Аймгуудын засаг дарга нар ерөнхийлөгчтэй уулзлаа

Төрийн тэргүүн гурван асуудлын талаар ярилаа.

Нэгд, ашигт малтмалын эрэлт хэрэгцээ, үнэ өссөнөөр Монгол улсын ашигт малтмалын нөөцийг дэлхий дахин сонирхож байна. Төр 51%-иас илүү эрх мэдэлтэйгээр төлөөллөө Монголын орд газруудад бий болгохын төлөө Засгийн газар ажиллах нь зүйтэй.

Төрийн санхүүжилтээр хайгуулын ажил хийж, нөөцийг нь тогтоосон орд газруудад төр, засгийн оролцоо хэрэгтэй.

Монгол Улсын Төрийн тэргүүний Францад хийсэн төрийн айлчлалын үеэр Францын дэлхий дахинд нэр нөлөө бүхий томоохон компаниуд үүний дотор Арева ашигт малтмалын талаар Монголын төр засагтай хамтарч ажиллах сонирхолтойгоо илэрхийлж байсан. Тэд ярихдаа Монголын зах зээл дээр хөрөнгөгүй, мэдлэг, туршлагагүй олон орны компаниуд ашигт малтмалын салбарт орд газруудын хайгуул, олборлолтын лицензийг эзэмшиж байна. Энэ талаар төр засаг, хувийн салбартай түншлэх хэлбэрээр ажиллах санал тавьж байсан.

Монголчуудын гарт байгаа ашигт малтмалын лицензны тухайд төр засаг тэдэнтэй яриад ойлголцож болно гэж найдаж байгаа. Бүр болохгүй бол Засгийн газар хууль санаачилж, УИХ-д танилцуулах боломжтой.

Монгол улс дэлхийн нөлөө бүхий уул уурхайн салбарын компаниудтай хамтран ажиллаж, ашигт малтмалаа эргэлтэнд оруулах, санхүүгийн зах зээл дээр гаргаж, хөрөнгөө зохицуулах хэрэгтэй байгаа. Үүнээс олсон ашгийг Монголын хөгжлийн сан-д төвлөрүүлэх ёстой. Эндээс боловсрол, эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх, ажлын байр бий болгоход зарцуулж болно.

Хоёрт, Үндэсний хөгжлийн цогц бодлого Засгийн газар Ерөнхийлөгчид өргөн барьсан. Төсөлтэй танилцаж, ирэх сард УИХ-д танилцуулна гээд Үндэсний хөгжлийн цогц бодлогод улс орноо 2021 он хүртэл хөгжүүлэх бодлогыг тусгасан талаар Төрийн тэргүүн ярилаа.

Ерөнхийлөгч цааш нь, хөгжилтэй орнууд хөгжлийн хувьд холын хараа сайн, хөгжиж буй орнууд ойрын хараа сайн гэж хэлж болно. Манай улс эхний ээлжинд 14 жилийн хөгжлийн бодлогоо боловсруулаад, 2050 он гэхэд хөгжсөн орнуудтай зэрэгцэж очоод, 2075 он гэхэд түрүүлэх зорилт тавья. Хүн болгоноос хөгжлийн бодлогын хэрэгжилт шалтгаална.

Аймаг ойр, бүс нутаг дунд, улс холын хараатай бодлоготой хөгжье. Улсаа хөгжүүлж ашигт малтмалаас бага шалтгаалсан орон болъё.

Гуравт, засаглал, орон нутгийн удирдлагын тогтолцооны асуудлын талаар ярихад орчин үеийн орнуудад Парламентын засаглал, Ерөнхийлөгчийн засаглал, холимог гэсэн гурван хэлбэрийн засаглал байна. Монголын засаглалыy хэлбэрийг илүү ойлгомжтой, тодорхой болгох шаардлага тулгараад байгаа талаар Ерөнхийлөгч ярив.

Дөрөвт, олон улсын байгууллагууд Монгол улсын талаар дөрвөн дутагдалтай зүйлийг нэрлэсэн. Үүнд 1. Ядуурлыг бууруулах тал дээр ахиц гарахгүй байна. 2. Тураалтай хүүхдийн биеийн жин нэмэгдэхгүй байгаа. 3. Ой мод сүйдэж байна. 4. Хэрэглээний цэвэр усны хангамж хөдөө орон нутагт муу байгаа. Эдгээрийг засаж залруулах талаар ажиллах хэрэгтэйг Ерөнхийлөгч Н.Энхбаяр онцоллоо.

Ерөнхийлөгч цааш нь, тавд, Сингапурт орон нутгийн удирдлагуудын хөдөлгөгч хүч улс төрийн намууд биш, төрийн алба байна. Манайд орон нутгийн удирдлага улс төрийн намуудаас хамааралтай байгаагаас төрийн алба хохирч байгааг дурьдав.

Төрийн тогтолцоотой холбоотой жижиг асуудлуудыг оновчтой зөв зохицуулах тал дээр аймаг, орон нутгийн тамгын газрууд иргэддээ зориулж банкнаас зээл авахад, төсөл хэрхэн бичих талаар сургалт явуулах, газар, өмчөө бүртгүүлэхтэй холбогдсон асуудлаар иргэдээ боловсролтой болгох хэрэгтэйг Монгол Улсын Ерөнхийлөгч онцлон тэмдэглэлээ. Мөн хөдөө орон нутагт усан сан, газар олголтын асуудал дээр анхаарах шаардлагатай байна гээд эрчимжсэн мал аж ахуй руу шилжих талаар санаачлагатай ажиллахыг Төрийн тэргүүн аймгуудын засаг дарга нарт зөвлөлөө.

/Оллоо.МН/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button