Б.Болдсайхан Бид ирж яваа цагийн жам ёсны элч нар

Иргэний холбоо-ны гишүүн, Нэгдсэн III эмнэлгийн Зүрхний мэс заслын тасгийн эмч Б.Болдсаихантай ярилцлаа. Тэрээр сүүлийн үед хэвлэлд сонирхолтой нийтлэлүүд бичсэнийг та бүхэн мэдэж байгаа байх аа.

-Та хамгийн сүүлд олигархуудын тухай бичсэн байсан. Монголчууд олигархиудаас айдаг. Гэтэл та арай өөрөөр тайлбарласан байх шиг санагдсан. Гурван хувилбараар ?

-Монголд ганц ч мөхөөлдөс, аяга цай зарж үзээгүй, төрийн хар хүн гэх тодотголтой боловч асар их эд хөрөнгийн эзэн болсон улстөрчдийг нийгмийн баялаг бий болгож байгаа хүмүүсээс зааглаж, ялгахыг хүссэн юм. Тэд тэнгэр газар шиг ялгаатай өөр өөр хүмүүс. Харин гуравдагч бүлгийн хувьд их аюултай үзэгдэл юм.

-Юу нь аюултай гэж?

-Төрийн нэрээр олж авсан эд хөрөнгө, эрх мэдлээ тогтоон барихын тулд зарим нь бүхэл бүтэн бүлэглэл бий болгож байна. Үүнд нь зөвхен бүлэглэлд үйлчилдэг улстөр, эдийн засаг, хууль хүчний байгууллага, хувийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, тэр ч байтугай хувийн иргэний хөдөлгөөн хүртэл бий болсон. Энэ бүлэглэлүүд улс төрийн нам биш бөгөөд УИХ, Засгийн газар, улс орныг бүхэлд нь эрх мэдэлдээ авах гэж оролдож эхэлж байна.

-Нэрлэж болох уу?

-Н.Энхбаяр, М.Энхболд нарын бүлэглэл лав энд орж таараа.

-Манайд эх орон гэж дуугарсан хүн улс төрийн хүрээнд ч, олон нийтийн дунд чборлуулалтсайтай байгаа. Энэ нь эргээд эх орны төлөө гэхээсээ илүү улстөрд гарч ирэх хөшүүрэг болж байх шиг. Гэтэл Иргэний холбоо-нд таны гүйцэтгэж буй үүрэг бага биш. Танай уриалга ч тэр Монголдоо сайхан амьдарья гэдэг?

-Олон хүн хоёрдугаар ээлжинд хоолонд орохын тулд Сүхбаатарын талбайд жагсаал хийж байна гэж хэлэх болсон. Тэр үгийг надад зориулаад хэлчих шиг боллоо, тийм үү?

-Бараг л?

-Би хувь хүнийхээ хувьд идеалист, бас аядуу үзэлтэй хүн. Иймд 1990-ээд оноос хойш олон сайн сайхан зүйл бий болж, Монголд ардчиллын арга яс босгосныг хүлээн зөвшөөрдөг. АН болон МАХН-д ч улс орныхоо төлөө ихийг хийсэн хүмүүс бий. Гэхдээ өнөөдөр 1990 онд хийсэн ардчилсан хувьсгалын жам ёсны үргэлжлэлийг хийх цаг болсон байна. Бид нэг их ухаантайдаа энэ үгийг хэлж цоо шинэ зүйл бодож олоод яриад байгаа юм биш. Европын улс орнуудад байж л байгаа тэр иргэний тогтолцооны тухай ярьж байгаа. Анх ардчилсан хувьсгалыг хийсэн хүмүүс ч дэлхийд байхгүй зүйлийг ярьж, урьд хожид хийж байгаагүй шинэчлэлийг хийгээгүй. Бусад улс оронд болж байсан. ардчилсан өөрчлөлтийг л Монголд нэвтрүүлсэн. Бидч адилхан. Иргэний нийгэм, иргэний тогтолцоог бий болгох хэрэгтэй тухай ярьж байна. Ард түмэн өөрөө өөрийнхөө эрх ашгийн төлөө тэмцэж сурах цаг болсныг хэлж, тэр орчныг бий болгох гэж явж байгаа гэдгээрээ бид ирж яваа цагийн төлөөлөл. Төр намын бүлгийн үгээр биш, харин олон нийтийн санаа бодолд уялдуулж ажлаа хийх ёстой. Гэхдээ би Монголын ард түмэн эрх чөлөөний төрмөл мэдрэмжтэй гэдэгт итгэдэг. Азийн бусад улс орны иргэд хатуугаар хэлэх юм бол күнзийн сургаал ноёрхсон, боолын сэтгэхүйтэй байдаг. Харин манайд иргэний нийгэм хөгжих бүрэн боломж бий.

-Гэхдээ Иргэний холбоо Монголын анхны иргэний хөдөлгөөн биш. Зорилго, чиглэлээ өөр өөрөөр тодорхойлсон хөдөлгөөнүүд борооны дараах үүл шиг бүртгүүлж байгаа. Хөдөлгөөнүүдийг адилтгаж болох уу?

-Бид тэр иргэний хөдөлгөөнүүдийн дараагийн үе шат болон гарч ирж байгаа. 2004 оноос иргэний хөдөлгөөнүүд хүчээ авч, иргэний нийгмийн төлөө тэмцэж эхэлсэн. Манай холбоонд бусдаас эрс ялгарах онцлог бий. Яг үнэндээ Ж.Батзандан, О.Магнай, С.Ганбаатар нар холливудын кинонд гардаг батмен, спайдармен шиг үүрэг гүйцэтгэж байсан хүмүүс. Ямар нэг болохгүй боллоо гэхэд тэр асуудлын хойноос орж, нэг том даргад хүчээр тулгаж, хувь хүний тоглолтоор шийддэг. Автобусны үнэ нэмэгдэхэд С.Ганбаатар хотын дарга дээр очоод хүчээр шийдүүлсэн.

-Энэ буруу гэж үү, хотын иргэдэд хамгийн их таалагдсан алхам?

-Би автобусны үнэ бууруулсныг зөв гэдгийг үгүйсгэхгүй. Гол нь аливаа зүйл хоёр талтай. Өнөөдөр хүмүүс хотын утаа ихсээд байхад С.Ганбаатар яачихав аа, ажлаа хийхгүй байна. Замын түгжрэл их байхад Г.Баасан авгай хааччихав аа гэх болж. Энэ нь эргээд хувь хүн өөрийнхөө эрх ашгийг өөрөө биш өрөөл бусдаар шийдүүлэх гэсэн хүсэлтэй болгох аюулыг авчирч байна. Харин манай иргэний холбоо хүн бүр өөрийнхөө эрх ашгийн төлөө гадаах хүүхдийн талбайгаа хамгаалах гэж тэмцэж байгаа шигээ адилхан тэмцээсэй гэж хүсч байна. Үүний төлөө ажиллана. ВВС-гээс өнгөрсөн онд Улаанбаатарыг дэлхийн хамгийн заваан хотоор нэрлэж байсан. Бид хотын даргын хажууд өдөр бүр зогсож телевизээр алдааг нь засаад зогсож байх ёстой юм гэж үү?

-Яагаад. Даргын хажууд суусан иргэний хөдөлгөөний удирдагчид бүр илүү том дарга шиг харагддаг. Иймд ч танайх нийслэлийн удирдлагуудыг эхний бай-гаар сонгосон юм болов уу гэх сэтгэгдэл төрүүлсэн?

-Н.Болормаа дарга болон нийслэлийн удирдлагууд Улаанбаатар хотыг дэлхийн хамгийн заваан муухай хот болгосон талаараа байр сууриа илэрхийлэх цаг болсон. Бид дарга болгонтой тэмцэх биш харин доороос нь иргэдийг өөрийнхөө хотын төлөө өөрсдөө тэмцэж эхлэхийг хүсч байна. Гэсэн ч эхний ээлжинд хотын асуудлыг шийдэхийн тулд Улаанбаатар хотын дарга нараас та бүхэн биднийг төлөөлж байна уу, үгүй юу гэж асуухаас өөр аргагүй болсон. Энэ хотын нэг сая гаруй иргэн гоё сайхан эрүүл хотод амьдрах эрхтэй. Харин үнэхээр Улаанбаатарын сая гаруй иргэн биднийг огт дэмжихгүй бол энэ тэмцлийг цааш нь өрнүүлэх боломжгүй болно.

-Иргэд дэмжсэнгүй. Тэмцэл дуусаа гэж үү?

-Үгүй ээ, тэд дэмжинэ. Энэ бол жам ёсны үзэгдэл гэдгийг дээр хэлсэн. Монголчуудын өмнө хоёр сонголт бий. Нэг дэх нь, мэдээж жирийн иргэд өөрсдийнхөө эрх ашгийг хамгаалж тэмцдэг, шударга зарчим үйлчилдэг иргэний нийгмийг бий болгох. Харин нөгөө талд одоогийн муу муухай бүхэнтэйгээ эвлэрч, хэдхэн хүн өөрсдийнх нь өмнөөс цөөнхийн эрх ашгийн төлөө шийдвэр гаргадаг тэр мөхлийн зам, Жарж Орвуэллийн Гахайн ферм болох хоёр л зам хүлээж байгаа. Үүнийг монголчууд ойлгоно байх.

-Бүх иргэний хөдөлгөөн ийм гоё сайхан үг хэлдэг. Энэ үгэнд нь татагдсан олон мянган хүн Сүхбаатарын талбайд жагсаал ч, эрүүл мэнд, сэтгэл санаагаараа хохирч байна. Харамсалтай нь, энэ тэмцлийн ялагч нь зохион байгуулагчийн үүрэг гүйцэтгэж буй цөөхөн хэдэн хүн л болж, тэд эрх мэдэлд хүрэх юм биш үү?

-Тэр зарчим манайд яагаад адилхан үйлчилнэ гэж?

-Иргэний хөдөлгөөнүүдийг нэгийг нөгөөгөөс нь ялгаж салгахад хэцүү. Өнөөдөр иргэний хөдөлгөөний идэвхтэй жирийн гишүүнийг хэн ч танихгүй. Харин Ж.Батзандан, О.Магнай, С.Ганбаатар, Г.Баасан нарыг бүгд мэднэ. Энэ нь тэдэнд ирэх сонгуулийн ялалт авчрах ёстой бололтой?

-Тэднийг ялагч мөн, биш гэдгийг хэлэхэд эрт байна. Тэд одоогоор УИХ, Засгийн газарт ороогүй байгаа. Цаанаа яг ямар ялалтын эзэн болж буйг би хэлж мэдэхгүй. Харин бидний хувьд зарим хүний хэлж байгаагаар хоёрдугаар ээлж хоолондоо орох ингэж тэмцэж байна гэж бодвол тэр өрөөсгөл ойлголт. Үнэхээр улс орныг өөрчилж, иргэн төвтэй болгож хөгжүүлэхийн тулд төрд гарах хэрэгтэй. Манай Иргэний холбоо Үндсэн хууль болон бусад хуулиудад тодорхой өөрчлөлт оруулахаар ажлын хэсэг байгуулаад ажиллаж байна.

-Та нар хуульд өөрчлөлт оруулах эрх бүхий субьект биш. Хуульд өөрчлөлт оруулахын тулд УИХ-д суух ёстой?

-Мэдээж, тэр хуулийн шинэчлэлийг 2008 оны УИХ-ын сонгуулийн мөрөө хөтөлбөрөө болгон иргэдэд өргөн барина.

-Энэ асуултаар хоёрдугаар ээлжийнхэн хоолондоо орох гэж байна гэдгийг баталчих шиг боллоо?

-Яалаа гэж дээ, хоёрдугаар ээлжийнхэн хоол олж идэх боломжгүй болгох гэж хийж байгааг бидний барьж байгаа хуулийн төсөл баталж өгнө. Хуулийн төслүүдэд УИХ-ын гишүүн гэдэг том дарга биш зөвхөн ард түмний төлөөлөгч байна гэдгийг илэрхийлнэ. Тэр төслөөр дамжиж гарах өөрчлөлтииг ойлгуулахын тулд бид хүн бүхэнд танилцуулахыг зорьж байна. Өнөөдрийн хуулиар хэчнээн сайн хүн ч бай УИХ-ын гишүүн болоод нам, бүлгийнхээ эрх ашгаас дээгүүр алхаж болохгүй. Зөвхөн тэр нэг хэсгийнхний гар хэл болоод дуусч байгаа. Харин бидний боловсруулж буй төсөл хэчнээн муу хүн гарсан ч бай ард түмнийхээ төлөө ажиллахаас өөр гарцгүй тийм нөхцлийг бий болгоно. Дарга нарт хэцүү, иргэдэд амар байх тийм хуулиуд.

-Жирийн иргэд ойлгох болов уу?

-Уншиж л ойлгоно доо. Тэр төслийг үнэхээр хүлээн зөвшөөрөх юм бол бидэнд саналаа өгнө.

-Хүлээн зөвшөөрөхгүй бол яах вэ. Та нарыг хоёрдугаар ээлжийнхэн биш гэдэг тэр итгэл үнэмшлийг заавал уншиж байж ойлгоно гэдэг хэцүү биш үү?

-Хэцүү гэж хойш суух байсан бол яалаа гэж энэ ажпыг эхлүүлэх билээ. Бид УИХ-д заавал дөрвөн жил суух шаардлагагүй. Хууль эрх зүйн шинэчлэлээ хийчихээд, за одоо бүх юм зөв голдрилоороо явах боллоо гэж үзвэл суудлаа өгөөд шинэ хууль зүйн орчинд шинэ парламентыг бүрдүүлж болно.

-Үнэмшилгүй сонсогдож байна. Эрх мэдлийн үзүүрээс атгаж үзээд эргүүлээд тавих сонирхол хэнд ч байдаггүй бас чаддаг ч үгүи гэдэг юм билээ?

-Тэр бол зөвхөн эхлэл л байх болно. Өөрсдөө идэвхтэй, эрх мэдэлтэй байх бололцоог сонгох эрхийг иргэдэд өгнө. Мөн зөвхөн УИХ-д сонгогдох биш нийслэлийн иргэдийн хуралд ч гарах хэрэгтэй. Төрийн эрхийг барьж байгаа хоёр намд Монголын бүх эрх мэдэл төвлөрсөн. Тэд эрх мэдлээ тогтоон барихын тулд бидний эсрэг төрийн машиныг босгож мэднэ. Энэ дунд бид ялалт байгуулах боломж олно гэдэг бол хүнд ажил. Гэсэн ч амар хялбар зүйл гэж байдаггүй.

-Үнэндээ 2008 оны сонгуульд ялалт байгуулахын тулд хүн бүрийн өмнө баахан хуулийн төсөл бариад, танилцуулаад уншуулаад явна гэхээр нэг л итгэж өгөхгүй байна?

-Миний хувьд зүрхний хагалгаагаа хийгээд, дуртай номоо уншаад явахад амар тайван амьдрах боломж бий. Дуртай юмаа хийгээд хүүхдүүдтэйгээ тоглоод явахад сайхан л байна. Манай холбооны ихэнх гишүүдэд ч амар. Гэвч бид үр хүүхдүүдээ, Монгол Улсын ирээдүйн иргэдийг энэ харанхуй нийгэмд, үүнээс ч бүр илүү харанхуй болж мэдэх тэр нийгэмд амьдруулмааргүй байна. Тэднийг хүн шиг амьдраасай гэсэндээ бид хүнд хэцүү замыг сонгосон. Амархан юмыг хийсэн хүн бусдад анзаарагдахгүй өөрөө жижигхэн жаргалтай амьдарна. Харин бүтэхгүй зүйлийг бүтээсэн хүн бусдын сэтгэлд мөнх үлддэг гэж манай нэг илтгэгч хэлж байсан. Харин иргэд маань танилцаад, уншиж үзээд саналаа өгөхгүй бол өөр хэрэг.

-Уг нь иргэний хөдөлгөөн тө¬рийн ордонд биш ард түмний дунд байж, төрийн гар хүрч чадахгүй, хүрэхээс татгалзаж буй тэр орон зайд ажилладаггүй билүү?

-Одоо байгаа шиг Төрийн гар хэл болох гэж үү? Монгол Улсын Үндсэн хуульд, төр засгийн шийдвэр нь ард түмний хүсэл зоригийн илэрхийлэл байх ёстой гэсэн заалт бий. Иймд улс төрд оролцож өөрчлөхөөс өөр арга байхгүй. Дээр нь иргэний хөдөлгөөн улс төрөөс ангид байх ёстой гэсэн хатуу ойлголт байхгүй. Иргэн хүний эрх ашиг хаана зөрчигдөж байна тэнд байх ёстой. Тэгээд ч улс төр өглөө оройны хоол, ходоод зүрхний өвчин, дүүгийн чинь боловсрол гээд бүх зүйлтэй хутгалдаж буй энэ үед улстөржихөөс өөр арга алга.

-Улс төрийн жижиг хүчнүүд гуравдагч хүчний орон зайг булаалдаж буй энэ үед иргэний хөдөлгөөнүүд тэр орон зайд нь тоглолт хийх гээд байна уу даа гэх бодол төрдөг?

-Үгүй ээ, бид анхнаасаа гуравдагч, дөрөвдэгч хүчний орон зайн төлөө явах зорилго тавиагүй. Нэгэнт ардчилсан нийгэмд иргэдийн эрх ашиг бүх шийдвэрийн дээр байх ёстой. Бид тэр механизмийн төлөө явж байгаа учраас гуравдагч, дөрөвдэгч биш харин нэг дэх хүчний байр суурьтай болно. Би дээр хэлсэн, бид брл ирж яваа цагийн төлөөлел гэж. Ард иргэдийнхээ эрх ашгийг хамгаалсан, тэднийг дээдэлсэн хамгийн хүчтэй улс төрийн хүчин болно. Анх 1990-ээд оны үед ардчилсан хүчнийхэн ийм зүйлийг хэлж байхад олон хүн шоолж байсан. Өнөөдөр ч адилхан биднийг шоолох хүн бий гэдгийг үгүйсгэхгүй. Гэхдээ жам ёсны юм жам ёсоороо байдаг. Бид одоо үзэл бодлын хувьд аль хэдий нь нэгдүгээр хүчин болсон байгаа. МАХН, Ардчилсан нам хоёр бидний араас алхах болно. Ц.Элбэгдорж дарга гэхэд л саяхнаас Манай нам иргэнйй байгууллага болно гэж хэлсэн байсан. Тэгэхээр тэд бидний араас хэлсэн бүхнийг минь давтаж эхэллээ

-Олон хүн улс төргүйгээр амьдархыг хүсдэг. Өөрсдийгөө бүх хүнтэй хамаатуулж, нэг их чухал хүн болж тайван хоолоо идэж, ажлаа хийж, унтаж амрах боломжийг хаалаа гэж дургүйцэх нэгэн бий?

-Яг одоогийн нөхцөлд тийм үг хэлж байгаа хүн бол гахайн ферм болох хоёрдогч замыг сонгосон бололтой. Зарим нэгэн хөдөлгөөн хотын замыг хааж, олон нийтэд чирэгдэл учруулсан. Энэ мэт зарим үйлдэл нь хүмүүст тийм бодол төрүүлсэн байж болно. Монголын 2,7 сая иргэн ийм үг хэлж, төрийн эрх мэдэлд гарсан цөөхөн хүн хөлжиж, бид байгаагаараа л амьдрая. Манай Ерөнхий сайд ямар сайхан бурханлаг төрхтэй юм. Хотын дарга ямар сайхан хүүхэд шиг инээдэг юм. Манай аугаа их удирдагчийн эхнэр О.Цолмон мандтугай. Н.Энхбаярыг зуун удаа сонгоё. Бүр болж өгөхгүй бол насан туршид нь ерөнхийлөгчөөр томилъё гэх мэтээр дээр үед туулж өнгөрүүлсэн цаг үеэ нэхэн дурсч, гахайн ферм шиг амьдрахыг хүсэхгүй болов уу гэж найдаж байна. Гэхдээ бид хувь хүмүүсийн сонгох эрхийг хэзээд хүндэлнэ.

-Ярианыхаа сэдвийг өөрчилье. Таныг улс төрд карьер хийж суухаар зүрхний хагалгаагаа хийж, амь насаа алдах гэж буй хүнд тус болоосой гэж хүсэх хүн илүү их байдаг бололтой юм билээ?

-Цаг үргэлж л миний өмнө тулгардаг, хүмүүсийн хэлдэг үг. Гэхдээ мэс засалч улстөрд санаа тавьж болохгүй гэсэн дүрэм байдаггүй болов уу гэж боддог. Би эмчээс өмнө хүн. Монгол Улсын иргэн. Иргэн хүнийхээ хувьд миний үр хүүхэд өнөөдрийнх шиг ийм бохир, муу муухай орчинд амьдраасай гэж хүсэхгүй байна.

-Та өмнө нь УИХ-д нэр дэвшиж байсан байх аа?

-Нэр дэвшиж байсан. Гэхдээ сурталчилгаа, танилцуулга гэж сүртэй юм хийгээгүй. Зөвхөн МАХН-ын явуулж буй бодлого, шийдвэрийг, тэдний хийж буй шударга бус үйлдлийг эсэргүүцсэн эсэргүүцлийн акт болгож нэр дэвшсэн. 2004 онд нэр дэвшихдээ гуравхан сонинд ярилцлага өгөөд л сонгуулийн дүнг харсан. Тэгэхэд хөлөө хугалсан байсан болохоор уулзалт ч хийгээгүй. Ирэх 2008 онд ч би нэр дэвшинэ гэж бодож байгаа.

-Яагаад заавал эсэргүүцлээ Бүгд Найрамдах намаас нэр дэвшиж илэрхийлээд байдаг юм бэ. Таны улс төрийн сонголтыг жаахан гайхаж байсан?

-Би Бүгд Найрамдах намын гишүүн биш. Сонгууль болохоор БН намаас нам бус олон хүнийг намын өмнөөс нэр дэвшүүлдэг. Тэр зарчмаар л дэвшсэн. Намын үйл ажиллагаанд орорцоогүй. Хувь хүний хувьд бие дааж нэр дэвших гэхээр 801 хүний тарын үсэг цуглуулж, регистерийн дугаарыг цуглуулж өргөдөл бичих нь хэцүү байсан.

-Өөр намаас боломж олдоогүй хэрэг үү?

-Өөр нам дэвшүүлэх ч байсан юм уу, үгүй юу бүү мэд.

-Б.Болдсайхан гэдэг хүн Бүгд Найрамдах намыг ашигласан юм шигсанагдлаа?

-Аль аль нь л ашигласан байх.

-Таныг яаж ашигласан гэж?

-Эмч нар нийгэмд эерэг имижээр хүрдэг. Тийм хүн намаас нэр дэвшинэ гэдэг бас зүгээр хувилбар. Ер нь бол Б.Жаргалсайхан гишүүн Монголын улстөрчид дунд барууны бодлогыг тууштай баримталдаг. Өөрийнхөө хүчээр өнөөдрийнхөө хөрөнгийг бий болгосон, олон мянган хүнийг ажилтай болгосон. Яагаад тэр хүнийг бид өвөрмөц хүчирхэг зан характертайнх нь төлөө муулах ёстой юм. Тийм хүчирхэг, сонирхолтой хүн байх хэрэгтэй. Бүгдээрээ үлбийсэн, амиа бодсон байж болохгүй шүү дээ.

-Иргэнйй холбоо-ны удирдлагуудыг хараад байхад ихэвчлэн Монголын амьдралаас төсөөрсөн. Хилийн чанадад олон жил болсон. Бодит амьдралын тухай ойлголт багатай хүмүүс байх шиг санагдсан?

-Тийм хүмүүс ч бас бий. Гэхдээ нийгмийн бүх төлөөлөл бий. Гол нь биднийг үр хүүхэд минь хүний нийгэмд амьдраасай гэсэн хүсэл эрмэлзэл, дээр нь зарим талаар атаархал нэгтгэдэг.

-Атаархал аа?

-Гадаадад олон жил болоод ирэхээр тэнд огт өөр ертөнц байхад Монголд яахаараа ийм байдаг юм. Монгол хүн дэлхийн 200 үндэстнээс доор явах ёстой юм уу гэсэн тэр атаархал нэгтгэсэн. Шар хөдөлж байна. Эмч хүний хувьд ч гэсэн 17 жилийн өмнө хамт сурч байсан найзтайгаа өөрийгөө харьцуулаад үзэхэд ичмээр. Энд дэлхийн адгийн тэнэгүүдийг цуглуулаад хашчихаагүй. Боож үхмээр байна шүү дээ. Хэрэв бүгд гадагшаа явахаа байж, хилээ хааж, гаднаас хүн оруулахаа болиод хэдхэн дарга нар нь асуудлыг шийддэг болбол болох л юм. Магадгүй ичсэн хүн хүн ална гэгчээр өөрсдийн хийсэн гэмт үйлдлээ нууж хаацайлж үлдэхийг хүсээгүй бол бидний хэлж байгаа жам ёсны өөрчлөлтийг хийх цаг болсон.

-Л.Гүндалай гишүүнийг сайд байхад өөрийнхөө хийж ирсэн ажилтай харьцуулсан бичлэг бичсэн. Зарим хүмүүс таныг Л.Гүндалайгаас дэд сайд чинь болъё гэж гуйгаад зөвшөөрөхгүй болохоор ингэж эсэргүүцлээ илэрхийлээд байгаа юм гэсэн таамаг дэвшүүлж байсан?

-Би Эрүүл мэндийн яамны хаалгаар ороогүй хоёр гурван жилийн нүүрийг үзэж байна. Л.Гүндалай гишүүн сайд харин бидэнтэй хамтарч ажиллах талаар уулзаж байсан. Манай гуравдугаар эмнэлгиин эмч нар хавдарын эмч нартай нийлж тэмцэл өрнүүлж байх үед би Бид ажил хаялт зохион байгуулж таныг дэмжиж болно. Та харин бидний ажил хаялтыг төрд хүргэж, манай салбарынхан ийм санал тавьж байна. Эрүүл мэндийн салбарыг өөрчлөх хэрэгтэй болжээ гээд төр засагт хүргээд өг гэж хэлсэн. Харамсалтай нь, сайд маань дахиж бидэнтэй уулзаагүй. Өөрийнхөө ах дүү, найз нөхдийн төлөө томилгоо хийж, салбараа доромжлоод л өнгөрсөн. Тэгээд тэснэ тэснэ гэхэд ингэж тэснэ гэж юу байх вэ гээд тэр нийтлэлийг бичсэн дээ.

-Эмч хүн ажил хаяна гэдэг харгис шийдвэр биш үү?

-Монголын ямар ч хуульд эмч нар ажил хаяж болохгүй гэсэн заалт байхгүй. Тухайн үед ажил хаях тухай ярилцаж байхдаа ч яаралтай хагалгаа, эмчилгээг хийнэ гэж байсан. Ер нь бол манай эрүүл мэндийн салбарыг өөрч¬лөх цаг болсон. Дэлхийн газрын зураг дээрх Куба, Хойд Солонгос гэдэг шиг Монголд ганцхан эрүүл мэндийн систем л социалистаараа явж байгаа. Улстөрчид нь ч эрүүл мэндийн салбарыг шинэчлэхийг хүсдэггүй, яаж шинэчлэхийг ч мэддэггүй. Тэр АНУ, Япон биш юмаа гэхэд ядаж Бээжингийнх шиг үйлчилгээ үзүүлэх боломжийг бий болгох хэрэгтэй. Тэр тийм хэцүү биш. Үнэгүй үйлчилгээ бол ядуу, муу л байна. АНУ-ын захын нохой, муурны эмнэлэг Монголын хамгийн сайн эмнэлгээс хавьгүй илүү тохижилт үйлчилгээтэй. Мэдээж муулаад л, үнэгүй үйлчилгээ аваад явж болно. Тэр нь ард иргэдэд өөрсдөд нь муу. Тэгээд ч Монголд эрүүл мэндийн салбараас өөр үнэгүй юм гэж байхгүй. Жорлон ороход л ядаж 100 төгрөг төлдөг биздээ.

-Эмчийн цалин бага байна гээд байдаг. Гэтэл та гэхэд амьдралаа болгочихсон. Нэгэнт хувийнхаа амьдралыг болгочихсон болохоор одоо нийгэмд шинэчлэл хийх хэрэгтэй гээд яриад байна. Энэ мөнгөгүй хүний хэлэх үг, хийх ажил мөн үү?

-Би дэлхийн 20-иод оронд ажилласан. Сайндаа ч тэгж яваагүй. Гол нь мөнгө олох гэж л цалинд нь тэр. Монголдоо ч гэсэн би заримдаа нэг дор 17-18 ажил хийж байсан үе бий. Харин сүүлийн үед арай дийлэхгүй 4-5 болгосон. Надад хамгийн бага цалин өгдөг газар бол гуравдугаар эмнэлэг.

-Гэхдээ илүү их нэр хүнд өгсөн биз дээ?

-Тийм ээ, тийм ч учраас би эмнэлэгтээ ажиллаж байгаа, юм.

Ардын эрх сонин 54 /586/

Г.Отгонжаргал

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button