна Тувагийн талаас барааны ченжүүд ирж, монголчууд тэдэңц 200-400 рубль өгөөд замын тээврийн зардлыг нь даагаад өдөрт нэг удаа бараагаа гаргуулдаг болсон. Ийм л сонин үзэгдэл бий болжээ.

Байдал эрс муудсан учраас одоо тус аймгийн ажилгүйдэл нэмэгдэж, хүн амын худалдан авах чадвар муудаж, өнөө аялал жуулчлалын талаар ярихын ч хэрэггүй болсон. Нэмж хэлэхэд тус боомтоор гурав дахь орны иргэдийг нэвтрүүлдэггүй юм билээ. Тиймээс аялал жуулчлынхан энэ чиглэлээр маршрут зохиох хэрэггүй

гэж үздэг. Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргидог гэдэг шиг гаалийн татварын хураамжаас болоод улс хэцүүхэн байдалд байна. Энэ асуудлыг хоёр тал яаралтай шийдвэрлэх хэрэгтэй байна.

Жаст ХХК-ний ерөнхийн захирал Ш.БАТХҮҮ

– Манай компаний хувьд Оростой худалдаа наймаа хийхэд нэг их бэрхшээл саад болоод байдаггүй. Хоёр улсын худалдаа хамтын ажиллагааг үнэхээр хөгжүүлэх хэрэгтэй гэж үзвэл бодлогын хэмжээнд асуудлыг хөндөн ярилцаж, манай улсад хенгөлттэй нөхцөл бий болгох хэрэгтэй. Монголын экспортын бүтээдэхүүн агуу их гүрний хувьд уг нь юу ч биш. Тиймээс бидэнд заавал хатуурхаад байх хэрэг байна уу. Монгол Улс гаалийн татвараа 5, НӨТ10 хувь хүртэл болголоо. Бидний энэ туршлагыг тэд авбал болохгүй зүйлгүй.

Бөөний худалдаа ХХК-ний захирал Б.ОЧБАДРАХ

– Оросын гаалийн татварыг бууруулах саналтай байна. Түүнээс гадна оросуудтай наймаа хийхэд банкуудын мөнгөний гүйлгээний асуудал төвөгтэй байдаг. Тэдний банкууд заавал Нью-Йоркийн банкаар дамжсаар хэд хонож байж гүйлгээ хийгдэж байна. Тэгэхэд Хятадын банкнаас мөнгө 1-2 хоногийн дараа ороод ирдэг.

Магнай трейд ХХК-ний худалдаа маркетингийн асуудал хариуцсан захирал Д.ЭНХЦЭЦЭГ

– Оросын талаас тээвэрлэгдэж ирж буй бүтээгдэхүүний бичиг баримт дутуу ирж, заримдаа гараар, алдаатай бичих, засвартай ирэх тохиолдол цөөнгүй. Гаалийн дагалдах бичиг баримтанд хяналтын тэмдэг тавьдаггүй. Үүнээс болж манай гаалийнхан биднээс зөвхөн зөрчилгүй бичиг баримт шаарддаг.

Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциацийн ерөнхий менежер О.ЗОРИГ

– Оросын гаалийн бүрдүүлэлт хийхэд нэлээд төвөгтэй, хүнд сурталтай байдаг. Хоёрт, аль ч талд лаборатори байдаггүйгээс хүндрэл гарч, олон улсын стандарт хангаагүй гэсэн нэрийдлээр бүтээгдэхүүний үнэ буулгах нь ердийн үзэгдэл болсон. Нэн ялангуяа, жонш дээр. Уул уурхайн бүтээгдэхүүн, түүхий эдийн импортын татварыг эргэж нэг хараасай, нэгдсэн зохицуулалт зайлшгүй хэрэгтэй байна. Эдгээр асуудлыг нааштай шийдвэрлэсэн тохиолдолд эдийн засгийн үр ашгийн талаар ярилцах боломжтой.

Туушин ХХК-ний дэд захирал Н.ЭНХРИЙМАА

– Гадаад худалдааг либералчлах болон хөрөнгө оруулалт, бизнесийн таатай орчин бүрдүүлэх, гаалийн бүрдүулэлтийг хялбарчлах, гаалийн хяналт шалгалтын технологийг худалдаа, бизнесийн шинэ орчинд зохицуулан шинэчлэх ажлыг улам боловсронгуй болгохыг цаг үе зүй ёсоор шаардаж байна.

Манай компаниас гаалийн зуучлалын үйл ажиллагааг явуулах, экспорт, импорт, транзитын ачааны гаалийн бүрдүүлэлт хийх явцад бидэнд болон үйлчлүүлэгчид тулгардаг хүндрэлийг арилгах, үйлчилгээг хөнгөн шуурхай болгох үүднээс хэдэн саналыг нэн даруй шийдвэрлэж өгөхийг хүсэх байна.

Хилийн өртөөд манифестийг бичихдээ ачаа буух гаалийн хяналтын талбайн кодыг буруу бичсэнээс ачааг Улаанбаатарт ирсний дараа гаалийн хяналтанд оруулах болон гаалийн бүрдүүлэлт хийхэд цаг хугацаа алдах хүндрэл үйлчлүүлэгчдэд сүүлийн үед удаа дараа гарч байна. Иймээс манифест бичиж байгаа байгууллагад алдаа гаргуулахгүй байх талаар арга хэмжээ авах. Цаашид гаалийн замаар гаалийн итгэмжлэгдсэн тээвэрлэгчээр тээвэрлэгдэж байгаа авто тээврийн хэрэгслийн нэгж тутамд манифестийг нөхөн бичих талаар МУГЕГ судалгаа хийж хэрэгжүүлэх шаардлагатай байна.

Алтанбулаг хилийн зурвасаас гаалийн хяналтын талбай хүртэл автомашинаар гаалийн хяналтанд тээвэрлэгдэж байгаа ачааны Автын манифест-ийг ачааг зуучилж байгаа тээвэр зуучийн компанийн мэдүүлэгч бичдэг болгох.

Манайхан ийнхүү санал хүсэлтээ илэрхийллээ. Харин ах нар эдгээр саналыг хичээнгүйлэн авч үзэж, асуудлыг нааштай болоод харилцан ашигтай байдлаар шийдвэрлэвэл өнөө олон жилийн ах дүү, найрамдалт улс бодит амьдрал дээр биелэлээ олно. Оросуудын өнөө Курица не ряба, Монголия не граница гэдэг ёгт үг одоо л ёстой хэрэгтэй бус уу.

Бизнес таймс сонин 07 /501/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button