Япон луйвар

1. Япон, Монголын хамтарсан гэх нэрийдлээр Монголын газар нутаг, армийн дайчид, киноны бусад хэрэгсэлийг үнэгүй авч хэрэглэх л арга байж дээ. Энэ кино нь хамтарсан кино биш, зөвхөн бага тарын луйварчин маягийн хэдэн япончуудын л кино гэдэг нь тэнэг хүнд ч илхэн байна. Хэдхэн удаа хагас хагас секунд л монгол жүжигчний царай хальт харагдсан, харин хамгийн олон үнэгүй масс нь монголчууд байв. 2. Өнгөрсөн зун кино хийхэд зарцуулсан хөрөнгийн магад 0,1 хувиас бага нь л монгол жүжигчид, найруулагчдад ноогдсон, мөн удахгүй Японы 800 театр болон дэлхийн бусад оронд гаргаснаас олох орлогоос Монголын талд юу ч оногдохгүй гэдгийг бодолцвол энэ нь огтхон ч хамтарсан бүтээл биш ажээ.

За тэр мөнгө төгрөгөө хулхидуулж үнэгүй ашиглуулж, Монголын төр бидний татварын 270 сая төгрөгийг өргөн барьсан нь яахав гэж бодоход энэ кино нь Монголын түүхийг дурын хүн хэрхэн зохион бичиж, монгол хүнийг хэрхэн дүрсэлж, их хааныг хүртэл элэглэж болдгийн тод жишээ болон үлдэх биз ээ. Дашрамд Монголын төр кино хийхэд гарсан нийт зардал дотор эзлэх Монголын талаас гарсан хөрөнгийн хэмжээнд ноогдох хувийг энэ киног борлуулаад олсон ашгаас нэхэмжлэн авах буй заа гэж найднам. Хамтарсан кино л юм бол ашгаа бас хуваах ёстой биз.

Монгол үзэгчид киноны хамгийн нарийн нандин хэсэгт нь (япон үзэгчид уйлах ёстой хэсэг нь байх л даа) үе үе нир хийтэл инээж хошин шогийн үзвэр мэт хандаж байсан нь, харин ч монголчууд улайм цайм доромжлолыг хүртэл хөөрхий доромжлохоор оролдогч нь жаахан тэнэгдүү амьтан юм даа гэж өрөвдөн хөнгөн өршөөнгүй хүлээж авч чаддаг болсны шинж юм болов уу. Жишээ нь, долоон жилийн дараа Тэмүжин Бөртэ хоёрын уулзах хэсэг, Тэмүжин Бөртэг мэргидүүдийн гараас авах хэсэг, Зүчийн цогцосон дээр Чингис маш удаан ярзайн орилсон хэсэг зэрэгт их л инээлдсэнийг япон киночид анзаарсан болов уу.

Энэ кинонд хөөрхий И.Нямгаваа гуай ямар нэгэн хэмжээгээр найруулалцсан, монголчууд хамтарсан гэж итгэхэд бэрх хэд хэдэн өрөвдмөөр алдаа байна.

1. Уг кино хамарсан хэсгийн Монголын түүхийг их л хичээж цоо шинээр зохион найруулжээ. Олон олон түүхийн сурвалжаар батлагдсан бидний түүхийг юунд ингэж их хөдөлмөр гарган дахин шинээр зохиох шаардлага байсан юм бол гэж гайхна. Тэмүжин сүй тавьсаныг 14 настай гэрлэсэн, Бөртэг Жамухад өгөхөөр шийдчихсэн байсан, Бэгтэрийн алуулах үеийн байдал үг, Хулангийн түүх, Хэрэйдийн түүх, Чингисийн хаан суудалд суугаад хэлэх үг гээд ер нь л энэ кинонд эх түүхээс шинээр япон зохион бичлэгт ороогүй өчүүхэн ч хэсэг байхгүй. Бид хэрэв Японы хааны амьдралын тухай бүхэлд нь ингэж инээдтэй өрөвдмөөр зохион бичлэг хийсэн бол японууд яаж сүйд болж, дайн зарлахаас наагуур юм болох байсан бол. Хэдий уран сайхны хэтрүүлэг байна байна гэхэд ядаж нэг ноён нуруугий нь үлдээмээрсэн дээ, японууд минь.

2. Энэ кинонд нэг ч монгол хүн алга. Монгол нэртэй самурай нар л байна. монгол ёс, заншил, хэл, сэтгэл хөдлөл, сэтгэл үл хөдлөл, хөдөлгөөн, үнэр алга. Тиймдээ ч үзэгчид хамгийн уярах ёстой газар нь хөхрөлдөж байв. Яг л Монгол газар, монгол нэртэй япон хүмүүсийн түүх мэт. Өмнө нь би Аяако гуайн бичсэн монгол хүний ёсгүй байдлын тухай нийтлэлийг уншаад их л яс хавталзаж хариу бичихсэн гэхээс байж ядаж билээ. Гэвч энэ кинон дээр монгол ёс байхгүй байгааг нь мэдэрсэндээ монгол ёс байсаар байгаа юм байна гэж мэдэрлээ. Тэгэх тусмаа Монголын мандан бадарч байсан тэр XII зуунд монголчуудын андын ёс, эр зориг, үнэнч сэтгэл, үүрэг, итгэл зэрэг ёс нь хүний түүхэнд ховор гайхамшигтайгаар хурц тод байсан юм. Муу киноны сайн тал нь энэ мэт ухаарлыг бидэнд өгөх юм даа. Их л ёс төртэй гэгддэг япон хүний үйл хөдлөл хөнгөн хуумгай, заримдаа инээдтэй харагдаж гүн зузаан, суртал хүнд монгол ёс маань үгүйлэгдэв.

3. Би арван хэдэн жилийн өмнө япон зохиолчийн Бөртэ чоно романыг уншаад Монголын түүх, Тэмүжинийг ойлгох гэж оролдсон өчүүхэн бэртэгчин хүний бичвэр юмдаа л гэж бодож байсан. Энэ удаа ч энэ кино бас Монголын их гүрэн байгуулагдсаны 800 жилийн ойг далимдуулж нэг тиим шалихгүй өчүүхэн хүмүүсийн амархан мөнгө олох гэсэн луйвар төдий юм уу даа. Тэрнээс биш, өөрийгөө, өөрийн ард түмнийг мөн бусдыг хүндэлдэг ямар ч кино найруулагч, түүхч хүн киноны ийм шугам баримтлахгүй байсан бизээ.

Киноны үндсэн гуравхан санаа байгаа нь, Боржигон угсааны Есүхэй баатрын хүү монгол хүн биш харин мэргидийн хүүхэд бөгөөд насан туршаа үүнийг л үгүйсгэх гэж амьдарсан. Тэмүжиний гайхамшигт амьдрал бол ердөө л энэ юм. (түүхийн ямар ч эх сурвалжид ийм мэдээ байхгүй)

б/. Өүлэн эхийн амаар хэлүүлж байгаа Бөртэ чонын удам бол алуурчдын удам бөгөөд үүнд бахархаад байх юм юу ч байхгүй (ганц бодитойгоор нь гаргасан санаа болох Тэмүжиний айн хүндэлж явдаг монгол эхийн амаар хэлүүлэв)

в/. Монголчууд бол чоно мэт зэрлэг догшин хүмүүс (биднээс ялгаатай нь суурин хүмүүс чоныг муу муухай хэрцгий алуурчны билэг тэмдэг гэж боддог) гэсэн гурван санаа юм. Монголын түүх, Тэмүжиний тухай хэлэх гэсэн нь ердөө л энэ. Ялихгүй луйварчдын шалихгүй тархиар сэтгэвэл Монголын их түүх ийм л утга учиртай аж.

Энэ бүх балиар процессийн бас нэг инээдтэй бөгөөд өрөвдөлтэй хэсэг нь Монгол Улсын Ерөнхийлөгч өөрийн биеэр Японд очиж биднийг доромжилсон киноны нээлтэд зориулсон ёслолд оролцож шагнал гардуулсан явдал, Татвар төлөгчдийн 270 сая төгрөг, газар нутаг, цэрэг эрс, 27000 хүнээ үнэгүй хэрэглүүлэн байж өөрсдийгөө гутаалгасан нь багадсан юм шиг.

Эцэст нь Японы соёлт үзэгчид монгол залуусын мэдэрсэнийг бас мэдрэх байх гэж найдах л үлдлээ. Агуу их Шиба Рёотаро, Курасава, Кобо Абэ, Соосэки, Кавабата Ясүнари, Танизаки нарын уншигчид, үзэгчид юм байна даа арай ч дээ.

Зууны мэдээ сонин 68 /2516/

Б. Болдсайхан

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button