3200 барилгыг өндөр хүчдэлийн кабель дээр барьчихаж, одоо яах вэ

соёл иргэншлийг сонгож нийслэл хотдоо бөөгнөрч суух болсоор удаж байгаа билээ. Энэхүү бөөгнөрөл нь агаар болон хөрсний бохирдол, газрын маргаад, зэрэг олон асуудлыг үүсгээд байгаа юм. Хэн нэгэн өөрийн дураар дулааны шугам, цэвэр бохир усны хоолой дээр байшин барилга барих нь ердийн үзэгдэл болсон өнөө үед өндөр хүчдэлийн кабель утсан дээр 3200 барилга байшин босгочихсон байгаа гэнэ. Чухам энэ л асуудлыг яаж шийдэх талаар өчигдөр Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ (УБЦТС) компанийхан холбогдох мэргэжлийн газруудын төлөөлөгчдийг цуглуулж уулзалт семинар зохион байгуулсан юм. Мөн нэгдүгээр зэрэглэлийн буюу цахилгаан эрчим хүч хэзээ ч тасарч болохгүй улсын онцгой обьектуудын цахилгааны найдвартай байдал чанарын шаардлага хангахгүй байгаа талаар болон бусад асуудлаар санал солилцсон.

Цахилгаан түгээх сүлжээний хамт олны тогтоосноор өдгөө нийслэл хотод 3200 барилга байгууламжийг 6600-35000 мянган вольтын хүчин чадалтай өндөр хүчдэлийн кабель дээр барьчихсан байгаа аж. Эрчим хүчний хамгаалалтын зурвасын дэглэм зөрчиж төвхнөсөн эдгээр айлууд ард иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд ноцтой аюул учруулж буй гэдгээ ойлгохгүй, ойлгосон ч хэлгүй дүлий мэт явж байгаа гэнэ. Өнгөрсөн оны зургадугаар сард Баянгол дүүргийн есдүгээр хорооны нэгэн иргэн өндөр хүчдэлийн кабель дээр зөвшөөрөлгүй босгосон байшингаа өргөтгөхөөр ажилпаж байгаад 90 мянган вольтийн хүчдэлд цохиулж амь насаа алдсан эмнэлэгтэй хэрэг гарсан ч иргэд энэ талаар огтхон санаа зовохгүй байгаа аж.

Гэхдээ өндөр хүчдэлийн кабель дээр эсвэл уулын орой дээр трансформатрын дор буучихсан айлууд бүгд ямар нэгэн газрын зөвшөөрөл аваагүй том толгойлоод буучихсан гэвэл өрөөсгөл ойлголт болно. Тэдний ихэнхи нь харьяа дүүргийнхээ эсвэл нийслэлийн газрын албаны барилга байшин барьж болохгүй гэсэн газруудыг хэнээс ч илүүтэйгээр сайн мэдэж байгаа. Гэвч тэдэнд бай¬шин барих зөвшөөрөл олгох болсоны цаад учир нь хээл хахуулийн сүлжээ гэдэг нь ойлгомжтой. Уг хуралд нийслэлийн бүх дүүргүүдийн газрын албадын дарга нар ирсэн байлаа. Хууль бус газарт барьсан барилгаараа толгой цохьдог Сүхбаатар дүүргийн газрын албаны дарга Ё.Энхээгээс өндөр хүчдэлийн шугамтай газарт барилга барих зөвшөөрлийг яагаад олгоод байгааг лавлахад Бид энэ талаар мэддэг хүн нь биш. Нийслэлийн газрын албаныхан мэднэ.

Манай байгууллага гэр хорооллын хэсгийг л хариуцдаг хэмээн буруугаа бусад руу чихсэн хачирхалтай хариулт хэлсэн юм. Харамсалтай нь Нийслэлийн газрын албыг төлөөлж уг хуралд оролцоогүй юм. Гэхдээ УБЦТС компанийхан энэ жил 55 газарт хууль бусаар барьсан обьектыг хүчээр буулгаж эрчим хүчний хамгаалалтын зурвасыг чөлөөлсөн гэнэ.

Үлдсэнд нь удаа дараа 11-30 хоногийн хугацаатай шаардах бичиг хүргүүлдэг ч том толгойтнууд хөдөлдөггүй аж. Онцгой зэрэглэлд багтдаг Төрийн ордон, Ерөнхийлөгчийн өргөө, ЗХЖШ, БХЯ, Байлдааны үүрэг бүхий цэргийн анги, Телевиз, радиогийн төв станцууд эрчим хүчний хоёр эх үүсвэртэй, мөн дизель мотортой байх дүрэмтэй ч шаардлага хангаж буй нь ганцхан Төрийн ордон гэнэ. Онцгой обьект одоогоор 23 байгаа гэнэ. Энэ мэт олон асуудлыг УБЦТС компанийн зүгээс тавьж хамтрагч байгууллагуудтайгаа зөвлөлдлөө. Тэд энэ онд уулын орой дээр дураараа буучихаад гэрэл цахилгаангүй хэмээн зовлон тоочсон 5300 айлыг гэрэлтэй болгосон гэнэ. Харин 5000 өрхийг хотын захиргаанаас эрчим хүчинд холбох үүрэг хүлээсэн ч дээрх өрхүүд өнөөг хүртэл XXI зуундаа лаа барьж амьдарч байгаа ажээ.

Зууны мэдээ сонин 68 /2516/

Ө. Батхүү

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button