Хөдөлгүүр нь гацсан хөлөг онгоц

БИД ХААНА ЯВНА ВЭ
Бодит байдалд шинжилгээ хийгээд үзэхэд дээр дурдсан хөгжил, дэвшил гээд байгаа бүхэнд биднээс шалтгаалсан юм бараг алга. Технологийг хүмүүсийн өдөр тутмын амьдралд хэр
нэвтэрч байгаагаар хөгжлийн төвшинг тодорхойлох боломжгүй. Харин түүнийг бүтээж бий болгож чадаж байгаа эсэхээр нь хөгжлийг үнэлж дүгнэх нь бодит байдалд нийцнэ. Африкийн ширэнгэн ойд яваа хэл нүцгэн анчин хүртэл гар утас хэрэглэж байна. Бид зурагтаар үзээд бүдүүлэг хоцрогдсоныг нь гайхдаг, соёл иргэншлийн гадна үлдсэн гэхээр зэрлэг омгууд интернэтэд өөрсдийгөө сурталчилж байна. Манайд бараг хүн болгон хувьдаа машинтай болсон нь хөгжлийн үзүүлэлт биш. Ихэвчлэн БНСУ, Японд хэрэглээний стандарт хангахааргүй болтлоо хуучирсан автомашин манайд жил бүр хэдэн мянгаараа орж ирдэг. Эдгээр оронд автомашин хуучрах тусам улсаас оногдуулах татварын хэмжээ нэмэгдсээр сүүлдээ хуучин муу машин нь байснаасаа байгаагүй нь дээр болдог тул эзэд нь салахын түүс болдог. Ийнхүү хэрэглээнээс гарсан хуучин машинууд нэг бол хаягдал төмрийн цэг, нэг бол Монголыг зорьдог болоод удаж байгаа нь нууц биш.
Үүнээс үзэхэд монголчуудын эзэмшдэг хуучин автомашины тоо улам нэмэгдэж байгаа нь бид баяжаад байгаагийн шинж гэхээсээ Монгол орон эдийн засгийн хөгжлөөр бусдаас нэн хоцрогдсоны шинж ажээ. Хүн бүхэн шахуу эвдэрхий ч гэсэн машинтай болсон нь сайн хэрэг мэт боловч нийгмийн түвшинд өдий төдий асуудал авчирсан. Зам чөлөөтэй байсан бол өөрийн унаагүй ч нийтийн тээврийн хэрэгслээр 15 минутад туулах газрыг машинаа унаад цаг явж ажил албаа чирэгдүүлж байна. Ялгаруулах хорт утааны хэмжээ зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтэрсэн хуучин тэрэгнүүд Улаанбаатар хотын агаарыг улам бохирдуулж байна. Авто тээврийн ослоор нас барсан, гэмтэж бэртсэн хүний тоо жилээс жилд өссөөр байна.
Дэлхийн эдийн засгийн форумаас жил бүр гаргадаг дэлхийн 125 орныг харьцуулан судалж, өрсөлдөх чадвараар нь байр эзлүүлдэг Дэлхий дахины өрсөлдөх чадварын тайланд Монгол Улс 2005 онд 90 дүгээр байранд орж байсан бол 2006 онд хоёр байраар ухарч 92 дугаар байранд жагссан байна. Энэхүү судалгаанд хамрагдсан орнуудын эдийн засгийн хөгжлийн төвшин, дэд бүтэц, эрүүл мэнд, боловсрол, технологийн төвшин гэх мэт тал бүрийн 137 үзүүлэлтийг багтаасан тул ихээхэн үндэслэлтэй судалгаа юм.
Дотоодын нийт бүтээгдэхүүний (ДНБ) хэмжээ 2004 онд 10.8 хувиар, 2005 онд 7.0, 2006 онд 8.4 хувиар өссөн нь тиим ч бахархаад байх үзүүлэлт биш ажээ. Учир нь манай улсын ДНБ-ний 20 орчим хувь, аж үйлдвэрийн бүтээгдэхүүний 70 гаруй хувийг уул уурхайн бүтээгдэхүүний орлого бүрдүүлж байна. Манай улсын экспортод гаргаж байгаа уул уурхайн бүтээг¬дэхүүний дийлэнх нь ямар ч боловсруулалт хийгдэхгүй хил давдаг байна. Үүнээс үзэхэд Монголд олон улсын зах зээл дээр гаргаж байгаа дотооддоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн бараг байхгүйтэй ижил байна. Нэг үгээр хэлэхэд, бид байгалийн бэлэн бүтээгдэхүүнийг эс тооцвол дэлхийн зах зээл дээр юугаараа ч өрсөлдөхгүй байна.
Нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ манайд ойролцоогоор 1000 ам.доллар байгаа бол 15 жилийн өмнө бидэнтэй нэг гараанаас хөдөлсөн Польшид 8250, Унгарт 12500, Эстонид 10680, Литвад 7780 ам.доллар байна. 17 жилийн өмнө хамтдаа социалист системд байсан анд нөхөд маань биднээс энэхүү эдийн засгийн хөгжлийг илэрхийлэх хамгийн гол үзүүлэлтээр 5-10 дахин илүү ахицтай явна.
АНУ-ын маркетингийн онолчид Жозеф Хэйр, Карл Макданиэл нар олон улсын зах зээлд бизнесийн үйл ажиллагаа явуулахад тухайн улс орны эдийн засгийн хөгжлийн түвшин ямар нөлөө үзүүлдэг талаар судалгаа хийхдээ дэлхийн 200 гаруй улсыг хөгжлийн дараах таван төвшинд хуваасан байна. Үүнд
1.Уламжлалт нийгэм
Хөгжлийн хувьд хамгийн хоцрогдмол, хөгжлийн эхний шатанд яваа нийгэм. Ийм улс орнуудын эдийн засагт мал аж ахуй, газар тариалан голлодог бөгөөд нийгмийн бүтэц нь эдийн засгийн хөгжилд нэмэр болохоосоо чөдөр тушаа болохуйц тогтолцоотой байдаг аж.
2.Үйлдвэржүүлэлтийн өмнөх нийгэм
Нийгэм эдийн засгийн бүтцийн хувьд өөрчлөгдөн сайжирч байгаа, бизнесийн болон хувийн өмчийн сэтгэлгээтэй дунд ангийнхан төрөн гарч байгаа нийгэм. Судалгаа хийгдсэн Африкийн Мадагаскар, Уганда, Өмнөд Америкийн Перу гэх мэт улс орныг оруулсан байна.
З.Гарааны эдийн засаг
Эдийн засгийн хөгжлийн гурав дахь төвшин болох гарааны эдийн засагтай орнуудад нь хөгжиж байгаа орноос хөгжингүй улс болох замдаа хэлбэрэлтгүй орсон улс орнууд хамаарна. Нийгэм улс төрийн орчин нь харьцангуй эрүүлжсэн бизнесийн байгууллага, үйлдвэрийн газрууд өсөж хөгжих бололцоогоор хангагдсан улс орнууд. Ийм улсын жишээнд Ази тивээс Вьетнам, Индонези зэрэг орныг хамааруулсан байна.
4.Үйлдвэржиж буй нийгэм
Эдийн засгийн хөгжлийнх нь тулгуур салбарууд дахь технологийн ололт бусад салбарт амжилттай нэвтэрснээр үйлдвэрлэл амжилттай хөгжиж, тогтвортой хөгжлийн замдаа орсон улс орнууд. Азиас БНХАУ, Энэтхэг, Америк тивийн Бразил, Мексик зэрэг орон энэ бүлгийн гол төлөөлөгчид ажээ. Энэ бүлгийн нэг гол төлөөлөгч манай урд хөрш жилийн ДНБ-ий хэмжээ 2006 онд 2 триллионыг давлаа. Хурдтай хөгжиж байгаа Хятад улс удахгүй дэлхийн хамгийн том үйлдвэрлэлийн район болох төдийгүй ойрын 10 жилд харилцаа холбоо, агаарын тээвэр гэх мэт томоохон салбарын хувьд дэлхийн хамгийн том зах зээл болох төлөвтэй.
5.Технологижсон нийгэм
Одоогийн эдийн засгийн хөгжлийн хамгийн дээд түвшинд хүрсэн АНУ, Их Британи, Япон, Герман, Франц, Итали, Канад гэх мэт орон энэ бүлэгт хaмаарна. Эдгээр орнууд ихэвчлэн технологийн дэвшилд тулгуурласан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн дэлхийн зах зээлд гаргаж байна. Эдгээр нь хөгжиж байгаа орнуудаас худалдан авсан түүхий эдийг хэдэн арав дахин илүү нэмүү өртөг бүхий эцсийн бүтээгдэхүүн болгон эргүүлээд зах зээлд гаргах арга технологийн үйлдвэрлэлдээ нэвтрүүлж чадсанаараа эдийн засгийн тэргүүлэх байр сууриа хадгалсаар байна.
Монгол Улсын эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдэд дээрх судлаачдын аргачлалаар шинжилгээ хийж үзэхэд дээр дурдсан хөгжлийн таван төвшний гурав дахь шат болох гарааны эдийн засгийн бүрэн эрхт төлөөлөгч болж амжаагүй явна. Энэ үеийн нэг гол төлөөлөгч болох Вьетнам улсад үйлдвэрлэл маш эрчимтэй хөгжиж байгаа төдийгүй, орчин үеийн технологид тулгуурласан автомашин, хими, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн салбарууд өндөр түвшинд хөгжиж бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлд гаргаж байна. Вьетнам хөдөө аж ахуйн олон бүтээгдэхүүн түүний дотор тутраганы гол экспортлогч орнуудын нэг. Харин Индонези резин, далдуу модны тосны үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлдэг.
Манай улсын эдийн засгийн өнөөгийн байдал хоёр дахь шат буюу Үйлдвэржүүпэлтийн өмнөх нийгмийн шинж чанарт илүүтэй тохирч байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улс эдийн засгийн хөгжлөөрөө Африкийн Мадагас¬кар, саяхан хүртэл дарангуйлагч Иди Аминын дарлалд байсан Уганда зэрэг улстай зуузай холбож явна. Монголд социализмын үеийн хөнгөн үйлдвэрлэлийн салбар сэргэж, цөөн ч гэсэн жижиг үйлдвэрүүд байгуулагдаж байгаа ч технологи нь хоцрогдсон, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж хийгээд материал түүхий эдийн хангалтын хувьд мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний боловсруулах үйлдвэрлэлээс бусад нь гадаадаас хараат хэвээр байна.
Хот хөдөөгийн хөгжлийн ялгаа маш их манай орны том хотууд болох Улаанбаатар, Дархан, Эрдэнэтийг л үйлдвэржүүлэлтийн өмнөх төвшинд хамааруулж болох боловч хөдөө орон нутаг маань бүхэлдээ уламжлалт хөдөө аж ахуйдаа тулгуурласан хэвээр байна. Мал аж ахуйдаа орчин үеийн технологийн ололтыг нэвтрүүлэх талаар ямар нэг ахиц гарсангүй. Малчид гаднаа машинтай, халаасандаа гар утастай болсныг эс тооцвол мал маллах, адгуулах, мал аж ахуйн бүтээгдэхүун бэлтгэх арга нь Чингис хааны үеэс ч тэгтлээ дээрдээгүй.
Үүнээс үндэслэн Монголын хөдөө нутгийг өнөөгийн дэлхий дахины эдийн засгийн хөгжлийн хамгийн доод төвшин болох уламжлалт нийгэмд хамааруулж болохоор байна. Орон нутгийн өөрөө удирдах зарчим үйлчилдэггүй, удирдлага нь төсөв захиран зарцуулах эрхгүй, нутаг орондоо зохицсон хөгжлийн бодлогыг бие даан хэрэгжүүлэх эрхгүй байдгаас төрийн удирдлагын бүтэц орон нутагт хөгжлийг дэмжих бус харин ч саад тотгор болохуйц тогтоцтой байгаа нь хамгийн хоцрогдсон нийгмийн нэг гол шинж чанарыг илэрхийлж байна.
Бидний энэ их хоцрогдолд чухам юу буруутай вэ гэхээр зарим нь газар зүйн байрлал маань онцгүй гэж байхад нэг хэсэг нь хүн ам цөөхөн учраас бид хөгжихгүй байгаа юм гэж цэцэрхэх аж. Үнэн хэрэгтээ энэ хоёрын аль аль нь бидний хоцрогдолд буруугүй. Энэ бүхэнд бид өөрсдөө л буруутай.
Газар зүйн байрлалын хувьд Монгол орон дэлхийн хамгийн эрчимтэй хөгжиж байгаа бүс нутагт байрлаж байна. Ази номхон далайн бүсийн орнууд хүн амын тоогоороо ч, эдийн засгийн хөгжлийн хурдаараа ч эдүгээ дэлхийд тэргүүлж байна. Өдрөөс өдөрт даяаршиж байгаа дэлхий нийтийн эдийн засгийн хамтын ажиллагаанд хил хязгаар гэж байхгүй болсон.
Өөрийн орны хүн амын тоо цөөн байх нь хөгжлийн бэрхшээл биш, харин ч оновчтой бодлого явуулснаар давуу тал болгон ашиглах боломтой зүйл гэдгийг цөөнгүй улс орны жишээ харуулж байна. Биднээс хүн амын тоогоороо хол зөрүүгүй 5 сая хүн амтай Финландын нэг хүнд ногдох ДНБ 2006 оны байдлаар 37,550 ам.доллар байгаа бол 4.5 сая хүнтэй Норвегид энэ үзүүлэлт 70,400 ам.доллар (Дундаж Норвеги хүний орлого Монгол хүнийхээс 70 дахин илүү аж) байна. Түүнчлэн Норвеги улс цаас, зарим төрлийн хүнс, нефтийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэх байр суурь эзэлж байна.
ХӨЛӨГ ОНГОЦНЫ МААНЬ ХӨДӨЛГҮҮР АСААГҮЙ БАЙНА
Энэ бүхнээс үзэхэд Монгол Улс эдийн засгийн хөгжил, өрсөлдөх чадвараар дэлхийн түвшингээс нэн хоцрогджээ. Бидний эдийн засгийн ололт гэж яриад байгаа бүхэн маань бидний сайных гэхээсээ гадаад орчны нөлөөллөөс бий болсон нь харагдаж байна.
Манай улсын ДНБ-ий хэмжээ жилээс жилд өсөж байгаа нь эдийн засгийн
жиж, түүхий эдийн эрэлт хэрэгцээ нэмэгдэж байгаагаас голлон шалтгаалж байгааг бодит байдал харуулж байна. Зүйрлүүлж хэлэхэд, дэлхийн улс орнуудыг нэгэн зүгт урагшилж яваа хөлөг онгоцуудын асар том цуваа гэж үзэхэд Монгол улсын хөлөг онгоц сүүл барьсхийн аажимхан хөвөх аж. Хөвж яваа хөлөг онгоцны маань хөдөлгүүр ажиллагаагүй, гагцхүү бусдын үүсгэсэн их түрлэгт цохиулан аргагүйн эрхэнд урагшилж байгаа мэт дүр зураг харагдаж байна.
ХААНА БАЙГААГАА МЭДВЭЛ ХААШАА ЯВАХАА ТӨСӨӨЛЖ БОЛНО
Бид энэ хурдаас явбал дэлхийн хөгжпөөс улам л гээгдэх төлөвтэй. Бид хөлөг онгоцныхоо хурдыг нэмж хоцрогдмол байдлаасаа гарах хоёр зам байна. Нэг бол зүгээр л хэн нэгний чиргүүл болох, үгүй бол хөдөлгүүрээ асааж өөрийн хүчээр урагшлах.
Бусдын ард чирэгдээд, бусдын дүрмээр явна гэвэл эхлээд эдийн засгийн эрх чөлөөгөө алдана гэсэн үг, цаашлаад тусгаар тогтнолоо гээнэ гэсэн үг. Бид үүнийг мэдээж хүсэхгүй байгаа. Тийм учраас бид өөрсдөө сэтгэх ёстой, хөдөлгүүрээ асаахын тул ажиллах хэрэгтэй.
Бизнесийн шударга өрсөлдөөн ноёрхвол улс орныг хөгжлийг хурдасгадаг бол улс төрийн бохир тоглоом улс орны хөгжлийг улам сааруулж, эдийн засгийг доройтуулдаг ажээ. Хуурай тоо дурдан, хоосон лоозогнох улс төрчдийн үгээр бол улс орон маань хөгжиж, амьдралын нөхцөл байдал маань сайжирч байгаа мэт.
Бодит байдал дээр улс орны маань хөгжил зогсонги, Монголчуудын амьдрал ядуу зүдүү хэвээр байна. Улсын хөгжил дэвшил гэдэг өөрчлөлт, тэр тусмаа иргэнийхээ амьдралд сайн сайхныг авчирсан өөрчлөлт байх ёстой.
Энэ нийтлэлээр уншигч тантай хамтран Монгол орон чухам хаана явааг тодорхойлохыг хичээлээ. Бид хаана байгаагаа мэдвэл хаашаа хөдлөхөө тодорхойлж чадна. Хаашаа явах маань тодорхой бол юуг хэрхэн хийхээ төсөөлж болохсон гэж Авраам Линкольны хэлсэн үгээр энэхүү нийтлэлээ өндөрлөе.
Зууны мэдээ сонин 68 /2516