Ганы элчин сайд итгэмжлэх жуух бичгээ барилаа

Итгэмжлэх жуух бичиг барьсаны нь дараа Ерөнхийлөгч Н.Энхбаяр Элчин сайд Э.А.Мантейг хүлээн авч уулзлаа. Төрийн тэргүүн хэлэхдээ, Монгол, Бүгд Найрамдах Гана Улс найрсаг харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлж байна. Эдийн засаг, соёлын салбарт болон төлөөлөгчид солилцох замаар хамтын ажиллагаагаа өргөжүүлье гээд ноён Э.А.Мантейг элчин сайдаар ажиллах хугацаанд хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа улам идэвхжин өргөжинө гэж найдаж байгаагаа илэрхийллээ.

Элчин сайд Э.А.Мантей халуун дотно хүлээн авсанд Монгол Улсын Ерөнхийлөгчид талархал илэрхийлээд Монгол, Гана хоёр улс газар зүйн хувьд хол байрладаг ч мэдээллийн харилцаа хөгжсөн өнөөгийн эрин үед орон зайн бэрхшээл арилж, харилцаагаа өргөжүүлэх бололцоотойг тэмдэглэв. Элчин сайд цааш нь, Гана улс хөрш орнуудтайгаа болон бусад улс орнуудтай энх тайвнаар зэрэгцэн оршдог. Гана улсад омог, аймгуудын зөрчил, дотоодын дайнаас болж хөгжлөөс хоцорсон тал бий ч, хоцрогдмол байдал нь хөгжил рүү тэмүүлэх, урагшлах хүч болж байгаа гэв. Гана улсад хүсэлт тавьсан аль ч орныг Гана олон улсын тавцанд дэмжиж ажилладагийг Элчин сайд онцлоод Монгол, Гана улс өөрсдөдөө байхгүй зүйлээ бие биенээсээ харилцан солилцож, хоёр талын хамтын ажиллагаагаа хөгжүүлье гэлээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button