С. Зоригийн хэрэг юу болоод байна вэ?

-С.Зоригийн хэрэг илэрсэн, зарлахгүй байна гэлцэх болжээ. Ямар учиртай болоод ингэж яриад байна вэ?

-Би ч гэсэн хувьдаа илэрчихсэн байх гэж боддог. Ганцхан нотлох баримт байхгүйгээс илчилж болохгүй байгаа. Энэ хэрэг илрэхгүй ингэж их цаг алдсан нь нотлох баримт байхгүйтэй л холбоотой байхгүй юу. Анхнаасаа тэр даруйд нь шуурхай илрүүлэх боломжтой байхад зориуд ингэж цаг хугацаа алдуулж, хойш нь чирэгдүүлж удааж байгаад энэ явцдаа нотлох баримтыг алга болгосон. Одоо бол тухайлбал, би Би гэмт хэрэг хийсэн гэж хэчнээн хэллээ ч нотлох баримт байхгүй бол хуулиар надад хэрэг хүлээлгэж чадахгүйтэй адил болсон. Тийм хэрэг болсон гэдгийг бүгд мэддэг, гэхдээ тэрийгээ нотолж чаддаггүй.

-Нотлох баримт байхгүй болохоор л одоо нэг хүнийг барьж чадахгүй байгаа юм аа даа. Хэнийг сэжиглэчхээд барьж авч чадахгүй байгаа юм бол?

-Улс төрийн аллага болох нь тогтоогдсон гэж анхны ажлын хэсгийхэн, тодруулбал, Алтангэрэл хурандаа аль эрт зарлачихсаншүүдээ.Улсдөрийн аллагыгхэн нэгэн хүн санаачладаггүй л байхгүй юу. Тэгэхлээр улс терийн аллага байсан бол аль нэг улстөрийн хүчин санаачилсан, өөр төрлийн аллага гэх юм бол ямар нэг мафи ч юм уу бүлэг хүмүүс санаачилж, зохион байгуулсан байх ёстой. Тэгэхлээр хэн нэгэн хүнийг сэжиглэх тухай асуудал байхгүй. Хамгийн гол нь нотлох баримт байхгүй болно гэдэг чинь энэ хэргийн цаана нь нэг хүн байна уу, эсвэл нэг хэсэг хун байна уу хамаагүй одоо нэгэнт хэрэгтэн болох үндэсгүй л болчихож байгаа юм.

-Нэг улстөрчийн нэрийг зарлаж чадахгүй байна гэж л ярьцгаах болж, тэр нь хэн юм бэ?

-С.Зоригийг алагдсаны дараа Сүхбаатарын талбайд том цуглаан болсон. Тэгэхэд Радио телевизийн хэрэг эрхлэх газрын дарга байсан, сүүлд Тагнуулын ерөнхий газрын дарга болсон Билэгт Энэ бол М.Энхсайханы хийсэн ажил гэж зарласан ш дээ. Ард түмэнд. Одоо хүмүүсийн бодоод, байгаа хэрнээ зарлаж чадахгүй байгаа хүний нэр эндээс л үндэслэлтэй байхгүй юу. Тэр үед М.Энхсайхан сэжиглэгдэж байсан уу гэвэл байсан. Олон хүн мэдүүлэг өгөхдөө С.Зоригийн аллагын нэг шалтгаан бол Эгийн голын усан цахилгаан станц гэж байсан. Би ч гэсэн мэдүүлгээ тэгж өгсөн. Яагаад гэвэл, Эгийн голын усан цахилгаан станцыг Малайзтай нийлж, Малайзаар бариулахаар шийдчихсэн байсан. Тэгтэл М.Энхсайхан Ерөнхий сайд байхдаа Малайзаар бариулахаа болиод Чехийн Техно арт гэдэг компаниар бариулах шийдвэр гаргасан. Сүүлдээ хэн нь ч бариагүй. Яагаад Эгийн голын усан цахилгаан станцын асуудал энэ хэрэгт холбогдсон бэ гэвэл Чехэд тийм усан цахилгаан станц барьдаг Техно арт гэж компани байхгүй юм байна гэдгийг С.Зориг Дэд бүтцийн сайд байхдаа Чехт очоод мэдэж ирсэн хүн шүү дээ. Тиймээс үүнтэй холбож яриа гарсан. Нөгөө талаар Тагнуулын еренхий газар Энэ аллагын эзэн илэрсэн. Эзэн нь үндсэндээ М.Энхсайхан байгаа. Бид хариугүй зарлах гэж байгаа. Зарлахад таны энэ С.Зоригийн аллагын талаар сонинд бичээд байгаа материалууд чинь саад болоод байна, та энийгээ бичихээ болиоч гэсэн. Тэр үед би Өдрийн сонинд ажиллаж байсан, тагнуулынхан тэгж хэлэхээр бичихээ больсон.

-Хэдэн онд билээ?

-Энэ чинь 2003 онд юм байна. Тэр үед Тагнуулын газар ч ганцхан биш, их олон хүн тэгж бодож байсан байхгүй юу. Гэхдээ магадгүй, шууд М.Энхсайхан гэж бодож байсан уу, эсвэл цуглаан дээр Т.Билэгтийн хэлснээс болоод М.Энхсайхан байж магадгүй гэж шалгаж байсан уу бүү мэд. Нотлох баримт байхгүй байна гэдэг чинь өөрөө хэнийг ч сэрдэж болох л асуудал. Нотолж чадахгүй л юм чинь. Уг нь бол энэ хэргийн цаана М.Энхсайхан байсан. Даанч нотлох баримт байхгүй болохоор нотолж чадахгүй байна гэдэг ч юм уу, одоо ингэж бас болно ш дээ. Тэгэхээр аль аль талаасаа үүнийг олон хүн мэдэж байсан.

-Энэ хэргийг шалгаж байсан хүмүүс мухардалд орчихоод илрэхгүй байгаа гэдэг юм билээ. Мухардалд орно гэсэн нь яг юу гэсэн үг вэ?

-Мухардалд орсон гэдэг чинь нотлох баримт байхгүй болсноо хүмүүст ойлгуулах гэж нөгеө бор шувуугаа нисгэж байгаа нь тэр байхгүй юу.

-Одоо тэгээд яах вэ. Хэн хийсэн нь илэрсэн, гэхдээ нотлох баримт байхгүй болохоор зарлаж болохгүй байна гэж хүмүүсийн дунд явган яриа гарсан, энэ байдлаар хэрэг төгсөх гэж үү?

-Одоо бол ерөнхийдөө онолын хувьд зарлаж болно. Ингэсэн юм шиг байна, тэгсэн юм шиг байна гэж. Даанч нотлох баримт байхгүй юм чинь хэнийг ч зарлалаа гээд нэмэргүй. Юунаас үндэслэж ингэж хэлж байна вэ гэвэл нэгдүгээрт, талийгаачийг алагдсаны дараа хэргийг шалгаж эхэлсэн тэр бүрэлдэхүүнээс эхлээд өнөөдрийг хүртэл мөрдөж байгаа энэ бүрэлдэхүүний явцад хэргээс их олон юм алга болсон. Хамгийн наад зах нь тэр хэргийн газар очсон цагдаагийн жижүүрийн шуурхай бүрэлдэхүүний ахлагч усанд унаж үхсэн гээд л. Бас хэргийн газрын анхны үзлэгийг цагдаагийнхан маш муу хийсэн. Магадгүй хэргийн газрын үзлэгийг зориудаар хангалтгүй хийлгүүлчихээд үүнийгээ илчлэхгүйн тулд тэр хүмүүсийг нэг нэгээр нь чадхийлгэж байж болно. Хэрэг гарснаас хойш жилийн дараа хэргийн газар анх очсон цагдаагийн бүрэлдэхүүн муу ажилласан, ул мөр балласан гээд тэр бүрэлдэхүүнд эрүү үүсгэсэн шүү дээ. Сонин хэвлэлээр ч энэ тухай гарсан. Хэрэг явдал ингэж өрнөж байснаа гэнэтхэн цагдаагийн тэр хошууч нас барсан. Тэгээд л ер нь анхны нотлох баримтууд байхгүй болсон байх. Тэрнээс гадна яг хэрэг болсны дараагаар тэнд очсон хориод хүнээс гутлын ул, гарын хээ, байцаалт гээд бүх юмыг авсан. Тэгснээ гурван жилийн дараагаар дахиад тэнд байсан хүмүүсээс гарын хурууны хээ, тэр үед өмсч байсан гутлын мөрийн хээ зэргийг авсан. Миний гарын хээг авах гэж ирсэн цагдаагийн ажилтнаас би асууж байсан юм. Би анх хэргийн газар очсоныхоо маргааш гарын хээ, мэдүүлэг байцаалт өгсөн. Танайд байх ёстой гэхэд тэр хүн С.Зоригийн хэргээс хэсэг материал алга болсон юм.Тэр дотор таны болон бусад хүмүүсийн гарын, гутлын хээ алга болсон байна. Шалан дээр хэний ч мэдэгдэхгүй гутлын мөр, хэний ч мэдэгдэхгүй гарын хээ, хананд үс байгаа юм, тиймээс дахин нотлох баримт цуглуулах хэрэгтэй байна гэж хэлсэн. Тэгэхээр анхны эд мөрийн баримтууд алга болсон юм байна гэдэг нь тодорхой.

Энд өөр бас олон сонин юм байдаг. Анх хэргийн газар очсон хүмүүсийн дунд цагдаагийн ерөнхий газрын дарга хурандаа Д.Мөрөн чинь өөрөө байсан ш дээ. Тэгсэн хэрнээ ерөөсөө тэнд хүн орж гарахыг хязгаарлаагүй. Тэгэхэд би Мөрөнд хэлсэн. Наад хамаг ул мөр чинь арилж баларчихдаггүй юм уу гэж. Тэгэхэд тэр Одоо бид нар ажлаа хийлээ. Энд байгаа хүмүүс бүгд гарцгаа гэсэн. Хэзээ өнгөрсөн хойно нь хүмүүсийг хөөж гаргасан.

-Хэрэг болсноос хойш хэдэн минутын дараа?

-Юун хэдэн минут гэж. Хоёр цаг орчмын дараа.

-Хэргийн газрыг уг нь хамгийн ойрхон байгаа эргүүлийн цагдаа хамгаалалтад аваад бүрэлдэхүүн очтол хэнийг ч нэвтрүүлэхгүй хамгаалж, байдаг биз дээ. Тэр үед ийм юм байгаагүй юу?

-Намайг С.Зориг өнгөрчихсөнийг мэдээд очиход Орж болохгүй гэж хэн ч хэлээгүй. Үүдэнд нь цагдаа зогсч л байгаа харагдсан. Би зүгээр л яваад орсон. Орчихоод Булгантай болон нас бардаг казак хошуучтай уулзаад их цалгар янзтай байхаар нь Анхны мэдүүлэг энэ тэр юм аа авчихсан юм уу та нар гэсэн чинь Аваагүй гэсэн. Тэгээд би гайхаад Шинэ сэргэг дээр нь байцаалт энэ тэрээ авдаггүй юм уу гэсэн. Тэгэхэд тэр хошууч Энэ Булган шоконд орчихсон байх шиг байна. Тиймээс бид юм асууж, ярилцаж чадахгүй байна гэсэн. Тэр үед Булган ямар ч шоконд орсон юм байхгүй, зүгээр л бидэнтэй ярьж хөөрөөд байж байсан. Тэгээд би Булганд Чи шинэ сэргэг дээр нь энэ хошуучид ярих, хэлэх юмаа өг өө гэсэн. Тэгээд гал тогооны өрөөнд тэр хошууч Булган хоёр орж мэдүүлэг өгч, авалцсан.

За энэ ч яах вэ, хамгийн гол нь Д.Мөрөн хэргийн газраас хүмүүсийг гаргасны дараа Засгийн газар шөнөжингөө хуралдсан. Задлан шинжилгээ хийх талаар гээд л зөндөө олон юм ярьсан. Ном журмаар бол Эрүүл мэндийн сайдын тушаал гарч, задлан шинжилгээ хийх комисс томилдог. Тэр тушаалыг гаргахын тулд цагдаагийн газрын комисс томилохыг хүссэн хүсэлт байх хэрэгтэй. Бид Д,Мөрөнг хүсэлтээ гаргаж өгөхийг хүлээгээд суугаад байсан, Эрүүл мэндийн яамны газрын дарга Жамбалжаваар ахлуулсан арав гаруй хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг томилчихоод өглөө болтол хүлээхэд цагдаагийн даргын хүсэлт ирээгүй.

Өглөө найман цагт ажил цуглангуут Засгийн газар Д.Мөрөнг дуудаж авчраад юу болсон тухай тайланг нь сонссон. Тэгсэн чинь Д.Мөрөн Задлан шинжилгээ хийлээ. 16 удаа хутгалж хөнөөжээ гэсэн. Тэгээд би гайхаад түүнээс асуусан, Чи задлан шинжилгээ хийлээ гэж юу ярьж байгаа юм. Би комисс томилчихоод, чиний шийдвэрийг хүлээгээд байж байхад чи задлан хийчихсэн байдаг ямар учиртай юм гэсэн чинь тэр харин Ямар нэг маргаан гараагүй тохиолдолд бид өөрсдөө задлан хийдэг журамтай юм гэж хариулсан. Тэгээд би Д.Мөрөнг загнаж байсан байхгүй юу. Чи маргаан гараагүй гэж юу хэлж байгаа юм. Үүний өмнө Гончиг гишүүн өвчнөөр нас барсан, маргаан гараагүй. Тэгэхэд амралтын өдөр байхад та нар намайг гэрээс дуудаж авчраад комисс томилуулж байсан. Дараа нь Чимэдцэрэн гишүүн нас барсан. Бас амралтын өдөр. Ямар ч маргаан гараагүй. Тэгэхэд та нар бас л намайг гэрээс дуудаж авчраад комисс томилуулсан биз дээ.Тэгэхэд чинь УИХ-ын гишүүн Засгийн газрын сайд хүнийг арван хэд хутгалаад алчихсан байхад чи маргаан гараагүй гэж юу хэлж байгаа юм гэхэд тэр дуугүй суугаад хариу хэлээгүй.

Тэгээд маргааш нь дахиж задлан шинжилгээ хийсэн ш дээ. Тэгсэн чинь нөгөө 16 хутгалагдсан гэдэг нь 18 болсон. Эндээс харах юм бол урд өдөр нь задлан хийхдээ ямар нэг өөр ул мөр, гарын хээ байсан бол арилгасан байж магадгүй гэж хэлэх үндэстэй. Анхны задлан шинжилгээг комиссгүйгээр хийнэ гэдэг маш ноцтой юм байхгүй юу. Би Мөрөнг гайхдаг. Тэр цагдаагийн дарга, бүр гавъат хуульч хүн ш дээ.

-Д. Мөрөн УИХ-д намайг сонгочих юм бол энэ хэрэг илэрнэ гэж хэлсэн үг байдаг. Д. Мөрөнгийн энэ үг тухайн үедээ яг юуг илэрхийлж байсан юм бол?

-Ер нь бол би Д.Мөрөнг энэ хэргийн тухай мэдэж байгаа байх гэж боддог. УИХ-ын сонгуулийн өмнөхөн тэгж итгэлтэй хэлж байснаас харахад ч тэр. Гэхдээ сүүлд нь мэлздэг л юм л даа. Би зүгээр Ардчилсан холбоо эвслийн үед илрэхгүи гэж, цаг хугацааны хувьд л хэлсэн болохоос гэж. Яг өөрөө Ардчилсан холбоо эвсэл засгийн эрхэнд байгаа үед илрэхгүи гэж тов тодорхой хэлсэн. Тэгэхээр түүнд мэдэж байгаа юм байгаа. Харин тэрийгээ хэзээ гаргах юм, эсвэл насан туршдаа хэлэхгүй юу гэдгийг тэр хүн өөрөө л мэдэх байх.

-Хэргийг бүрхэгдүүлэхийн тулд өөр нотлох баримтыг устгасан гэсэн. Таны бодлоор юу байна?

-Өөр бас нэг нотлох баримт бол тэр шөнө буюу аравдугаар сарын 2-ны шөнө Засгийн газар хуралдсан. Тэгээд хилээр ямар нэгэн хүн гаргах, оруулахыг хориглосон шийдвэр гаргасан. Тэр шийдвэрийг бид хэрэгжсэн гэж үзэж байсан. Гэтэл зургаан жилийн дараа өвөрмонгол нэг нөхөр над дээр (Өдрийн сонинд сэтгүүлч байхад) ярилцлага өгөх гэж ирсэн. Тянь Миний талбайн жагсаалд оролцож байсан, гадаадад цагаачлах гэж байгаа гэж ярьсан тэр нөхрийн ярианаас анхаарал татсан зүйл юу вэ гэвэл, тэр 1998 оны есдүгээр сарын 29-нд жуулчлана гэж Монголд орж ирчихээд яг аравдугаар сарын 2-ны өдөр буцсан байдаг юм. Тэгээд би тэр залуугаас Чамайг хилээр гарахад чинь сэжиглэж, гаргахгүй барихгүй гээгүй юу гэж асуусан чинь тэр Би вагоноор Замын-Үүдээр хил гарсан, намайг хэн ч гаргахгүй гээгүй гэж хэлсэн. Засгийн газрын шийдвэр огт хэрэгжээгүй нь эндээс харагдаж байгаа юм. Энэ бүхнээс үндэслээд би С.Зоригийн хэрэг бол анхнаасаа хэн нэгэн хүмүүст ойлгомжтой мэдэгдэж байсан юм байна. тэгээд нотлох баримтыг устгахын тулд энэ бүх ажиллагаа явагдаж байжээ гэж хэлж байгаа. Одоо нэгэнт ул мөр баларсан, хэргийн газар байсан нотлох баримтууд байхгүй болсон Тиймээс одоо зарим нэг хүмүүс бардам байдаг юм байна аа гэж би ойлгодог.

Ардын эрх сонин 54 /586/

Ц.Эрдэнэцэцэг

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button